Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/01348

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэй 14-372 тоотод байрлах, 5247527 регистрийн дугаартай, Цагаан хулан ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 30 дугаар байр, 27 тоотод оршин суух, эмэгтэй, РД:ВО91070312, Жамбынхан овогт Энхцоожийн Элбэгсайханд холбогдох,

 

Тавилга захиалгаар хийлгэсний төлбөрийн үлдэгдэл 925,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Цагаан хулан ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Цагаан хулан ХХК өөрийн “Сайн тавилга” нэрийн тавилгын үйлдвэрлэлээ 2008 оноос хойш эрхэлж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. “Цагаан Хулан” ХХК Хан-Уул дүүрэг, 11 хороо, Хатан Туул хотхон, 30 байр, 3 давхрын 27 тоотод оршин суух захиалагч н.Элбэгсайханд 2016.07.02-ны өдөр 1.875.000 төгрөгийн тавилга хийх захиалгыг Сүхбаатар овогтой Одхүүгээр дамжуулан хүлээн авсан. Зуучлагч С.Одхүү нь захиалагч н.Элбэгсайханы хүсэлтийг уламжлан хийж гүйцэтгэх тавилгын зураг, загварыг гарган манай компанид хүлээлгэн өгч, 2016.07.02-ны өдөр Захиалгын хуудсыг хүлээн авсан бөгөөд захиалагч н.Элбэгсайхан тавилгын урьдчилгаа төлбөр болох 950.000 төгрөгийг 2016.07.04-ны өдөр “Цагаан хулан” ХХК-ийн эзэмших Хаан банкны 5028248809 тоот дансанд шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг хүлээн аваад “Цагаан хулан” ХХК нь захиалагч н.Элбэгсайханы захиалгын дагуу хувцасны өрөөнд шкаф, зурагтны зуурь тавилга, ариун цэврийн өрөөний тавилгыг 100 хувь хийж гүйцэтгэн захиалагч н.Элбэгсайханы гэрт буюу Хан-Уул дүүрэг, 11 хороо, Хатан Туул хотхон, 30 байр, 3 давхрын 27 тоотод 2016.07.09-ний өдөр угсарч, суурилуулан өгсөн. Тавилгыг суурилуулахад зуучлагч С.Одхүү нь захиалагчийн хүсэлтийн дагуу байж, тавилгыг хүлээн авсан. Гэтэл захиалагч н.Элбэгсайхан нь 2016.07.09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тавилгын үлдэгдэл төлбөр болох 925.000 төгрөгийг төлж барагдуулахгүй манай компанийг хохироож байна. “Цагаан хулан” ХХК захиалагч н.Элбэгсайханы гэрт очиход эзэнгүй уулзах боломжгүй байх болсон бөгөөд зуучлагч С.Одхүүтэй холбогдоход мөн л захиалагчтай уулзаж чадахгүй байгаа талаар хэлэх болсон. Иймд “Цагаан Хулан” ХХК захиалагч н.Элбэгсайханаас тавилгын үлдэгдэл төлбөр болох 925.000 төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Э.Элбэгсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “... Э.Элбэгсайхан миний бие Цагаан хулан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох тавилгын үлдэгдэл 925,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримт, хариуцагчийн тайлбар, хэргийн материалтай танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Цагаан хулан ХХК нь хариуцагч Э.Элбэгсайханаас тавилга захиалгаар хийлгэсний төлбөрийн үлдэгдэл 925,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Элбэгсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 925,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Цагаан хулан ХХК нь хариуцагч Э.Элбэгсайханаас тавилга захиалгаар хийлгэсний төлбөрийн үлдэгдэл 925,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдар төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26,750 төгрөгийн 13,375 төгрөгийг улсын орлогод үлдээж, 13,375 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 13,375 төгрөгийг хариуцагч Э.Элбэгсайханаас гаргуулж, нэхэмжлэгч Цагаан хулан ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ