Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 07

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Э.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Баянмөнх

Хохирогч С.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол

            Шүүгдэгч  Э.Д

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн  шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Э.Д-т холбогдох эрүүгийн 1722001070055 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын … тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Э.Д  

    Шүүгдэгч Э.Днь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихын 15 дугаар гудамжны задгай тоотод иргэн С.О- тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясыг хугалж, эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор:  

          Шүүгдэгч Э.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Д-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж,

          Шүүгдэгч Э.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-аас 1.316.630 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-т олгож, хохирогчийн нэхэмжилсэн 1.116.000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогч С.О-т тайлбарлаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Э.Даваажав би 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн.

Би  Улаанбаатар хотод ээж өвдөгний үе солих  хагалгаанд орж ээжийгээ асарч байгаад  өөрийгөө эмнэлэгт үзүүлж 1 дүгээр сарын 20-нд  эход харуулахад  жирэмсний 2 сартай байсан.  2 дугаар сарын 21-нд эмчийн хяналтанд орчихоод 2 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд ирж шүүхийн тогтоолоо гардан авч  баримтанд гарын үсэг зурсан. Миний бие 1 ой 5 сартай хүүхэдтэй, 9-11 насны  сургуулийн 2 хүүхэдтэй, өрх гэр толгойлсон эмэгтэй учраас  нийтэд тустай ажил хийнэ гэхэд биеийн эрүүл мэндээс шалтгаалсан учир уг ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан гэв.

Прокурор Д.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Д нь жирэмсэн байх тул Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахыг хуулиар хориглосон. Иймд  давж заалдах шатны шүүх хуульд заасан торгох  ялыг оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч жирэмсэн тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох  ял болгон өөрчлүүлэх саналтай байна гэв.

 

Хохирогч С.О шүүх хураладанд гаргасан тайлбартаа: Хүний гарыг санаатай хугалчихаад одоо болтол хохирлын мөнгөө өгөөгүй байгаа. Хохирлоо гаргуулж авмаар байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Э.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн Аривжихын 15 дугаар гудамжны задгай тоотод иргэн С.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясыг хугалж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Э.Д-т холбогдох хэргийг түүний гомдлоор  давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх үед шүүгдэгч нь 4 сартай жирэмсэн байгаа болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын картаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулан эдлүүлэх боломжгүй байна.

             Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хь зүйтэй гэж үзэж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

             Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Э.Д-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд тогтоолын мөн хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхой  бичээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар  ял оногдуулсан  зэргийг цаашид анхаарах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон             ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дгээр зүйлийн 1-д зааснаар Э.Д-т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар “ гэснийг “Э.Д-т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, сар бүр 100.000 төгрөгөөр тооцон 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй” гэж,

2.Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг  “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван  таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.          

3.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Т.БЯМБАЖАВ

     ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                             Х.ГЭРЭЛМАА