Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

                                             

 

 

 

 

 

 2021        01          12                                      2021/ШЦТ/70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тт холбогдох *** дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ах, дүүгийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 640 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Х овогт Сийн Т /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Т нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 805 дугаар ангийн хойно байрлах түрээсийн байранд байхдаа О.Б-н ХААН банкны *** дугаарын данстай виза картыг авч бэлэн мөнгөний автомат машинд уншуулж 395.000 төгрөгийг, иргэн Б.П-н Жи-Шок загварын 27.000 төгрөгийн бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 424.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т-ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б-н өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед ажлаасаа буугаад Хан-уул дүүрэг, 120-н автобусны буудал дээр Пүрэвдаш, Т нарыг дуудсан бид 3 хамт Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв дээр ХААН банк орчхоод бид 3 Нарантуул зах орсон. Тэгээд тэндээсээ Сүхбаатарын талбай ороод би найз охинтойгоо уулзаад бид 4 хамт хоолонд орсон, тэгээд Баянзүрх дүүрэг 805 дугаар ангийн хойно П-н гэрт ирсэн. Тэгээд удалгүй би найз охиноо хүргэж өгчхөөд ирэхэд Пүрэвдаш, Т нар унтаж байсан, би хажуугаар нь орж унтаад өгсөн. Өглөө 10 цаг өнгөрч байхад манай ээж О.О над руу миний * гэсэн дугаар луу залгаад “данснаас чинь яагаад 395.000 төгрөг гарсан юм бэ” гэсэн чинь тэгэхээр нь би гайхаад интернэт банкаараа ороод дансаа шалгасан чинь 2000 төгрөг үлдсэн байсан. П-н малгай, цаг нь бас байхгүй байсан. Би Тт 1 удаа картаа өгч гаргаад ундаа тамхи захиж байсан, тэгээд картын нууц үгийг цээжилсэн байх...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.П-н өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед ажлаасаа буугаад Хан-Уул дүүргийн 120-ын автобусны буудал дээр хамт ажилладаг Б, Т нартай таарсан, тэгээд бид 3 хамт явж байгаад Бын найз охинтой уулзаад хамт бид 4 манай гэр болох Баянзүрх дүүрэг 805 дугаар ангийн хойно түрээсийн байранд ирсэн. Тэгээд удалгүй Б найз охиноо хүргэж өгөх гэж яваад буцаж ирсэн. Тэгээд бид 3 хамт юм ярьж сууж байгаад унтацгаасан, тэгээд өглөө Б бид хоёр 10 цаг гээд сэрсэн тэгэхэд Т байхгүй байсан, тэгсэн удалгүй Бын ээж залгаад “данснаас чинь яагаад ийм их мөнгө гарсан юм бэ” гэж уурласан, тэгээд манайд байхдаа Б интернэт банкаар дансаа шалгасан чинь 395.000 төгрөг өглөө 07 цаг 15 минутын үед данснаас нь гарсан байсан. Тэгэхээр нь би бас гэрээсээ юм алдсан байж магадгүй гэж бодоод шалгасан чинь миний Жи шок нэртэй цаг, саравчтай малгай байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

“Дамно” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №БЗД2-20-1585 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.42-43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Т нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 805 дугаар ангийн хойно байрлах түрээсийн байранд байхдаа О.Б-н ХААН банкны *** дугаарын данстай виза картыг авч бэлэн мөнгөний автомат машинд уншуулж 395.000 төгрөгийг, иргэн Б.П-н Жи-Шок загварын 27.000 төгрөгийн бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 424.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б-н өгсөн: “... манай ээж О.О над руу миний * гэсэн дугаар луу залгаад “данснаас чинь яагаад 395.000 төгрөг гарсан юм бэ” гэсэн чинь тэгэхээр нь би гайхаад интернэт банкаараа ороод дансаа шалгасан чинь 2000 төгрөг үлдсэн байсан. П-н малгай, цаг нь бас байхгүй байсан. Би Тт 1 удаа картаа өгч гаргаад ундаа тамхи захиж байсан тэгээд картын нууц үгийг цээжилсэн байх...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.П-н өгсөн: “... Тэгээд бид 3 хамт юм ярьж сууж байгаад унтацгаасан, тэгээд өглөө Б бид хоёр 10 цаг гээд сэрсэн, тэгэхэд Т байхгүй байсан, тэгсэн удалгүй Бын ээж залгаад “данснаас чинь яагаад ийм их мөнгө гарсан юм бэ” гэж уурласан, тэгээд манайд байхдаа Б интернэт банкаар дансаа шалгасан чинь 395.000 төгрөг өглөө 07 цаг 15 минутын үед данснаас нь гарсан байсан. Тэгэхээр нь би бас гэрээсээ юм алдсан байж магадгүй гэж бодоод шалгасан чинь миний Жи шок нэртэй цаг, саравчтай малгай байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

“Дамно” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №БЗД2-20-1585 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.42-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

С.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч С.Т нь хохирогч Б.П-д бугуйн цагийг нь буцаан өгсөн, хохирогч О.Бд 400.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          С.Тт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд нь мөн хулгайн гэмт хэргийн учир хорихоос өөр төрлийн ял шийтгэгдэж байсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

С.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Т-ыг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт Сийн Тыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Т-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, С.Т-ыг цагдан хорьсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцсугай.

          5. С.Т нь хохирогч Б.П-д бугуйн цагийг нь буцаан өгсөн, хохирогч О.Б-д 400.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР