Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/00082

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/00082

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өндрийхөн овогт Алтанчимэгийн Долгорсүрэн /РД: ЧЕ85020165, СХД-ийн 2-р хороо, ХАС Монголын хашаа 1-1 тоот хаягаар оршин суух/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Боржигон овогт Хандсүрэнгийн Насанжаргал /РД: ВД82040110, СХД-ийн 2-р хороо, ХАС Монголын хашаа 1-1 тоот хаягаар оршин суух/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Долгорсүрэн, хариуцагч Х.Насанжаргал, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:

            “Миний бие 2000 онд Х.Насанжаргалтай танилцсан, улмаар 2003 оны 4 сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан билээ. Бид хамтран амьдрах хугацаанд 2002 оны 11 сарын 01-ний өдөр том охин Н.Ариунаа, 2007 оны 8 сарын 29-нд бага охин Н.Ариунгэрэл нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж, 2012 оноос тус тусдаа амьдарч, 2 охиноо өөр дээрээ авч өсгөсөн. Одоо нөхөр Х.Насанжаргал нь эхнэр, хүүхэдтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хоёр охин минь “Эрээн” хотын монгол сургуульд сурдаг. Наашаа цаашаа явахад маш хүндрэлтэй. Бидний гэрлэлтийг хурдан түргэн цуцалж өгөхийг хүсч байна. Бидэнд дундын өмч хөрөнгө гэж байхгүй” гэв.

 

Хариуцагч Х.Насанжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            “Миний бие 2000 онд А.Долгорсүрэнтэй танилцаж улмаар гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2002 онд 11 сарын 01-нд том охин Н.Ариунаа, 2007 оны 8 сарын 29-нд бага охин Н.Ариунгэрэл нар төрсөн.

Одоо Х.Насанжаргал миний бие хүүхэдтэй, өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Бидний дундын өмч хөрөнгө гэж байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн нь хариуцагч Х.Насанжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид 2000 онд танилцаж, 2001 оны 11 сарын 01-ний өдөр гэр бүл болсон учир 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ПА№217 тоот батламжаар иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр том охин Н.Ариунаа төрснийг 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн Г-1208, бага охин 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Н.Ариунгэрэл төрснийг 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэж, Г-3433 гэрчилгээг олгосноор тогтоогдож байна.

  

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2012 оноос тусдаа амьдарсан. А.Долгорсүрэн, Х.Насанжаргал нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч охин Н.Ариунаа, Н.Ариунгэрэл нарыг нэхэмжлэгч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч А.Долгорсүрэнгийн асрамжид үлдээв.

 

Зохигчид дундын өмчлөлийн хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар  маргаагүй болно.  

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Өндрийхөн овогт Алтанчимэгийн Долгорсүрэн /РД: ЧЕ85020165/, Боржигон овогт Хандсүрэнгийн Насанжаргал /РД: ВД82040110/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн охин Н.Ариунаа, 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Н.Ариунгэрэл нарыг эх А.Долгорсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Долгорсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Насанжаргалаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН