Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 845

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Ж.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001323 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б-,  .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талд байрлах “Гурван нуур” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Х.Б-тэй маргалдан, улмаар гараараа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б- шүүх хуралдаанд: “...Би хохирогчийг 1 цохисон. Түүнийг газар саваагүй. Хохирогчийн охин надаас 30.000 төгрөг зээлсэн байсан. Зээлсэн мөнгөө авах гээд дэлгүүр рүү 3 удаа орж асуухад өгөхгүй байсан. Хохирогч намайг хэл амаар доромжлоод байсан. Энэ бүхэн би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 100.000 төгрөг өгсөн. Мөн цахилгааны ажилд нь туслахаар ярьж тохиролцсон байгаа” гэв.

Хохирогч Х.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “..би 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талд байрлах хүнсний мухлагаа ажиллуулаад байж байхад Б- гэгч зүс таних эрэгтэй хүн орж ирээд надаас мөнгө нэхээд байсан юм. Тэгэхээр нь би хүүхдүүд байхгүй байна, хүүхдүүд ирэхээр нь тэр мөнгө төгрөгөө ав гээд мухлагаасаа гаргасан боловч Б- гэгч манай мухлагт мөнгө нэхэж 3 удаа орж ирээд сүүлдээ Б- бид хоёр хоорондоо маргалдаад Б- миний толгой руу цохиод хүнсний мухлагаас гараад мухлагийн үүд орчим намайг газарт унагаагаад толгойгоор газарт цохиж гэмтээсэн тул цагдаад хандсан. Хажуугаар явж байсан танихгүй хүмүүс намайг Б-аас салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Шинжээчийн 9606 тоот дүгнэлтэд: “....Х.Б- биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /xx-н 19-20/,

Яллагдагчаар Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татан сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Х.Б- биед үүссэн гэмтлийг би гараараа толгой руу нь цохиж учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-34/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, компьютерт томографийн шинжилгээ /хх-н 21/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35—52, 55-57/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талд байрлах “Гурван нуур” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Х.Б-тэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Б-: “...Б- гэгч манай мухлагт мөнгө нэхэж 3 удаа орж ирээд сүүлдээ Б- бид хоёр хоорондоо маргалдаад Б- миний толгой руу цохиод хүнсний мухлагаас гараад мухлагийн үүд орчим намайг газарт унагаагаад толгойгоор газарт цохиж гэмтээсэн тул цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, шинжээчийн 9606 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б- нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хэрэгт баримтаар тогтоогдсон 100.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх ба хохирогч Х.Б- нь хохирол болон хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Х.Б- нь хохирол болон хор уршгийг талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР