Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 910

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Батбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн ..... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-нд .. төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл 4; нөхөр, .. насны хоёр хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байр ... тоотод оршин суух,

ял шийтгэл: ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Хорих 407 дугаар ангид уг ялыг эдэлж байгаад, одоо 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хоригдсон,

.... дугаарын регистртэй, Х овогт Э-ий Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Н 2019 оны .. дугаар сарын ...-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “KFC” түргэн хоолны газрын орчим Япон улс руу зорчих тийз гаргаж өгнө, Абилет борлуулалтын газарт ажилладаг гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Игаас 2.957.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

И гэж хүнийг залиласан үйлдэл дээр надад маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохирлыг нь буцааж төлсөн. Харин би Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн хохирлын тооцоон дээр одоо хүртэл маргаантай байдаг. Гэхдээ энэ хэрэг бол тусдаа асуудал. Хамгийн гол нь би шүүхээс бага ял шийтгэл аваад, шоронгоос суллагдаж гэр орон руугаа, хүүхдүүд рүүгээ хурдан очмоор байна. Ирэх жил охин маань сургуульд, 1 дүгээр ангид орно. Тэр үед нь би охинтойгоо хамт баймаар байна. Би шоронд байх хугацаандаа эрх чөлөө гэдэг зүйл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдэрлээ. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Цэндийн И “... 2019 оны 6 дугаар сард эхнэр О.Т бид хоёр хамтдаа Япон улс руу явах санаатай, интернет фэйсбүүк-ийн хямдралтай тийз борлуулна гэсэн хаягаар орж Н гэх хүнтэй холбогдсон. Япон улс руу явуулах нэг тийзийг 1.450.000 гаруй төгрөгөөр, 2 тийзийг 2.957.800 төгрөгөөр захиалахаар тохиролцсон. Н нь яаралтай мөнгө явуул гэсэн бөгөөд өөрийгөө билет борлуулалтын газар ажилладаг гэж хэлж байсан. Би мөнгөө биеэрээ аваачиж өгнө гэсэн чинь одоо яаралтай хийхгүй бол болохгүй, баталгаажуулах хэрэгтэй, маргааш гэж хойшлуулбал суудалгүй болно гэж хэлэхээр нь би өөрийн ... дугаарын данснаас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Э.Нгийн өгсөн ... дугаарын данс руу Баянгол дүүргийн 19 дүгээр хороны “KFC” хоолны газрын урд талын зогсоол дээр зогсож байгаад шилжүүлсэн. Н руу холбогдоод билетээ авъя гэхэд амралтаа авсан байна, энд тэнд ажилтай явж байна гэж элдэв шалтаг хэлээд уулзахгүй байсан бөгөөд бүртгэлд бүртгэгдсэн байгаа гэж хэлээд байсан. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өглөө эхнэр бид хоёр “Чингис хаан” нисэх буудал дээр очиж билетээ шалгуулахад бидний нэр дээр ямар нэг суудал, тийз байгаагүй. Сайн лавлуулахад анхнаасаа ч огт суудал тавигдаагүй байсан. Нгийн бид нарт учруулсан хохирол мөнгийг түүний нөхөр Одбаяр И миний данс руу шилжүүлсэн тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 17-18, 55/ гэж,

гэрч Очирдоржийн Т “... тийзийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Н зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Н нь нөхөр Ин Gmail хаягаар тийз явуулсан. Ингээд ирсэн тийзийг нь ашиглан 2019 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 05:00 цагт Буян-Ухаа нисэх онгоцны буудал дээр ирээд Нгоос авсан тийзийг үзүүлэхэд бүртгэлгүй тийз байна гэж хэлсэн. Ингээд шүүж шалгуулсан тэгтэл мэйл хаягаар ирүүлсэн тийзэнд онгоцны суудал тавигдаагүй байсан. Нтой эргэж холбогдоход тийм үү суудал бичигдээгүй байна уу гээд гайхаад байсан. Маргаашийн дотор суудал тавиулахаар оруулаад өгье гэж хэлсэн. Ингээд 10 цагийн орчим Н зааж өгсөн газар буюу хуучин Солонгос элчин сайдын яамын дэргэд модон байшинд Агэдэг газар хүрээд ир гэж хэлсэн. Тухайн газар нь очиход Н өөрөө байхгүй, тийм нэртэй байгууллага байхгүй байсан. Орой болтол хүлээлгэсэн. Гэтэл 16 цагаас хойш нөхөр бид хоёрын утасны дугаарыг блоклоод дахиж холбогдохоо больсон” /хх-н 1920/ гэж,

гэрч Намсрайжавын О “... АХХК-нд Э.Н нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр билет бичигч оператороор ажилд орж 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халагдсан. АХХК нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, “Мөнхдаатгал” гэх байрны 2 давхарт үйл ажиллагаа явуулж байсан, 2018 оны 7 дугаар сараас үйл ажиллагаа явуулалгүй зогссон. Э.Н нь ирж очсон тийзний дугаарыг гараар шивж оруулаад хүмүүст захиалсан гэдгээр итгүүлээд мөнгийг нь өөртөө авдаг. Тухайн тийзийг авсан хүмүүс онгоцны буудал дээр очихоор системд захиалгаар ороогүй учраас суудал бичигдээгүй байдаг. Тэгээд хүмүүс мөнгөө авъя гэхээр МИАТ ХХК руу мөнгийг чинь шилжүүлсэн, тийз буцаахаар 7-14 хоногийн дараа гарна гэж залилан хийдэг” /хх-н 23-24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Нг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Н нь “Air network” ХХК-д онгоцны тийз борлуулагч захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 65.395.568 төгрөгийг завшиж, тус компанид их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэвээр үлдээсэн байна.

 

Шүүгдэгч Э.Нгийн үйлдсэн Ц.И хохирогчтой “залилах” гэмт хэрэг нь дээрх “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдэгдсэнээс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шүүгдэгч Э.Нд холбогдох “хөрөнгө завших” гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ “залилах” гэмт хэргийн талаар мэдээгүй байсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийг нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэх нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага /мөрдөгч, прокурорын зүгээс/ мөрдөн шалгах ажиллагааг цаг хугацаанд нь шуурхай, бүрэн гүйцэт явуулаагүйн улмаас шүүгдэгч Э.Н өөр гэмт хэрэгт ял шийтгүүлж, энэ үйлдэл нь /залилах гэмт хэрэг нь/ орхигдсон байна.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг сонгож хэрэглэх боломжтой.

 

Харин шүүхээс шүүгдэгч Э.Нд энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан эсэх, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа эсэх, шүүгдэгчийн хувийн байдал /ар гэрийн байдал/ зэргийг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч Э.Н зөвхөн ганц үйлдлээр хохирогч Ц.Иг залилж, түүнд 2.957.800 төгрөгийн хохирол учруулсан байх ба учруулсан хохирлоо төлж барагдуулжээ.

 

Хэрвээ шүүгдэгч Э.Н урьд өмнө нь “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдээгүй байсан бол түүний үйлдсэн Ц.И хохирогчтой “залилах” гэмт хэрэгт нь ... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ... хохирлын хэр хэмжээ, ... хохирлыг төлж барагдуулсан, ... нийгмийн аюулын шинж чанар, ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ... бага насны хүүхдүүдтэй гэх мэт үндэслэлүүдийг дурдаж, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцаас хамгийн бага хэмжээгээр торгох, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор байжээ гэсэн санаа юм.

Хуулийн дээрх гаргалгаа нь шүүгдэгч Э.Нгийн хувьд хаалттай. Учир нь, тэрээр өмнө нь ял шийтгүүлсэн нь анх удаа гэж үзэх үндэслэлийг, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлийг тус тус үгүйсгэнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ “6 сарын хорих ял” нь хугацааны хувьд шүүгдэгч Э.Нгийн үйлдэж хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “залилах” гэмт хэрэгт нь харьцангуй хүндэдсэн буюу зохимжгүй ял гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Э.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцнэ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ц.И “... хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг бичгээр гаргажээ. /хх-н 55/

 

Шүүгдэгч Э.Нгийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41, 72/, Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 42/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 48/, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 49/, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарын тодорхойлолт /хх-н 116, 117/, 2010 оны 5 дугаар сарын 16-нд төрсөн /хүү/ Одбаярын Ананд, 2015 оны 3 дугаар сарын 24-нд төрсөн /охин/ Одбаярын Анхил нарын Төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 118, 119/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 66-70/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 364 дугаартай магадлал /хх-н 120-123/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Нг хорих ялаар шийтгэсэнтэй холбогдуулж түүний төрсөн хүүхдүүд болох Одбаярын Ананд, Одбаярын Анхил нарыг тэдгээрийн төрсөн эцэг От асран хамгаалуулахаар үүрэг хүлээлгэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Хошууч бэйс овогт Эрдэний Нг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Нг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан 60 /жар/ хоног буюу 2 /хоёр/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Э.Нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 16 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа 2 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Э.Нд оногдуулсан 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Э.Нг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлэн цагдан хорьсон болохыг дурдаж,

түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7. Э.Н бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.И гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

8. Э.Нгийн төрсөн хүүхдүүд болох бага насны Оын А, Оын А нарыг тэдгээрийн төрсөн эцэг От асран хамгаалуулахаар даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Нг “цагдан хорьсон”-г хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ