| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00778/И |
| Дугаар | 130/ШШ2017/00117 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2017/00117
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, Ж овогт Т н Хы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Х , хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Хүү А ийг Х.М д хууль ёсоор үрчлүүлсэн байдлыг тогтоолгох, эсхүл түүний асрамжид байсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.Х шүүхэд гаргасан хүсэлтэд: Монгол улсын иргэн Х.М , Т.Х нар бид сайн дурын үндсэн дээр М.Н , К.А нарын хүсэлтийг харгалзан тэдний дундаас 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А ийг Өлгий сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 58 дугаар захирамжаар Т.Х д үрчлүүлсэн байна.
Хүү А ийг үрчилж авсан цагаас миний нөхөр Х.М , Т.Х бидний асрамжид байж одоо эрүүл саруул өсөн торниж байна. Тухайн үед хүү А ийг бидэнд үрчлүүлэх үед миний нөхөр болох Х.М гийн нэр захирамжид бичигдээгүй орхигдсоныг би тухайн үед анзаараагүй өнгөрсөн байна.
Гэтэл миний нөхөр хүү А ийн эцэг Х.М нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нас барсан юм. Манай нөхөр Х.М нас барах хүртэл манайх ам бүл 3, нөхөр, би, хүү А нар байсан юм. Манайх 2004 оноос хойш жил бүр хүн ам, мал тооллогын үер манайх дээрх 3 хүнээр тоологдож байсан юм.
Иймд хүү А нь Х.М д үрчлэгдсэн буюу түүний асрамжид байсан болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Т.Х шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Энэ хүүхдийг бага байхаас нь эхэлж үрчилж авсан. Өвөөдөө хайртаа, түүний өвөрт унтдаг хүүхэд байсан. Өвөөгийн нэр дээр явж байгаа байх гэж бодоод явж байтал өнгөрсөн жил нөхөр маань нас барсан үед бүртгэлгүй болохыг мэдсэн. Тийм учраас үрчлэгдсэн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Х ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Х аас хүү А нь Х.М д хууль ёсоор үрчлүүлсэн байдлыг тогтоолгох, эсхүл түүний асрамжид байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай захирамжаар Н ийн А ийг Т.Х д үрчлүүлсэн, Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231/004828 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаанд Н ийн А ийг Т гийн Х д үрчлүүлж, үрчлэлтийн 0060 дугаарт бүртгэж Ж овгийн Х ы А болгон бүртгэсэн талаар бичигдсэн, мөн Х.А ийн Г-60/782 дугаартай төрсний гэрчилгээнд овог Б, Эцэг (эх)-ийн нэр Х , нэр А гэж бичигдсэн ба эцгийн регистрийн дугаар, овог, эцэг эхийн нэр, нэр гэдэг хэсэг бичигдээгүй ба эхийн регистрийн дугаар, овог, эцгийн нэр бичигдэж, эхээрээ овоглосон байна.
Дээрх байдлуудаас үзэхэд А ийг анхнаасаа Т.Х д үрчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд А ийг Х.М д хууль ёсоор үрчлүүлсэн байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Хүсэлт гаргагчаас Х.М , Т.Х , Х.А нар нь нэг гэр бүлд хамт амьдарч байсан талаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт, Бугат сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн боловч энэхүү баримтууд нь хүү А Х.М д үрчлэгдсэн болохыг нотлохгүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хүүхэд үрчлүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх бөгөөд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай захирамжаар Н ийн А ийг Т.Х д үрчлүүлсэн ба энэхүү захирамж хүчин төгөлдөр байгаа тул Т.Х ы хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Т.Х аас хүү А нь Х.М гийн асрамжид байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Т.Х ы хүү А нь Х.М д хууль ёсоор үрчлүүлсэн байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Т.Х ы хүү А нь Х.М д хууль ёсоор үрчлүүлсэн байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Х ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК