Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2017/00119

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, БМ******* регистрийн дугаартай, Ш овогт Р ын Дгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гэрч Ж.Т, Х.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц ын Д баазад 1982 оны 6 дугаар сарын 15-наас 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Р.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц Д баазад 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр нийгэм халамжийн улсын хорооны томилолтоор очиж ажилласан юм. Тус баазын ноосны тасагт ноос ялгагчаар тасралтгүй ажиллаж байгаад 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Цаашид тэтгэвэрт гарахад нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл Ц ын Д баазад ноос ялгагчаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Ш овогт Р ын Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд итгэмжлэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Р.Д нь 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн халамжийн улсын хорооны томилолтоор тухайн үеийн Худалдааны яамны харьяа Ц ын Д баазад анх илгээлтээр томилогдон очиж ажилласан. Тус баазын ноосны тасагт ноос ялгагчаар ажиллаж байгаад 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гарсан. Улмаар олон хүүхэд төрүүлж өсгөснөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул Нийгмийн даатгалын байгууллагаас Ц ын Д баазад ажилласан байдлаа тогтоолгохоор зөвлөсөн. Тухайн үед Р.Д тай хамт байсан С, Б, А, Т, Л нар гэрчилж байгаа. Мөн архивын лавлагаа, бусад нотлох баримтуудыг үндэслэн Р.Д 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ц ын Д баазад ноос ялгагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Д нь Баян-Өлгий аймгийн Ц ын Д баазад 1982 оны 6 дугаар сарын 15-наас 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Хүсэлт гаргагч Р.Д нь Баян-Өлгий аймгийн Ц ын Д баазад 1982 оны 6 дугаар сарын 15-наас 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

-1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн илгээлтэд: Р овогтой Д нь МХЗЭ-ийн гишүүний алдар нэрийг хэзээ ямагт өндөрт өргөж, сайхан эх орныхоо социалист хөдөө аж ахуй түүний үндсэн салбар мал аж ахуйг хөгжүүлэх ариун үйлст биечлэн оролцож, мал маллах сайхан үйлсийг ахмад үе, аав, ээж ах эгч нараасаа сурах ариун хөдөлмөрт бадрангуй эх оронч чин эрмэлзлэлээ илэрхийлэн явж байгаа тул МХЗЭ-ийн хүндэт илгээлт олгосон ба 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр БНМАУ-ын Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хорооноос олгосон томилолтод: Баян-Өлгий аймгийн Цагааннуур найман жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн Р овогтой Д г Ц Д баазын үйлдвэрт хуваарилан шилжүүлэв. Комиссын дарга О.Х , Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга С.С гэж бичсэн байдал,

-2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 81 дугаартай архивын лавлагаанд: Ц ын Д баазын даргын 1983-1985 онуудын баримтаас иргэн Р.Д д холбогдох тушаалуудыг хуулбарлан хүргүүлэв гэсэн ба 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн БНМАУ Гадаад Худалдааны Яамны Харьяа Цагааннуур дахь СХ-ийн V таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын 47 дугаартай шагнах тухай тушаалын хавсралтын 24-рт Р.Д г 40 төгрөгөөр шагнасан байдал,

-Гадаад худалдааны яамны Ц ын Д баазын даргын 1984 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Шагнах тухай 39 дугаартай тушаалаар тус баазын 1984 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөт зорилтууд 100-21,8 хувиар давж биелэгдсэнтэй холбогдуулан зарим ажилчдыг 1,2,3,4,5,6 дугаар хавсралтаар шагнасан ба 5 дугаар хавсралтын 3-рт Р.Д бас шагнагдаж байсан байна.

-1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БНМАУ Гадаад Худалдааны Яамны Харьяа Цагааннуур дахь СХ-ийн V таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын Хөрөнгө гаргах тухай 98 дугаартай тушаалд: Шинэ жилийн баярын өдөр цагаан өвгөний бэлэг дурсгалд зориулан 430 төгрөг гаргасугай гэсэн ба уг тушаалын хавсралтын 38 дугаарт Д гэж бичигдсэн байдал,

-1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БНМАУ Гадаад Худалдааны Яамны Харьяа Цагааннуур дахь СХ-ийн V таван жилийн гавшгайч дамжлага баазын даргын ажлаас чөлөөлөх тухай 16 дугаартай тушаалд: Өөр газарт шилжих болсон тул Баазын Ноос тасгийн ноос ялгагч Рийн Д г 3 дугаар сарын 01-нээс эхлэн ажлаас нь чөлөөлж, Р.Д гийн ээлжийн амралтыг ажлын 18 хоногоор олгож холбогдох тооцоог хийж дуусгахыг санхүүд даалгасан ба уг тушаалын хавсралтын 8-рт Р.Д ноос ялгагч 18 хоног гэсэн байдал,

-1988 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ц ын Д баазын захиргаанаас олгосон талархалд: хүндэт Р.Д та залуу үе сонин сэтгүүлийн 1988 оны 4 дүүгээр сарын 12-ны 2 дугаарт А.Жамелия ахлагчтай залуучуудын гавшгайч бригадын та нарын ажлыг сайшаагдаж бичигдсэн явдалд баяр хүргэж, таны цаашдын ажилд улам өндөр амжилт хүсэн ерөөсөн байдал,

-Хамт ажилласан гэх БМ********* регистрийн дугаартай Х ы С, БМ*********** регистрийн дугаартай Ж ы Төлей нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Цагааннуурын Дамжлаг баазад Р.Д нь сургуулиа төгсөөд 1982 онд ноос ялгагчаар орж, 1988-1989 он хүртэл ажиллаад нөхөрт гараад ажлаас гараад явсан гэв.

-Хамт ажилласан гэх БМ********* регистрийн дугаартай С ийн Б, БМ************ регистрийн дугаартай А ий А, БМ********* регистрийн дугаартай Т н Л нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие А.А 1965 оноос эхлэн 2001 он дуустал Гадаад худалдааны яамны Ц ын Д баазад жолооч,авто механикч боловсон хүчин эрхлэгч, аж ахуйн тасгийн дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2001 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тус тосгоны иргэн байсан Р нь Ц ын Д баазад дизелчин, гагнуурчнаар ажиллаж байсан бөгөөд охин Р.Д нь 1982 оны 7 дугаар сарын 01-нээс 1988 он дуустал Ц ын Д баазын ноосны тасагт ноос ялгагчаар ажиллаж байсан нь үнэн болохыг нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Р.Д тай хамт тус баазын ноосны тасагт ноос ялгагчаар хамт ажилласан үнэн гэх тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Р.Д нь Баян-Өлгий аймгийн Ц ын Д баазад 1982 оны 6 дугаар сарын 15-наас 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БМ*********** регистрийн дугаартай Р ын Д нь Баян-Өлгий аймгийн Ц ын Д баазад 1982 оны 6 дугаар сарын 15-наас 1989 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ