| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
2021 01 28 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Л.Галав,
Хохирогч М.Оюунцэцэг,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ат холбогдох 2006 00000 2799 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн огоо” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Багахангай дүүргийн Өндөр толгойн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3в гудамжны 709 тоотод түр оршин суух, улсаа авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Дийн А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.А нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Оюунцэцэгтэй маргалдан нүүрэн хэсэгт цохих, гар, цээж хэсэгт нь дэвсэх үйлдлээр баруун атгаал яс, баруун хөлийн чигчий хурууны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, ташаанд цус хуралт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Оюунцэцэгийн өгсөн: “Аын хэлсэн шиг үйл явдал болсон. Тэр өдөр жолооны багш манайд орж ирээд архи уусан. Би ажлаасаа дөнгөж орж ирээд байж байсан. Энэ хоёрын авч ирсэн архинаас тал шил нь үйлдсэн. Энэ 2 тасраад унах шиг болохоор нь би газар ор засаад хэвтэж байсан чинь А “хөөе пизда минь наад гэрлээ асаа” гэж хэлсэн. Би босоод гэрлээ асаагаад гадаа гараад бие засах гэхэд эхнэр нь тал шил архиа бариад зүүн талын ор дээр сөхрөөд суусан байсан. Би юу ч бодолгүй байж байтал “янхан, авгай банзал авгай минь” гээд элдэв бусаар дуудаад байсан болохоор “юу солиороод байгаа юм” гэж хэлсэн. Эд нар ирэхдээ халамцуу ирсэн. Надад 120.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр би цээжний зураг авхуулсан. 2, 3 ширхэг өвчин ясны эм авч ирж өгсөн. Тэрний мөнгө нь 20.000 гаруй төгрөг болсон. Би эм бараг авхуулаагүй. Одоо хохирлын баримт 200.000 төгрөгөөс 300.000 төгрөг хавьцаа болсон. Би 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажилд яваагүй. Ажлаас чөлөөлсөн акт байхгүй. Гэмтлийн эмнэлгийн бичиг байдаг. Миний биеийн байдал байнгын өвдөлтэй байна. 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох бодолтой байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оюунцэцэгийн өгсөн: “... Тэгээд манай гэрийн хойд талд байдаг дэлгүүрийн гадаа уулзалдсан. Бид 3 тэр дэлгүүр лүү ороод А, Ичинхорлоо хоёр 0.5 литрийн савлагаатай нэг шил архи, сүүтэй аваад бид 3 манай гэр лүү орсон. Гэрт ороод авсан архиа гурвуулаа ууж байгаад унтъя гээд тэр хоёр орон дээр би газраар ганцаараа унтах гээд орондоо ороод гэрлээ унтраагаад унтах гэж байтал А “гэрлээ асаа пизда минь” гэж орилоод байсан. Тэгэхээр нь би гэрлээ асаасан чинь Ичинхорлоо орны урд талд сөхрөөд сууж байсан. Би бие засах гээд гарсан хойно Ичинхорлоо гэр дотроос намайг “муу янхан, банзал авгай” гэх мэтээр харааж орилоод байсан. Тэгтэл нөхөр А нь босож ирээд бас миний үснээс зулгааж, нүүрэнд гараараа цохин газарт унагаад баруун талын гар, цээж хэсэгт хэд хэдэн удаа дэвссэн. Тэр үед манай охин Амаржаргал манай гэрт орж ирэхэд А, Амаржаргал руу дайрч бас цохиж зодохоор нь Амаржаргал цагдаа дуудахад А гэрээс гарч зугтсан. Ат зодуулснаас болж хэд хоног ажилдаа явж чадаагүй байгаа, цаашид дахиад хэдэн хоног ажлаа хийж чадах үгүйгээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амаржаргалын өгсөн: “... Тэгэхээр нь би ээжийн гэрт ороход Амараагийн эхнэр манай ээжийг “янхан, дэвсгэр” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай ээж Оюунцэцэг Амараагийн эхнэрийн гар хэсэгт гараараа цохитол Амараа намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Амараагийн гар мөр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Амараа миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед манай ээж Оюунцэцэг намайг өмөөрч босож ирэхэд Амараа ээжийн үснээс зулгаан цээж, хөл, гар биеийнх нь бүх хэсэгт гараараа цохисон... би өөрийнхөө биеийг үзүүлэхэд миний биед учирсан гэмтэл байхгүй байна гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ичинхорлоогийн өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн үед нөхөр Атай хамт хуурай эгч Оюунцэцэгийн гэрт очсон юм. Нөхөр бид хоёр Оюунцэцэгийн гэрт очихдоо нэг шил 0.5 литрийн архи авч очиж Оюунцэцэг эгч, манай нөхөр А бид гурав хувааж уусан. Тэгээд би цаашаа юу болсон талаар санахгүй байна. Бэлэн 140.000 төгрөг Оюунцэцэг эгчид өгсөн. Хэдэн төгрөгийн эм худалдаж авснаа мэдэхгүй байна. Бид гурвыг архи ууж байхад хажууд өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 12100 дугаартай:
“1. М.Оюунцэцэгийн биед баруун атгаал яс, баруун хөлийн чигчий хурууны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт. зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, ташаанд цус хуралт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Баруун атгаал яс, баруун хөлийн чигчий хурууны далд хугарал гэмтэл тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “...Тэр авч ирсэн архийг нь Оюунцэцэг, манай эхнэр Ичинхорлоо, жолооны курсийн багш гэх залуу бид нар хувааж ууцгаасан. Ууж байгаад би согтсон байсан. Тэр үед миний нүүр хавдсан, цус гарч байсан. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн М.Оюунцэцэгийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Хохирлын баримт /шинээр гаргасан 9 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.А нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Оюунцэцэгтэй маргалдан нүүрэн хэсэгт цохих, гар, цээж хэсэгт нь дэвсэх үйлдлээр баруун атгаал яс, баруун хөлийн чигчий хурууны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, ташаанд цус хуралт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Оюунцэцэгийн өгсөн: “... А нь босож ирээд бас миний үснээс зулгаан, нүүрэнд гараараа цохиж газарт унагаад баруун талын гар, цээж хэсэгт хэд хэдэн удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амаржаргалын өгсөн: “... Амараа ээжийн үснээс зулгааж, цээж, хөл, гар биеийнх нь бүх хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ичинхорлоогийн өгсөн: “... Нөхөр бид хоёр Оюунцэцэгийн гэрт очихдоо нэг шил 0.5 литрийн архи авч очиж Оюунцэцэг эгч, манай нөхөр А бид гурав хувааж уусан... Бид гурвыг архи ууж байхад хажууд өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 12100 дугаартай:
“1. М.Оюунцэцэгийн биед баруун атгаал яс, баруун хөлийн чигчий хурууны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт. зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, ташаанд цус хуралт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Баруун атгаал яс, баруун хөлийн чигчий хурууны далд хугарал гэмтэл тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “... Тэр авч ирсэн архийг нь Оюунцэцэг, манай эхнэр Ичинхорлоо, жолооны курсийн багш гэх залуу бид нар хувааж ууцгаасан. Ууж байгаад би согтсон байсан. Тэр үед миний нүүр хавдсан, цус гарч байсан. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн М.Оюунцэцэгийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Д.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.А нь хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд өвчний учир ажилгүй байсан үеийн цалингийн нэхэмжлэлийг мөнгөн дүн нь тодорхойгүй, нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардлын 287.090 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогч М.Оюунцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ааас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогч ял шийтгэлийн хувьд гомдол саналгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Ат оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. О овогт Дийн Аыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Ат оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ат сануулсугай.
5. Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ааас 287.090 төгрөг гаргуулж хохирогч М.Оюунцэцэгт олгосугай.
7. Хохирогч М.Оюунцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ааас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР