Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Ц.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт Ц-н Х-д холбогдох 2028002970198 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 01 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .................... өдөр Баяндалай суманд төрсөн, ....................... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Даланзадгад сумын ...................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ................................ оршин суух хаягтай боловч одоогоор ................................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овогт Ц-н Х, регистрийн дугаар ..................................;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.Х нь ............................. тоотод 2020 оны 01 дүгээр сар, 07 дугаар сар, 08 дугаар сар, 09 дүгээр сарын 30-ны өдөр, 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу нийт 5 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Э.М-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхнэртээ гар хүрч байсан. Ажлаасаа тараад найзындаа очоод найзтайгаа 1 шил архи уусан. Орой 6 цагийн үед гэртээ харьсан. Манай дүү манайд ирээд миний утсаар facebook ухаж байсан. Тэгсэн манай эхнэр унт эсвэл гэртээ харь гэж манай дүүд хэлсэн тэгээд эхнэрээ цохьсон. Өмнө нь маргаж байсан гэхдээ гар хүрч байгаагүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сард нөхөр Х ажлаасаа тарж ирээд найз Э түүний эхнэр Хувьцэнгэл нартай хамт ирсэн. Ажлаасаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Гэртээ ирчхээд хоол хийж өгсөн дараа найз нөхөдгүй болчихлоо гэж орилдог. Чи хөөж явууллаа гэж намайг буруутгадаг. Тухайн үед зүүн хашааны эгч дуудлага өгсөн байсан. Багийн засаг дарга ирсэн. Дараа нь хоёр цагдаа ирсэн. Маргааш өглөө нь би багийн засаг дарга дээр очиж уулзсан. Юу болсон талаар асуусан. Би болсон зүйлийн талаар хэлсэн. 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймаг руу явж 06 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт ирсэн. Ирснээсээ хойш 7, 8, 9, 10 саруудад надад зодож гар хүрсэн. Архи ууж ирээд хэрүүл үүсгэдэг. Намайг дандаа хөөж, хэл амаар доромжилдог. Өшиглөж эсвэл алгадаж, хоолой боож унагадаг. Цагдаад мэдэгдсэнээс хойш байнга хэл амаар  дарамталдаг болсон дарамт бол  яг хэвээрээ байгаа. Чи л цагдаад мэдэгдсэн чиний буруу гэж намайг буруутгадаг. Цагдаагийн өмнө өвдөг сөгдөөд уучлалт гуйхаар нь нэг удаа  гомдолгүй гэсэн бичиг хийж өгч байсан удаатай. Цаашид надад гар хүрч зодохгүй, гэр бүлээ хүндлээд авч явж чадна гэвэл надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2020.11.05-нд 18 цагийн үед миний нөхөр Х гэртээ нэлээн согтуу ирсэн. Нөхрөөсөө хаана хэнтэй архи уусныг асуухад надад хэлээгүй. Тэгж байтал нөхрийн дүү гаднаас орж ирээд нөхрийн утсаар орой хүртэл тоглосон. Би орой болсон байна эрт гэртээ харьж амар гэж хадам дүүдээ хэлэхэд миний нөхөр Х над руу дайраад чи миний дүүг гэрээс хөөдөг хэн бэ гэж хэлээд миний нүүрэнд 2 удаа цохиод миний цээжинд 1 удаа өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалах гэж цагдаад дуудлага өгсөн... Урьд нь намайг 2020 оны 1 сард анх согтуу ирж ажлынхаа хүмүүсийн хажууд зодож байсан. Тэр үед манай зүүн хашааны эгч багийн даргад мэдээлэл өгсөн байсан. Тэр орой багийн дарга 2 цагдаагийн хамт манайд ирсэн. Би тухайн үед одоо дажгүй. Бид нар унтаж амарлаа гэж хэлээд явуулсан. 2 дахь удаа 2020 оны 7 сард Д гэх хөдөөнөөс ирсэн найзтайгаа хамт гэрт архи уучхаад найзынхаа хажууд намайг цахилгаан тогооны залгуураар боох гэж дайрахаар нь ноцолдож байгаад болиулсан. Тэгтэл миний хоолойг гараагаа боож унагасан. 3 дахь удаагаа энэ оны 8 дугаар сард эрүүл байхдаа надтай маргалдаж намайг гараараа боож унагаж байсан. Би энэ болгоныг цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй байсан. Дахиад 2020 оны 9 сарын 29-нд согтуугаар намайг Хүрмэн сумаас 2 найз нь айлчилж ирсэн. Тэр үед найзуудтайгаа хамт 1 архи, 1 пиво хувааж уугаад намайг зодсон. Би цагдаад нөхөр намайг зодлоо гэж дуудлага өгсөн. Цагдаагийн газрын Гантулга гэдэг хүн дээр шалгагдаад торгуулийн арга хэмжээ авсан. Дараагийн удаа 10 сарын 10-ны үед намайг согтуугаар бас зодсон би өөрийгөө хамгаалах гэж зугтааж яваад хүний утас гуйж цагдаагийн газарт дуудлага өгсөн. Дахиад Гантулга гэдэг хүн дээр шалгагдаад 100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Хамгийн сүүлд 3 дахь удаагаа 11 сарын 05-нд цагдаад дуудлага өгсөн... гэжээ. /хх-05-06/,

Холбогдогч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Өчигдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Эрдэнэтогтохын төрсөн өдрийг тэмдэглэн тэдний гэрт 2,5 литрийн савлагаатай 1 сав пиво хувааж уугаад гэртээ 18 цаг өнгөрч байхад харьсан. Намайг гэрт харихад манай эхнэр хүүхдээ хараад оройн хоолоо хийгээд байж байсан. Эхнэр хүүхэд бид 3 хамт хоолоо идчихээд байж байтал миний төрсөн дүү 22 настай Т манайд ирээд манайд хэсэг удсан. Тэгтэл эхнэр М миний дүү Тыг чи манайд хонох юм уу гэж асуухад М би өвөөгийндөө очиж хононо. Би ахын утсаар хэсэг тоглож байгаад явна гэж хэлсэн. Тэгээд байж байтал М Тыг чи одоо эртхэн яв гэж хэлэхэд миний дүү юм хэлэхгүй байгаад байсан. Гэтэл М миний дүүг гэрээс хөөж байгаа юм шиг санагдаад миний дүү жоохон байж байг гэж хэлсэн. Тэгтэл М намайг тэгүүл чи дүүтэйгээ хамт зайлахгүй юу гэж хэлэхээр нь миний уур хүрч эхнэрээ цохисон юм.... гэжээ. /хх-07/,

Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2020 оны 09.29-ний өдөр манай нөхөр Х гэртээ найз нь ирсэн гээд 1 шил архи уусан. Тэгээд архи ууж дуусаад намайг хэл амаар доромжлоод хөөгөөд байсан. Тэгээд манай хүүхэд айгаад байхаар нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаагаас хүмүүс ирээд манай нөхрийг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн.... гэжээ. /хх-22/,

Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2020.10.11-ний өдөр манай нөхөр Х 13 цагийн үед ажлаасаа гэрт ирсэн. Тэгээд хамт ажилладаг хүнийхээ гэрээс дүүгийнхээ хувцсыг аваад ирнэ гээд гарсан. Тэгээд буцаад 14 цаг өнгөрч байхад ирэхдээ архи уучхаад ирсэн. Тэгээд гэрт ирчхээд буцаж гарах гээд байхаар нь чи архи уучихсан байна гээд гаргахгүй гэсэн. Тэгээд Х уурлаад утсаа оролдоод хэвтэж байсан чинь Эрдэнэтогтох гэдэг хүн дэлгүүрийн утсаар ярьсан байсан. Тэгээд хашааны гадна Х тараад явна гэсэн тэгээд намайг явуулахгүй. Тэсэн чинь би ажилтай гээд намайг хөөгөөд тэгээд тэр хүнтэй хамт яваад өгсөн. Тэгээд гэрт хоолоо хийгээд хүлээгээд байсан ирэхгүй байсан. Тэгээд 20:47-д хүүхдээ дагуулаад тэр Эрдэнэтогтох гэдэг айлд нь очсон. Тэгээд тэнд очиход манай нөхөр Х байж байсан. Тэгээд тэнд согтуу тасарчихсан унтаж байсан. Би ороод явъя гэсэн чинь явахгүй гээд үгэнд орохгүй байсан. Тэгсэн нөгөө Эрдэнэтогтох гээд хүн нь бос яв гэсэн үгэнд нь ороод тэр хүнээр гэртээ хүргүүлсэн. Би араас нь алхаад явсан. Тэр байгаа газар нь цагдаа дуудсан байсан зөрчих байх гээд алхсан. Тэгээд цагдаагаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд Х-г унтуулна бүр унтахгүй байвал дахиад цагдаа дуудна гэсэн. Тэгээд гэрт орсон чинь Х хэвтэж байсан. Би ороо засаад унт гэсэн чинь тэгээд Х намайг зайл гээд баруун ташаанд нэг удаа өшиглөсөн. Тэгээд гутлаа шидэх гэхээр нь би гарч зугтаад цагдаа дуудсан. Х намайг өшиглөхдөө сууж байхдаа өшиглөсөн.... гэжээ. /хх-30-31/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2020 оны 11 сарын 05-ны орой манай нөхөр хүний төрсөн өдөрт очоод ирлээ гээд архи уучихсан халамцуу ирсэн юм. Нөхөр гэртээ ирээд утсаа оролдоод сууж байсан чинь манай нөхрийн дүү Т ороод ирсэн Т орж ирээд манай нөхрийн утсаар тоглоод байсан тэр үед би өөрийн төрсөн эгчтэйгээ утсаар ярьж байсан чинь нөхөр Х чи нөгөө цагдаагаа дуудах гэж байна уу гээд миний утсыг булаагаад авчихсан тэгээд бид хоёр муудалцаад хоорондоо хэрэлдэж байгаад Х-н төрсөн дүү Тыг миний дүү одоо унтаж амар манай амрахгүй юм бол гэртээ очоод амар гэж хэлсэн чинь манай нөхөр над руу чи муу манай дүүг гэрээс хөөлөө гэдэг асуудал ярьсан тэгэхээр нь би чимээгүй байсан чинь миний баруун талын уруулын хавьд гараараа цохиод авсан тэгээд шууд зүүн талын хэвлийн доод хэсэгт өшиглөөд авсан тэгэхээр нь сэмээрхэн цагдаад дуудлага өгсөн юм цагдаа удалгүй ирээд Х-н аваад явсан юм. би гэртээ унтаж амарсан юм Х-г эрүүлжүүлсэн юм... Бид хоёр 2016 онд утсаар танилцсан юм. Түүнээс хойш 2018 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод анх уулзсан түүний дараагаар дахин Улаанбаатар хотод уулзсан юм. Энэ хооронд бид хоёр байнга утсаар ярьдаг байж байгаад 2019 оны 07 дугаар сард Х Баянхонгор аймагт очиж намайг хүүхдийн хамтаар аваад Өмнөговь аймагт авч ирсэн юм тэр цагаас хойш Х-тай хамт амьдарч байгаа юм. Бид хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байгаа юм...2019 онд бол надад гар хүрч байсан зүйл байхгүй. 2020 оны 1 сараас эхлэн эхлээд нийт 5 удаа зодож байгаа юм. Эхнийх нь 2020 оны 1 дүгээр сард Х Хайрхан авто угаалгын газарт ажилдаг байсан бөгөөд ажлын газрын хүмүүстэйгээ архи уучхаад ганцаараа гэртээ ирсэн тэгээд надаас хэрүүл гуйгаад байсан тэгж байгаад намайг зодож миний биед гэмтэл учруулж байсан юм тухайн үйл явдлыг зүүн талын хашааны айл харсан бололтой багийн дарга Т ирж уулзаж байсан энэ асуудал болоод нэг хэсэг чимээгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сард гадуур найзуудтайгаа архи ууж яваад ирсэн гээд Э гэх найзын хамтаар согтуу ирсэн тэгэхээр нь би хоол унд хийж өгсөн нөгөө найз нь хоол унд идчихээд яваад өгсөн тэгсэн чинь Х чи манай найзыг хөөж явууллаа би чамаас болж найзгүй болж байна гээд над руу уурлаад намайг багалзуурдаад хоолой боож унгасан тэр үед хажууд миний 7 настай охин байсан өөр хүн байгаагүй юм. Түүний дараагаар 2020 оны 08 дугаар сард Д гэдэг найз нь хаанаас гэлээ ирсэн гээд нөгөө найзтайгаа нийлээд гэрт пиво авч ирээд уух гэхээр нь би уурлаад Х-тай хэрэлдсээр байгаа нөгөө найзыг нь явуулчихсан чинь Х найзыг явууллаа намайг найзгүй болголоо гээд уурлаад бас гараараа хоолой боож унагасан тэр үед мөн гэрт манай охин байсан өөр хүн байгаагүй тухайн үед хоолой боож унагаад хэсэг дарж байгаад больсон үүний дараагаар 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байх яг өдрийг нь санахгүй байна Э гэдэг найз нь Хүрмэн сумаас ирсэн тэгэхээр нь би хоол унд хийж өгсөн юм тэгсэн чинь Х-тай гарч яваад 0.5 граммын хараа архи аваад эргээд ирсэн тэгээд нөгөө архиа гэрт хуваагаад уугаад дуусгасан тэгчхээд Х, Э нар дахин гарч яваад эргээд ирэхдээ 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво авч ирээд нөгөөхөө ууж дуусгаад Э нь унтаад өгсөн тэгсэн чинь Х надаас хэрүүл гуйгаад чи манай найзад ганц юм аваад өгчихгүй гээд намайг хараагаад загнаад байсан тэгж байгаад босч ирээд миний баруун, зүүн талын ташаан толгой руу хоёр хөлөөрөө ээлжлээд өшиглөөд байсан тэгэхээр нь би зугтаагаад гарах гэсэн чинь найзынхаа гутлыг аваад шидсэн чинь тэр нь миний духан дээр оносон юм би чигээрээ зугтааж гараад цагдаад дуудлага өгсөн юм удалгүй цагдаа ирээд аваад явсан юм би маргааш нь ирээд гомдол байхгүй гээд гарын үсэг зураад аваад явсан юм. үүний дараагаар 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х ажлаа тараад 13 цагийн үед ирсэн юм Тухайн үед Х-н дүү Т тархины хагалгаанд орж байсан юм би Х-г дүүгийнхээ хувцсыг аваад ир гээд явуулсан чинь 16 цагийн үед архи уучихсан ирсэн тэгээд эргэж гарах гээд байхаар нь явуулахгүй гэсэн чинь явна гэсээр байгаад яваад өгсөн юм тэгээд орой 20 цагийн үед Эрдэнэтогтох гээд ажлын газрын хүнийд нь яваад очсон чинь тэднийд согтуу хэвтэж байсан тэгэхээр нь би гутлыг нь өмсгөөд аваад явах гэсэн чинь би чам шиг пиздаатай хамт явахгүй чам шиг нөхрөө цагдаад өгдөг хүн байдаг юм уу гээд байсан тэгээд над руу барианы шил авч шидэх гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн чинь Эрдэнэтогтох эхнэрийн хамтаар машиндаа суулгаад гэрт нь хүргээд өгсөн тэгсэн удалгүй цагдаа хүрээд ирэхээр нь одоо унтуулаад амраана гээд цагдааг буцаагаад явуулсан тэгээд гэртээ ороод ирсэн чинь хоол ундаа асгачихсан байдалтай хэвтэж байхаар босоод орондоо ороод унт гэсэн чинь босч ирээд миний баруун талын ташаан толгой хэсэг рүү өшиглөсөн тэгээд гутлаа аваад намайг цохих гэхээр нь би гэрээс гараад зугтаасан чинь Х араас хөл нүцгэн намайг хөөсөн би Хаан болор зочид буудлын хажуу хүртэл гүйгээд нэг машинтай ахыг зогсоогоод цагдаад дуудлага өгч бариулсан юм үүний дараагаар 11 дүгээр сарын 05-ны орой зодсон юм. гэжээ /хх-40/,

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сард нэг удаа очиж байсан мөн 2020 оны 10 дугаар сард мөн 1 удаа очсон 2020 оны 01 дүгээр сард хажуу айлын дуудлагаар нь очсон юм. Хажуу айл болох О.Д гэдэг эмэгтэй над руу залгаад хажуу айлын залуу гэртээ архидан согтуураад эхнэрээ зодоод байх шиг байна гэсэн дуудлага өгч байсан. Түүний дагуу очиход Х, М нар хүүхдийн хамт байсан хажууд нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан санагдаж байна. Тухайн айлд өглөө эрт ороход архи согтууруулах ундаа урьд нь хэрэглэсэн бололтой байсан гэжээ. /хх-43/,

Гэрч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: намайг хотод байхад 2020 оны 01 дүгээр сард манай зүүн хашааны Д утасдаад танай хашаанд байдаг хоёр хүн хоорондоо зодолдоод сүйд боллоо гэж 2 удаа утасдсан гэжээ. /хх-44-45/,

Гэрч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Х ах уурлаад М эгчийн хөл рүү нь өшиглөөд авсан...эгчийн мөр хэсэг хүү нь 2 удаа гараараа цохиж авсан...гэжээ. /хх-46-47/,   

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 606 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.М-н биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-5-52/,

Аюулын зэргийн үнэлгээ “Өндөр гэх” /хх-8-9/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл мэдээлэл /хх-10/,

Гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн лавлагаа /хх-11-20/,

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0461365, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0461364 дугаартай шийтгэлийн хуудас /хх-28, 35/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-62/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-63/,

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-64/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-66-71/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Х-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Х-д  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.Х-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүд хамтран амьдрагч этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Х нь ................................... тоотод 2020 оны 01 дүгээр сар, 07 дугаар сар, 08 дугаар сар, 09 дүгээр сарын 30-ны өдөр, 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу нийт 5 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Э.М-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  болох нь хохирогч Э.М-н мэдүүлэг /хх-05-06, хх39-42/, Гэрч Б.Тын “...2020 оны 01 дүгээр сард нэг удаа очиж байсан мөн 2020 оны 10 дугаар сард мөн 1 удаа очсон 2020 оны 01 дүгээр сард хажуу айлын дуудлагаар нь очсон юм. Хажуу айл болох О.Д гэдэг эмэгтэй над руу залгаад хажуу айлын залуу гэртээ архидан согтуураад эхнэрээ зодоод байх шиг байна гэсэн дуудлага өгч байсан. Түүний дагуу очиход Х, М нар хүүхдийн хамт байсан хажууд нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан санагдаж байна. Тухайн айлд өглөө эрт ороход архи согтууруулах ундаа урьд нь хэрэглэсэн бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-43/, Гэрч Б.Өийн “...намайг хотод байхад 2020 оны 01 дүгээр сард манай зүүн хашааны Д утасдаад танай хашаанд байдаг хоёр хүн хоорондоо зодолдоод сүйд боллоо гэж 2 удаа утасдсан...” гэх мэдүүлэг  /хх-44-45/, Гэрч Ц.Тын “...Х ах уурлаад М эгчийн хөл рүү нь өшиглөөд авсан...эгчийн мөр хэсэг хүү нь 2 удаа гараараа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 606 дугаартай шинжээчийн “... Э.М-н биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-5-52/, Аюулын зэргийн  “Өндөр ” гэх үнэлгээ /хх-8-9/, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн лавлагаа /хх-11-20/, шүүгдэгч Ц.Х-д арга хэмжээ авсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0461365 /хх-28/, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0461364 /хх-35/ дугаартай шийтгэлийн хуудас, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Тус гэмт хэргийн улмаас  хохирогч Э.М-н эрүүл мэндэд эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэг тогтоогдоогүй хэдий ч цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч Ц.Х-н үйлдлээс үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд заасан ба шүүгдэгч Ц.Х нь хохирогч Э.М-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэрэглээгүй байхдаа таарамжгүй харьцаа үүсгэн бие  махбодид нь халдаж зодсон байх тул бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд байнгын шинж гэдэгт эрх зүйн эсрэг үйлдлийг гурав ба түүнээс дээш үйлдэхийг ойлгохоор тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Х нь хохирогч, хамтран амьдрагч Э.М-н бие махбодид 2020 оны 01 дүгээр сар, 07 дугаар сар, 08 дугаар сар, 09 дүгээр сарын 30-ны өдөр, 11 дүгээр сарын 05-ны өдөр нийт 5 удаа зодсон үйлдлийг байнга  гэж үзэхээр байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Х нь “2019 онд би Баянхонгор аймагт очиж  Э.М-тай уулзаад бид хоёр М-н хүүхдийн хамтаар хотод ирсэн тэгээд Өмнөговь аймагт ирсэн түүнээс хойш бид хоёр нэг гэрт орж хамтран амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-58-59/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М-н “Бид хоёр 2019 онд нэг гэрт орсон. Тухайн үед архи хаяа уудаг байсан гэхдээ хэрүүл зодоон үүсгэдэггүй байсан” гэх мэдүүлэг зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Х-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Э.М-н бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Х нь ................... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Даланзадгад сумын ........................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ........................... оршин суух хаягтай боловч одоогоор .................................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-62/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-63/, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-64/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-66-71/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Х-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Х-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Х-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй, харин Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн гэр бүлийн хувьд ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлдээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг хүн нь байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа талаараа сандраад хэлж чадахгүй байна. Өмгөөлөгчийн хувьд хурал дуусаад энэ залууг гэр бүлийг орхихгүй гэсэн бодолтой байгаа. Тиймээс энэ залуу гэр бүлийг элэг бүтэн үлдээх мөн гэр бүлээ тэжээн тэтгэж яваа байдлыг нь харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс оногдуулахаар санал гаргасан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү, нэг удаа итгэл хүлээлгэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч Ц.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Ц.Х-н ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг   хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Х-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Х-г  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М шүүгдэгч Ц.Х-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ