Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

 

 

 

 

 

    2021        01          25                                      2021/ШЦТ/134

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /ҮД:2142/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох 2006 04480 2933 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Жүр-Үр” ХХК-д зуурах цехэд ажилладаг, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг, Яргуйт толгодын 21 дүгээр гудамжны 57 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, Б овогт Агийн Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй нийтийн байрны 19 тоотод өөрийн нөхөр М.Наранбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гарын шууг хутгаар зүсэж, М.Наранбатын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Наранбатын өгсөн: “... Би А.Э гэх эмэгтэйтэй хамт амьдраад 1 жил гаруй болж байна. Бид хоёр 2020 оны 07 дугаар сард гэр бүлээ батлуулсан... 7 хоногийн өмнөөс манай эхнэр архи дарс уугаад, тамхи татаад байхаар нь би залхаад салсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед үлдсэн эд зүйлээ авах гээд түүний байгаа байранд очсон юм. Тэгсэн чинь манай эхнэр “хоол идчихээд яв” гэсэн. Тэгээд бид хоёр буцаад нийлэх талаар ярилцсан. Тэгтэл манай эхнэр пиво ууя гээд би дэлгүүрээс 4 шилтэй Сэнгүр пиво, нэг хайрцаг тамхи аваад буцан орж ирсэн. Тэгээд бид хоёр пивоо хуваагаад уусан. Тэгээд бид хоёр хуучны зүйлүүдээ яриад маргалдаж эхэлсэн. Тэр үед тэдний гэрт бид хоёр л байсан. Тэгж байтал Э гал тогооны шүүгээнээс хутга гаргаад ирсэн. Тэр үед би орон дээр түүний араас хараад сууж байтал тэр эргэж хараад ногоон иштэй хутга гартаа барьчхаад өөрийнхөө хүзүүнд тулгаад “би чамайг алчих уу, эсвэл өөрийгөө алчих уу” гээд байсан. Тэгэхээр нь би тэрэнд “намайг ал” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э хутгаа гартаа барьчхаад миний баруун талын гуя руу хутгаараа нэг удаа хатгаж зүссэн. Тэгэхээр нь би сууж байсан орон дээрээсээ босоод гарах хаалга руу ухарсан чинь тэр миний араас ирээд гэдэс рүү минь хутга тулгахаар нь би зүүн талын гараараа хаасан чинь тэр хутга нь миний зүүн талын бугуйн хэсгийг 1 удаа зүссэн. Тэгээд миний гараас цус гараад байхаар нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би эхнэрээ зодож цохисон зүйл байхгүй. Ганц ч гар хүрээгүй, өшиглөөгүй. Тухайн үед Э над руу өмд шидээгүй. Түүний гарт байсан хутгыг би аваагүй... Тухайн үед манай эхнэрийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх.7-8,13-15/,

“... Тэр явдлаас хойш нөгөө өмдөө ажилдаа өмсөөд явж байгаад хэд хоногийн дараа машинд сайжруулсан түлш ачиж байгаад тэвшинд нь өлгөгдөөд урчихсан юм. Тэгээд тэр өмдөө тухайн үед тайлаад хогон дээр хаячихсан. Тэр өдөр миний өмдний баруун талын гуяны дотор хэсэгт жоохон 1 см орчим зүсэгдсэн байсан. Тухайн хутганы үзүүр хэсэг нь миний өмдийг зүсээд миний гуянд хальт хүрсэн байсан. Гуяны шархыг Э тухайн үед хараагүй. Би ч гэсэн гуяны шархаа тухайн үед мэдээгүй явж байгаад шүүх эмнэлэгт үзүүлэх үедээ анх харсан. Тэр үед миний өмд зүсэгдсэнийг Э гэрт байх үедээ өөрөө харсан... Ногоон иштэй жижиг хутга байсан. Одоо тэр хутга хаана байгааг нь би мэдэхгүй байна... Тухайн үед хоолны шүүгээнээс анх Э тэр хутгыг авсан...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12931 дугаартай:

“1. М.Наранбатын биед зүүн шууны хатгагдсан шарх, зүүн хацрын төвгөр, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр зүсэх, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүйгэх дүгнэлт /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Тухайн үйл явдал 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон. 19 цагийн үед би гэр лүүгээ харьж яваад Наранбаттай гадаа таарсан. Тэгээд би гэр лүүгээ түрүүлж ороод хаалгаа дотроосоо түгжсэн чинь Наранбат хаалга тогшоод “би чамайг яах ч үгүй, би зүгээр юмаа авах гэж ирсэн юм, хаалгаа тайлчих” гэхээр нь би хаалгаа тайлж өгсөн. Тэгээд намайг тэвэрч аваад “миний буруу, би гэртээ ирмээр байна” гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд байж байтал тэр “хоол идээд явъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хоол идчихээд “би хоночхоод явна” гээд хувцсаа тайлаад ор луу орчихсон. Би тэгэхээр нь “за яах вэ, хэрүүл хийхгүй аятайхан хоночхоорой” гэж тэрнээс гуйсан. Тэгээд би тэрний хажуугаар ороод хэвтсэн чинь тэр намайг оролдоод байхаар нь би дургүйцсэн чинь тэр намайг “хэд хоног яваад ирсэн чинь нөхөртэй болчихоо юу” гэснээ намайг гичий, янхнаар дуудаад байсан. Тэгээд бид хоёр пиво уухаар болоод тэр дэлгүүр яваад 4 шил пиво авч ирсэн. Тэгээд тэр пивоо ууж байх хоорондоо бид хоёр дахиад маргалдсан. Тэр намайг хана руу шахаад бас миний хацар луу 4-5 удаа алгадсан. Тэгэхээр нь би Наранбатыг яв гэж хөөсөн... Тэгээд тэр “яасан их намайг хөөдөг юм бэ” гэснээ “тэгвэл би чамайг алчхаад явъя” гэж хэлээд хоолны шүүгээнээс хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би хөнжлөө аваад орон доор орсон. Тэгсэн чинь тэр өрөөн дотор үглээд яваад байсан. Тэр үед Наранбат хувцсаа өмсөөгүй шалдан байсан. Тэгээд тэр чимээгүй болохоор нь би орон доороос гараад ирсэн. Тухайн үед тэрний өмд орон дээр байхаар нь би “чи албал ал, алахгүй бол яв” гээд орон орон дээр байсан өмдийг нь аваад Наранбат руу шидсэн. Тэгсэн чинь тэрний өмдний дээр хутга байсан юм байна лээ. Тэр хутга нь өмдтэй хамт авч шидэгдээд тэрний хажуугаар гараад цаана байсан хувцасны шкаф дээр хүрээд буусан. Тэгсэн чинь тэр “чи муу яаж байна аа” гэснээ “би одоо цагдаа дуудна” гээд цагдаа дуудсан... Тэрний зүүн гарынх нь бугуй хэсэгт нь онох шиг л болсон... Тухайн үед Наранбатын зүүн гарынх нь бугуй хэсгээс нь жоохон цус гарчихсан байсан... Би уг хутгыг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би тэр явдлаас хойш удаагүй тэр байрнаас нүүчихсэн...” гэх мэдүүлгүүд /хх.8-9,19-21,31-34/,

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ /хх.10/,

Шинжилгээ хийх шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол /хх.22/,

Гэрлэлтийн лавлагаа /хх.45/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.48/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт /хх.49/,

Хас банкны дансны хуулга /хх.51-61/,

Хохирогч М.Наранбатын хүсэлт /хх.68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй нийтийн байрны 19 тоотод өөрийн нөхөр М.Наранбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Наранбатын өгсөн: “... Э хутгаа гартаа барьчхаад миний баруун талын гуя руу хутгаараа нэг удаа хатгаж зүссэн. Тэгэхээр нь би сууж байсан орон дээрээсээ босоод гарах хаалга руу ухарсан чинь тэр миний араас ирээд гэдэс рүү минь хутга тулгахаар нь би зүүн талын гараараа хаасан чинь тэр хутга нь миний зүүн талын бугуйн хэсгийг 1 удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хх.13-15/,

“... Тэр өдөр миний өмдний баруун талын гуяны дотор хэсэгт жоохон 1 см орчим зүсэгдсэн байсан. Тухайн хутганы үзүүр хэсэг нь миний өмдийг зүсээд миний гуянд хальт хүрсэн байсан... Тэр үед миний өмд зүсэгдсэнийг Э гэрт байх үедээ өөрөө харсан...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12931 дугаартай:

“1. М.Наранбатын биед зүүн шууны хатгагдсан шарх, зүүн хацрын төвгөр, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр зүсэх, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүйгэх дүгнэлт /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эгийн яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед тэрний өмд орон дээр байхаар нь би чи албал ал, алахгүй бол яв гээд орон орон дээр байсан өмдийг нь аваад Наранбат руу шидсэн. Тэгсэн чинь тэрний өмдний дээр хутга байсан юм байна лээ... Тэрний зүүн гарынх нь бугуй хэсэгт нь онох шиг л болсон... Тухайн үед Наранбатын зүүн гарынх нь бугуй хэсгээс нь жоохон цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.31-34/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогч М.Наранбатын биед учирсан зүүн шууны хатгагдсан шарх, зүүн хацрын төвгөр, баруун гуяны зулгаралт гэмтлүүдийг гэмт хэрэг үйлдэгдэх үед учирсан байх боломжтой шинэ гэмтэл эсэхийг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй байх боловч тэдгээр гэмтлийг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд учирсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид маргаагүй болно.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

А.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч М.Наранбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч А.Эг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Агийн Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Эд сануулсугай.

          5. А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Наранбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР