Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/225    

 

БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч А , А ,

шүүгдэгч Я , О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨаймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Я д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, шүүгдэгч О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013*********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдөр БӨаймгийн Ө суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг эх, ах дүү нарын хамт амьдардаг, БӨаймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Я, РД:БЮ********.

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 05-ны өдөр БӨаймгийн Ө суманд төрсөн, 26 настай, эрэгтэй. яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, О , РД:БЮ********.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я  нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр БӨаймгийн Бугат сумын 5 дугаар багт байршилтай, иргэн А ийн өвлийн байшинд эзгүй байх хойгуур нь хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “М” маркийн 42 инчийн зурагтыг хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч О  нь шүүгдэгч Я ий бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хулгайлсан “М” маркийн 42 инчийн зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед БӨаймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай иргэн А ийн “Ийгл” /Еаgle/ барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаанд тавьж, түүнээс 100.000 төгрөгийг авч хулгайн эд зүйлийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Я  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч О  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/,

2. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон чулуу болон цоожинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

3. Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

4. Ийгл /Eagle/ барьцаалан зээлдэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “М” маркийн зурагтыг барьцаалан 200.000 төгрөгийг О д зээлсэн тухай зээлийн гэрээг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

5. Хулгайн эд зүйл болох 42 инчийн “М” маркийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

6. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/,

7. Иргэний нэхэмжлэгч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

8. Гэрч Т ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

9. Яллагдагч Я ы өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

10. Яллагдагч О н өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Я , О  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч Я  нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр БӨ аймгийн Б сумын 5 дугаар багт байршилтай, иргэн А ийн өвлийн байшинд эзгүй байх хойгуур нь хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “М” маркийн 42 инчийн зурагтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан: - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон чулуу болон цоожинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- Хулгайн эд зүйл болох 42 инчийн “М” маркийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие А  нь Бугат сумын 5 дугаар багт эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суудаг бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 13:00 цагт манай эхнэр Е  Бугат сумын сум дундын эмнэлэг рүү цайны цагаар ирж буцаад ажилдаа явсан ба би урд талын хөрш айл Ө ийн гэрийн засварын ажилд нь туслахаар мөн адил гэрээс гарч явсан. Бид хоёр гэрээс гарахдаа байшингаа түгжээд хоёр хүүхдээ би дагуулаад явсан. Тэгээд буцаад 16:30 цагт 1 дүгээр ангид сурдаг хүүхдээ гэртээ авч ирж хувцсыг нь солиулах гээд иртэл гал тогооны өрөөнд байсан М маркийн 42 инчийн зурагт маань хулгайд алдагдсан байхаар нь би манай гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм”,

“...Би алга болгосон байсан М маркийн 42 инчийн зурагт болон зурагтын суурь, үнэлгээний дүгнэлт гаргахад өгсөн 20.000 төгрөгөө бүгдийг нь төлүүлж авсан. Одоо гомдол санал байхгүй. Хэн нэгнээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/

- Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг нэгдсэн эмнэлгийн урд таксины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 4075 БӨТ улсын дугаартай Хонда Сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад үдээс хойш 15 цагийн үед байх хоёр залуу ирж суугаад Бугат сум явдаг МТ шатахуун түгээх станцын хажуугаар орж доошоо жоохон явж байгаад нэг байшингийн хажууд зогсож намайг түр хүлээж байгаарай гэрээс эвдэрсэн зурагт аваад гараад ирье гэж хэлээд машинаас буугаад явсан. Хэсэг хугацааны дараа 46 гэх бичигтэй хар өнгийн хайрцагтай зурагт авч ирж машины хойд талын суудалд тавьж, нэг нь хойд талын суудалд суусан ба нөгөө нь миний хажуу талын суудалд суусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

- Яллагдагч Я ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед найз охинтойгоо маргалдаж сэтгэл санаагаар унаад, архи уумаар санагдсан юм. Гэвч архи авч уумаар байсан ч мөнгө байхгүй байсан тул Бугат суманд аав ээжийн хуучин амьдарч байсан байшингийн хажуу хөрш айлын байшинд очиход цоожтой байхаар нь хашаан дотроос нэг чулуу авч хаалганд байсан хар өнгийн цоожийг цохиход, цоож суларч онгойсон юм. Тэгээд дотогш байшин руу орж зочны өрөөнд том хар зурагт байхаар нь түүнийг хананаас салгаж аваад шууд уг байшингаас гарч зурагтыг тэвэрч Бугат сум явах тийшээ байрлах МТ шатахуун түгээх станцын хажууд байдаг манай аав ээжийн хуучин амьдарч байсан байшинд аваачиж нуусан юм.

Тэгээд ах О д 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 11 цагийн үед “Би Бугат сумын нэг айлаас зурагт хулгайлж авсан. Чи тэр зурагтыг барьцаанд тавиад мөнгө аваад өгөөч” хэмээн хэлсэн ба ах уурлаж “чамайг ээжид хулгай хийсэн талаар хэлнэ” гэсэн тэгэхээр нь би О  ахад яах гэсэн юм бэ, чамайг ломбарданд тавьж мөнгө авбал хэн ч мэдэхгүй. Хоёулаа мөнгийг хувааж авъя гэхэд ах зөвшөөрч бид хоёр нэгдсэн эмнэлгийн хажуу талаас такси авч эхлээд байшингаас очиж зурагтыг аваад “Ийгл” /Е/ нэртэй ломбарданд ирж ах О  зурагтыг 200 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ах О  ломбарданд орж зурагт барьцаалах үеэр би такси дотор хүлээж байсан юм. Тэгээд уг зурагтыг 200 000 төгрөгөөр барьцаанд тавиад хоёулаа 100 000 төгрөгөөр хувааж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;

1.2. Шүүгдэгч О  нь шүүгдэгч Я ий бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хулгайлсан “М” маркийн 42 инчийн зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед БӨаймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай иргэн А ийн “Ийгл” /Е/ барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаанд тавьж, түүнээс 100.000 төгрөгийг авч хулгайн эд зүйлийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан: - Ийгл /E/ барьцаалан зээлдэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “М” маркийн зурагтыг барьцаалан 200.000 төгрөгийг О д зээлсэн тухай зээлийн гэрээг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

- Хулгайн эд зүйл болох 42 инчийн “М” маркийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ө сумын 5 дугаар багт “Е” нэртэй ломбард ажиллуулдаг бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед нэг залуу ирж “М” маркийн 42 инчийн зурагт ломбардад тавьж мөнгө авах гэсэн юм хэмээн хэлсэн. Тэгэхээр нь би уг залууд хандаж энэ чинь яг чинийх юм уу, хулгайн эд зүйл биш биз хэмээн хэлэхэд тиймээ миний өөрийн зурагт гэж хэлсэн. Тэр уг зурагтыг М маркийн 49 инчийн зурагтын харцаганд хийж авч ирсэн. Би журмын дагуу уг зурагтыг 200.000 төгрөгийн барьцаанд авч №02661 дугаартай зээлийн гэрээ байгуулсан юм. М маркийн зурагт барьцаалан зээл авсан хүний мэдээлэл бүхий зээлийн гэрээг та хуулбарлан авч болно. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан бөгөөд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

- Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэндээс хөдөлж аймгийн төв талбайн хажууд зогсоолд ирээд зогсоход урд сууж байсан залуу машинаас бууж би зурагт засварын газар очоод ирье гээд зурагтаа үлдээгээд бууж яваад удалгүй нөгөө залуу ирээд зурагтаа аваад явсан ба нэг залуу нь машины хойд суудалд суунгаа хүлээж байсан. Нөгөө залуу хэсэг хугацааны дараа гарч ирээд таксиныхаа мөнгө болох 6000 төгрөг өгөөд хоёулаа тэндээ бууж үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

- Яллагдагч О н өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний төрсөн дүү болох Я  өглөө 11 цагийн үед “Би Бугат сумын нэг айлаас зурагт хулгайлж авсан бөгөөд чи уг зурагтыг барьцаалан мөнгө аваад өгөөч" хэмээн хэлсэн ба тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ ээждээ энэ талаар хэлнэ гэхэд тэр үгүй яах гэсэн юм бэ. чамайг ломбарданд тавьж мөнгө авбал хэн ч мэдэхгүй гэхээр нь бид хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийн хажуу талаас такси авч “Ийгл” /Еаgle/ нэртэй ломбарданд ирж 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан болно. Би ломбарданд орж зурагт барьцаалах үеэр дүү маань такси дотор сууж намайг хүлээж байсан юм. Тэгээд уг зурагтыг 200 000 төгрөгөөр тавиад хоёулаа 100 000 төгрөгөөр тэнцүү хувааж авсан юм." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Я ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Я , О  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэмээн, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тус тус тайлбарласан болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч өөрийн эзэмшил болгохыг ойлгох ба шүүгдэгч Я  нь иргэн А ийн өвлийн байшин эзгүй байх хойгуур нь хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “М” маркийн 42 инчийн зурагт хулгайлсан болох нь нотлогджээ.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж нь аливаа этгээдийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө ...гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах ...байдлаар илрэх бөгөөд шүүгдэгч О н хувьд шүүгдэгч Я ий гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох “М” маркийн зурагт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаанд тавьж, хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэм буруутай үйлдэл нь тогтоогджээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тус гэмт хэргийг шүүгдэгч нар нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох, эд хөрөнгөтэй болох зорилготой үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Я ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Я ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А т 350.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “М” маркийн 42 инчийн зурагтыг хураан авч хохирогч А т хүлээлгэж өгсөн ба хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн, мөн иргэний нэхэмжлэгч А ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй хэмээн тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Я , О  нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч Я , О  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Я д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А , А  нараас шүүгдэгч Я , О  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан шүүгдэгч Я д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч О д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж өгөх тухай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан байна. 

Шүүгдэгч Я д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь ял шийтгүүлж байгаагүй зэргийг тус тус харгалзав.

Шүүгдэгч Я , О  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдалд тус бүрт дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтын холбогдох заалтыг журамлан ял оногдуулах санал нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Я д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч О д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч О д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.   

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Я , О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн чулуу 1 ширхэг, хар өнгийн цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр нь үргэлжлүүлэх, шүүгдэгч Я д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Я , О  нарын гэмт хэрэг үйлдэж 200.000 төгрөгийн орлого олсон байх тул шүүгдэгч тус бүрийн ногдох хөрөнгөнөөс 100.000 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч О г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О д хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч О  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Я , О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн чулуу 1 ширхэг, хар өнгийн цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨаймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я , О  нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 200.000 төгрөгийг буюу шүүгдэгч Я аас 100.000 (нэг зуун мянга) төгрөг, шүүгдэгч О гаас 100.000 (нэг зуун мянга) төгрөгийг тус тус ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Я д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ