| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2018/0704/З |
| Дугаар | 813 |
| Огноо | 2018-12-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 813
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б о, а ж сад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “С” ХХК /РД: ..................../,
Хариуцагч: Б о, а ж с
Нэхэмжлэлийн шаардлага: Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Нэмэгдүүлсэн шаардлага: “С” ХХК-ийн 733 тоот гэрчилгээний хугацааг сунгахыг Б о, а ж сад даалгах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга О.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай С ХХК нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 733 тоот гэрчилгээг олгосны дагуу зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн билээ.
Уг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан тул 2008 оны 733 тоот гэрчилгээтэй 2,27 га газрын гэрчилгээний хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сунгуулж, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглахаар болж гэрээ байгуулсан юм. Энэ хугацаанд үндсэн үйл ажиллагаа тасралтгүй явуулж Баянзүрх дүүргийн шилдэг аж ахуй нэгжээр шалгарч байсан удаатай бөгөөд мөн газар ашиглах хүрээнд хөрөнгө оруулалтаа байнга нэмэгдүүлж ирсэн болно.
Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б о, а ж сын А/121 тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалаар газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэж тушаалын 1 дүгээр хавсралтын 65 дахь хэсэгт С ХХК, Б******* ам 0,27 га Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасны дагуу дуусгавар болгосон тухай дурджээ.
Дээр дурдсаны дагуу манай компанийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх ямар ч боломжгүй бөгөөд мөн газрын төлбөрийг 10 жилийн хугацаанд зохих журмын дагуу цаг хугацаандаа төлж ирсэн.
Өөрөөр хэлбэл газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх бодиттой бус үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдаж буй үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Энэхүү захиргааны акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхол нь хөндөгдөж буй талуудад урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, сонсох ажиллагаа явуулах, хуульд үндэслэх зэрэг суурь зарчмуудыг зөрчин иргэн, хуулийн этгээдэд эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санааны ихээхэн хэмжээний хохирол учруулсан хууль бус шийдвэрийг захиргааны байгууллагын зүгээс гаргаж байгаад манай С ХХК харамсаж байна.
Б о, а ж сын 2018 оны 05 дугаар 07-ны өдрийн А/121 тушаалыг нэхэмжлэгч талын зүгээс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан бөгөөд мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд бидний нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Б о, а ж сын 2018 оны А/121 тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
... С ХХК-ийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.
... Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга гэж маш тодорхой зааж өгсөн байгааг зөрчиж сайд тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 47.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Мөн Сайдын тушаалын хавсралтын 65 дугаарт С ХХК-ийн 0.27 гектар гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтыг тус тус зөрчсөн.
Манай компанийн 733 тоот гэрчилгээнд 2.27 гектар байхад гэрчилгээнээс 0.27 гектарыг хасаад байгаа юм уу бүхэлд нь юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай байгаа нь тодорхой байна. Сайдын тушаалыг бодит байдалд биелүүлэх боломжгүй юм. Манай компани хуулийн дагуу 10 жилийн турш газрын төлбөрөө төлж, хөрөнгө оруулалт хийж барилга байгууламж барьж олон нийтэд үйлчилгээ үзүүлсээр байхад төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь манай хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй билээ.
Уг тушаалаар газар ашиглах гэрээг цуцалсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчиж улмаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг зөрчсөн. Хуулиар сум дүүргийн Засаг дарга хамгаалалтын захиргаатай хамтран тухай аж ахуйн нэгжтэй газар ашиглах гурвалсан гэрээг байгуулдаг билээ. Гэтэл гэрээний аль нэг тал биш этгээд болох Б о, а ж с гэрээг дангаар цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн байна.
2. Б о, а ж сын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг манай компани 2018 оны 7 дугаар сарын 23-ын өдөр албан ёсоор гардаж авсан бөгөөд бидэнд сунгуулах хүсэлтээ гаргах хууль зүйн боломжгүй болсон билээ. Хууль зөрчиж, илт хууль бус тушаал гаргасан Б о, а ж сад гаргасан алдааг залруулж манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан төрийн албаны үндсэн зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Иймд манай компанийн газар ашиглах гэрчилгээг сунгахыг даалгаж өгөх нь хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх чухал ач холбогдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь 2008 оноос маргаан бүхий газрыг ашиглах эрхийг авч, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн. Манай компани энэ хугацаанд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнийхээ дагуу үүрэгт ажлаа хийж, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан. Мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийн хажуугаар Улаанбаатарын утаа өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндэд хортой байгаа нөхцөлд хамгийн их хүүхэд очиж тоглодог, айх зүйлгүй, машинаас хол цэг болоод 5 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон *******хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас нэг ч удаа хууль зөрчлөө гэсэн асуудал гарч байгаагүй. Энэ хугацаанд манай компани хууль болон гэрээнд заасан үүргээ маш сайн биелүүлж ирсэн. Гэтэл гэнэт 2018 оны хавраас эхлээд маршалын гүүрийн зүүн талаар амины орон сууц баригдаж эхэлсэнтэй холбогдуулаад улс төрчид тэр хавиарах газрыг бүгдийг нь байхгүй болгох шаардлага тавьсан гэж ойлгодог. Б о, а ж с энэ асуудлыг нягталж үзэхээс илүү улс төрийн хариуцлагаас айж, нөгөө талаар ямар нэгэн санаатайгаар энэ асуудалд хандаж зард дурдагдсан аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалсан. 1000 аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг нэг дор цуцалсан нь улс төр ихээхэн орсон шийдвэр гэж үзэж байна. Маргаан бүхий тушаал нь хууль эрх зүйг харахаасаа илүү улсын төрийн хариуцлага харж шийдвэрлэсэн хууль бус шийдвэр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 0,27 га газар асуудалтай, үлдсэн нь асуудалгүй гэж яриад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн нэг гэрчилгээгээр олгосон газрыг тусад нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн аливаа газрын асуудлыг шийдвэрлэж байгаа тохиолдолд дандаа координатадтай нь шийдвэрт тусгадаг. Гэтэл маргаан бүхий тушаалд ийм зүйл байхгүй байна. Б о, а ж саас эрх зүйн чадамжгүй шийдвэр гаргачхаад, түүнийгээ хамгаалах гээд байна. Иймд Б о, а ж сын маргаан бүхий эрх зүйн чадамжгүй шийдвэрийг хүчингүй болгож, сайдад даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар С ХХК-ийн 2,27 га газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 0,27 га газрыг нь хүчингүй болгосон юм байна. Бусад нь хэвээр юм байна. гэж тайлбарладаг. Маргаан бүхий тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасныг үндэслэсэн байдаг. С ХХК 2008 оноос маргаан бүхий газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэн тодорхой хэмжээнд барилга байгууламжууд барьж, ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байсан. Тэгэхээр ...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн “С” ХХК-ийн 2,27 га газар нь А, Б гэсэн талбайтай, нэг гэрчилгээтэй, нэг гэрээтэй газар байгаа. Түүнээс биш тусдаа гэрчилгээтэй, зөрчилтэй олгогдсон газар биш. Тийм учраас тусад нь ярих үндэслэлгүй. Мөн С ХХК тус 0,27 га газрыг хогоор дүүрсэн нүх байсныг нь нөхөн сэргээж, зам дагуулж мод тариад, зүлэгжүүлэлт хийсэн. Одоогийн байдлаар Схөв ХХК тус газрыг хашиж авчхаад байгаа. Газрын тухай хууль болон гэрээнд газраа бүхэлд нь заавал нэг бүрчлэн ашиглах гэсэн заалт байхгүй. С ХХК Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан үүргээ биелүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан байдаг. Тодорхой тооцоо байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь 2018 оны 01 дүгээр улирлын тооцооны асуудал байгаа. Үүнийг би хэлэлцүүлгийн шатанд тодорхой тайлбарласан. С ХХК газрын төлбөр төлөх үүргээ маш сайн биелүүлдэг. Өөрөөр хэлбэл дандаа илүү төлөлттэй явж байдаг компани байгаа. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар С ХХК 2010 онд 6,250,000 төгрөг, 2017 онд 1,740,000 төгрөг, 2015 онд 800,000 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон *******хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай байгуулсан гурвалсан гэрээний 2 дугаар зүйлд ...газрын төлбөр төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлнө гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэр төлбөрийн талаар гарсан асуудлыг гэрээнд заасны дагуу шийдвэрлэх ёстой. Мөн маргаан бүхий тушаалын үндэслэл болох 455 тоот албан бичиг нь их эргэлзээ бүхий албан бичиг байна. Өөрөөр хэлбэл *******хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичигт ...455 тоот албан бичигт С ХХК байхгүй байна гэсэн хариу өгдөг. Тэгсэн хирнээ дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаа гэхээр нь хавсралт нэмээд хийчихсэн юм шиг харагдаж байна. Үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эх сурвалж нь ч тодорхой бус байна.
Мөн *******хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргаж өгсөн албан бичигт ...431 тоот албан бичигт байна гээд 431 тоот албан бичгээ хавсралтаар гаргаад өгчихсөн байгаа. Тус 431 тоот албан бичигт С ХХК-ийн албан бичиг байгаа. Гэхдээ маргаан бүхий тушаалд 455 тоот албан бичгийг үндэслэсэн байгаа учир 431 тоот албан бичиг нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй. Мөн зар 1, 2, 3 дээр С ХХК-ийн нэр байдаггүй. Өөрөөр хэлбэл С ХХК-д сонсох ажиллагаа хийгдээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дэх зард 243 аж ахуйн нэгж, 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дахь зард 142 аж ахуйн нэгж, 02 дугаар сарын 12-ны өдрийн 3 дахь зард 1029 аж ахуйн нэгжийн нэр байгаа. Энэ аж ахуйн нэгжүүдийн дунд С ХХК-ийн нэр байхгүй байгаа. Иймд Б о, а ж сын С ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь хууль бус байна. Мөн шуудангийн албан бичгийн асуудал шүүхийн хэлэлцүүлгийн үед яригдлаа. С ХХК-ийн өмнөх захирлын хаяг дээр компанийн хаяг байсан юм байна. Одоогийн захирал нь компанийг шилжүүлж авахдаа хаягийг нь шилжүүлээгүй юм байна. Гэхдээ н.Батхуяг гэдэг хүнд мэдэгдлийг гардуулсан гэж байгаа боловч ямар хүн гэдэг нь мэдэгдэхгүй байна. Мөн бид тус албан бичигтэй маргаагүй, Б о, а ж сын тушаалтай маргаж байгаа. Тийм учраас тус шуудангийн албан бичиг нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Иймд Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б о, а ж сын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 тоот тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, *******хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 445 дугаар саналыг тус тус үндэслэн гарсан байдаг.
Нэхэмжлэгч С ХХК нь газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй болох нь Нийслэлийн газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны 01-09/2405 дугаар албан бичиг түүний хавсралтын 65-д зааснаар 4,494,600 төгрөгийн төлбөрийн тооцоотой гэх баримт,
2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *******хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 455 дугаар албан бичгийн жагсаалтын хавсралтын 1-д зааснаар объект хоосон ба төлбөрийн 4,494,600 төгрөгийн төлбөрийн тооцоотой гэх баримт,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3 зэрэг нотлох баримтаар Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.*
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тухайн тушаалыг гаргахдаа эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг хэрэглэж гаргасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг дурдсан нь үндэслэлгүй ба тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын асуудлыг зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд өөрийн чиг үүрэгт үл хамаарах гэж байгааг ойлгохгүй байна.
Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын хавсралтын 65-д С ХХК-ийн 0.27 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон болно.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, мөн тухайн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Төрийн захиргааны төв байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр буюу гэрчилгээний хугацааг сунгахыг даалгахаар байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/121 тоот тушаалыг хэвээр үлдээж, С ХХК-ийн 733 тоот гэрчилгээтэй 2.27 га бүхий газрын газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С ХХК нь анх Б о, а ж сын 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...А/121 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилж, С ХХК-ийн 733 тоот гэрчилгээний хугацааг сунгахыг Б о, а ж сад даалгах гэж нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д-аас Б о, а ж сад холбогдуулж анх гаргасан болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байгаагаа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлт[2], шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэгчийн Б о, а ж сын 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С ХХК-ийн 733 тоот гэрчилгээний хугацааг сунгахыг Б о, а ж сад даалгах тухай нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
“С” ХХК нь Байгаль орчны яам/хуучин нэрээр/-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр олгосон тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 733[3] тоот гэрчилгээний үндсэн дээр *******хан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд байрлах 2,27 га талбай бүхий газрыг ашиглаж байсан байх ба Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын холбогдох заалтаар тус компанийн 0,27 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс С ХХК-ийн ашиглаж байсан газар нь А болон Б гэсэн хоёр талбайтай боловч эрхийн нэг гэрчилгээ, гэрээтэй газар байхад газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж хүчингүй болгосон нь хууль бус гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь Б талбайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд газрыг ашигласан эсэхээс үл хамааран газрын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн гэж тус тус маргажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсон гэж тус тус заажээ.
*******хан уулын дархан цаазат газрын захиргаанаас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 тоот саналаар ...газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 79 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байх ба уг албан бичгийн хавсралтад С ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэж тэмдэглэсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч С ХХК-ийн 733 тоот гэрчилгээний дагуу ашиглаж байсан 2,27 га газар нэг гэрчилгээ, нэг гэрээтэй 2 талбай бүхий газар байх бөгөөд 2 га хэмжээтэй А талбай нь авто замын хойно Туул голын эрэг дагуу, 0,27 га хэмжээтэй Б талбай нь авто замын урд ******* уулын хормойд байрлаж байх ба нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газрын А талбай дээр батлагдсан төлөвлөгөөний дагуу зоогийн газар, тоглоомын талбай зэрэг барилга байгууламжийг барьж үйл ажиллагаа явуулж байх тул С ХХК-г газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь анхнаасаа 2 өөр газарт байрлах 2 хэсэг газрыг нэг эрхийн гэрчилгээгээр ашиглуулахаар шийдвэрлэсэн, С ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-гээр зөвхөн А талбайд барилгажих байдлаар зөвшөөрсөн[5], нэхэмжлэгч хуулийн этгээд нь А талбайг ашиглаж байгаатай маргаагүй атлаа Б талбайг ашиглаагүй/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн газар дээр заавал барилга, байгууламж барих ёстой байсан гэж маргасан/ гэж үзэж хэсэгчлэн хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий А/121 дүгээр тушаалын нэгдүгээр заалтаар ...78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож, ...гэрээг цуцалж, 2 дугаар заалтаар ...гэрчилгээг хураан авах-аар шийдвэрлэснээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэдийгээр зөвхөн Б талбай буюу 0,27 га газрыг ашиглах эрхийг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч А талбай буюу 2 га газрын эрхийг мөн цуцалсан юм шиг ойлгогдож байгаа гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй байна.
Маргаан бүхий актын үндэслэл болсон гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудсанд нийтлэгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд хэвлэгдсэн заруудад С ХХК-ийн нэр байхгүй байна.
Мөн *******хан уулын дархан цаазат газрын захиргаанаас ирүүлсэн С ХХК-ийн газрын хувийн хэрэгт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 432 тоот Газар ашиглах эрх цуцлах тухай мэдэгдэл авагдсан байх боловч энэхүү мэдэгдэл нь агуулгын хувьд ******* уулын хормойд байрлах Б талбайн газарт хамааралтай гэж үзэхээргүйн дээр уг мэдэгдлийг хүргүүлсэн гэх С******* дүүргийн 1 дүгээр хороо, О*******ын гудамж ******* тоот хаягт нэхэмжлэгч хуулийн этгээд байрладаггүй болох нь Монгол шуудан ХХК-ийн илгээмжийг буцаах тухай магадалгаагаар тогтоогдож байх тул маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзнэ.
Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2018 оны 2008/733 тоот гэрээний Хоёр зүйлийн 2.4-т С ХХК-ийн ашиглах газрын хэмжээг 2,27 га, нэгжийн үнэ 396, бүгд үнэ жилд 8,989,200 төгрөг байхаар заасан нь 2 га буюу 20,000мкв газрын төлбөрт жилд 7,920,000 төгрөг, 0,27 га буюу 2700мкв газрын төлбөрт 1,069,200 төгрөг төлөхөөр байна.
Гэтэл С ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар 3,150,705 төгрөгийн төлбөр төлөөгүй буюу 2017 оны жилийн эцсийн байдлаар 1,343,895 төгрөгийн илүү төлөлттэй байгаа нь маргаан бүхий А/121 дүгээр тушаалаар цуцалсан гэж хариуцагчаас тайлбарлаж буй С ХХК-ийн ашиглах эрх бүхий Б талбай буюу 0,27 га газарт жилд ногдох төлбөрөөс илүү байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан нөхцөл бүрдээгүй байжээ.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг даалгах шаардлагаа дэмжиж байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн боловч хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд С ХХК-ийн нэхэмжлэлийн 733 тоот гэрчилгээний хугацааг сунгахыг Б о, а ж сад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б о, а ж сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ