Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

И.Б, Ш.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, Ж.Энхтуяа

            Шүүгдэгч  И.Б, Ш.Г

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр И.Б, Ш.Г нарт холбогдох эрүүгийн 201712000109 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1974 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын соёлын төвд галч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ... тоотод оршин суух  Ш.Г нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд хэсгийн төлөөлөгч Б.А-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1990 онд  төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дундговь аймгийн Цагдаагийн газрын Дэрэн сумын ....  ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ...  тоотод оршин суух, цагдаагийн хэсгийн байранд  түр оршин сууж байгаа  гэх И.Батжаргал нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нотлогдоогүй үндэслэлээр И.Б, Ш.Г  нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т зааснаар Прокурорын 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 201712000109 тоот тогтоолыг /хх-94, 103, 107-108/ тус тус хүчингүй болгож, И.Б, Ш.Г нарт холбогдох 201712000109 тоот хэргийг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж,

Шүүгдэгч И.Б, Ш.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, И.Б нь Ш.Г 2 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн гэсэн болохыг тус тус дурьдаж,

Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц И.Б, Ш.Г нарт холбогдох 201712000109 тоот хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Хаш-Эрдэнэ эсэргүүцэлдээ:  Анхан шатны шүүхийн дээрх тогтоол нь үндэслэлгүй гарсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Нэг. Ш.Ганбатын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

1.1 Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч И.Б-ын өмгөөлөгчөөс тухайн хэрэгт прокурор харьяалал тогтоогоогүй байж шууд харьяаллаар шилжүүлэх тогтоол үйлдэж, Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн нь процесс зөрчиж байгаа тул 2017 оны 07 дугаар сарын 01-ээс хойш хийгдсэн бүх ажиллагааг нотлох баримтаар тооцохгүй байх санал гаргасан байна.

Гэтэл шүүх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авсан талаараа тогтоолд тусгасан боловч хэрэгт авагдсан бүх баримтыг биш харин 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хийгдсэн ажиллагааг нотлох баримтаар тооцох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд яагаад зөрүүтэй шийдвэрлэсэн талаараа тогтоолд дурдаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон шүүхийн дээрх шийдвэр нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно.” гэж заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/67 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяалал тогтоох тухай” тушаалаар цагдаагийн байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг Авлигатай тэмцэх газар шалгахаар заасан тул тус прокурорын газраас харьяалал тогтоох тухай тогтоол гарах боломжгүй юм.  Иймд шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэгт цугларсан баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай шийдвэр гаргасан нь шүүхийн тогтоол бүхэлдээ хууль бус болж байна.

1.2   2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримтуудаар тухайлбал хохирогч Ш.Г-ын “...эрүүний баруун талд их бие хэсгийн хугарал гэмтлийг И.Б  1 удаа өшиглөж, цохьсон үйлдлийн улмаас учирсан.”, гэрч Б.Ариунболдын “...И.Б гутлынхаа үдээс бүхий дээд талын хэсгээр нэг л удаа өшиглөсөн. Тэгж өшиглөхдөө Г-ын нүүрэн тус газарт л өшиглөсөн. Тэгэхэд Б.Г-ын гарнаас нь татаж салгаж байгаад л өшиглөчихсөн юм.” гэж тодорхой мэдүүлсээр байхад зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийж, мэдүүлэг зөрүүтэй гэдэг үндэслэлээр хэрэг гарсан байдал нотлогдохгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба улмаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

1.3 Шүүх Ш.Г-ын биед учирсан гэмтлийн талаар “Хэргээс үзэхэд Ш.Г-ыг цагдаагийн хэсэг дээр авчирч, улмаар Ш.Г-ын бие махбодид гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.” гэж хэрэг гарсан газрыг тодорхойлж, дүгнэжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар хэсгийн төлөөлөгч Б.А нь Ш.Г-ын биед халдаагүй мөн хэсгийн цагдаа Л.М-ын үйлдлийн улмаас эрүүний гэмтэл учраагүй, гэртээ очиход зүгээр байсан талаар гэрч П.Алтансарнай, Н.Энх-Оюун, насанд хүрээгүй гэрч Г.Санчирмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад хэнийх нь үйлдлийн улмаас учирсан болох нь нотлогдохгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

1.4 Шүүх “Ш.Г-ын дээд үүдэн шүд унасан гэмтэлд Л.М буруутай гэж хохирогч мэдүүлсэн боловч уг гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох эсэх асуудал дээр шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна.” гээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №936 дугаартай дүгнэлтийг захирамжийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй талаар дурьджээ. Гэтэл захирамжийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул дээрх үндэслэл нь хууль бус байна.

Түүнчлэн Ш.Г-ын дээд үүдэн шүд унасан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулаас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр авсан “...дээд үүдэн шүд унасан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин авсан мэдүүлэгт “...урьд мэдүүлэгт өгсөн дээд шүд унасан гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4 болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 52-т зааснаар 5 хувь гэж тогтоосон байдаг.” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Гэтэл шүүх дээрх мэдүүлгийг үнэлсэн эсэх нь тодорхойгүй, цагаатгах тогтоолд огт дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг хангаагүй байх ба энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1.5 Цагаатгах тогтоолд “хэргийн зүйлчлэл тохирсон эсэх талаар тусгаж, ингэхдээ “Шүүн таслах ажиллагааны эсрэг” болон “Албан тушаалын гэмт хэрэг” үйлдсэн эсэхэд дүгнэлт хийхэд баримт хангалтгүй цугларсан байна.” гэжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Б.А, И.Б нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Дэрэн сумын хэсгийн төлөөлөгч И.Б нь Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны ямар нэгэн шийдвэргүйгээр Говь-Угтаал сум руу явсан болох нь тодорхой байхад дээрх үйлдлийг “Шүүн таслах ажиллагааны эсрэг” болон “Албан тушаалын гэмт хэрэг”-ээр шалгах шаардлагагүй юм.

Хоёр. Ш.Г нь цагдаагийн албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн талаар:

2.1 Шүүхээс Ш.Г нь хэсгийн төлөөлөгч Б.А-ыг эсэргүүцсэн үйлдлийн талаар “Б.А-ын цамц урагдсан, өмдний тэлээ тасарсан” гэж мэдүүлж байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймээс цагдаагийн албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.” гэсэн байна. Энэ талаар Б.А нь тухайн үед цамц, тэлээг засаж, хэвийн болгосон тухайгаа хэлдэг ба засварласны дараах байдлыг баримтжуулах нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Мөн мөрдөн байцаалтын шатанд Б.А-ын хохирогчоор өгсөн “...Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн Цагдаагийн газарт хүргэж ирэх үед миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн над руу довтолж, газарт унагаж эсэргүүцсэн.”, И.Б-ын яллагдагчаар өгсөн “...Ш.Г нь гараа татаж авмагц Б.А-ыг хойш нь түрээд энгэрээс нь заамдаж боогоод ширээн дээр нь дарсан юм. Энэ байдлаар 2-3 удаа эсэргүүцэж, Б.А-ыг хөлийг нь хамж газарт унагах байдалтайгаар эсэргүүцэж, нилээн юм болсон.” гэсэн мэдүүлэг, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь хангалттай тогтоогдож байхад зөвхөн хувцсанд учирсан хохирол, гэмтлийг баримтжуулаагүй гэдэг үндэслэлээр уг хэрэг нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.2 Шүүхээс мөн “Ш.Г нь Л.М-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.” гээд үүнийгээ Л.М-ын үйлдлийн улмаас Ш.Г-д гэмтэл учирсан эсэхийг нотлоогүй гэж тайлбарлажээ.

Дээр дурдсан шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлэг зэрэг баримтуудаар Л.М-ын үйлдлийн улмаас Ш.Г-ын дээд үүдэн шүд унаж, хөнгөн хохирол учирсан болох нь нэгэнт тогтоогдсон байна.

Гэвч хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдлийг нотлохын тулд Ш.Г-ын биед заавал гэмтэл учирсан байхыг шаардахгүй бөгөөд харин хохирогч Л.М нь Ш.Г-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд хууль ёсны шаардлага тавьж, түүнийг Ш.Г эсэргүүцэж, биед нь гэмтэл учруулсан болох нь хохирогч Л.М, гэрч Д.Б, Г.Б, Д.Г нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн шүүхээс Л.М, Ш.Г нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 40, 41 дүгээр зүйлийг шалгах ёстой байсан гэх боловч прокуророос хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж дээрх шинжүүд байхгүй гэж үзэн шүүхэд шилжүүлсэн ба энэ нь уг асуудлыг шалгаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

             Цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

              Прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад:        И.Б нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  иргэн Ш.Г-ын нүүрэн тус газар нь өшиглөж,  эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр,

               Ш.Ганбат нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хэсгийн төлөөлөгч Б.А-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хэсгийн цагдаа Л.М-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдан хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн /2002 оны/ 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсгээр яллах дүгнэлттэй шүүхэд иржээ.

              Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн цагаатгах тогтоол гарган шийдвэрлэсэн бөгөөд цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг 2017 оны 7 дугаар сарын 01-нээс хойш Дундговь аймгийн Цагдаагийн газрын        мөрдөн байцаагч харъяалал зөрчиж явуулсан байх тул дээрх  ажиллагаа, мөн хугацаанд цуглуулсан баримт сэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзсэн байна.

              Аймгийн Цагдаагийн газар гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,  2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулж байгаад хэргийг харъяаллын дагуу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Прокурорын 02 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн /хх-15/ бөгөөд Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар С.Батнасан бичмэл нотлох баримтыг хуулбарлан авах, Л.М-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож,  мэдүүлэг авах /хх-32-34/, Б.А-ыг  хохирогчоор тогтоож мэдүүлэг авах /хх-35-39 хуу/, гэрч Б.Ариунболд /хх-43 хуу/,  П.Алтансарнай /хх-46-47 хуу/, Г.Санчирмаа, Н.Энх-Оюун, Н.Дэлгэрсайхан, М.Батболд /хх-43-55 хуу/,  Г.Батчулуун, Д.Ганбаатар /хх-59-62 хуу/,  Л.Эрдэнэчимэг /хх-67/, шинжээч Б.Ариунзул нараас тус тус мэдүүлэг авах /хх-85-86 хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт гаргах /хх-93/, яллагдагчаас мэдүүлэг авах /хх-95-100/,/102-110/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах, яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох /хх-112-138/,/146-172/, банк, түүний харилцагч нарын талаар мэдээлэл авах /хх-132-212 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах /2 дахь хх-51-55/ ажиллагаануудыг хийжээ.

        Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлээгүй байна.  Өөрөөр хэлбэл  Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж авсан нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлсэн талаар цагаатгах тогтоолд тусгаагүй атлаа  2017 оны 7 дугаар сарын 01-ээс хойш  аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс явуулсан ажиллагааг хууль зөрчиж явуулсан ажиллагаа гэж дүгнэн  шүүгдэгч нарыг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн  1.2  дахь заалтыг зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

         Цагаатгах тогтоолд “...мөрдөгч хэргийг харъяаллын дагуу прокурорт даруй хүргүүлэх, прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл 24 цагийн дотор харъяаллын дагуу шилжүүлэх  шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.11 дүгээр зүйлийн 1-3  дахь  заалтыг зөрчсөн гэжээ. Дундговь аймгийн Прокурорын газраас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг харъяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх тогтоол гаргаж,  9 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.

             Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа учир Эрүүгийн хууль болон бусад хууль  хэрэглээний  асуудлаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  И.Б, Ш.Г нарт холбогдох 201712000109 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. И.Б, Ш.Г нарт анхан шатны шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй  болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Т.БЯМБАЖАВ

     ШҮҮГЧИД                          Г.ТЭГШСУУРЬ

                                             Х.ГЭРЭЛМАА