| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
иргэдийн төлөөлөгч Ц.Урангуа,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Б овогт Өгийн Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, Б овогт Аын Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017001950106 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Өгийн Г /РД:ЕВ/, Улаанбаатар хотод 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Д аймгийн Дн сумын 1 дүгээр баг, Э гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Аын А /РД:ЕВ/, Дорноговь аймгийн Д суманд 1992 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ...дугаар баг, .... тоотод оршин суух, хувиараа тээвэрлэлт эрхэлдэг, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч******* нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 159 тоотод оршин суух Э.Нын гэрт *******тай маргалдан улмаар зэвсэг хэрэглэн түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
яллагдагч ******* нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны гудамжинд*******той маргалдан улмаар толгойн тус газарт тоосгоор цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч******* нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 159 тоотод оршин суух Э.Нын гэрт *******тай маргалдан улмаар зэвсэг хэрэглэн түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны гудамжинд*******той маргалдан улмаар толгойн тус газарт тоосгоор цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Атай адуу хайгаад Нтай хамт Чойр ууланд явж байгаад таарсан. Ууланд уулзахдаа маргалдаж муудаагүй. Чойр уулаас Нын гэрт 04 цагийн үед ирсэн. Би уулнаас наашаа ирснээ ч сайн санахгүй байгаа. Ирээд унтаад өгсөн. Нын гэрт эхнэр хүүхдүүд нь байсан. Мөн Э, Н, А, Т бид 5 байсан. Намайг унтаж байгаад сэрэхэд Э А хоёр муудаж байсан. А бид хоёр гэрээс гараад маргалдсан. Тэгээд хоорондоо зодолдоод А намайг тоосгоор толгой руу цохиод байхаар больё гээд гэр лүү орсон. Тэгээд Аыг гэр лүү орж ирэхэд нь хэвлийн доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үйл явдал болоход гэрт М, Н, Нын эхнэр байсан. Хутга миний дурангийн хажуу талд зүүлттэй байсан. Аыг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
1.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Чойр уулан дээр Н бид хоёр сүү өргөөд явж байгаад Гтой таарсан. Уулан дээр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Чойр луу Нын гэрт 3 өнгөрч байхад очсон. Би цуг ирээд эхнэр дуудаад дугуй засвар луу яваад буцаж ирсэн. Нын гэрт тавуулаа 2 шил архи уусан. Тэгэхэд Э бид 2 муудсан. Г гэрийн баруун хойд талд унтаж байсан. Бид хэд гадаа гараад тамхи татаж байгаад гэрт ороход Г сэрсэн байсан. Г Эг өмөөрөөд чи ахад томорлоо гэснээс болж маргалдаад бид хоёр гэрээс гараад хашаанаас гадаа намайг Г давхар хамж унагаагаад цохих гэхээр нь тоосго аваад цохисон. Би Гыг дээрээсээ буулгаж чадахгүй байсан учраас толгойны ар луу нь тоосгоор 2 удаа цохисон. Тэгээд Г миний дээрээс буугаад за больё гээд гар бариад гэр лүү түрүүлж орсон. Гыг тоосгоор цохисон нь миний буруу гэв.
1.3. Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А тоосгоор цохисноос болж миний толгой хагарсан. Одоо миний бие зүгээр гэв.
1.4. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зүүн талын хэвлийн доод хэсэгтээ 26-27 оёо тавиулсан. Хутга орсны 7 оёо, дотор эрхтэнд асуудал гарсан гээд эмнэлгээс задалсан 20 гаран оёотой. Мөн гуурс тавиулсан оёотой байгаа. Эмнэлэгт 6 хоног, гэртээ 1-2 сар хэвтсэн. Оёо таталдах, юм идэж уухад жаахан хүндрэлтэй байсан. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа гэв.
1.5. Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхөр Н найз Г гэх залуугийн хамт гаднаас орж ирсэн. Өглөө нь Чойрын богд уул явлаа гээд гарсан бөгөөд өдөр орж ирэхдээ найзтайгаа уулан дээр таарлаа гээд ирсэн. Г нь шал согтуу байсан. Нөхөр Гыг унтаа чи согтуу байна гэхэд гэрийн баруун хойд хэсэгт газраар унтаад өгсөн. Тэр хоёрыг ирснээс 20 орчим минутын дараа А, миний танихгүй 2 залууг дагуулаад манайд ороод ирсэн. А эрүүл харин нөгөө 2 залуу нь шал согтуу байсан. Манай нөхөр авдарт байгаа 0,75 литрийн Соёрхол нэртэй архиа гаргаж задлаад манай гэрт байсан хүмүүс хувааж уусан. А, Д хоёрыг маргалдаж байхыг Г унтаж байхдаа сонссон юм шиг байна лээ. Сэрээд Дг өмөөрөөд Атай муудаж хэрэлдэж байгаад хоёулаа айлд хэрэлдэхгүй гадаа гаръя гээд гэрээс гарч яваад 10 орчим минут болоод Г нь түрүүлээд орж ирсэн. Араас нь удалгүй А хаалга нээгээд орж ирэх гэхэд Г гэрийн зүүн урд хэсэгт зогсож байгаад ухасхийгээд түүний гэдэс орчимд цохих шиг болсон. Тэгэхэд А Г намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. М Гыг татаж аваад баруун гарт байсан хутгыг нь булааж аваад урагш нь шидэх шиг болсон. Тэгэхэд А баруун гараараа гэдэснийхээ зүүн хэсэгт дарахад тэр хэсгээс нь цус гараад доошоо дуслаад байсан. Би шууд 103-т дуудлага өгсөн. Хутгалуулсан хутга нь манай гэрийн хутга биш Гын өөрийнх нь хутга байсан. Дурангийн хажуугаас зүүчихсэн байсан гэж ярьцгааж байсан. Хутга нь ногоон өнгийн иштэй эвхдэг хутга байсан. Маргааш нь Г надтай хамт явж ахуй үйлчилгээ дээр үсээ засуулах гэж байхдаа өчигдөр миний толгойг А тоосгоор цохиод хагалсан гэж хэлсэн. Түүний толгойг үзэхэд толгойд нь шинэ шарх байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-26 хуудас/
1.6. Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг өнгөрч байхад дүү Нынд ороход гэрт нь Н, эхнэр Д, Д, Г, А нар архи уусан бололтой согтуу байцгааж байсан. Д, Г 2 нь илүү согтуу Д бол тасарчихсан гэж хэлж болохоор байсан. Г, А нар хоорондоо маргалдаад байсан. Би Нд маргааш болох Адуучин тэмцээний цомоо үзүүлээд байж байтал муудаад байсан 2 залуу гадаа гарч учраа олно гэж хэлээд гараад явсан. Би Нтай юм яриад сууж байтал нэг их удалгүй Г нь гаднаас орж ирээд энэ муу чинь надад томроод байна ш дээ гэж Нд хэлэхэд Н юундаа мууддаг юм бэ, одоо больцгоо гэж хэлтэл гаднаас А хаалга татаад орж ирэх үед л гэрийн зүүн урд хэсэгт зогсож байсан Г нь ухасхийгээд л гэдэс орчимд нь цохих шиг л болсон. Би босоод Гыг нь салгах гээд араас нь татаад авахад А хутгалчихлаа ш дээ гээд хэвлийн зүүн хэсэгтээ дараад хаалга түшээд гэрийн гадаа зогсоод байсан. Аын гараараа дарсан хэсгээс цус доошоо дуслаад байсан. Гыг салгах үед баруун гарт нь ногоон өнгийн иштэй, эвдэг хутга байсныг би гараас нь салгаж урагш нь шидсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
1.7. Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 03-нд би Гын унаж ирсэн хар өнгийн Навараг унаад Чойрт гэртээ ирсэн. Түүнээс хойно 20 орчим минутын дараа А, Д, Т нар манайд ирсэн. Би Гыг согтуу байна унт гэж хэлээд унтуулсан. Т нь удалгүй яваад өгсөн. Би гэрт байсан 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архиа гаргаж тэр хэдэд өгөөд сууж байхад А, Д 2 хоорондоо маргалдахад Г унтаж байгаад сэрээд Дг өмөөрөөд Атай муудсан. Энэ үед М манайд ирсэн. Г А хэрэлдэж байгаад хоёулаа айлд хэрэлдэхгүй гадаа гаръя гэж хэлээд гэрээс гараад 10 орчим минутын дараа Г нь түрүүлээд орж ирээд надад А чинь томорлоо, энэ юу вэ гээд байсан. Удалгүй араас нь А хаалгаар тонгойгоод орж ирэх үед нь Г гэрийн зүүн урд хэсэгт зогсож байгаад ухасхийгээд түүний гэдэс орчимд цохих шиг болсон. Тэгэхэд А Г намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. М Гыг татаж аваад баруун гарт байсан хутгыг нь булааж урагш нь шидэх шиг болсон. А баруун гараараа гэдэснийхээ зүүн хэсэгт дараад байсан. Тэр хэсгээс нь цус гараад доошоо дуслаад байсан. Манай эхнэр 103-т дуудлага өгсөн. Хутга нь манай гэрийн хутга биш Г өөрийнх нь дурангийн хажуугаас зүүчихсэн байсан хутга гэж ярьцгааж байсан. Гтой тэр өдөр уулзахад түүний толгойд ил харагдах шарх, цус гоожсон зүйл байгаагүй. Харин надтай хамт эмнэлэг явж байхдаа А өөрөө намайг гадаа гудамжинд зодоод толгой руу тоосгоор цохиод байхаар нь би уурандаа түүнийг хутгалсан гэж хэлсэн. Түүний толгойг үзэхэд толгойны хуйх нь язраад цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/
1.8. Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад намайг гэрээс Н, А 2 ирж аваад бид 3 Аын цагаан өнгийн Кроун маркийн машинтай Чойр хайрхан орохоор явсан. Бид 3 уулан дээр гараад бууж ирээд байж байтал А, Н хоёр Гтой утсаар яриад уулан дээр хүрээд ир гээд байсан. 11 цаг өнгөрөөгөөд л байх Г, Д, Т 3 хар өнгийн Навара маркийн машинтай ирээд 1 шил Ивок нэртэй архи гаргаад тэр хэд хувааж уугаад Чойр явцгаасан. А өөрийнхөө машиныг, Гын машиныг Н бариад явсан. Чойрт 13 цаг өнгөрч байхад ирээд би гэрийнхээ гадаа буусан. Гтой уулзахад түүний толгойд ил харагдах шарх сорви байгаагүй. Надтай хамт явахад тэд нар хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/
1.9. Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал саахалтын Г манайд адууны эрэлд явж байна гэж ирээд надтай хамт явъя гээд би түүнтэй мотоциклтой сундлаад хөдөө давхиж байтал түүний гар утас нь дугараад найзууд нь уулан дээр ирж байна гэж ярьсан. Тэгээд бид 3 уулан дээр очиход Гын найзууд нь цагаан өнгийн Кроун маркийн машинтай ирсэн байсан. Найзуудтай нь уулзахад тэд нар 1 шил Ивок нэртэй 0,75 литрийн архи гаргаж өгсөн бөгөөд бид нар хувааж уугаад бүгдээрээ Чойр орохоор болоод хөдөлсөн. Чойрт ирээд дэнжид Нын гэрийн гадаа ирээд гэрт нь ороход эхнэр хүүхэд нь байсан. Би тэндээс гараад хадмынх руугаа явсан. Намайг тэднийд байхад хоорондоо маргалдсан муудсан зүйл огт байгаагүй. Г согтоод гэрийн баруун хойд хэсэгт унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/
1.10. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Нэг мэдэхэд Чойрт айлд ирсэн сууж байсан. Миний хувьд болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Атай муудсанаа огт санахгүй байна. Дараа нь Н надад Атай маргалдаад байсан гэж байсан. Г Аыг хутгалсныг мэдээгүй. Тэр орой нь Н надад танаас болоод Г Аыг хутгалчихлаа ш дээ гээд байсныг хальт санаад байгаа юм. Айлаас хаашаа гарч явснаа ч мэдэхгүй байгаа. Маргааш өглөө нь Өег гээд цайны газарт таньдаг ахындаа сэрсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/
1.11. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвлийн тус газраа бусдад хутгалуулсан хүн ирлээ гэж 103-аас намайг дуудсаны дагуу очиж үзэхэд хэвлийн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай 28 настай А гэж хүн байсан. Зохих шинжилгээнүүдийг бүрдүүлсний дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвлийн хөндийг шалгах мэс заслын хагалгааг 18 цаг 55 минутад эхэлж, 20 цаг 20 минутад дууссан нь өвчний түүх дээрээс харагдаж байна. Биеийн байдал нь хүнд хүн ирсэн бөгөөд хагалгааны дараа мэс заслын тасагт 6 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/
1.12. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаар дүгнэлтэд:*******ын биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 45-46 хуудас/
1.13. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 351 дүгээр дүгнэлтэд: *******ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2020 оны 11 дүгээр сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 52 хуудас/
1.14. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6271 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 1,38м*1,16м хэмжээтэй, цайвар шаргал өнгийн хивсэнцэр дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна.
Дүгнэлт гаргасан биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Дэлгэрмаа гэжээ. /х.х-ийн 54-56 хуудас/
1.15. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэлүүд /х.х-ийн 3-4 хуудас/
1.16. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 5-15 хуудас/
1.17. Хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчний түүх болон бусад холбогдох баримтууд /х.х-ийн 106-107, 109-137 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч*******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, иргэдийн төлөөлөгч Ц.Урангуа нь гэм буруутай гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч*******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоо өөрсдийн мэдүүлгээрээ удаа дараа илэрхийлсэн ба тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг, С.Ганбат нар нь шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаагүй болохоо тус тус илэрхийлснийг дурдлаа.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар нь архидан согтуурч, өөр хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн харьцаанаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
2.2. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г миний эмчилгээнд гарсан нийт зардал болох 1 800 000 төгрөгийг төлсөн гэв.
2.3. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай ах А нь даруу төлөв зантай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, хүн чанар сайтай хүн. Хүнтэй зөв боловсон харьцдаг, хань ижил, үр хүүхэд, ах дүү нартаа халамж анхаарал сайн тавьдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/
2.4. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр А нь элдэв янзын ааш зангүй, муу зуршилгүй, архи дарс байнга хэрэглээд байдаггүй, гэр бүл хань ижилдээ анхаарал халамж сайн тавьдаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/
2.5. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь төлөв томоотой, үг дуу цөөтэй, багаасаа л мал дээр өссөн, ажил төрөлд сайн хүн. Мэндтэй устай, ааш зан сайтай хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/
2.6. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г нь үг дуу цөөтэй, даруухан, ажилсан хүн шиг санагддаг. Ээжтэйгээ хоёулхнаа хөдөө мал маллаж амьдардаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/
2.7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд, шийтгэх тогтоолын хуулбар, хууль буцаан хэрэглэхээс татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /х.х-ийн 85-86, 88-99 хуудас/
2.8. *******ын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 84, 101, 103-104 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдлаа.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг,
шүүгдэгч*******ын өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршгийн хэмжээ бага, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасныг,
шүүгдэгч *******ын өмгөөлөгч С.Ганбат нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа 450 нэгжээр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдлаа.
Шүүгдэгч*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгээс шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч ял шийтгэл оногдуулах,
харин шүүгдэгч *******д улсын яллагчийн гаргасан саналаар ял шийтгэл оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүгдэгч*******од оногдуулсан хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, анх удаагаа шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см урттай суран оосортой, ногоон өнгийн бариултай 1 ширхэг эвхдэг хутгыг устгахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Өгийн Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Б овогт Аын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******од оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см урттай суран оосортой, ногоон өнгийн бариултай 1 ширхэг эвхдэг хутгыг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.БАТТУЛГА
Т.ЭНХМАНДАХ