Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

 

 

 

 

   2021         01          15                                     2021/ШЦТ/83

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Тт холбогдох 2006 00000 2859 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 4 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Т овогт Дн Т /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Т  нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 4 дүгээр гудамжны 23 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Тамиртай “гар утас авлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож цохин эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, дух, өвдөг, хүзүү, тохой, ар нуруу, тавхай хэвлийд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, тавхай, сарвуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.2-3/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тамирын өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим нөхөр Тын хамт Гацууртад айлын тог цахилгаан янзлахаар цуг явсан. Тэгээд 15 цагийн үед гэртээ буцаж ирсэн юм. Тэгээд нөхөр урд өдөр нь архи уусан “шартаад байна, хоёулаа гарч нэг газар орж пиво ууя” гэхээр нь бид хоёр хамт гараад 16 дугаар хороололд байдаг Оюу нэртэй бааранд орж 8 шил пиво авч хувааж уусан. Тэгээд тэндээс гараад гэр лүү явах замдаа дэлгүүрээс 2.5 литр Сэнгүр нэртэй пиво аваад гэртээ орж хувааж уугаад сууж байгаад нөхрийн эгч Болормаагийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд би уурлаад нөхрийн нүүрийг маажсан чинь нөхөр миний нүүр лүү гараараа олон удаа цохиж, ам руу хөлөөрөө өшиглөсөн, үснээс зулгааж хивсэн дээгүүр чирч зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... Намайг 1 жилийн өмнө зодож хэвтэрт оруулж байсан. Тухайн үед цагдаад хандаагүй. Энэ явдлын дараа цаасны хутгаар зүүн гарын шуу хэсэгт нэг удаа зүсэж байсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12283 дугаартай:

          “1. Т.Тамирын биед 1 шүдний булгарал, дух, өвдөг, хүзүү, тохой, ар нуруу, тавхай хэвлийд зулгаралт. уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, тавхай. сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл 1мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна.

          5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.14-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тын яллагдагчаар өгсөн: “... Бид хоёр гар утсаа булаацалдаад, тэгээд бид хоёрын хооронд хэрүүл эхэлсэн. Би Тамираас гар утсаа булаагаад авсан чинь Тамир миний зүүн гарын алганаас хазсан, тэгээд долоовор хурууг мушгисан, тэгэхээр нь би Тамирыг алгадаад орон дээр унагасан чинь Тамир босож ирээд тогтой унтраалгаар толгой руу савсан чинь миний толгойны духны дээр оноод дух хагарсан, бас тэр тогтой утсаараа бие рүү цохиод намайг тог цохиод байсан. Тэгээд би Тамирыг дахиад 1 удаа алгадаад унагаад үсдээд шалан дээгүүр чирч байгаад “одоо болиоч” гэж хэлсэн. Тэгсэн чинь Тамир босож ирээд миний нүүрийг самардахаар нь би зурагтаа аваад газар шидэж хагалсан. Тэгсэн чинь Тамир намайг араас үсдэж дарж унагаад миний хүзүү, цээжийг маажсан. Тэгээд би босож ирээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон . Би өөрийн хийсэн гэм буруугаа маш сайн ойлгож байна. Би дахиж ийм зүйл хийхгүй, гэмт хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг /хх.42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Т  нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчны 4 дүгээр гудамжны 23 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Тамиртай “гар утас авлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож цохин эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, дух, өвдөг, хүзүү, тохой, ар нуруу, тавхай хэвлийд зулгаралт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, тавхай, сарвуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.2-3/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тамирын өгсөн: “... Тэгээд би уурлаад нөхрийн нүүрийг маажсан чинь нөхөр миний нүүр лүү гараараа олон удаа цохиж, амруу хөлөөрөө өшиглөсөн, үснээс зулгааж хивсэн дээгүүр чирч зодсон... Намайг 1 жилийн өмнө зодож хэвтэрт оруулж байсан. Тухайн үед цагдаад хандаагүй. Энэ явдлын дараа цаасны хутгаар зүүн гарын шуу хэсэгт нэг удаа зүсэж байсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12283 дугаартай:

          “1. Т.Тамирын биед 1 шүдний булгарал, дух, өвдөг, хүзүү, тохой, ар нуруу, тавхай хэвлийд зулгаралт. уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, тавхай. сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл 1мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна.

          5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.14-15/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би босож ирээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Би өөрийн хийсэн гэм буруугаа маш сайн ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.42/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Д.Тын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тамир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Д.Тыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Д.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тамир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Тын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Тт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Т овогт Дн Тыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Тт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Тт сануулсугай.

5. Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тамир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР