Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 876

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Чинзориг

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003580287 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 7 дугаар сарын 07-нд .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэрэгжилтэй, “.... ажилтай, ам бүл 4; эцэг, 2 дүүгийн хамт ... аймгийн .... газар оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... ...  тоотод  оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, Б овогт Бийн Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Д 2020 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цаг 40 минутын орчимд ... дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “....”-ы зүүн талын замд явган хүний зохицуулдаггүй гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 7.а-д заасан “Жолоочид дараах зуйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсзн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Приус .... маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Ц.Д, Я.Лнарыг мөргөж, улмаар Ц.Дгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын уншсан яллах дүгнэлтэд миний холбогдсон хэргийн талаар бичсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирогч Дд 5.000.000 төгрөг, Лид 300.000 төгрөг тус тус өгсөн. Надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулна уу гэв.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсангэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар ялласан бөгөөд гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Цэндсүрэнгийн Д “… би .... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .... сонгуулийн ажил хийж байгаад орой 20:00 цагийн үед гэр рүүгээ явсан. “...” хотхоны зүүн талын автобусны буудал дээр ирээд явган хүний гарц дээр ирээд зогсож байгаад, гарцан дээр зогсож байсан хүмүүстэй хамт гарцаар гараад, “...” хотхоны зүүн талын хойшоо чиглэлтэй явдаг эгнээгээр гарч байтал гэнэт машинд мөргүүлээд газар унасан. Мөргүүлж унах үед биед авч явж байсан хоол хүнсний зүйл, бэлэн 70.000 төгрөг, автобусны карт, дээд доод хиймэл шүд байхгүй болсон байсан. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Миний зүүн хөлний дунд чөмөг хугарсан, эрүүнд оёдол тавьсан, толгой байнга өвддөг, хавирга хугарсан, тархи цус хуралттай гэсэн гэмтлүүдтэй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг авсан. Надад нэхэмжлэх зүйл гэвэл 4 сарын цалин /600.000/ болон бусад зардлыг нэхэмжилж байна. Би ер нь гомдолтой байна, эрүүл мэнд, орлого, цалин, ажилгүй болсон.

Хагалгаанд орсон зардалд 2.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 3.337.000 төгрөг нийт 5.337.000 төгрөг өгсөн. Ингээд жолоочид санал хүсэлт гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” /хх-ийн 17-18, 19-22/ гэж,

гэрч Яийн Л ... би хамтран амьдрагч Дгийн хамт сонгуулийн сурталчилгааны ажилд явсан юм. Осол болдог өдөр 14 цаг 30 минутын орчим сонгуулийн ажилд явсан гээд бид хоёр нийлээд 180.000 төгрөгний цалин авсан юм. ...ын 14 дүгээр сонгуулийн штабаас гараад хажуу талынх нь дэлгүүр орж идэж уух юм аваад, мөн би 100 гр архи аваад дэлгүүрийн гадаа уусан. Би ... дүүргийн хойд талд байдаг ... хотхонд жижүүрийн ажил хийдэг юм. Тэр ажил руугаа явах гээд эхнэртэйгээ автобусанд суугаад явсаар байгаад .... хотхоны зүүн талын автобусны буудал дээр буусан. Тухайн үед манай эхнэр архи уугаагүй ээ. Бид хоёр автобуснаас буугаад зам хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцаар гараад ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлийн урсгалыг өнгөрөөд урдаасаа хойшоо явах чиглэлд ороод алхаж байхад бид хоёрын баруун гар талаас буюу урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан машин зүүн талынхаа толь хэсгээр эхнэр бид хоёрыг давхраар нь мөргөөд унагаасан. Тухайн үед манай эхнэр миний баруун гар талд бид хоёр зэрэгцээд явж байсан. Тэгээд бид хоёр газарт сууж байхад жолооч залуу цагдаа түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд эхнэр бид хоёрыг аваад явсан. Эхнэрийг Гэмтлийн эмнэлэг дээр үзүүлж байхад нь би гар толгойны зургаа авхуулчихаад архины халуунд гэртээ харих гээд гараад зугтаачихсан юм. Миний биед толгой бага зэргийн доргилттой, баруун гарны шуу хэсэг шалбарсан, өөр айхтар гэмтэл байхгүй. Замын хөдөлгөөний ачаалал сийрэг байсан. Гадаа гэгээтэй, 18 цаг болж байсан байх. Машин цаанаас ирж байгааг хараагүй. Гэнэт л ороод ирсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би машины мөргөсөн талын цаана байсан. Эхлээд манай эхнэрийг мөргөсөн болохоор би гайгүй. Надад гомдол санал байхгүй ээ, эмчилгээний 350.000 төгрөг авсан байгаа” /хх-ийн 62/ гэж,

яллагдагч Б ийн Д “... 2020 оны 6 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед манай ажил тарсан. Гэтэл хамт ажилладаг ах Гансүх айраг зарж байгаа гээд ажил дээр авчирсан. Тэгэхээр нь би тэр айрагнаас 2 аяга буюу 500 гр уусан. Тэгээд 21 цагийн үед гэртээ харих гээд ажлаасаа гараад аав Бийн эзэмшлийн, Приүс маркийн, ..... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ажлаасаа гарсан. Манай ажил вокзалын урд талд байдаг. Ажлаасаа гараад Нарны гүүрний ертөнцийн зүгээр баруун талаасаа орж ирээд урагшаа чиглэлд явж байгаад .... сургуулийн баруун уулзвараар буцаж эргээд Нарны гүүрээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд давах гээд .... хотхоны зүүн талын замаар замын 2 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарцаар өнгөрөх үед зүүн талын толинд нэг эмэгтэй хүн цохигдох шиг болсон. Тэгээд би гарц өнгөрөөд машинаа зогсоогоод буугаад ирсэн чинь явган хүний гарцан дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Шуудайтай юм авч явсан бололтой тэр зам дээр тараад уначихсан байсан. Тэгээд би өөрийнхөө ....... гэсэн дугаараас 102 руу залгаж дуудлага өгсөн. Тэр хавьд байсан хүмүүс бас залгаж байх шиг байсан. Миний машин замын 2 дугаар эгнээнд зогсож байхад тэр замаар яваа машинууд сигналдаад байхаар нь би машины жаахан цаана байсан автобусны буудал руу оруулаад тавьсан юм. Түргэн цагдаа хоёр хамт ирсэн. Тэр үед мөргүүлсэн хоёр хүний эрэгтэй хүн нь зугтаачихаар нь араас нь нэг цагдаа очоод гараас нь бариад авсан чинь цагдаагийн гар руу цохиод дахиад зугтаачихаар нь би араас нь очсон чинь над руу тоосго авч шидээд ойртуулахгүй байсан. Араас эмч ирэхэд эмчийг бас ойртуулахгүй байж байгаад зугтаагаад яваад өгсөн. Харин мөргүүлсэн эмэгтэй хүнийг нь аваад эмнэлэг рүү явсан. Дараа нь замын цагдаагаас цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Мөргүүлсэн хоёр хүний эрэгтэй хүнээр хаана мөргүүлж, хаана унасан бэ? гэж заалгаж байсан. Тэр үед тухайн хүн зугтаагаагүй байсан ба согтуу архи уучихсан байсан. Би тухайн үед зорчигчгүй, ганцаараа явж байсан. Хөдөлгөөний ачаалал сийрэг, гадаа харанхуй болчихсон, замын гэрэлтүүлэг асчихсан, зам гэрэлтүүлэгтэй байсан. Эрэгтэй хүн нь согтуу байсан, эмэгтэй хүн нь мэдэх зүйл байхгүй байсан. Ослын дараа тэр хоёр юм яриагүй ээ, ёолоод суугаад байсан. Эрэгтэй хүн нь эмэгтэй хүнтэйгээ хамт сууж байсан. Түргэн, цагдаа ирэхэд зугтаагаад яваад өгсөн. Би 2019 оны хавар жолооч болоод 12 сард машин аваад тэрнээс хойш тасралтгүй барьж байгаа. Аав надад авч өгсөн юм. Би дандаа унаж хэрэглэдэг, аав ерөөсөө унадаггүй юм. Намайг драгер багаж үлээлгэхэд 0,66 хувийн согтолттой гэж гарсан. Тэр тухай надад харуулсан. Би хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн газрын үзлэг болон фото зураг, схемийн зурагтай танилцлаа. Санал хүсэлт байхгүй, зөв байна. Миний машины зүүн талын толь хугарсан. Хохирлоо барагдуулна, одоогоор 1.500.000 орчим төгрөг өгсөн байгаа” /хх-ийн 67-68/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Ц.Дгийн биед дагз ясны хугарал, тархины баруун чамирхайн хэсгийн эдийн гүн дэх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хөлийн дунд чөмөгний далд хугарал, цээжний баруун 9 дүгээр хавирганы хугарал, эрүүнд няцарсан шарх, гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 7410 дугаартай дүгнэлт /хх-н 71-73/,

Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хохирогч Ц.Д хэвтэж эмчлүүлсэн тухай “Өвчний түүх” /хх-н 40-52/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын шинжээчийн “… Баруун гар талын гэрэл зүүн болон баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, ... Зүүн гар талын ойрын гэрэл баруун гар талын хол, ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, ... баруун гар талын их гэрлийн чийдэн сууриндаа суугаагүй мултарч гарсан байна. ... урд буфер зүүн гар талдаа замаск нь хагарч унасан, зүүн гар талын толь сууриараа хугарч унасан, зүүн гар талын крыло хойд хэсэгтээ хонхойж сэвтсэн, баруун гар талын урд оврын гэрэл асахгүй, зүүн гар талын урд крыло дээрх дохионы гэрэл байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байв. Баруун гар талын холын гэрэл, зүүн болон баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын ойрын гэрэл, баруун гар талын хол, ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, баруун гар талын их гэрлийн чийдэн нь сууриндаа суугаагүй мултарч гарсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-84/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “... ....  маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бийн Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг .../...согтууруулах ундаа,.../… хэрэглэсэн.../… үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж  байгаа явган зорчигчид зогсож зам тавж өгнө. Мөн дүрмийн 3.4 дэх хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна”, “Явган зорчигч Цэндсүрэнгийн Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэсэн 100 дугаартай магадлагаа /хх-н 91/,

Замын цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/, Осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 7/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-10/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12/, Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 13/ зэрэг бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 110/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 103/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 104/, “Улаанбаатар” төмөр замын Улаанбаатар өртөөний тодорхойлолт /хх-н 107/, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 109/, Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 69/,

гэрч Бийн Д-ийн “... Д нь миний төрсөн ах юм. ... аймгийн ... суманд айлын том хүүхэд болж төрсөн. Багадаа сумандаа өссөн. ... аймгийн .... дүгээр 10 жилд 4 дүгээ анги хүртэлээ суугаад ... аймгийн төв дээр .... орж суралцаад 2015 онд 10 жилийн сургуулийг төгссөн. Тэгээд ах маань хотод .... сургуульд орж суралцаад ... онд төгсөөд, төгссөн жилээ төмөр замд ажилд орсон. Манай ах эхнэр, хүүхэдгүй. Надтай хамт хотод амьдардаг. Манай аав хөдөө мал малладаг. Ах маань дуу цөөнтэй, даруухан, хүнд тусархуу, элдэв муу зуршилгүй”/хх-ийн 58-59/,

гэрч Р-гийн М  “... 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байгаад ажлаа тараад гэртээ ирсэн. Орой 20-21 цагийн үед санагдаж байна, над руу Д залгаад би хүн дайрчихлаа, гэмтэл рүү явах гэсэн юм гэхээр нь би очиж Дг гэрээс нь аваад гэмтэл дээр очсон. Д нь зан авирын хувьд дөлгөөхөн, ширүүн зангүй, ерөнхийдөө хүмүүстэй найрсаг ханддаг, шулуухан зантай. “Улаанбаатар” өртөөнд холбогч хийдэг. Төмөр замын дээд сургуулийг 2019 онд төгссөн, мэргэжлээрээ ажиллаж байгаа. Хувьдаа машинтай. Өөр зүйл сайн мэдэхгүй. Д нь охин дүүгийнхээ хамт амьдардаг, цэргийн алба хааж байгаагүй” /хх-ийн 61/ гэсэн мэдүүлгүүд тус тус авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б.Дг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хөнгөн ангилалд хамаарахаас гадна, гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэртэй гэмт хэрэгт тооцогдоно.

Гэвч шүүхээс шүүгдэгч Б.Дд ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгэм дэх аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэх байдлууд нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлүүд мөн боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа явдал нь “санаатай үйлдэл” гэж үзэх үндэслэлийг бий болгоно. Үүнээс гадна хохирогчийн биед учирсан байгаа гэмтлүүдэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн бодитой дүгнэлт хийх, цаашид гарах үр дагавар, хор уршигийг тооцох нь чухал юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ц.Д “... хагалгаанд орсон зардалд 2.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 3.337.000 төгрөг, нийт 5.337.000 төгрөг авсан. Жолоочид санал хүсэлт гомдолгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэжээ. /хх-н 147/

Түүнчлэн шүүгдэгчийн зүгээс иргэн Я.Лид эмчилгээний зардал гэж 350.000 төгрөг төлсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

хэргийн хамт ирүүлсэн Б.Дгийн, № 1235506 дугаартай “Жолоочийн үнэмлэх”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Бийн ДгАвто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Дд оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Б.Д цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хохирогч Ц.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

Б.Дгийн, № ..... дугаартай “Жолоочийн үнэмлэх”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Дг “цагдан хорьсонг” хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ