Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 707

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г л д ХХК

Хариуцагч: ХУДЗ дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУДЗ даргаас Г л д ХХК-ийн эзэмшил газрын байршил өөрчилсөн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын байршлыг өөрчилсөн захирамж гаргахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г л д ХХК/хуучин нэрээр АСХС ХХК/ нь ХУДЗ даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/176 тоот шийдвэрээр Х******* дүүргийн  8 дугаар хороо ******* аймаг явах замын зүүн талд амины орон сууцны зориулалтаар 33030 м.кв газар эзэмшсэн.

Гэтэл манай эзэмшлийн 33030 м.кв газраас 16930 м.кв газрыг У*******-Х******* олон улсын нисэх онгоцны буудал хүрэх чиглэлийн хурдны авто зам барих болсон гэснээр Х******* дүүргийн Газрын албаны 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 23 дугаар мэдэгдлийг үндэслэн албадан хурааж авсан.

            Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн.” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан боловч бид төрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлыг хүндэтгэн ямар нэгэн нөхөн олговор аваагүйгээр газраа чөлөөлж өгсөн.

          Манай компани дээрх 33030 м.кв газрын төлбөрийн өнөөдрийг хүртэл Х******* дүүргийн Газрын албанд төлж байна.

ХУДЗ дарга, Нийслэлийн Газрын албанд 2018 оны 3 дугаар сараас хойш албан ёсоор хүсэлт өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй байна.

Эзэмшил газартаа төсөл хэрэгжүүлэхээр төслийн төлөвлөгөө гарсан байдаг. ХУДЗ дарга болон Газрын албанаас уг газрыг олгоно гэсэн боловч 2 жилийн хугацаа өнгөрсөн. Ийнхүү бодит байдал дээрээ газар олгогдоогүй учраас ХУДЗ даргын байршил өөрчилсөн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байршил өөрчилсөн захирамж гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан.” гэв.

Хариуцагч ХУДЗ дарга, түүний итгэмлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г л ХХК нь /хуучин нэрээр  АСХС ХХК/ тус дүүргийн Засаг даргын 2016 оны А/176 дугаар захирамжаар Д С Б ХХК-иас 20000 м.кв, Э Э Э Д ХХК-иас 10000 м.кв, С С С Д Э Ж ХХК-иас 3030 мкв газрыг тус тус шилжүүлэн авсан байна. 

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх У*******-Х*******н шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 33 км хурдны авто замын ажлын нөлөөлөлд өртсөн  иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу тохиролцон газар чөлөөлөх асуудлыг Нийслэлийн Газрын алба болон дүүргийн Газрын алба зохион байгуулсан. 

Дээрх ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Г л д ХХК-ийн захирал С.А*******, Х******* дүүргийн Газрын албаны дарга Д.Г*******, газар зохион байгуулагч О.Г******* нар оролцож газар чөлөөлөх асуудлыг хэлэлцэж Г л д ХХК-ийн авто замын нөлөөлөлд өртсөн 16930 м.кв газрын байршлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн нэгж талбарыг нь шилжүүлээд газрын байршлыг нь тодорхой болгосон. Манай зүгээс байршил шилжүүлсэн захирамж гаргахаар хуралдахаар бэлдэж байгаа. Нэхэмжлэгчид зааж өгсөн газрын байршил тодорхой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан газрын урд хэсэгт залгуулаад байршлыг нь заасан байгаа. Гол нь байршил шилжүүлсэн Засаг даргын захирамж гарч амжаагүй байгаа. 90 гаруй аж ахуйн нэгжийн газартай холбоотой асуудал учраас удсан асуудал байгаа. Газрын байршил шилжүүлэх асуудлыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г л д ХХК-иас тус шүүхэд “ХУДЗ даргаас Г л д ХХК-ийн эзэмшил газрын байршил өөрчилсөн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын байршлыг өөрчилсөн захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан “ХУДЗ даргаас Г л д ХХК-ийн эзэмшил газрын байршил өөрчилсөн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын байршлыг өөрчилсөн захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Голден лайт дизайн  ХХК нь  АСХС ХХК гэсэн оноосон нэрээ 2017 онд Г л д ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлийн 1117243622 дугаарт бүртгүүлсэн нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 002513290, 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн ******* дугаар тодорхойлолтоор тус тус нотлогдож байна. 

АСХС ХХК нь ХУДЗ даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/176 дугаар захирамжаар Д С Б ХХК-иас 20000 м.кв, Э Э Э Д ХХК-иас 10000 м.кв, С С С Д Э Ж ХХК-иас 3030 мкв газрыг тус тус шилжүүлэн авсан байна. 

Уг шийдвэрийг үндэслэн тус дүүргийн Газрын албанаас 2016 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Г л д ХХК-д ******* дугаар нэгж талбар бүхий 33030 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулжээ. 

Х******* дүүргийн газрын албанаас 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдөр АСХС ХХК-д /Г л д ХХК болж өөрчлөгдсөн/ Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх У*******-Х*******н чиглэлийн хурдны авто замын трасст ******* дугаар нэгж талбарын 16930 м.кв газар өртсөн тул уг газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэгдлийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Г л д ХХК-ийн захирал С.А*******, Х******* дүүргийн Газрын албаны дарга Д.Г*******, газар зохион байгуулагч О.Г******* нар оролцож газар чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Г л д ХХК-ийн авто замын нөлөөлөлд өртсөн 16930 м.кв газрын байршлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар хариуцагч тайлбартаа дурджээ.

           Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн.” тохиолдолд газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор заажээ. Түүнчлэн уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.”Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.”, 43.4.”Энэ хуулийн 42.3-т заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн шатны Засаг дарга уг гэрээ байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор нөхөх олговрыг уг газрыг эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.”, 43.1.”Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.”, 43.5.”Энэ хуулийн 42.3-т заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол газар эзэмшигч өөрт нь нөхөх олговор бүрэн төлсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор уг газрыг чөлөөлнө.” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь газрыг тусгай хэрэгцээнд авах талаар хариуцагчийн ирүүлсэн мэдэгдлийг биелүүлж, өөрийн хууль ёсоор эзэмшиж байсан ******* дугаар нэгж талбар бүхий 33030 м.кв газраас авто замын трасст өртсөн 16930 м.кв газраа дүүргийн Засаг даргын мэдэлд бүрэн шилжүүлсэн.

Хариуцагч ХУДЗ дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...16930 м.кв газрыг чөлөөлж байршлыг шилжүүлэхээр 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Г л д ХХК-ийн захирал С.А, Х******* дүүргийн Газрын албаны дарга Д.Г, газар зохион байгуулагч О.Г нарын  оролцож газар чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Г л д ХХК-ийн авто замын нөлөөлөлд өртсөн 16930 м.кв газрын байршлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэгж талбарыг нь шилжүүлээд газрын байршлыг нь тодорхой болгосон. Манай зүгээс байршил шилжүүлсэн захирамж гаргаж хуралдахаар бэлдэж байгаа. Нэхэмжлэгчид зааж өгсөн газрын байршил тодорхой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан газрын урд хэсэгт залгуулаад байршлыг нь заасан байгаа.” гэж тайлбарласан.

Гэвч хариуцагч ХУДЗ дарга нэхэмжлэгчээс буцаан авсан газрын оронд газрын байршлыг шилжүүлж шийдвэрлэх талаар хуульд заасан үүрэг, түүнчлэн газар эзэмшигчтэй байгуулсан тохиролцоогоо биелүүлээгүй нь нэхэмжлэгч Г л ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г л д ХХК-ийн эзэмшил газраас авто замын нөлөөлөлд өртсөн шалтгаанаар буцаан авсан 16930 м.кв газрын байршлыг шилжүүлэх шийдвэр гаргаагүй ХУДЗ даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Г л д ХХК-ийн чөлөөлсөн 16930 м.кв газрын байршлыг шилжүүлэх захирамж гаргахыг ХУДЗ даргад даалгаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г л д ХХК-ийн 16930 м.кв газрын байршлыг шилжүүлэх шийдвэр гаргаагүй ХУДЗ даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Голден лайт ХХК-ийн тусгай хэрэгцээнд зориулж чөлөөлсөн 16930 м.кв газрын байршлыг шилжүүлэх захирамж гаргахыг ХУДЗ даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН