Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

 

 

 

 

 

  2021         02          05                                     2021/ШЦТ/203

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Пд холбогдох 2006 04405 3006 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, нөхөр, охин, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Чгийн П /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 34 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Ганзоригтой маргалдаж улмаар толгой тус газарт нь архины шилээр цохиж духанд 1.0 см урт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Пгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганзоригийн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 34 тоотод дүү Болдбаатартай хамт байж байхад 21 цагийн орчим эхнэр П архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд бид 3 дэлгүүр лүү гарч 0.75 литрийн савлагаатай Хараа архи 1 шилийг аваад буцаж гэр лүүгээ ороод хувааж уусан, тэгтэл П бид хоёр маргалдсан ба П баруун гартаа ууж байсан архины шил бариад над руу шидэж миний дух, зулай дунд хэсэгт шалбалсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болдбаатарын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байр 34 тоотод ах Ганзоригтой хамт байж байхад гаднаас эгч П архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд бид 3 хамт 0.75 литрийн савлагаатай Хараа архинаас 1 шилийг хувааж уусан. Тэгтэл П, ах Ганзориг руу шалтгаангүйгээр дайраад байсан ба П баруун гартаа Хараа архины шилийг авч Ганзориг руу шидэж гэмтээсэн. Тухайн үед Ганзоригийн духнаас цус гараад байхаар нь 103 дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12564 дугаартай:

          “1. Б.Ганзоригийн духанд шарх тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадврын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Пгийн яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Оюунчимэгийн гэрт 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архинаас 2 шилийг уусан. Тэгээд 22 цагийн орчим гэртээ буюу Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 10 дугаар байрны 34 тоотод ирсэн. Намайг гэртээ ороход нөхөр Ганзориг, дүү Болдбаатар нар байсан. Тухай үед би уусан архиндаа согтоод болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, гаргах санал хүсэлт байхгүй... Одоо бид хоёр эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх.24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 34 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Ганзоригтой маргалдаж улмаар түүний толгой тус газар архины шилээр цохиж духанд 1.0 см урт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганзоригийн өгсөн: “... П баруун гартаа ууж байсан архины шил бариад над руу шидэж миний дух, зулай дунд хэсэгт шалбалсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болдбаатарын өгсөн: “... П, ах Ганзориг руу шалтгаангүйгээр дайраад байсан ба П баруун гартаа Хараа архины шилийг авч Ганзориг руу шидэж гэмтээсэн. Тухайн үед Ганзоригийн духнаас цус гараад байхаар нь 103 дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12564 дугаартай:

          “1. Б.Ганзоригийн духанд шарх тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадврын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.14/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Пгийн яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Пгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Пг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Ч.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Ганзориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ч.Пг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ч.Пгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ганзориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Пг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ч.Пгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ч.Пд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Пд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. С овогт Чгийн Пг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ч.Пд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Пд сануулсугай.

5. Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ганзориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР