Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Ж.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Х.Мөнхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц

Харгалзан дэмжигч, иргэний хариуцагч С.Д

            Шүүгдэгч Ж.Ц

            Нарийн бичгийн дарга  Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны

01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн  шүүгдэгчийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор  Ж.Ц-д холбогдох эрүүгийн 201712000046 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1984 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл 4, эмээ, өвөө, хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ... тоотод оршин суух,“Оюун ухааны хөнгөн хомсдол” оношийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 69% тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Ж.Ц

Шүүгдэгч Ж.Ц нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ган-Илч” ХХК-ний уурын зуухны хашааны гадна талын дулааны худгийн нүхэнд Х.Н-тай архи ууж маргалдсаны улмаас хоолойг нь боон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр  шийтгэх тогтоолоор:          

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ц-д 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн яллагдагчаар татаж ял сонсгосон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

            Шүүгдэгч Ж.Ц-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,       

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ц-г 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.4-д зааснаар  шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангийн энгийн  зэрэглэлд эдлүүлэхээр,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ц-ийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг эдлэх ялд  оруулан тооцож,

             Шүүгдэгчээс эд зүйл хурааж, битүүмжлээгүй ба хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 39 размерийн хос гутлыг шүүгдэгч Ж.Ц-д буцаан олгож,  0.75 литрийн ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, шар өнгийн даавууны тасархай 1 ширхэг, пивоны тасархай лааз 1 ширхэг, цагаан өнгийн асаагуурыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт  даалгаж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.С нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч С.Д-аас нэхэмжлэх эрхтэйг зааж,

             Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах гомдол болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ц 2017 оны 03 дугаар сарын 05-ны шөнө хохирогч Наранбаатартай хамт “Гал-Илч” ХХК-ний уурын зуухны зүүн урд талд байх траншейны нүх рүү ороод авсан архиа хамт хуваан уусан. Хохирогч Х.Н нь Ц-г барьж аваад гараараа Ц-ийн хоолойг бооход Ц  арагш нь түлхсэн чинь Х.Н толгойгоороо трубан дээр саваад ойчсон. Ц нь миний уур хүрээд хохирогчийн хоолойг боосон, мөн аманд нь шар өнгийн даавуу чихэж орхисон. Маргааш өглөө ирэхэд нас барсан байхаар нь нэгдсэн эмнэлгийн 103-ын дуудлагын өрөөнд орж Д.О гэх сувилагчид хандаж Ган-Илч ХХК-ны зүүн урд талд байх траншейнд нэг эрэгтэй хүн нас барсан байна гэж хэлээд дараа нь Цагдаагийн газрын 102-т мөн мэдэгдсэн  байдаг.

Ж.Ц-г Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008.06.10-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр  минингитийн дараах зан төлөвийн өөрчлөлттэй, иргэний эрх зүйн чадваргүй гэсэн шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байгаа.  Ж.Ц  нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр 70 хувийн групптэй байж байгаад 2016 оноос эхлэн 69 хувийн групптэй байгаа. Одоо ч тахир дутуугийн групптэй, харгалзан дэмжигч өвөө Д-ийн хяналтанд байдаг.

Ж.Ц  бүрэн хэмжээний юмыг ухамсарлан ойлгох чадвар мөхөс, аливаа асуудлын 30 хувийг ойлгох чадвартай болох нь Шүүх эмнэлэг, сэтгэц эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Ж.Ц нь хүн алах гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгож байгаа боловч заримдаа хохирогч намайг эхэлж хоолойг боосон гэж ярьдаг.  Иймд Ж.Ц-ийн ухаан санаа бүрэн биш, мэдрэлийн архаг өвчтэй байнгын эмнэлгийн хяналтанд байдаг, өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадвар мөхөс зэрэг байдлыг тунгаан үзэж ялыг  хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зээ охин Ж.Ц нь эрүүгийн гэмт хэрэгт  холбогдон шалгагдаж байгаад 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Бид өрхийн дотор ам бүл 4-үүл хүнд нөхцөлд амьдардаг.  Миний төрсөн ганц охин С нь 1991 онд хүнд өвчний улмаас нас барсан юм. Охиноос минь өнчин хоцорсон ганц охин нь Ж.Ц юм. Ж.Ц нь 2 настайдаа сүрьеэгийн менингитээр хүнд өвчилж олон удаа нугасны ус авахуулсны улмаас  ухаан санаа нь бүрэн биш, оюуны хомсдолтой, мэдрэлийн архаг өвчтэй болсноор сэтгэцийн эмчийн хяналтанд өнөөг хүртэл группэд  байдаг билээ.

Харгалзан дэмжигч өвөө Д нь 83 настай, архаг хууч өвчтэй, биеийн байдал тааруу байдаг. Хууль ёсны төлөөлөгч С.Ц миний бие 85 настай, Ж.Ц-ийн ганц хүү Б 16 настай, МСҮТөвийн авто засварын 1-р дамжаанд суралцдаг. Хүү минь ээжийнхээ төлөө үргэлж санаа зовж, шаналж, бид хоёроос ээжийг минь шоронгоос гаргаж аваач гэж гуйдаг. Шилжилтийн насандаа ээжээсээ хол хөндий өсч хүмүүжих хүүгийн минь хойшдын хувь заяа, зан төрхөд өөрчлөлт орох бий гэхээс хөгшин бид 2 үнэхээр сэтгэл өвдөж байна.

Мөн миний охин Ж.Ц нь оюуны хомсдолтой, уур уцаартай хэдий ч гэр бүлдээ үнэхээр их үгүйлэгдэж байна. Ц нь 6 жилийн хорих ялаа эдлээд нутаг орон, өсөж төрсөн гэртээ ирэхэд нь өвгөн бид хоёр тосч авч чадахгүй, хорвоог орхисон байх гэж бодох тусам ганц хүүг нь үнэхээр их өрөвдөж, зүрх шимширч, шаналж байна. Бид дөрвийг харж хандах, хайрлаж, асарч хамгаалах ойр дотны хамаатан огт байхгүй билээ. Ийм учир Ж.Ц-ийн биеийн эрүүл мэндийн байдал болон ар гэр бидний амьдрал ахуй байдлыг харгалзан үзэж хуулийн хамгийн энэрэнгүй заалтыг хэрэглэн 6 жилийн хорих ялын хугацаанаас хасч өгөхийг гүнээ хүсч байна гэв.

Прокурор Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Ж.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

Шүүгдэгчийн харгалзан дэмжигч, иргэний хариуцагч С.Д шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүгдэгч Ж.Ц-г 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дулааны худгийн нүхэнд хохирогч Х.Н-тай архи уун маргалдсаны улмаас түүний хоолойг боож алсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгч Ж.Ц-ийн хувийн байдал, ар гэртээ 80 гарсан эмээ, өвөө, 16 настай хүүгийн хамт амьдардаг, амьдралын хүнд байдлыг харгалзан  “шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэж  давж заалдах гомдол гаргасан байна. Давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд шүүгдэгч Ж.Ц-ийн оюуны хөнгөн хомсдолтой байдлыг анхан шатны шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа онцгой нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж өөрөөр хэлбэл тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нараас  давж заалдах шатны шүүхэд гаргасан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

            Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.4-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэж хууль буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэхдээ дэглэмийг тогтоосон  үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  тусгалгүй  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.2  дахь заалтыг зөрчсөнөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэж хууль буруу хэрэглэсэн байна. Хорих байгууллагын зэрэглэлийг тогтоох асуудал  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  эрх хэмжээний асуудал болно.

             Шүүгдэгч Ж.Ц-ийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, Ж.Ц-д холбогдох хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ж.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2015 он/ 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсөн шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх үзэв.

    

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1.1. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 2 дугаар заалтыг 1 гэж, 3 дугаар заалтыг 2 гэж, 4 дүгээр заалтыг 3 гэж, 5 дугаар заалтыг 4 гэж, 6 дугаар заалтыг 5 гэж, 7 дугаар заалтыг 6 гэж, 8 дугаар заалтыг 7 гэж, 9 дүгээр заалтыг 8 гэж, 10 дугаар заалтыг 9 гэж,

1.2.Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж  тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц нарын ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                         Т.БЯМБАЖАВ

     ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                             Х.ГЭРЭЛМАА