Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 860

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч: Т.Н- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005007431289 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Н-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала зочид буудалд байхдаа иргэн Н.Н-ын Хаан банкны 5029640045 тоот данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж төрийн банкны 108700106335 тоот данснаас шилжүүлсэн мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.000.000 /нэг сая/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н- шүүх хуралдаанд: “...Болсон асуудлыг өмнө нь ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулна” гэв.

Хохирогч Н.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хамт ажилладаг Амбуу гэх дүүтэйгээ Ханын материалд архи ууж байгаад таксинд суугаад БГД-ийн нутаг 10 дугаар хороолол орчим байх жижиг буудлын гадна ирж таксины мөнгөө бэлнээр өгөөд буудал орж Эдэн нэртэй архи хувааж уусан. Тэгээд би өглөө нь сэрээд гар утсаа асаахад шөнө миний данснаас 1.000.000 төгрөг төрийн банкны 108700106335 гэсэн Н- гэх хүний данс руу шилжсэн байсан..” гэсэн мэдүүлэг /xx-н 19-20/,

Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний оройн 19  цагийн үед хамт ажилладаг ажлын ах Н- манайд ирээд бид хоёр 1 шил архи уугаад манай гэрээс бид хоёр орой 21 цагийн үед гараад таксинд суугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах зочид буудалд орсон юм. Уг буудал дотор бид хоёр ороод 1 шил архи ууж дуусчихаад ахиад 1 шил архи авах гээд бид 2 буудлаас гараад дэлгүүр ороод Н- ах интернет банкаар мөнгө шилжүүлээд архи авах шиг болсон. Тэгээд бид 2 буцаад буудалдаа ороод архи уугаад унтаж амарсан... Н- ах миний данснаас 1.000.000 төгрөг алга болсон байна, чи мэдэж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /xx-н 23-24/,

Гэрч Г.Г- мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн үед хамт ажилладаг ажлын найз Б- хүргэн ах Н- нартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын замын урд талд таарсан юм. Тухайн үед уг хоёр архи уучихсан явж байсан. Тэгэхээр нь би мэндэлчихээд шууд яваад өгсөн. ...маргааш өглөө нь би Н-, Б- нарын хоносон зочид буудалд очсон чинь манай хүргэн ах Н- миний данснаас 1.000.000 төгрөг алга болсон байна. ...хэн авсан юм бол гээд мэдэхгүй байж байсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 21-22/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хохирогчийн өргөдөл /хх-н 9/, хохирогч Н.Н-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 27/, шүүгдэгч Т.Н-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44-51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим иргэн Н.Н-ын Хаан банкны 5029640045 тоот данснаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж төрийн банкны 108700106335 тоот данс руу шилжүүлсэн мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Н-ын: “...өглөө нь сэрээд гар утсаа асаахад шөнө миний данснаас 1.000.000 төгрөг төрийн банкны 108700106335 гэсэн Н- гэх хүний данс руу шилжсэн байсан..” гэсэн мэдүүлэг /xx-н 19-20/, гэрч С.Б-ийн: “...Н- ах миний данснаас 1.000.000 төгрөг алга болсон байна, чи мэдэж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /xx-н 23-24/, гэрч Г.Г-: “...би Н-, Б- нарын хоносон зочид буудалд очсон чинь манай хүргэн ах Н- миний данснаас 1.000.000 төгрөг алга болсон байна. ...хэн авсан юм бол гээд мэдэхгүй байж байсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 21-22/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Н- нь хохирогч Н.Н-ын андуурч хийсэн гүйлгээг мэдсээр байж завшсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохирлоо аваагүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгч Т.Н-оос 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-ад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Т.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй, хувийн байдал 3 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Н-ыг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-оос 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-ад олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР