| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00107/И |
| Дугаар | 184/ШШ2017/00081 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2017/00081
| 2017 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2017/00081 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 131/5-р байрны 75 тоотод оршин суух Боржигин овогт Очирвааний Өнөрсайхан / РД:ХЙ69030179/-ы нэхэмжлэлтэй,
“Боржигон овгийн Хавтгайн Мөнхбаатар /РД: ЕО65011778/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Өнөрсайхан, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Өнөрсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “Х.Мөнхбаатартай 2014-10-26-ны өдөр 12,600,000 төгрөгийг 15 хоног хугацаатай зээлүүлсэн. Хугацаа дуусахад 3,600,000 төгрөгийг өгч, үлдсэн хэсгийг өгөлгүй өдий хүрсэн. Х.Мөнхбаатар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Х.Мөнхбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдааны үеэр О.Өнөрсайханы мэдүүлэгт “Х.Мөнхбаатар нь өөрийн орон сууцыг бусдад түрээслүүлдэг, гадаадад явж байгаад 2016 оны 11 сард Монгол улс руу орж ирсэн, түүнийг харсан хүмүүс байх хэдий ч хаана оршин сууж байгааг нь иргэний хувьд олж тогтоох боломжгүй байна. 11 сараас хойш байранд нь 3 удаа очиход олдоогүй, орон сууцанд нь өөр хүмүүс амьдардаг. Өөр гэр бүлийнхэн, хамаатан садангаас холбоо барих хүн байхгүй. Гэр бүлгүй” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Өнөрсайхан нь “Боржигон овгийн Хавтгайн Мөнхбаатар /РД: ЕО65011778/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Мөнхбаатар нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, Өнөр хороолол 12 байр 322 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд О.Өнөрсайханы Х.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Боржигон овгийн Хавтгайн Мөнхбаатар /РД: ЕО65011778/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Хавтгайн Мөнхбаатар /РД: ЕО65011778/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар О.Өнөрсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Боржигон овгийн Хавтгайн Мөнхбаатарыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч О.Өнөрсайхан /утас: 88006788/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН