| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
2021 01 27 2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Э.Чингис, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Иргэдийн төлөөлөгч Л.Шагдарсүрэн,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч М.Хүсэл-Од,
Шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа /ҮД:3216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ут холбогдох 2006 00000 2817 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1986 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 1830 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 1-7 тоотод түр оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан шагналгүй, Б овогт Уын У /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө Аж Ахуйн Яамны буудлын орчимд талийгаач Г.Манлайбаатартай “архи авч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, тонгойсон байхад нь хөлөөрөө толгой тус газарт өшиглөж, талийгаачийн эрүүл мэндэд их тархины суурь, зүүн тал бөмбөлгийн, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн чамархай, 2 тал бөмбөлгийн таславч хооронд бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь, уртавтар тархи, хүзүүний 1-р нугалмын харалдаа нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, 3, 4-р ховдол, өнчин тархины цус хуралт гэмтэл хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал, доод уруулд шарх, цус хуралт, уруул эрүүнд зулгаралт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ташаанд цус хурал бүхий гэмтэл учруулж, талийгаач нь тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Хүсэл-Одын өгсөн: “Хэрэг гардаг өдөр над руу ярьсан. Талийгаач миний аав. Над руу ярихдаа “аав нь одоо такси бариад харих гэж байна. Аагий ахтай нь уулзаж байна” гэж хэлсэн. Аагий ах нь манай ээжийн дүү. Тэр өдөр Аагий ах руу 6 цагийн үед залгасан байсан. Би тэр өдөр хөдөө яваад аавыгаа талийгч болсон талаар мэдээгүй байсан. Гомдол саналын хувьд маш их байна. Ээжийгээ 2017 онд нас барснаас хойш аав минь бага зэрэг уудаг болж байгаад уухаа болиод айлд амьдардаг болсон. Надад маш их хэцүү байна. Нэхэмжлэх 5.800.000 төгрөгийг баримтаар гаргаж өгсөн. Оршуулгын зардал надаас 8.400.000 төгрөг гарсан. Өөрөөр баримтжуулсан зардал байхгүй. Шүүгдэгчийн өгсөн гэх 500.000 төгрөгийг шүүгдэгчийн өмгөөлөгч надад өгсөн. Тухайн мөнгөөр 49 хоногт нь зориулж ном уншуулсан...” гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-14/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.15-19/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.20-24/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хүсэл-Одын өгсөн: “... аав маань ажил төрөл хийдэггүй байсан. Хөдөө мал дээр байсан юм. Хамгийн сүүлд Зайсанд манай эгч Булгантай хамт гэрт нь амьдарч байсан. Ээж маань 2017 онд сахрын өвчний улмаас нас барсан. Тэрнээс хойш аав маань бүүр даруухан болсон... хамгийн сүүлд би аавтайгаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зайсанд Булган эгчийн гэрт очиж уулзсан. Тэрнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14:00 цагийн үед утас руу нь залгаж видео кал хийж дүрсээ харж ярьсан...” гэх мэдүүлэг /хх.31-34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбатын өгсөн: “... би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны бөхийн өргөөний уулзвар 102-н уулзвар дээр 09 цагаас 21 цагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн. Би улмаар 19 цаг 25 минутын үед Бөхийн өргөөний уулзвар дээр тээврийн хэрэгсэл зогсож байхад торгуулийн арга хэмжээ авах гээд очтол автобусны буудал дээр 1 эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Олон хүмүүс тойроод зогсож байхаар нь би очсон. Тэр үед газар унасан хүн амьд байсан ба намайг очсон байх үед бие нь муудаад байсан учир би өөр дуудлагад явж байсан түргэний машиныг зогсоож анхны тусламж үзүүлээд өгөөч гээд тухайн эмч үзээд “энэ хүн аль хэдийн нас барсан байна” гэж хэлсэн... тухайн үед “автобусанд надтай муудалцаад байхаар нь би 1 цохисон юм, тэгээд автобуснаас унасан” гээд 1 эрэгтэй хүн хэлсэн, би тухайн хүнийг байлгаж байгаад цагдаа нарыг ирэхэд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Лувсандагвын өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19 цаг 20 минутын үед Баянзүрх захаас гарч ирсэн. Ууганаа надад би муудалцсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Саруултөгсийн өгсөн: “... зодсон гэх этгээд нь Уын У гэх хүн байсан ба амнаас нь архи үнэртэж байхаар нь Сүлд-10 станцад танилцуулаад Улиастай-120 эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлсэн. У.Уыг драйгер үлээлгэн согтолтын зэргийг шалгахад 1.39 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх.40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Чинзоригийн өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19:00 цагийн үед би автобус хүлээгээд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр зогсож байсан. Тэгж байтал нэг автобус ирээд зогсоход хойд талынх нь хаалгаар 2 эрэгтэй хүн бууж ирээд нэг нь нөгөө эрэгтэйгээ татаж ирэн цохиод унагаачихсан. Цохиулж унасан хүн нь босож ирэхгүй байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс цагдаа дууд гээд байхаар нь би өөрийн 86871357 дугаарын утаснаас 102 руу залгаж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.51-52/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2352 дугаартай:
“1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр их тархины суурь, зүүн тал бөмбөлгийн, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн чамархай, 2 тал бөмбөлгийн таславч хооронд бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь, уртавтар тархи, хүзүүний 1-р нугалмын харалдаа нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, 3, 4- р ховдол, өнчин тархины цус хуралт гэмтэл хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал, доод уруулд шарх, цус хуралт, уруул эрүүнд зулгаралт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Их тархины суурь, зүүн тал бөмбөлгийн чамархай, 2 тал бөмбөлгийн таславч хооронд бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь уртавтар тархи, хүзүүний 1-р нугалмын харалдаа нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, 3,4-р ховдол өнчин тархины цус хуралт гэмтэл хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.
3. Тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
4. Шүүх биологийн шинжилгээгээр 0/1/ бүлгийн цустай байна.
5. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болох сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
6. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж маш бага.
7. Эмчилгээ хийгдсэн гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна” гэх дүгнэлт /хх.58-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн: “... талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан тохиолдолд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй, тэр даруй ухаан алдах, ухаангүй болох шинж тэмдэг илрэх бөгөөд тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.69-70/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1159 дугаартай:
“1. У.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. У.У нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. У.У нь хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.У нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. У.У нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай байна” гэх дүгнэлт /хх.72-73/,
Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.120-121/,
Хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хх.131/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө Аж Ахуйн Яамны буудлын орчимд талийгаач Г.Манлайбаатартай “архи авч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, тонгойсон байхад нь хөлөөрөө толгой тус газарт өшиглөж, талийгаачийн эрүүл мэндэд их тархины суурь, зүүн тал бөмбөлгийн, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн чамархай, 2 тал бөмбөлгийн таславч хооронд бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь, уртавтар тархи, хүзүүний 1-р нугалмын харалдаа нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, 3, 4-р ховдол, өнчин тархины цус хуралт гэмтэл хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал, доод уруулд шарх, цус хуралт, уруул эрүүнд зулгаралт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ташаанд цус хурал бүхий гэмтэл учруулж, талийгаач нь тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-14/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.15-19/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.20-24/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбатын өгсөн: “... автобусны буудал дээр 1 эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Олон хүмүүс тойроод зогсож байхаар нь би очсон. Тэр үед газар унасан хүн амьд байсан ба намайг очсон байх үед бие нь муудаад байсан учир би өөр дуудлагад явж байсан түргэний машиныг зогсоож анхны тусламж үзүүлээд өгөөч гээд тухайн эмч үзээд “энэ хүн аль хэдийн нас барсан байна” гэж хэлсэн... тухайн үед “автобусанд надтай муудалцаад байхаар нь би 1 цохисон юм, тэгээд автобуснаас унасан” гээд 1 эрэгтэй хүн хэлсэн, би тухайн хүнийг байлгаж байгаад цагдаа нарыг ирэхэд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Лувсандагвын өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19 цаг 20 минутын үед Баянзүрх захаас гарч ирсэн. Ууганаа надад би муудалцсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Саруултөгсийн өгсөн: “... зодсон гэх этгээд нь Уын У гэх хүн байсан ба амнаас нь архи үнэртэж байхаар нь Сүлд-10 станцад танилцуулаад Улиастай-120 эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлсэн. У.Уыг драйгер үлээлгэн согтолтын зэргийг шалгахад 1.39 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх.40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Чинзоригийн өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19:00 цагийн үед би автобус хүлээгээд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр зогсож байсан. Тэгж байтал нэг автобус ирээд зогсоход хойд талынх нь хаалгаар 2 эрэгтэй хүн бууж ирээд нэг нь нөгөө эрэгтэйгээ татаж ирээд цохиод унагаачихсан. Цохиулж унасан хүн нь босож ирэхгүй байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс цагдаа дууд гээд байхаар нь би өөрийн 86871357 дугаарын утаснаас 102 руу залгаж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.51-52/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2352 дугаартай:
“1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр их тархины суурь, зүүн тал бөмбөлгийн, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн чамархай, 2 тал бөмбөлгийн таславч хооронд бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь, уртавтар тархи, хүзүүний 1-р нугалмын харалдаа нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, 3, 4- р ховдол, өнчин тархины цус хуралт гэмтэл хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал, доод уруулд шарх, цус хуралт, уруул эрүүнд зулгаралт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Их тархины суурь, зүүн тал бөмбөлгийн чамархай, 2 тал бөмбөлгийн таславч хооронд бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь уртавтар тархи, хүзүүний 1-р нугалмын харалдаа нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, 3,4-р ховдол өнчин тархины цус хуралт гэмтэл хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.
3. Тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
4. Шүүх биологийн шинжилгээгээр 0/1/ бүлгийн цустай байна.
5. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли, шээсэнд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болох сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
6. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж маш бага.
7. Эмчилгээ хийгдсэн гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна” гэх дүгнэлт /хх.58-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн: “... талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан тохиолдолд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй, тэр даруй ухаан алдах, ухаангүй болох шинж тэмдэг илрэх бөгөөд тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.69-70/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1159 дугаартай:
“1. У.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. У.У нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. У.У нь хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.У нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. У.У нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай байна” гэх дүгнэлт /хх.72-73,/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Уын уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон бөгөөд түүнчлэн “шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж иргэдийн төлөөлөгч дүгнэжээ.
У.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч М.Хүсэл-Одын баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардал 5.851.750 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч У.У нөхөн төлсөн, үлдэх 3.851.750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй бөгөөд хохирогч нь гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.Уаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
У.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
У.У нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг, мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч У.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
У.Уын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч уг гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй юм.
Шүүгдэгч У.Уыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Уын Уыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ут 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Ут оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Ут оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольсон 60 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жил 60 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Ут оногдуулсан нийт 10 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Уыг урьд нь цагдан хорьсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч У.У нь 2.000.000 хохиролд төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Уаас 3.851.750 төгрөг гаргуулж хохирогч М.Хүсэл-Одод олгосугай.
10. Хохирогч М.Хүсэл-Од нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.Уаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Э.ЧИНГИС
Г.ХАТАНЦЭЦЭГ