Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

Улсын яллагч Ш.Батсүх,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатигин овогт Г-ийн Б-т холбогдох эрүүгийн 2017001120008 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт У хот, Ч дүүрэг,  дугаар хороо, Б ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэх Х овогт Г-ийн Б, /РД:У............../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 246/427 дугаартай километр шонгийн орчим 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Э.Г-ын нэр дээр бүртгэлтэй өөрийн өмчлөлийн 56-86 УНР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна 80 км-с хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч Ц.Ж, Б.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 246/427 дугаартай километр шонгийн орчим 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Э.Гын нэр дээр бүртгэлтэй өөрийн өмчлөлийн 56-86 УНР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна 80 км-с хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч буюу хохирогч Ц.Ж, Б.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд

1.1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед миний 56-86 УНР улсын дугаартай авто машинтай А, Ж, О бид нар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу барилгын засал чимэглэлийн ажил хийхээр гарсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй учир Улаанбаатар хотоос А машин бариад Чойрт ирсэн. Тэгээд Чойрт ирээд хөдлөх гэсэн чинь А ядраад нойр хүрээд байна гээд би Чойроос машин бариад цааш хөдөлсөн. Тэгээд Чойроос хөдлөөд засмал замд явж байтал адуу өмнүүр орж ирсэн. Тэгэхээр нь би баруун гар тал руу дарсан. Тэгсэн машин засмалаас гарч онхолдсон. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байснаа санахгүй байна. Ямар ч байсан 90 км цагаас хэтрээгүй байх. Тэгээд сандраад эргээд харсан чинь О машины арын суудалд сууж байсан. О бид 2 машинаас буугаад О Ж руу очсон. Би А дээр очсон. А машины зүүн талд хэвтэж байсан. Ж машины ар талд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд О машин зогсоогоод эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлэг ирээд бид нарыг аваад явсан. Эмнэлэг дээр ирээд үзүүлээд байж байхад цагдаа ирээд мэдүүлэг авсан. Тэгээд бид нарыг Улаанбаатар хот явах шаардлагатай гээд эмнэлгийн машинаар ГССҮТ-д ирсэн. Тэгээд А эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Харин О, Ж бид 3 гэрээр эмчилгээ хийлгэсэн. Одоо бид 4-н биеийн байдал зүгээр байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар хуудас/,

1.3. Хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум руу ажил хийхээр болоод Б, Ж, О нарын хамт 56-86 УНР улсын дугаартай хөх өнгийн Марк-2 гээд манай аав Г-ын нэр дээр байдаг машинтай Улаанбаатар хотоос 17 цагийн үед гарсан. Хотоос гарахдаа би машин барьж явсан. Чойр өнгөрөөд явж байхад нойр хүрээд байхаар нь Б-т жолоогоо шилжүүлсэн. Би Б-ийг жолооны үнэмлэхгүй талаар мэдэж байсан, нойр хүрээд байсан болохоор аргагүй эрхэнд шилжүүлсэн. Тэгээд би жолоочийн сандалд суугаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь осолд орчихсон эмнэлэг цагдаа ирчихсэн байсан. Удалгүй эмнэлгийн машинд суулгаад Чойрын эмнэлэг дээр ирсэн. Улаанбаатар хот явах шаардлагатай гээд түргэний машинаар ГССҮТ-д авчирсан. 6 хоног хэвтээд эмнэлгээс гарсан.

...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б бид нар сайн найзууд байгаа юм. Хамт ажил хийхээр явж байсан болохоор гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

1.4. Хохирогч Ц.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 06 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед А, О, Б нарын хамт 56-86 УНР улсын дугаартай хөх өнгийн марк-2 машинтай хөдөлсөн. Улаанбаатар хотоос А машин барьж байсан. Би хотоос хөдлөөд машины арын суудалд суугаад унтаад өгсөн. Тэгээд Чойр дээр машин зогсоход сэрсэн. Тэгэхэд А жолоогоо Б-т шилжүүлж байгаа харагдсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь эмнэлэгт байж байсан. Машин хэр хурдтай явж байсан, юунаас болж онхолдсон талаар харсан зүйл байхгүй. Сүүлд Б ярихдаа адуу гарч ирээд мөргөхгүй гэж жолоогоо дараад онхолдсон гэж байсан.

...Надад учирсан гэмтэл гээд байх юм байхгүй. Бид нар санаа нийлээд ажил хийх гэж явж байсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

1.5. Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А, Б, Ж нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд суманд ажил хийх гээд Улаанбаатар хотоос 17 цагийн үед 56-86 УНР улсын дугаартай марк 2 маркийн хөх өнгийн машинтай гарсан. Хотоос гарахад А жолоо барьж байсан. Чойр дээр ирээд А нойр хүрээд байна гээд Б-т жолоогоо шилжүүлсэн. Чойроос хөдлөхдөө Б жолоо бариад жолоочийн ард суугаад миний хажууд Ж суугаад А жолоочийн хажуу суудалд суугаад цааш хөдөлсөн. Тэгээд хөдлөөд удалгүй А, Ж 2 унтаад өгсөн. Харин би утсаа оролдоод явж байсан. Тэгээд Шивээ-Овоогийн уурхайн харалдаа явж байхад замын хажуу талаас адуу гарч ирж байгаа харагдсан. Тэгээд Б адуу мөргөхгүй гээд жолоогоо баруун тийш нь дараад нэг мэдсэн чинь замын хажуу руу онхолдчихсон байсан. Б бид 2 машин дотроо, А, Ж 2 машины гадна хэвтэж байсан. Би машинаас гараад Ж дээр очиход ухаангүй, дуудахад сэрэхгүй байсан. Б А дээр очиж байгаа харагдсан. Тэгээд би зам дээр очиж зогсоогоод эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд бид нарыг Чойрын эмнэлэг дээр аваачсан. Тэгээд Улаанбаатар хот явах шаардлагатай гээд эмнэлгийн машинаар хотод ирсэн.

...Б бид хоёр 10-н жил нөхөрлөж байна. Бас бид нар санаа нийлээд ажил хийх гэж явсан. Миний биед бараг гэмтэл учраагүй. Тиймээс надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

1.6. Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний нэр дээр бүртгэлтэй машин байгаа. 2015 онд авч байсан. 2020 оны 05 сард байх Б гэж манай хүү А-ийн найз надаас 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Нэрээ шилжүүлэх гэсэн мөнгө төгрөг муутай байна, мөнгөтэй болоод нэрээ шилжүүлж авна гэж байсан. Надад өгөх ёстой машины мөнгө болох 1 000 000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүүхэдтэй хамт явж байгаад осолд орсон байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

1.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7430 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Б-ийн биед хүзүүний 6-р нугалмын зүүн талын үений сэртэн, сээрний 3-4-р нугалмын их биеийн хугарал, өвчүүний гадна ялтасны хугарал, зүүн тохойд шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.Болороо гэжээ. /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

1.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7474 дугаартай дүгнэлтэд:

1. Б.О-ын биед тархи доргилт, зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.Болороо гэжээ. /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

1.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7431 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Ж-ы биед зулайн хуйх, зүүн өсгийнд шарх, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, нүүрний баруун хэсэг, баруун тохой, баруун сарвуу, хэвлий, баруун гуя, баруун өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Наранбямба гэжээ. /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

1.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7568 дугаартай дүгнэлтэд:

1. Г.А-ийн биед баруун талын 5,6,7, зүүн талын 3,4,5,6,7-р хавирганы далд хугарал, тархи доргилт, нуруу, цээж, хэвлий, баруун өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх хоёр талын олон хавирганы далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ. /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

1.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 3574 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Б” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогбаяр гэжээ. /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

1.12. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14/07 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Хариулт 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-д “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг хэлнэ. Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг... гэж заасан байдаг тул уг үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

Хариулт 2. 56-86 УНР улсын дугаартай “Тоёото марк-2” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.4-р заалт буюу Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, жолооч Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-р заалт буюу “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг тус тус зөрчсөн байна.

Хариулт 3. Хавтас хэргийн ослын газрын схем зураг байхгүй байгаа тул уг ослын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: Ж.Мягмаржав, Н.Мөнхзул, Г.Удвал гэжээ. /хх-ийн  83-84 дүгээр хуудас/,

1.13. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14/01-1 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Хариулт: Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн схем нь аль цэгт ямар үйлдэл хийгдсэнийг тэмдэглээгүй, ногооноор зурсан 42м мөр нь бүх дугуй эсвэл аль дугуйн тоормосны мөр болохыг заагаагүй, энэхүү 42м мөр нь асфальт болон шороон хучилттай зэм дээр метр үргэлжилж гарсныг тэмдэглээгүй зэрэг ихээхэн зөрчилтэй байна.

Нэмж ирүүлсэн схемд заагдсан тоормосны мөрийг 4 дугуйн мөр гэж үзэж 56-86 УНР улсын дугаартай автомашины хамгийн бага хурдыг тогтооё. Автомашины тоормосны мөр нь асфальт болон шороон зам дээр гарсан байгаа бөгөөд хамгийн бага хурдыг тогтоохын тулд шороон зам дээрх зам дугуйн барьцалтын коэффициентийг тооцоонд ашиглав…

56-86 УНР улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна цагт 80 км... ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.  Уг заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Ж.Мягмаржав, Н.Мөнхзул, Г.Удвал гэжээ. /хх-ийн  83-84 дүгээр хуудас/,

1.14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-17 дугаар хуудас/,

1.15. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

1.16. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 98-102 дугаар хуудас/,

1.17. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 105-115 дугаар хуудас/ зэрэг болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан, мөн тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч Г.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Б нь доороо нэг дүүтэй, айлын том хүү байгаа юм. Хүнтэй эвсэг дөлгөөхөн, найрсаг нийтэч зантай. Архи тамхи хэрэглээд байдаггүй, ээж нь 2003 онд өөд болсон гэсэн. Найз нөхөд дундаа нэр хүнд сайтай. Тууштай зантай. Нэг юм эхэлбэл дуусгаж байж санаа нь амардаг хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

2.2. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний хүү Б нь доороо нэг дүүтэй, миний том хүү байгаа юм. Хүнтэй эвсэг найрсаг, нийтэч зантай, архи тамхи хэрэглэдэггүй, эхнэр 2 хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. Ээж нь 2003 онд өөд болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

2.3. Шүүгдэгч Г.Б-ийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/,

2.4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-125 дугаар хуудас/,

2.5. Шүүгдэгч Г.Б-ийн прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 167 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдьлаа.

Шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэв.

Шүүгдэгч Г.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Г-ийн Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Г.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

                        

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ