| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/00859/И |
| Дугаар | 183/ШШ2016/01287 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2016/01287
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Г
Нэхэмжлэгч: л.э,
Нэхэмжлэгч: Б.Н
Нэхэмжлэгч: Б.И,
Нэхэмжлэгч: Б.М,
Нэхэмжлэгч: Ц.Ж,
Нэхэмжлэгч: У.С
Нэхэмжлэгч: С.Б,
Нэхэмжлэгч: Ч.О нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: д.д холбогдох,
“М ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х , түүний өмгөөлөгч Ц.Ц , хариуцагч Д.Д , түүний өмгөөлөгч Б.Ц , Г.Б , нарийн бичгийн дарга Б.Анхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ” ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999.12.24-ний өдөр бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн. Уг бүртгэл болон дүрэмд “Т ” ХХК 19.98 хувь, Ц.Ц , Б.М , Б.И , Ш.С , Л.Э , Б.Н , Р.Г , Х.Цэ , Д.Ул , Ч , Д.Д нар тус бүр 7.27 хувь буюу 12 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн. Дээрх хувьцаа эзэмшигчдээс Ш.С 2002 онд, Х.Ц 2011 онд, Д.У 2003 онд, Ч.Ч 2004 онд, Ц.Ц 2007 онд нас барсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 531 дүгээр зүйлд заасны дагуу Ш.С охин С.Б , Х.Ц хүү Ц.Ж Д.У охин У.С , Ч.Ч охин Ч.О , Ц.Ц охин Ц.Г бид өвлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өв залгамжлагч болж хувьцааг өмчлөх эрхтэй болсон. Гэтэл “М ” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д нь бусад хувьцаа эзэмшигч бидэнд мэдэгдэлгүй ТУЗ-ийн дарга байхдаа өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2008 оноос хойш “М” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Э болоод “С ” ХХК нь хууль бусаар шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба Нийслэлийн Захиргааны хэргийн 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр “Спейшил холдинг лимитед” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн 19.98 хувийн хувьцааны бүртгэлийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн 2011 оны 586 тоот тогтоолоор Ц.Э болон “С ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болгон шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Д Д нь Чингэлтэй дүүргийн шүүхэд “М ” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, дээрх хувьцааг Б.Н , Д.Д нарт худалдахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан байсан ба 2010.11.23-ны өдрийн 1731 дугаар шийдвэрээр Б.Н , Д.Д нарыг бусад хувьцаа эзэмшигчийн адил компанийн хувьцааг худалдан авах эрхтэй гэж, харин хувьцааг Б.Н , Д.Д нарт худалдахыг хариуцагчид даалгуулах хэсгийг хангахгүй орхисон ба шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гарган шүүгчийн захирамж гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэрийг буруу тайлбарлан “М ” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хууль болон хувьцаа эзэмшигч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хууль бусаар 19.98 хувийн хувьцааны үнэ болон 180.000 ам.долларыг Д.Д шилжүүлсэн Д.Д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл хувьцаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар бид мэдээгүй байсан. Энэ талаар хувьцаа эзэмшигчид бид бүгд өөрийн өмчлөлийн хувьцаандаа хувь тэнцүүлэн авах хүсэлтэй байгаагаа хувьцаа эзэмшигчдийн хурал дээр илэрхийлдэг байсан бөгөөд Д.Д тусгайлсан санал хэлдэггүй байсан.
Иймээс хувьцаа эзэмшигчид бид Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн шүүхийн 2013.08.09-ний өдрийн 655 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2013.10.08-ны өдрийн тогтоолоор “М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/2838 дугаар албан тоотоор “М” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах талаарх саналаа ирүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн тул хувьцаа эзэмшигчид бид 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бүгд 19.98 хувийн хувьцаанаас өөрийн эзэмшиж буй хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Тухайн үед Д.Д нь ТУЗ-ийн дарга байсан бөгөөд хувьцаа эзэмшигчид бидний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ хүргүүлсний дараа “одоо дуудлага худалдаа болохоор бүгд худалдан авч болно” гэж бидэнд хэлсэн. Тиймээс бид ТУЗ-ийн хурлаар 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид бүгд худалдан авах саналтай байсан тул компаниас 19.98 хувийн хувьцааны үнэ болон 180.000 ам.долларыг гаргаад хувьцаа эзэмшигчид бүгд жил бүрийн ногдох ашгаас компанидаа буцаан төлөхөөр нэгдсэн саналд хүрч, “М ” ХХК-иас 180.000 ам.долларыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Л нь компанийн данснаас шилжүүлж болохгүй, компанийн зүгээс албан бичгээр мөнгөө буцааж аваад Д.Д дансанд шилжүүл гэсэн. Тиймээс компанийн зүгээс албан бичиг өгч 180.000 ам.долларыг буцаан авч Д.Д данс руу 2014 оны 05 сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Д.Д нь дураараа миний дансанд мөнгө хийлээ гээд буцаагаад компанийн данс руу шилжүүлсэн. Д.Д нь анхнаасаа хувьцаа эзэмшигч нарт худал хэлэн, шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлж, бусад хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчин “М ХХК-ийн хувьцааг өөрөө авах сонирхолтой байсан ба 2014.10.15-нд компанийн бүх хувьцаа эзэмшигчдэд холбогдуулан “М ” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д өмчлөл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг ДИХАШ-ы 2 дугаар шүүхийн 2015.03.02-ны өдрийн 1387 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2015.07.03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Манай компанийн хувьцаа эзэмшигчид бид 2008 оноос эхлэн “Т ХХК нь өөрийн эзэмшлийн 19.98 хувийн хувьцааг худалдах тохиолдолд бусад бүх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлэн хуваан авах, эсхүл компанийн халаасны хувьцаа болгон авах талаар санал гаргаж байсан бөгөөд улмаар хувьцаа эзэмшигч бүгд хувь тэнцүүлэн авахаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байсан. Хувьцаа эзэмшигчид бид энэ компаниа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэн хамтран авч явах хүмүүс учраас бүгд тэгш эрх, үүрэгтэй оролцох, 19.98 хувийн хувьцааг бүгд тэгш эрхтэйгээр худалдан авах эрхтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэг асуудлыг тодотгон дүгнэсэн байдаг ба хувьцаа эзэмшигчид бүгд “М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг хуульд заасан давуу эрхийн дагуу худалдан авах эрхтэй гэсэн дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид бид бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхтэй юм. Гэтэл Д.Д нь ТУЗ-ийн дарга байх үедээ бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн, 19.98 хувийн хувьцаа миний нэр дээр байгаа, бүртгэл хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй гэж хэлэн бусад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэхгүй байгаа нь Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна. Монгол Улсын Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 “Хязгаарлагдмал хариуцпагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, “М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 16 дугаар зүйлийн 3-т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж, Иргэний хуулийн 101.1-д “ Өмчлөгч нь өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байна. Би Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5-р сарын 10-ны 675 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2011 оны 9-р сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай 2012 оны 1-р сарын 12-ны 310 дугаар захирамж, 2012 оны 1-р сарын 24-ний 79 тоот гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаанд М ХХК-ны хувьцаа эзэмшигчийн хувиар хуулийн дагуу хувьцаа худалдан авагчаар оролцож 19,98 хувийн хувьцааг 180 мянган доллараар худалдаж авсан, уг хувьцааны эзэмшигч /өмчлөгч/ нь юм. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай Нийслэлийн шийдвэр албаны 2014 оны 4-р сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоол, 2014 оны 5-р сарын 14-ны өдрийн 1/10946 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэх дууссан тухай гүйцэтгэх захирал Б.Н Удирдах Зөвлөлдөө өгсөн 2014 оны 4-р сарын 07-ны өдрийн 001/67 тоот албан бичиг, УБЕГ-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.9, 11.5.5-д заасны дагуу миний нэр дээр уг бүртгэл, МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 8-р сарын 03-ны өдрийн 267 дугаар тогтоол зэрэг нотлох нотлогдож байгаа болно. М ХХК-ны хувыдаа эзэмшигч Р.Г , Л.Э . Б.И , Б.М иргэн Ц.Ж . С , С.Б , миний эзэмшлийн /өмчлөлийн/ 19,98 хувийн хувьцааг өөрсөддөө худалдахыг надад шүүхээр үүрэг болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх авч иргэний хэрэг үүсгэснийг ойлгохгүй байна. Энэхүү үйлдлүүд нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 101.1, 65.1.6 дахь заалтуудыг ноцтой өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын зарим нь компанийн хувьцаа эзэмшигч гэсэн хүмүүсийн өв залгамжлагч гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа бол Компани хуульд заасан хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон байх ёстой. Нэхэмжлэл гаргасан зарим этгээдүүд нь ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа талаар нэхэмжлэлд дурдаагүй байна. Хариуцагч нь өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон асуудлыг дараагийн шийдвэрийг хүчингүй болгосон мэтээр ярьдаг. Нэг удаа шийдвэрийг хүчингүй болгосон түүнийг хүлээн зөвшөөрч байгаа, үүний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахдаа компани бүх хувьцаа эзэмшигчдэд санал явуулсан. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн худалдаж авах эрх нээгдсэнээр төлбөрийг төлсөн этгээдэд хувьцааг шилжүүлсэн байгаа. Энэ ажиллагаа дууссаны дараа ямар ч гомдол гараагүй шийдвэрийг хүчингүй болгосон асуудал байхгүй юм. Компани хувьцаа эзэмшигчдийн давуу эрх нь тодорхой үнэ санал болгож тэр үед төлбөрийг төлөөгүй бол өөр этгээдэд шилжүүлэх эрх нээгдэж байгаа. Энэ эрхээ нэхэмжлэгчид нь хэрэгжүүлээгүй байж одоо хариуцагчид хувьцааг шилжүүллээ гэдэг. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хариуцагчийн өмчлөлд байсан хувьцааг тэнцүү хувааж улсын бүртгэлийн газар бүртгүүлэхээр өгснийг хариуцагч нь миний оролцоогүйгээр энэ асуудлыг шийдсэн гэж үзээд шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шийдвэр нь хувьцааг тэнцүү хуваах нь буруу харин хариуцагчийн хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийг өмчлөх эрхгүй болгож буй зүйл биш юм. Захиргааны хэргийн шүүхээс дүгнэсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэнд гомдол гаргаагүй байгаа нь хуулийн дагуу гэж үзсэн. Хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн байгаа хувьцааг өөрсдийн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй. Худалдаж авах давуу эрхтэй гэсэн үндэслэлээр өмчлөх эрхтэй гэдгээ тогтоолгох гэсэн шаардлага гаргаж байгаа бол үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй байхад өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж байгаа нь дээрмийн шинжтэй болж байна. Гуравдагч этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй ба шаардах эрхгүй этгээдүүд байгаа юм. Энхболдын эзэмшилд байсан хувьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдсан. Энэ худалдах ажиллагаанд бүгд эрх тэгш оролцсон гэдэг нь нэхэмжлэлд дурдсан байгаагаас харахад нотлогдож байна. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа 4 дүгээр сарын 07-ны өдөр дууссаны дараа 5 дугаар сарын 19-ны өдөр хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлснээ хууль ёсны юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй юм. М ХХК-ийн хувьцаа нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн ба компани өөрөө хувьцаа эзэмшдэггүй тул хэний эзэмшдэг хувьцааг яах гэж байгаа нь ойлгомжгүй, хүний эзэмшиж байгаа хувьцааг хувь тэнцүүлэн өмчлөх шаардлага гаргах эрхгүй юм. Компанийн тухай хуулийн 5.7-д заасан шаардлагыг хангахгүй байгаа, үүнийг хангасан хүн нь хариуцагч юм. Тус хувьцааны талаар шүүхийн хүчин төгөлдөр 2 шийдвэр, 2 захирамж, 2 гүйцэтгэх хуудас, Улсын Дээд шүүхийн захиргааны хяналтын шатны тогтоол зэрэг хүчин төгөлдөр эрхийн актууд байгаа тийм учраас энэ асуудал бүрэн шийдэгдсэн байхад гуравдагч этгээд өмчлөх эрхэд халдаж үндэслэлгүй шаардлага гаргаж байгаа нь ИХШХШТХ-ийн 65.1.6-д заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Г нарын 9 иргэн нь хариуцагч Д.Д-д холбогдуулан “М ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд хуульд заасан журмын дагуу худалдахыг үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хувьцаа эзэмшигчид бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэгч тал нь шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэр болон Компанийн тухай хуульд заасныг үндэслэн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй тул өмчлөх эрхтэйг тогтоолгоно гэж, хариуцагч нь хувьцааны үнийг шийдвэр гүйцэтгэгчээс заасан хугацаанд шилжүүлээгүй, гуравдагч этгээд өмчлөх эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.
“М ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, “Т ” ХХК 19.98 хувь, Ц.Ц Б.М Б.И , Ш.С , Л.Э , Б.Н , Р.Г , Х.Ц , Д.У , Ч , Д.Д нар тус бүр 7.27 хувиар эзэмшихээр буюу 12 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн байна.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр болон хяналтын шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор Ц.Э болон “Э ” ХХК-ийн хооронд хийгдсэн “М ” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, болон “Э ” ХХК-иас 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Э-д, 250.000 ам долларыг Ц.Э-аас гаргуулан “Э ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан үндэслэлээр давж заалдах болон хяналтын шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ажиллагааг зөвтгөж явуулсан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/2838 тоот албан бичгээр 19.98 хувийн хувьцааг худалдан авах талаархи саналаа 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Энэхүү албан тоотын хүрээнд “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, хувьцааг худалдах авах саналыг Гүйцэтгэх захирал Б.Н нь 2 дугаар сарын 25-ны өдрийн 001/49 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.
2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/4146 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “М ” ХХК-д Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 17 дугаар зүйлийн 17.9-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эрх нь хуулийн дагуу үүссэн, хувьцаа худалдан авах эрх бүхий хувьцаа эзэмшигч нар “М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны үнэ 180.000 ам долларыг тус албаны дансанд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэх, дурдсан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг мэдэгдсэн байна.
Үүний дагуу “М” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 001/51 тоотоор хувьцааны үнэ 180.000 ам долларыг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 09 дугаар шилжүүлгээр байршуулж, хувьцаа эзэмшигч нараас 2013 онд Спэйшл корпорацид шилжүүлсэн мөнгийг ханшийн зөрүүний хамт 248.486.580 төгрөгийг 19.98 хувийн хувьцааны бодит үнэ гэж шилжүүлэх талаар ярилцан, цаашид шүүхээр явахаа мэдэгджээ.
“ м ХХК-иас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 001/69 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч нараас нэхэмжлэх гаргасан үндэслэлээр 180.000 ам долларыг буцаан шилжүүлэхийг хүссэний дагуу шилжүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 4 дүгээр сарын 07-ны өдөр 95 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, энэхүү шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчинтэй байна.
Мөн өдрөө “М ” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлдөө 001/67 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусч, Д.Д-ын хүсэлтийг өгсөн талаар мэдэгдсэн байна.
Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан тул “М” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны захиран зарцуулах эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдсэнээр хариуцагч Д.Д нь хувьцааны үнийг төлснөөр “М ” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болжээ.
Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд хувьцаа эзэмшигч нь компаний болон гэж бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг, тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд хувалдан эрхтэйг Компанийн тухай хуулиар зохицуулжээ.
Нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хувьцааг худалдах, худалдан авахыг зохицуулсан журмын дагуу хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа энэ хуулийн зохицуулалтаар хувьцааны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх байна.
Иймд Д.Д-д холбогдуулан “М ” ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Р.Г , Л.Э, Б.Н , Б.И , Б.М , Ц.Ж , У.С , С.Б , Ч.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, “М ХХК-д буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-д холбогдох “М ” ХХК-ийн 19,98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Р.Г , Л.Эл , Б.н, Б.И , Б.М , Ц.Ж , У.С , С.Б , Ч.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, “М ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ