Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2016/01287

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 42 дугаар байрны 6-76 тоотод оршин суух, /РД:УУ62011816/, Урайнхан овогтой Раднаажавын Ганбат,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгэээр байрны 81 тоотод оршин суух, /РД:ЕО56121977/, Гөрөөчин овогтой Лувсандаваагийн Элбэгдаваа,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 1 дүгэээр байрны 196 тоотод оршин суух, /РД:ЕО52052375/, Могой нүдтэн овогтой Бямбадоржийн Норолхоосүрэн,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвын өргөн чөлөө гудамж, 14 дүгээр байрны 11 тоотод оршин суух, /РД:ЧЗ65021161/, Олонгууд овогтой Батсүрэнгийн Итгэл,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 113 тоотод оршин суух, /РД:УХ39031510/, Хар ус овогтой Бэгзийн Мягмар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 100/1 дүгээр байрны 11 тоотод оршин суух, /РД:ХЕ68031211/, Буудалч овогтой Цэвэгжавын Жаргалсайхан,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, 46 дугаар байрны 59 тоотод оршин суух, /РД:ЧЗ78102708/, Ончууд овогтой Уламбаярын Солонго,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 113 тоотод оршин суух, /РД:ХБ80020666/, Боржигон овогтой Сүхээгийн Болорсүх,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчин 1 гудамж, 2В тоотод оршин суух, /РД:ЧЖ86122303/, Эрхэт овогтой Чагнаагийн Отгонтуяа нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 23 дугаар байрны 3 тоотод оршин суух, /РД:ХА70032506/, Боржигон овогтой Дамдингийн Дэлгэрбалд холбогдох,

 

“Монгол транс” ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагч Д.Дэлгэрбал, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, Г.Бадамханд, нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол транс” ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999.12.24-ний өдөр бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн. Уг бүртгэл болон дүрэмд “Транс ази холдинг” ХХК 19.98 хувь, Ц.Цэрэнноров, Б.Мягмар, Б.Итгэл, Ш.Сүхээ, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Р.Ганбат, Х.Цэвэгжав, Д.Уламбаяр, Чагнаа, Д.Дэлгэрбал нар тус бүр 7.27 хувь буюу 12 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн. Дээрх хувьцаа эзэмшигчдээс Ш.Сүхээ 2002 онд, Х.Цэвэгжав 2011 онд, Д.Уламбаяр 2003 онд, Ч.Чагнаа 2004 онд, Ц.Цэрэнноров 2007 онд нас барсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 531 дүгээр зүйлд заасны дагуу Ш.Сүхээгийн охин С.Болорсүх, Х.Цэвэгжавын хүү Ц.Жаргалсайхан, Д.Уламбаярын охин У.Солонго, Ч.Чагнаагийн охин Ч.Отгонтуяа, Ц.Цэрэнноровын охин Ц.Гэрэл бид өвлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өв залгамжлагч болж хувьцааг өмчлөх эрхтэй болсон. Гэтэл “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбал нь бусад хувьцаа эзэмшигч бидэнд мэдэгдэлгүй ТУЗ-ийн дарга байхдаа өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2008 оноос хойш “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбат болоод “Спейшил холдинг лимитед” ХХК нь хууль бусаар шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба Нийслэлийн Захиргааны хэргийн 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр “Спейшил холдинг лимитед” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн 19.98 хувийн хувьцааны бүртгэлийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн 2011 оны 586 тоот тогтоолоор Ц.Энхбат болон “Спэйшил холдинг лимитед” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болгон шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Д Дэлгэрбал нь Чингэлтэй дүүргийн шүүхэд “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, дээрх хувьцааг Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарт худалдахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан байсан ба 2010.11.23-ны өдрийн 1731 дугаар шийдвэрээр Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарыг бусад хувьцаа эзэмшигчийн адил компанийн хувьцааг худалдан авах эрхтэй гэж, харин хувьцааг Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарт худалдахыг хариуцагчид даалгуулах хэсгийг хангахгүй орхисон ба шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гарган шүүгчийн захирамж гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэрийг буруу тайлбарлан “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хууль болон хувьцаа эзэмшигч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хууль бусаар 19.98 хувийн хувьцааны үнэ болон 180.000 ам.долларыг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн Д.Дэлгэрбалд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл хувьцаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар бид мэдээгүй байсан. Энэ талаар хувьцаа эзэмшигчид бид бүгд өөрийн өмчлөлийн хувьцаандаа хувь тэнцүүлэн авах хүсэлтэй байгаагаа хувьцаа эзэмшигчдийн хурал дээр илэрхийлдэг байсан бөгөөд Д.Дэлгэрбал тусгайлсан санал хэлдэггүй байсан.

Иймээс хувьцаа эзэмшигчид бид Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн шүүхийн 2013.08.09-ний өдрийн 655 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2013.10.08-ны өдрийн тогтоолоор “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/2838 дугаар албан тоотоор “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах талаарх саналаа ирүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн тул хувьцаа эзэмшигчид бид 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бүгд 19.98 хувийн хувьцаанаас өөрийн эзэмшиж буй хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Тухайн үед Д.Дэлгэрбал нь ТУЗ-ийн дарга байсан бөгөөд хувьцаа эзэмшигчид бидний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ хүргүүлсний дараа “одоо дуудлага худалдаа болохоор бүгд худалдан авч болно” гэж бидэнд хэлсэн. Тиймээс бид ТУЗ-ийн хурлаар 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид бүгд худалдан авах саналтай байсан тул компаниас 19.98 хувийн хувьцааны үнэ болон 180.000 ам.долларыг гаргаад хувьцаа эзэмшигчид бүгд жил бүрийн ногдох ашгаас компанидаа буцаан төлөхөөр нэгдсэн саналд хүрч, “Монголтранс” ХХК-иас 180.000 ам.долларыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэн нь компанийн данснаас шилжүүлж болохгүй, компанийн зүгээс албан бичгээр мөнгөө буцааж аваад Д.Дэлгэрбалын дансанд шилжүүл гэсэн. Тиймээс компанийн зүгээс албан бичиг өгч 180.000 ам.долларыг буцаан авч Д.Дэлгэрбалын данс руу 2014 оны 05 сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Д.Дэлгэрбал нь дураараа миний дансанд мөнгө хийлээ гээд буцаагаад компанийн данс руу шилжүүлсэн. Д.Дэлгэрбал нь анхнаасаа хувьцаа эзэмшигч нарт худал хэлэн, шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлж, бусад хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчин “Монголтранс” ХХК-ийн хувьцааг өөрөө авах сонирхолтой байсан ба 2014.10.15-нд компанийн бүх хувьцаа эзэмшигчдэд холбогдуулан “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын өмчлөл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг ДИХАШ-ы 2 дугаар шүүхийн 2015.03.02-ны өдрийн 1387 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2015.07.03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Манай компанийн хувьцаа эзэмшигчид бид 2008 оноос эхлэн “Транс ази холдинг” ХХК нь өөрийн эзэмшлийн 19.98 хувийн хувьцааг худалдах тохиолдолд бусад бүх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлэн хуваан авах, эсхүл компанийн халаасны хувьцаа болгон авах талаар санал гаргаж байсан бөгөөд улмаар хувьцаа эзэмшигч бүгд хувь тэнцүүлэн авахаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байсан. Хувьцаа эзэмшигчид бид энэ компаниа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэн хамтран авч явах хүмүүс учраас бүгд тэгш эрх, үүрэгтэй оролцох, 19.98 хувийн хувьцааг бүгд тэгш эрхтэйгээр худалдан авах эрхтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэг асуудлыг тодотгон дүгнэсэн байдаг ба хувьцаа эзэмшигчид бүгд “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг хуульд заасан давуу эрхийн дагуу худалдан авах эрхтэй гэсэн дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид бид бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхтэй юм. Гэтэл Д.Дэлгэрбал нь ТУЗ-ийн дарга байх үедээ бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн, 19.98 хувийн хувьцаа миний нэр дээр байгаа, бүртгэл хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй гэж хэлэн бусад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэхгүй байгаа нь Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна. Монгол Улсын Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 “Хязгаарлагдмал хариуцпагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 16 дугаар зүйлийн 3-т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж, Иргэний хуулийн 101.1-д “ Өмчлөгч нь өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байна. Би Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5-р сарын 10-ны 675 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2011 оны 9-р сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай 2012 оны 1-р сарын 12-ны 310 дугаар захирамж, 2012 оны 1-р сарын 24-ний 79 тоот гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаанд Монголтранс ХХК-ны хувьцаа эзэмшигчийн хувиар хуулийн дагуу хувьцаа худалдан авагчаар оролцож 19,98 хувийн хувьцааг 180 мянган доллараар худалдаж авсан, уг хувьцааны эзэмшигч /өмчлөгч/ нь юм. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай Нийслэлийн шийдвэр албаны 2014 оны 4-р сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоол, 2014 оны 5-р сарын 14-ны өдрийн 1/10946 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэх дууссан тухай гүйцэтгэх захирал Б.Норолхоосүрэнгийн Удирдах Зөвлөлдөө өгсөн 2014 оны 4-р сарын 07-ны өдрийн 001/67 тоот албан бичиг, УБЕГ-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.9, 11.5.5-д заасны дагуу миний нэр дээр уг бүртгэл, МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 8-р сарын 03-ны өдрийн 267 дугаар тогтоол зэрэг нотлох нотлогдож байгаа болно. Монголтранс ХХК-ны хувыдаа эзэмшигч Р.Ганбат, Л.Элбэгдаваа. Б.Итгэл, Б.Мягмар, иргэн Ц.Жаргалсайхан. Солонго, С.Болохсүх, миний эзэмшлийн /өмчлөлийн/ 19,98 хувийн хувьцааг өөрсөддөө худалдахыг надад шүүхээр үүрэг болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх авч иргэний хэрэг үүсгэснийг ойлгохгүй байна. Энэхүү үйлдлүүд нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 101.1, 65.1.6 дахь заалтуудыг ноцтой өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын зарим нь компанийн хувьцаа эзэмшигч гэсэн хүмүүсийн өв залгамжлагч гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа бол Компани хуульд заасан хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон байх ёстой. Нэхэмжлэл гаргасан зарим этгээдүүд нь ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа талаар нэхэмжлэлд дурдаагүй байна. Хариуцагч нь өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон асуудлыг дараагийн шийдвэрийг хүчингүй болгосон мэтээр ярьдаг. Нэг удаа шийдвэрийг хүчингүй болгосон түүнийг хүлээн зөвшөөрч байгаа, үүний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахдаа компани бүх хувьцаа эзэмшигчдэд санал явуулсан. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн худалдаж авах эрх нээгдсэнээр төлбөрийг төлсөн этгээдэд хувьцааг шилжүүлсэн байгаа. Энэ ажиллагаа дууссаны дараа ямар ч гомдол гараагүй шийдвэрийг хүчингүй болгосон асуудал байхгүй юм. Компани хувьцаа эзэмшигчдийн давуу эрх нь тодорхой үнэ санал болгож тэр үед төлбөрийг төлөөгүй бол өөр этгээдэд шилжүүлэх эрх нээгдэж байгаа. Энэ эрхээ нэхэмжлэгчид нь хэрэгжүүлээгүй байж одоо хариуцагчид хувьцааг шилжүүллээ гэдэг. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хариуцагчийн өмчлөлд байсан хувьцааг тэнцүү хувааж улсын бүртгэлийн газар бүртгүүлэхээр өгснийг хариуцагч нь миний оролцоогүйгээр энэ асуудлыг шийдсэн гэж үзээд шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шийдвэр нь хувьцааг тэнцүү хуваах нь буруу харин хариуцагчийн хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийг өмчлөх эрхгүй болгож буй зүйл биш юм. Захиргааны хэргийн шүүхээс дүгнэсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэнд гомдол гаргаагүй байгаа нь хуулийн дагуу гэж үзсэн. Хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн байгаа хувьцааг өөрсдийн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй. Худалдаж авах давуу эрхтэй гэсэн үндэслэлээр өмчлөх эрхтэй гэдгээ тогтоолгох гэсэн шаардлага гаргаж байгаа бол үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй байхад өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж байгаа нь дээрмийн шинжтэй болж байна. Гуравдагч этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй ба шаардах эрхгүй этгээдүүд байгаа юм. Энхболдын эзэмшилд байсан хувьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар  худалдсан. Энэ худалдах ажиллагаанд бүгд эрх тэгш оролцсон гэдэг нь нэхэмжлэлд дурдсан байгаагаас харахад нотлогдож байна. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа 4 дүгээр сарын 07-ны өдөр дууссаны дараа 5 дугаар сарын 19-ны өдөр хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлснээ хууль ёсны юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол транс ХХК-ийн хувьцаа нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн ба компани өөрөө хувьцаа эзэмшдэггүй тул хэний эзэмшдэг хувьцааг яах гэж байгаа нь ойлгомжгүй, хүний эзэмшиж байгаа хувьцааг хувь тэнцүүлэн өмчлөх шаардлага гаргах эрхгүй юм. Компанийн тухай хуулийн 5.7-д заасан шаардлагыг хангахгүй байгаа, үүнийг хангасан хүн нь хариуцагч юм. Тус хувьцааны талаар шүүхийн хүчин төгөлдөр 2 шийдвэр, 2 захирамж, 2 гүйцэтгэх хуудас, Улсын Дээд шүүхийн захиргааны хяналтын шатны тогтоол зэрэг хүчин төгөлдөр эрхийн актууд байгаа тийм учраас энэ асуудал бүрэн шийдэгдсэн байхад гуравдагч этгээд өмчлөх эрхэд халдаж үндэслэлгүй шаардлага гаргаж байгаа нь ИХШХШТХ-ийн 65.1.6-д заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Ганбат нарын 9 иргэн нь хариуцагч Д.Дэлгэрбалд холбогдуулан “Монгол транс” ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд хуульд заасан журмын дагуу худалдахыг үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хувьцаа эзэмшигчид бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчилжээ. 

 

Нэхэмжлэгч тал нь шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэр болон Компанийн тухай хуульд заасныг үндэслэн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй тул өмчлөх эрхтэйг тогтоолгоно гэж, хариуцагч нь хувьцааны үнийг шийдвэр гүйцэтгэгчээс заасан хугацаанд шилжүүлээгүй, гуравдагч этгээд өмчлөх эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

          “Монгол транс” ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, “Транс ази холдинг” ХХК 19.98 хувь, Ц.Цэрэнноров, Б.Мягмар, Б.Итгэл, Ш.Сүхээ, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Р.Ганбат, Х.Цэвэгжав, Д.Уламбаяр, Чагнаа, Д.Дэлгэрбал нар тус бүр 7.27 хувиар эзэмшихээр буюу 12 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн байна.

 

         Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр болон хяналтын шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор Ц.Энхбат болон “Эм Эс Би” ХХК-ийн хооронд хийгдсэн “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, болон “Эм Эс Би” ХХК-иас 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад, 250.000 ам долларыг Ц.Энхбатаас гаргуулан “Эм Эс Би” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

         Дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан үндэслэлээр давж заалдах болон хяналтын шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ажиллагааг зөвтгөж явуулсан байна.

 

         Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/2838 тоот албан бичгээр 19.98 хувийн хувьцааг худалдан авах талаархи саналаа 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.

 

         Энэхүү албан тоотын хүрээнд “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, хувьцааг худалдах авах саналыг Гүйцэтгэх захирал Б.Норолхоосүрэн нь 2 дугаар сарын 25-ны өдрийн 001/49 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

 

          2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/4146 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Монгол транс” ХХК-д Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 17 дугаар зүйлийн 17.9-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эрх нь хуулийн дагуу үүссэн, хувьцаа худалдан авах эрх бүхий хувьцаа эзэмшигч нар “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны үнэ 180.000 ам долларыг тус албаны дансанд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэх, дурдсан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг мэдэгдсэн байна.

 

          Үүний дагуу “Монгол транс” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 001/51 тоотоор хувьцааны үнэ 180.000 ам долларыг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 09 дугаар шилжүүлгээр байршуулж, хувьцаа эзэмшигч нараас 2013 онд Спэйшл корпорацид шилжүүлсэн мөнгийг ханшийн зөрүүний хамт 248.486.580 төгрөгийг 19.98 хувийн хувьцааны бодит үнэ гэж шилжүүлэх талаар ярилцан, цаашид шүүхээр явахаа мэдэгджээ.

 

          “Монгол транс” ХХК-иас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 001/69 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч нараас нэхэмжлэх гаргасан үндэслэлээр 180.000 ам долларыг буцаан шилжүүлэхийг хүссэний дагуу шилжүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 4 дүгээр сарын 07-ны өдөр 95 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, энэхүү шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчинтэй байна.

 

           Мөн өдрөө “Монгол транс” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлдөө 001/67 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусч, Д.Дэлгэрбалын хүсэлтийг өгсөн талаар мэдэгдсэн байна.

 

           Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан тул “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны захиран зарцуулах эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт  мэдэгдсэнээр хариуцагч Д.Дэлгэрбал нь хувьцааны үнийг төлснөөр “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болжээ.

 

Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд хувьцаа эзэмшигч нь компаний болон гэж бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг, тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд хувалдан эрхтэйг Компанийн тухай хуулиар зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хувьцааг худалдах, худалдан авахыг зохицуулсан журмын дагуу хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа энэ хуулийн зохицуулалтаар хувьцааны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх байна.

 

Иймд Д.Дэлгэрбалд холбогдуулан “Монгол транс” ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Б.Мягмар, Ц.Жаргалсайхан, У.Солонго, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, “Монгол транс” ХХК-д буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Дэлгэрбалд холбогдох “Монгол транс” ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Б.Мягмар, Ц.Жаргалсайхан, У.Солонго, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, “Монгол транс” ХХК-д буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ