Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0444

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Ш” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ш” ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Гүн заг” нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-017772 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дүгээр,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 128/2021/0732/З

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 269 дугаартай шийдвэрийг харицагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:"... Ш” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газраас хаягийн өөрчлөлтийг 269 дүгээр шийдвэр гарах үед мэдээгүй, “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д болон солигдсон, Ковид-19 нөхцөл байдлын улмаас компанийн хувьцаа эзэмшигчид Монгол улсад байгаагүй зэрэг шалтгааныг хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх эсэх нь түүний бүрэн эрх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ...” гэжээ. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Учир нь тус захиргааны хэргийг нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэх эрх, үүрэг хуулиар шүүхэд байдаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ш” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХХ/-017772 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Дээрх хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3145 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч хаяг өөрчлөгдсөнийгөө мэдээгүй, мэдээгүй учраас бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгээр төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу “Ш” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай мэдэгдлийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8/3488 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн. Тодруулбал, “Ш” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 269 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д болон солигдсон нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаатай давхцаж тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадаагүй гэдэг бол үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан биш, учир нь төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж хуульчилсан болно.

Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн XV-017772 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх шалтгаанаар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байхад хэргийн нөхцөл байдал шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, цаашид тодруулах шаардлагатай гэж, маргаан бүхий актыг дахин шинэ актыг гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй байна.

4. Энэ талаарх хариуцагчийн “... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд “хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүйгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлах боломж олгоогүй, хувьцаа эзэмшигч нар Бүгд Найрамдах Хятад Ард улсад цар тахал гарсны улмаас ирэх, мөнгө шилжүүлэх боломжгүй болсон, Д.Д 2020 оны 3 дугаар сард хувьцаа эзэмшигч болсон боловч хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулах, хайгуулын ажлын зардлын тооцоо гаргах зэрэг ажлыг биелүүлж, төлбөрийг өөрөөсөө гаргах боломжгүй байсан” гэж маргажээ.

6. Хариуцагч давж заалдах гомдолдоо “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг албан ёсны хаягаар хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хаягаа өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй” гэжээ.

7.Кадастрын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3145 дугаар албан бичгээр “...төлбөрөө төлөөгүйгээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн ...” гэж дурдан, нэхэмжлэгч компанийн ... хаягт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хаягийн өөрчлөлтийг хариуцагчид мэдэгдээгүй, мэдэх боломжгүй талаар дүгнэсэн атлаа ямар асуудлыг дахин тодруулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй байна.

8. Мөн гомдолд “... Д.Д гүйцэтгэх захирлаар 06 дугаар сарын 10-ны өдөр солигдсон нь төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байх шалтгаан биш, урьдчилан төлөх талаар хуульчилсан ...” гэжээ.

9. Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчээр 2020 оны 03 дугаар сард, гүйцэтгэх захирлаар 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн Д.Д нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө төлбөрөө төлөх боломжтой байсан нь тогтоогдож байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

10. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг заавал хувьцаа эзэмшигч тус бүр төлөх үүрэггүй тул хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэдийн цар тахлын хөл хорионд орсныг тус компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, энэ талаар дахин тодруулах шаардлагагүй юм. 

11. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 269 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөрчөөгүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн маргаан бүхий актын өөрт хамааралгүй хэсгээр нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг “2”, “3” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ