Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0443

 

“М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Н.Г,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “М ХХК,

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г,

Гуравдагч этгээд Дорноговь аймгийн Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/103/289 дүгээр дүгнэлтийн 5, 6, 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 295 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагч Н.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 128/2019/0097/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г-ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/103/289 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

   2. Хариуцагч Н.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн талаар: Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 07/103/289 тоот дүгнэлт нь илт хууль бус захиргааны акт мөн гэж үзэхдээ анхан шатны шүүхээс “дүгнэлт хэсгийн 7-д .... гэсэн нь маргаан бүхий барилга угсралтын үйл ажиллагааг шууд зогсооход хүргэсэн, нэхэмжлэгчийн хувьд сөрөг үр дагавар бүхий шийдвэр гэж дүгнэлээ... Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус акт юм гэсэн тайлбар үндэслэлтэй” гээд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг ТОГТООХ хэсэгт баримталжээ. Угтаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага анхандаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” байж байгаад “... дүгнэлт хэсгийн 5, 6, 7 дахь заалтуудыг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа хэдийгээр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу “7 дахь заалтыг хүчингүй болгож...” гэсэн атлаа баримталсан хуулийн заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

 

2.2. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай дүгнэлт хийсэн талаар: Нэгэнт дээр дурдсанчлан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болгуулах гэснээ больж “хүчингүй болгуулах” болгон өөрчилсөн. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны ердийн зохицуулалт буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаа үйлчилнэ. Тодруулбал, маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гарсан байтал бараг бүтэн жилийн дараа буюу 2018 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч компанийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандаж гомдол гаргасан нь үндэслэлгүй.

 

Зүй нь Захиргааны ерөнхий хуулийн 93.1, 94.1 дүгээр зүйлийн дагуу хууль бус захиргааны акттай холбоотой ердийн журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тухайн актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргах ёстой байсан. Энэ тухай “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлтийг шүүхэд хандаж гаргаж байсан. Нэхэмжлэгч “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа “хүчингүй болгуулах” шаардлага болгож өөрчилсөн тул хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл болно. Ийнхүү хугацаа хэтрүүлж хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

2.3. Шинжээчийг томилон дүгнэлт гаргуулсан зардлыг эс зөвшөөрч байгаа талаар: Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад “хариуцагчаас 1,018,020 төгрөгийг гаргуулахаар” шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаа хуулийн дагуу явуулсан. Тус 50 ортой төрөх эмнэлгийн барилгын угсралтын ажлын чанар байдалд газар дээр нь хийсэн үзлэг шалгалтын дун, техникийн “О” ХХК-ийн лабораторийн шинжилгээний дун, дүгнэлтийг үндэслэн цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна.

Энэ талаар шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: ...зогсоохоор шийдвэрлэсэн байх тул өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна... гэснээс үзвэл, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой, эсхүл боломжгүй байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна...гэжээ.

Миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын хяналтын улсын ахлах байцаагч Н.Г нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас төрөх эмнэлгийн барилгын ажлыг газар дээр нь шалгах ажлын хэсэг томилон ажиллуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1591 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх” тухай 2017.09.13-ны өдрийн 01/237 дугаартай удирдамж боловсруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Удирдамжид заасан шалгалтын чиглэл, хамрах хүрээний дагуу шинээр баригдаж байгаа тус 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын зураг төсөл, техникийн болон холбогдох бусад бичиг баримттай танилцаж, барилгын угсралтын ажлын явц, чанар байдалд үзлэг шалгалт хийж, үзлэг шалгалтыг 5.1.1 кодтой “Бүрэн цутгамал болон каркасан барилга угсралтын ажлыг шалгах хяналтын хуудсаар гүйцэтгэж эрсдэлийг үнэлнэ гэж заасны дагуу газар дээр нь үзлэг шалгалт хийхэд холбогдох байгууллагуудаас олгосон техникийн нөхцөлийн болон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалт хийгдээгүй, барилгын техникийн баримт бичгүүд байхгүй, гүйцэтгэгч байгууллага барилгын угсралтын ажлын явцад зураг төсөл зохиогч, мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргүүлсэн шаардлагыг биелүүлж ажиллаагүй, барилгын улны түвшинг зурагт заасан түвшингээс өөрчилсөн, барилгын байршлыг шилжүүлсэн, цутгамал төмөр бетон багана, дам нурууны тэнхлэгийн шилжилт хүлцэх хэмжээнээс хэтэрсэн, угсралтын ажилд зэв ихтэй арматур хэрэглэсэн, арматурын хамгаалалтын үе алдагдсан, арматур ил гарсан, нягтруулалтыг дутуу хийснээс бетон арзайж, дүүргэгч тунасан, цутгамал төмөр бетон хучилтын зузаан зураг төсөлд заасан хэмжээнд хүрээгүй, бетоныг хүйтний улиралд цутгаснаас хөлдсөн, бетон шал хагарал ихтэй, бетоны орцын нормыг тогтоолголгүйгээр газар дээр нь бетон бэлтгэж цутгалтын ажлыг гүйцэтгэсэн, зоорийн давхрын хананд ташуу хагарал үүссэн зэрэг зөрчил дутагдал байсан нь Барилгын тухай хуулийн 11.1.1 дэх механик аюулгүй байдлыг хангах /барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/, мөн хуулийн 37.1.1, 37.1.3, 37.1.8, 40.1.2 дахь заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул энэхүү зөрчил дутагдлыг арилгах хүртэл барилгын угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

2.4. Шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гарсан талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлаж, нэхэмжлэгч нарын хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, нэхэмжлэгч нар нь тухайн эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа Барилгын тухай хууль болон бусад хүчин төгөлдөр үйлчилж буй барилгын норм, дүрэм зөрчсөн талаар хариу тайлбарыг өгч оролцож байснаар зогсохгүй өөрийн дүгнэлтийн үндэслэлийг хамгаалж шүүхэд нотлох баримт бүрдүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан болно.

Гэвч шүүгчээс хариуцагч миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шинжээч томилон түүнд үндэслэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын процессын эрх буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хариуцагчийн эрхийг нэхэмжлэгчийнхтэй тэгш байдлаар хангах, хэргийн оролцогч буюу зохигч нарын эрх ашгийг тэгш харгалзан үзэж хараат бусаар шийдвэр гаргах үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал хүсэлт гаргасан тухай хариуцагч Н.Г надад мэдэгдээгүй ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөнийг дурдах нь зүйтэй байна. Энэ нь цаашилбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тэгш шударга явагдахад нөлөөлж болзошгүй зүйл болсон тул үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж болохоор байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/103/289 дүгээр дүгнэлтийн 5, 6, 7 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч улсын байцаагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэгчээр нь ажиллаж байсан Дорноговь аймгийн Сайншанд суманд шинээр баригдаж буй 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргасан байх бөгөөд 5, 6 дугаар заалтуудаар ... Барилгын тухай хууль, холбогдох стандартын шаардлагуудыг хангаагүй талаар дүгнэснийг анхан шатны шүүх зөв гэж үзэж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

4. Харин нэхэмжлэлийн зарим хэсэг буюу дүгнэлтийн 7 дахь заалтаар “... шинжилгээний дүн, дүгнэлтийг үндэслэн цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэснийг хүчингүй болгуулах шаардлагыг хангахдаа хариуцагч улсын байцаагчийг “... барилгын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн” гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар дүгнэлтийн энэ хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

5. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 10.9.7.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох ... тухайн барилга байгууламж, ... ашиглалтыг зогсоох”  гэж заажээ.

6. Дүгнэлтийн 5 болон 6 дахь заалтаар “... бетон нь бат бэхийн шаардлага хангахгүй ...” гэж дүгнэсэн байдал болон 8 дахь заалтад “Барилгын бат бэх тогтвортой байдлыг хангахын тулд ... багана, дам нурууг хүчитгэх, буулгаж дахин цутгах асуудлыг захиалагч байгууллагын зүгээс шийдвэрлэх нь зүйтэй” гэж зааснаас үзвэл 7 дахь заалтын агуулга нь тухайн барилгын ажлыг бүр мөсөн зогсоох агуулгагүй байна. Харин “нэгэнт барилгын материалын чанар шаардлага хангахгүй тохиолдолд түүнийг сайжруулахаас өмнө аюул осол үүсэж болзошгүй” гэж үзэж “барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн улсын байцаагчийн дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 10.9.7-д заасан эрх хэмжээний хүрээнд хийгдсэн гэж үзэхээр байна.

7. Уг дүгнэлтийн заалтыг үндэслэж аймгийн Засаг даргын шийдвэр гарч байсан нь уг дүгнэлтийн агуулгыг өөрөөр тодорхойлох шалтгаан болохгүй бөгөөд тусдаа тухайн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн эсэх, дүгнэлтийн заалтыг зөв ойлгож хэрэгжүүлсэн эсэх талаар маргах боломжтой /маргасан/ байхад анхан шатны шүүх “... дүгнэлтийг үндэслэн Засаг даргаас барилгыг албадан буулгах шийдвэр гаргаж байснаар тогтоогдоно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэлд “эрх хэмжээгүй этгээд захиргааны актыг гаргасан” гэх ойлголт хамаарахгүй байхад энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

9. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Давж заалдах гомдолд дурдсан “... нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн” гэх асуудалд анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэхэмжлэгчийн гомдлыг хянаж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07/4019 дүгээр албан бичгээр хариу өгснөөс хойш 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хугацаа хэтрээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахгүй орхих үндэслэлтэй.

11. Харин нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлтэй тул энэ талаарх гомдлыг хангах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.7-д заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/103/289 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-иас шинжээчийн зардал 1.965.840 /Нэг сая есөн зуун жаран таван мянга найман зуун дөчин төгрөг/-ийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ