Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/177

 

 

 

 

 

 

  2021         02          02                                    2021/ШЦТ/177

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баярхүү /ҮД:1179/,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0445/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох 2006 00000 2244 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1981 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Нарантуул олон улсын худалдааны төвд бэлэн хувцасны наймаа хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хорооллын 904 дүгээр байрны 49 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б овогт Хгийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их монгол хорооллын 904 дүгээр байрны гадна иргэн С.Тэмүүжиний хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цээж болон толгойн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж. зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Тэмүүжиний өгсөн: “... Би найзуудтайгаа Сэрүүлэг гэх пабад орон 1 шил архи уугаад 14 цагийн үед гарч ирээд Их Монгол хороололд байх гэр лүүгээ явж байсан. Ингээд замдаа дахин архи уумаар санагдаад байсан ба манай хороололд амьдардаг зүс таних залуу таарахаар нь түүнтэй нийлж дахин нэг шил 0.75 литрийн Хараа архи уусан. Архи нэлээн дуусахын алдад зүс таних залуу агсам согтуу тавьж эхэлсэн тул би гэр лүүгээ орохоор болсон. Тэгээд гэр лүүгээ алхаж байтал зүс таних залуу миний араас алхаж ирээд миний цавь хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгснээ үргэлжлүүлэн элэг рүү гараараа нэг удаа цохисон тул би элгээ дараад тонгойж байх хооронд миний зүүн нүд болон нүүр хэсэгт гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.5-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэндсайханы өгсөн: “... Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын харуулаар ажиллаж байсан. Өдөр 14 цаг өнгөрөөд байж байтал 902 дугаар байр 1 дүгээр орцны үүдэнд хүмүүс зодолдож байгаа талаар оршин суугчид хэлсэн. Тэгэхээр нь би харуулын байрнаасаа гараад 902 дугаар байр 1 дүгээр орцны үүдэнд очиход 902 дугаар байрны 2 давхарт оршин суудаг бор арьстай Х.Б гэх залуу үл таних өндөр биетэй залуутай хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа талаар тодруулахаар тэр 2 дээр очтол үл таних өндөр залуугийн хамраас нь цус гарсан байдалтай, харин Х.Бын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй зогсож байсан... үл таних өндөр залууг Х.Б гэх залуу зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Анх зодоон болсон газар очиход үл таних залуугийн хамраас цус гарсан байсныг анзаарсан. Харин эхнэрээ дагуулаад ирэхэд нүд нь хавдаж эхэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.11-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9022 дугаартай:

          “1. С.Тэмүүжиний биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.15-16/,

Хохирлын баримтууд /хх.49-51,112-122/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их монгол хорооллын 904 дүгээр байрны гадна иргэн С.Тэмүүжиний хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цээж болон толгойн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж. зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Тэмүүжиний өгсөн: “... Тэгээд гэр лүүгээ алхаж байтал зүс таних залуу миний араас алхаж ирээд миний цавь хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгснээ үргэлжлүүлэн элэг рүү гараараа нэг удаа цохисон тул би элгээ дараад тонгойж байх хооронд миний зүүн нүд болон нүүр хэсэгт гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.5-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэндсайханы өгсөн: “... Х.Б гэх залуу үл таних өндөр биетэй залуутай хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа талаар тодруулахаар тэр 2 дээр очтол үл таних өндөр залуугийн хамраас нь цус гарсан байдалтай, харин Х.Бын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй зогсож байсан... үл таних өндөр залууг Х.Б гэх залуу зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Анх зодоон болсон газар очиход үл таних залуугийн хамраас цус гарсан байсныг анзаарсан. Харин эхнэрээ дагуулаад ирэхэд нүд нь хавдаж эхэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.11-13/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9022 дугаартай:

          “1. С.Тэмүүжиний биед зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн гадна, урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна, дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.15-16/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч С.Тэмүүжин урьд нь эмчилгээний зардал 157.120 төгрөг баримтаар нэхэмжилж, шүүгдэгч Х.Б нь 160.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогчийн баримтаар нэмж нэхэмжилсэн эмчилгээний зардлын 6.164.130 төгрөгөөс 1.703.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, 100.000 төгрөгийн баримт нь урьд гаргасан нэхэмжлэлийн баримттай давхацсан байх тул үлдэх 4.362.220 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч С.Тэмүүжин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Х.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Бд торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо гүйцэд нөхөн төлж барагдуулаагүй учир дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Х.Бд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Хгийн Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Бд сануулсугай.

4. Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 160.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Баас 4.362.220 төгрөг гаргуулж хохирогч С.Тэмүүжинд олгосугай.

          6. Хохирогч С.Тэмүүжин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР