Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д Бөд холбогдох 2117000000009 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Д Б /РД:ЕЙ/, Д аймгийн С суманд 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 5 дугаар баг,  газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бага боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Агропаркийн 1-105 тоотод байх гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Ж.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж рүү гараараа цохих, толгой руу нь 4-5 удаа гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Агро паркийн 1-105 тоотод Ж.Бтэй маргалдаж улмаар түүний цээж рүү гараараа цохих, толгой руу нь 4-5 удаа гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, өвчүүнд, баруун гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2012 онд Бтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2020 оны 03 дугаар сард гэрлэлтээ цуцлуулж бид хоёр тусдаа амьдарч байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би найзынхаа гэрт 2 пиво уусан. Хэрэг гарсан өдрийн үйл явдлыг санаж байна. Тухайн үед Бтэй нас барсан хүүхдээсээ болоод маргалдсан. Би Бийг гараа зангидаж байгаад нүүр лүү нь цохиод бас алгадсан. Бийг зодсон нь миний буруу. Цаашдаа бид хоёр тусдаа амьдарч байгаа болохоор дахиж ийм асуудал гаргахгүй. Би эмчилгээний зардалд 190 000 төгрөг өгсөн. Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2. Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Маргааш өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд миний өвөрт ороод ирэхээр нь чи ямар аймар үнэртэй юм бэ, цаашаа хэвт, би босож галаа түллээ гэхэд намайг босгохгүй дарж хэвтээд байсан. Түүний ээж нь над руу Фэйсбүүкийн чатаар залгахаар нь ээж чинь залгаад байна ярих юм уу гэхэд үгүй гэхээр нь чиний архи уусныг мэдсэн байх дараа нь надаас олон юм асууна гэхэд чи ээжид минь миний мууг үзүүлэх гэлээ гэж хэлээд үсэрч босож ирээд намайг гэрийнхээ баруун орон дээр урагш хараад хэвтэж байхад миний дээр сандаалж суугаад 2 гараараа ээлжлээд толгой, нүүрний хэсэг рүү 4-5 удаа цохиод босоод ус уухад нь би босоод суухад намайг хэвт чи босож цагдаадаа өгөх нь үү гээд орноос босгохгүй буцааж цээжин бие рүү гараараа цохиж хэвтүүлсэн. Би бэр эгч Э рүү манайд хүрээд ир гэж мессеж бичээд Э эгч ирж байж эмнэлэг рүү явах боломжтой болсон. Б цохихдоо гараа зангидаж байгаад цохисон. Түүнд цохиулаад миний зүүн хөмсөгний дээд хэсэг, үсэн дотор язарч цус гараад тогтохгүй болохоор нь би эмнэлэг рүү өөрөө очиж оёдол тавиулаад, шууд цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Намайг зодож байхдаа чи миний мууг дандаа үздэг, цагдаад дандаа өргөдөл өгдөг, чи намайг Говьсүмбэрт гишгэх газаргүй болгож байна, чамайг алчихсан байхад хэн ч чамайг надаас нэхэхгүй, чи бид хоёрт алдах зүйл байхгүй гэж хашхираад цохиод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-14 хуудас/

 

1.3. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны орой гэртээ байж байхад Б манайд ганцаараа халамцуу орж ирээд адуунд явж байгаад машин эвдрээд Шивээгийн пост дээр орхиод замын унаагаар ирлээ гэж хэлсэн. Мөн Сэнгүр нэртэй 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пивотой ирснийг нь бид хоёр хувааж уусан...Би түүнийг гэрт нь 23 цагийн үед хүргэж өгөхөд эхнэр Б нь байсан. Намайг тэднийд байхад тэр хоёр хоорондоо маргалдсан муудсан зүйл байхгүй. Би ч тэдний гэрт удаагүй. Эхнэрийнх нь толгойд ил харагдах шарх, цус гоожсон зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

 

1.4. Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад Оргил-Ундраа дэлгүүр орох гээд явж байтал миний гар утсанд Бээс манайд хүрээд ирээ гэсэн мессеж ирэхээр нь би шууд Агропаркийн хашаанд Бийнд ороход нөхөр Бийн хамт байсан бөгөөд Б гэрийн баруун орон дээр толгойгоо урагш харуулаад хэвтэж байсан. Эхнэр Бийн духны зүүн дээд хэсгээс цус гарчихсан цус нь доошоо нүдийг нь дагаад урссан байсан. Юу болсон талаар асуухад Б намайг цохичихлоо гэхээр нь юугаар цохисон юм гэтэл гараараа цохиод ийм болголоо гэхээр нь гараараа цохиход юу гэж ийм болдог юм гээд Бөөс чи юугаар цохисон юм бэ гэхэд гараараа л цохисон. Ийм болно гэж бодоогүй гэж хэлсэн. Бийн ээж нь өглөө нь гар утсаар залгахад Б түүнд ээж чинь яръя гэж байна гээд утсыг өгөхөд Б ярихгүй гэж хэлээд түүнээс болж маргалдаад Бийг цохисон гэж байсан. Тэгээд би түүнийг дагуулаад эмнэлэг орж үзүүлэхэд толгойд нь 2 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/

 

1.5. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр дүгнэлтэнд: Ж.Бийн биед тархи доргилт, духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, өвчүүнд, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, духны няцарсан шарх гэмтлүүд нь нэг үйлчлэлээр үүсгэгдэх ба  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Өвчүүнд, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 23-24 хуудас/

 

1.6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 2-6, 7-9, 49 хуудас/

 

1.7. Хохиролтой холбоотой баримтууд, Ж.Бийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /х.х-ийн 57, 59-64 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-14 хуудас/

 

2.2. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, байгаагаараа байдаг хүн. Хүн чанар сайтай хүн гэж хэлж болно” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

2.3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь даруу төлөв зантай, тохитой томоотой хүн шиг санагддаг. Хүнтэй эвтэй  найртай харьцдаг, хөдөө мал маллаж амьдардаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

2.4. Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбарууд /х.х-ийн 40, 42-44, 53-55 хуудас/

 

2.5. Д.Бийн гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 49 хуудас/

 

2.6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 73, 74 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Бийн бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокуророос шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА