Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 996

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Өгөөмөр мандал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00484 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Өгөөмөр мандал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний үүрэг, хохиролд 492 290 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.Эрдэнэтөгс

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Эркебулан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Оюунбадам

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Батсүх, М.Амарбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өгөөмөр мандал” ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Фу Жиан Лян Хө” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Манай компанийн эзэмшлийн 1 400 м.кв газар дээр “Фу Жиан Лян Хө” ХХК 2009 оны 04 дүгээр улиралд багтаан барилга барьж ашиглалтанд оруулахаар гэрээ хийсэн. Гэтэл барилга тогтоосон хугацаандаа ашиглалтад ороогүй.

“Фу Жиан Лян Хө” ХХК нь санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас нэмэлт гэрээ хийсэн. Уг гэрээ хийгдсэний дараа “Жиашидэ” гэдэг өөр компани уг барилгыг үргэлжлүүлэн барьж байсан. Ингээд 2 компанийн удирдлагуудтай уулзахад “Жиашидэ” ХХК барилгыг барина, хамтран ажиллах гэрээ зөрчигдөхгүй гэсэн тул дахин гэрээ хийх шаардлагагүй болсон.

Гэрээний дагуу 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барилга ашиглалтанд орох байтал 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ашиглалтанд орсон. Гэрээний хугацаа 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдөр хүртэл 112 хоногоор хугацаа хэтэрч гэрээний 4.1 дэх заалт зөрчигдсөн. Алданги төлүүлэх талаар аль аль талд нь мэдэгдэж байсан. Уг алдангийг тооцоход 587 614 357 төгрөг болсон, үүнээс 327 550 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

“Жиашидэ” ХХК нь 3 жилийн баталгаат хугацаанд барилгын гэмтэл, доголдол, засвар үйлчилгээг хариуцна гэсэн боловч ямар ч ажил хийгээгүй. Энэ хооронд манай компани 110 айлын барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн захиалагчийнхаа хувьд “Жиашидэ“ ХХК-ийн өмнөөс энэ ажлыг хийсэн. Энэ ажил нь 49 620 500 төгрөг болсон.

Энэхүү барилгад улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй байсан тул Улсын бүртгэлийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Төрийн өмчит орон сууцны корпораци, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газруудад хандаж байсан.

Дээрхи гарсан зардлуудыг төлөхийн тулд хувь хүнээс болон банк бус санхүүгийн байгууллагаас 55 000 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөгийг тус тус зээлж, “Жиашидэ” ХХК-ийн хариуцах цахилгааны төлбөрт 21 500 000 төгрөг, усны төлбөрт 8 500 000 төгрөг, дулааны төлбөрт 16 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ зардалд 110 айлын хэрэглээний зардал ороогүй, зөвхөн энэ айлуудын төлбөр төлснөөс хойшхи буюу нийтийн эзэмшлийн талбай, орцнуудын цахилгаан, дулаан, усны төлбөр орсон болно.

Хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний алдангид 327 550 000 төгрөг, барилгын баталгаат хугацаанд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан доголдлыг арилгах зардалд 49 620 500 төгрөг, цахилгааны төлбөрт 21 500 000, усны төлбөрт 8 500 000 төгрөг, дулааны төлбөрт 16 500 000 төгрөг, хогны төлбөрт 1 320 000 төгрөг, зээлийн хүүнд 67 800 000 төгрөг нийт 492 290 500 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр “Жиашидэ” ХХК-ийн хувьцааг С.Эрдэнэ худалдан авсан байдаг. Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай 110 айлын орон сууцнаас 6 орон сууцыг газраараа хөрөнгө оруулалт хийсэн. “Жиашидэ” ХХК нь 98 айлын сууцыг гэрээгээр өгсөн.

2012 оны 01 дүгээр сард орон сууцыг техникийн комисст өгөөд улсын комиссийн акт гарсны дараа хятад компанийн захиралууд нутаг руугаа буцсан байдаг. С.Эрдэнэ нь дээр дурьдсан 6 байр болон 20 айлын үлдэгдэл төлбөрийг авах талаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл газраараа хөрөнгө оруулсан “Өгөөмөр мандал” ХХК хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нийт байрны талбайн 10 хувьтай тэнцэх буюу 630 м.кв талбайдаа 6 орон сууц, нэг давхрын үйлчилгээний том талбай авсан байдаг. “Жиашидэ” ХХК-ийн бусдад худалдаагүй үлдээгээд явсан нэр бүхий 6 ширхэг байрнаас 4 байрыг хуурамч бичиг баримт үйлдэж худалдсан байдаг учраас эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгасан.

 “Фу Жиан Лян Хө” ХХК нь “Жиашидэ” ХХК-д 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дутуу гүйцэтгэлтэй барилгыг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь барилгыг ашиглалтанд оруулах хугацаа, алданги тохирсон хувь болон нийт хэмжээ зэргийг хариуцагчаас өөр этгээдтэй байгуулсан. “Жиашидэ” ХХК нь “Өгөөмөр мандал” ХХК-ийн хооронд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьж дуусган байнгын ашиглалтанд оруулах, хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэж байгаа.

“Өгөөмөр мандал” ХХК болон “Фу Жиан Лян Хө” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн нэмэлт гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг нь “Жиашидэ” ХХК, “Өгөөмөр мандал” ХХК-иудын гэрээнд хамаарахгүй. Учир нь 2010 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулагдсныг “Жиашидэ” ХХК мэдээгүй. “Фу Жиан Лян Хө” нь “Өгөөмөр мандал” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан нэмэлт гэрээ байгуулагдахаас өмнө барилгаа санхүүжүүлэх чадваргүй болоод “Жиашидэ” компанид хандсан байдаг. Энэ үндсэн дээр 75 хувийн гүйцэтгэлтэй барилгаа шилжүүлсэн. Ингээд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын эрхийг 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Жиашидэ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээр талуудын хэрэгжүүлэх үүрэг бүрэн хэрэгжиж дууссан.

“Өгөөмөр мандал” ХХК эзэмшил газар дээр баригдаж буй барилга дээр өөр этгээд ажиллагаа явуулж байгааг мэдээгүй байх боломжгүй, түүнийг таслан зогсоох талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иймээс “Жиашидэ” ХХК-ийг барилгын талбайд чөлөөтэй оруулж, барилга барих ажиллагааг нь удирдах хөрөнгө оруулалт хийх барилгын тодорхой хэсгийг өмчлөх хэсгээ баталгаажуулхад нь дэмжсэн бичгийг удаа дараа гарган өгч байсан.

“Өгөөмөр мандал ХХК гэрээгээр хүлээсэн үүргийг “Жиашидэ” ХХК хариуцах үндэслэлтэй гэж үзвэл гэрээний хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэгч алдангид тооцсон 2, 8, 64, 100 тоотын орон сууцыг 1 м.кв-ыг 1 250 000 төгрөгөөр тооцож авсан бол хэнтэй тохирсон гэрээний алдангийг хэн тооцсон, тооцооны акт үйлдсэн, “Жиашидэ” ХХК-ийн өмчлөлийн 4 байрыг гэрээгээр авсан асуудал хэрэгт байхгүй. “Жиашидэ” ХХК-ийг барилгын гүйцэтгэгч гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй.

“Фу Жиан Лян Хө” ХХК дуусаагүй барилгаа улсын бүртгэлд бүртгүүлээд 2010 оны 12 дугаар сарын 22-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Түүнийгээ “Жиашидэ” ХХК-д шилжүүлж өгсөн. Дуусаагүй барилгад хөрөнгө оруулалт хийж барилгыг барих үүргийнхээ дагуу “Жиашидэ” ХХК нь хөрөнгөө гаргаад 5 компанитай гэрээ байгуулан ажилласан. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийг барилгын гүйцэтгэгч хэмээн үзэж барилгын доголдолтой холбоотой асуудлаар шаардлага гаргасан нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдсон ажиллагааг хориглосон болон барилгын ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах тухай холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Нэхэмжлэлдээ 29 650 550 төгрөгийн хохирол учирсан гэх боловч 48 460 000 төгрөгийн зардлын хүснэгт хийсэн байна. Нэхэмжлэгч нь н.Баттулга гэдэг хүнтэй гэрээ хийсэн 11 удаагийн ажил хүлээлцэх актыг бүрдүүлж 26 545 000 төгрөгийн цалин олгож, 15 000 000 төгрөгийн материалын зардал гаргасан гэжээ. Үүнээс үзэхэд 41 400 000 төгрөгийн зардал гарсан байна. Энэ нэхэмжлэлийн дүн 3 өөр байна.

Нэхэмжлэлд дурдсан цахилгаан, дулаан, ус хогны зардлыг хэрэглэгчид өөрөө төлдөг. Оршин суугчид хэрэглээний зардлаа А.Эрдэнэтөгсийн болон “Өгөөмөр мандал” ХХК-ийн Хаан банкны 2 дансанд 104 478 600 төгрөг шилжүүлсэн, энэ нь 2014 оны 08 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар дуустал хугацааных юм. Оршин суугчдын хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрийг “Жиашидэ” ХХК хариуцах үндэслэлгүй.

А.Эрдэнэтөгс нь нийт 93 000 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс авсан зээлийн хүү төлсөн гэжээ. Оршин суугчдын өгсөн 104 478 000 төгрөгийг юунд зарцуулсан, энэ их зээл авч байсан асуудал гарна. Мөнгө зээлсэн гэх баримт нь хэрэгт авагдсан баримтуудтай илт зөрүүтэй, нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна. Хувь хүнээс мөнгө зээлсэн гэрээ нь “Жиашидэ” ХХК-д хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Жиашидэ” ХХК-иас 336 195 000 төгрөг гаргуулж “Өгөөмөр мандал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 156 095 500  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 777 353 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Жиашидэ” ХХК-иас 1 838 925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өгөөмөр мандал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч өөр этгээдтэй байгуулсан гэрээ, түүний заалтыг үндэслэн хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Гэтэл анхан шатны шүүх "...хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги төлөх ёстой..." гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

"Өгөөмөр мандал" ХХК болон "Фу Жиан Лян Хө" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай "Нэмэлт гэрээ"-гээр тухайн гэрээний талуудын хүлээсэн үүрэг нь “Жиашидэ” ХХК, "Өгөөмөр мандал" ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд ямар ч хамааралгүй юм. Учир нь “Жиашидэ” ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр "Фу Жиан Лян Хө" ХХК-тай "Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ"-г байгуулсан. Нэхэмжлэгч нь ''Фу Жиан Лян Хө" ХХК, ''Жиашидэ" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ"-ний тал биш атлаа уг гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэл болгож байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчсөн.

            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгийг үндэслэн “Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ”-ний 1.1 дэх заалтын "... хамтран ажиллах гэрээний хамт шилжүүлэх ..." гэсэн зохицуулалтыг дээр дурьдсан гэрээний 2.1, 2.4, 2.7, 3.5 дахь заалтуудын агуулгатай харьцуулан тайлбарлавал гэрээний уг заалт нь "Өгөөмөр мандал" ХХК болон "Фу Жиан Лян Хө" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай "Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ"-ний алдангитай холбоотой үүргийг шилжүүлэн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаагүй юм.

            “Жиашидэ” ХХК нь "Фу Жиан Лян Хө" ХХК-тай гэрээ байгуулж байх үед "Өгөөмөр мандал" ХХК-тай 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Хамтран ажиллах, хөрөнгө оруулах тухай гэрээ" үйлчилж байсан ба тус гэрээтэй холбоотой асуудлаар хожим нь нэмэлт гэрээ байгуулагдсан талаар “Жиашидэ” ХХК огт мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бөгөөд тус компанийг энэ гэрээний талаар мэдэж байсан хүлээн зөвшөөрсөн гэх асуудал ч хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

“Жиашидэ" ХХК нь "Фу Жиан Лян Хө" ХХК-тай гэрээ байгуулж байх үед "Өгөөмөр мандал" ХХК-тай 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Хамтран ажиллах, хөрөнгө оруулах тухай гэрээ"-ний 4.1-т заасан "...барилгыг 2009 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна" гэсэн заалт бодит байдал дээр хэрэгжээгүй, гэрээнд заасан уг хугацаа дууссанаас хойш 8 сарын дараа хийгдсэн "Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ"-д уг 02 дугаартай гэрээнд заасан барилгыг ашиглалтад оруулах хугацааг хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

"Өгөөмөр мандал" ХХК болон "Фу Жиан Лян Хө" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай "Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д “...орон сууцны барилгыг 2009 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна..." гэсэн заалт бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

"Фу Жиан Лян Хө" ХХК нь "Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ"-ний талуудын хооронд маргаан гарч эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хэргийг мөрдөн шалгах явцад "Фу Жиан Лян Хө" ХХК-ийн захирал Чэн Вэн Шэн нь дутуу баригдсан 7 давхар 75 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг "Жиашидэ" ХХК-д мэдэгдэлгүй бусдад барьцаалан гэрээний үүргээ зөрчсөн "Фу Жиан Лян Хө” ХХК-ийн захирал Чэн Вэн Шэн нь сайн дурын үндсэн дээр "Жиашидэ" ХХК-ийн захирал Шү Жиэн Хуатай харилцан тохиролцож 000128637 дугаартай Улсын бүртгэлийн Ү-220503707 тоот хоронгийн гэрчилгээг 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ" байгуулан эрхийг шилжүүлсэн..." зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. "Жиашидэ" ХХК маргаан бүхий барилгад хөрөнгө оруулалт хийсэн үйл явдлын талаар "Өгөөмөр мандал" ХХК 2010 оны 09 дүгээр сараас эхлэн мэдэж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

"Фу Жиан Лян Хө" ХХК нь өөр этгээдтэй гэрээ байгуулан барилгын ажлыг удирдуулж, хөрөнгө оруулалт хийлгэсэн нь тус компани 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай "Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ"-г цуцалснаа бодит үйлдлээр илэрхийлсэн, үүнийг “Өгөөмөр мандал” ХХК хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

"Жиашидэ” ХХК-ийг барилгын талбайд чөлөөтэй оруулж, барилга барих үйл ажиллагааг удирдах, хөрөнгө оруулалт хийх, барилгын тодорхой хэсгийн өмчлөх эрхээ баталгаажуулахад нь дэмжсэн бичиг гарган өгөх зэрэг бодит үйлдлээрээ "Фу Жиан Лян Хө" ХХК болон ''Жиашидэ" ХХК-ийн хооронд байгуулагдсан ''Хамтран ажиллах хөрөнгө оруулах тухай гэрээ", "Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ"-г хүлээн зөвшөөрч байсан болох нь тогтоогдож байгаа.

Түүнчлэн нэхэмжлэлд дурьдсанаар барилгыг ашиглалтад оруулах хугацаа 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсноос хойш болон барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын шийдвэр гарснаас хойшхи бүхий л хугацаанд "алданги" төлүүлэх асуудлаар нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй ба энэ асуудлаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр л шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

"Өгөөмөр мандал" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Эрдэнэтөгс Улсын мөрдөн байцаах газрын 4 дүгээр хэлтэст гэрчийн мэдүүлэг өгч байсан бөгөөд уг мэдүүлгийн агуулгаас үзэхэд “Жиашидэ” ХХК болон "Өгөөмөр мандал" ХХК-ийн хооронд гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн алдангийн талаар ямар нэгэн маргаан байгаагүй байх ба хэрвээ алдангитай холбоотой маргаан байсан бол тэр үед ч энэ асуудлаа гарган тавих боломжтой атал ийнхүү шийдвэрлүүлж байгаагүй нь “Жиашидэ” ХХК болон "Өгөөмөр мандал" ХХК-ийн хооронд анхнаасаа алдангийн асуудлаар тохиролцсон. Гэрээ байгуулсан асуудал байгаагүйтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй юм.

Орон сууцыг барих, ашиглах явцад төлөгдөөгүй байсан цахилгааны төлбөрт 46 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

            Эдгээр төлбөрийг нэхэмжлэгч "Өгөөмөр мандал" ХХК төлсөн баримт хэрэгт байгаагүй. Нэхэмжлэлд дурьдсан цахилгаан, дулаан, усны хэрэглээний зардал болон хогны мөнгийг тухайн эрчим хүчийг хэрэглэсэн этгээд өөрөө төлдөг. Энэ нь ч оршин суугчид СӨХ болон хэрэглээний зардлын төлбөрөө иргэн А.Эрдэнэтөгсийн нэр дээрх Хаан банкны дансанд төлж байсан нь баримтаар хангалттай нотлогдсон.

            Өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан хүсэлтийн дагуу Ус сувгийн удирдах газар, “УБДШС” ТӨХК, "УБЦТШС" ТӨХК-аас Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 37 байрны усны төлбөр тооцооны баримтыг гарган өгснийг хариуцагч тал шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Эдгээр баримтуудыг шинжлэн судлахад "Жиашидэ" ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар усны төлбөрт 10 251.90 төгрөгийн илүү төлөлттэй, цахилгааны төлбөрт 35 мөнгөний үлдэгдэлтэй байсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад "Жиашидэ” ХХК-ийн захирал Шү Жиэн Хуа нь 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хилээр гараад эргэн орж ирээгүй байх ба тэрээр компанийнхаа үйл ажиллагааг эрхлэж байх үед болон түүнээс хойших хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд "Жиашидэ" ХХК ус, цахилгаан, дулаан, хогны ямар нэгэн өргүй, тухайн үеийн бүх зардал төлөгдсөн байсан болох нь нотлогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

             Нэхэмжлэгч “Өгөөмөр мандал” ХХК нь хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг, хохиролд 492 290 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Өгөөмөр мандал” ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Фу Жиан Лян Хө” ХХК-тай “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт оруулах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Өгөөмөр мандал” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 9 тоотод орших 1 406 м.кв талбай газар дээр “Фу Жиан Лян Хө” ХХК нь орон сууцны барилга барьж ашиглалтад оруулж, бий болсон орон сууцны барилгын 90 хувийг “Фу Жиан Лян Хө” ХХК, 10 хувийг “Өгөөмөр мандал” ХХК нь тус тус өмчлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Түүнчлэн талууд 2010 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “нэмэлт гэрээ” байгуулж, барилга ашиглалтад оруулах хугацааг 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож, тогтоосон хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд “Фу Жиан Лян Хө” ХХК нь 0.1 хувийн алдангийг төлөх талаар тохиролцсон байна.

 

            “Фу Жиан Лян Хө” ХХК нь “Жиашидэ” ХХК-тай 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 01/07 тоот “Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, “Өгөөмөр мандал” ХХК-ийн эзэмшлийн газар дээр “Фу Жиан Лян Хө” ХХК-ийн барьж буй дутуу гүйцэтгэлтэй барилгыг, хамтран ажиллах гэрээний үүргийн хамт борлуулалтын үнээр шилжүүлэхээр тохиролцсон байна.

            “Өгөөмөр мандал” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний нөгөө тал болох “Фу Жиан Лян Хө” ХХК нь гэрээгээр хүлээсэн өөрийн үүрэг болох барилга барьж ашиглалтад оруулах үүргээ “Жиашидэ” ХХК-д гэрээгээр шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжүүлсэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд “Өгөөмөр мандал” ХХК-иас зөвшөөрөл авах үүрэгтэй юм.  

 

            “Жиашидэ” ХХК нь “Фу Жиан Лян Хө” ХХК-иас орон сууцны барилгын ажлыг хүлээн авч, хөрөнгө оруулж, барилга барьж дуусгах ажлыг хариуцаж, улмаар барилгыг 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын комиссын актаар ашиглалтад өгсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон, дээрх үйл баримтуудыг үндэслэн хариуцагч “Жиашидэ” ХХК нь “Фу Жиан Лян Хө” ХХК-ийн  үүргийг шилжүүлэн авсныг  гэрээний нөгөө тал болох “Өгөөмөр мандал” ХХК зөвшөөрсөн гэж үзнэ.

 

            Иймд өр шилжүүлэх буюу гэрээний үүрэг гүйцэтгэгч солигдох замаар “Фу Жиан Лян Хө” ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүргээ “Жиашидэ” ХХК-д шилжүүлсэн байна.

 

            “Жиашидэ” ХХК нь барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 98 айлын орон сууцыг гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлж байжээ.

 

            Иймд талуудын хооронд буюу “Өгөөмөр мандал” ХХК болон “Жиашидэ” ХХК-ийн хооронд анзын тохиролцооны талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй гэх үндэслэлээр алданги төлөхгүй гэх хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

            Хамтран ажиллах гэрээний зүйл нь орон сууцны барилга тул үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, нэхэмжлэгч тал энэ хугацааг хэтрүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасантай нийцжээ.

 

            “Жиашидэ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцны барилгын 10 хувийг нэхэмжлэгч талд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн нь гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэгч нь энэ гэрээний 4.2 дахь хэсэгт тохиролцсон алдангийг шаардах эрхтэй.

 

            Алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу нэхэмжлэгчид шилжүүлэх талбайн зах зээлийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож өдөр тутам төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нийт барилгын талбайн хэмжээ 6301,83 м.кв байх бөгөөд нэхэмжлэгчид ногдох 10 хувь буюу 630,183 м.кв талбайн хэмжээг тухайн үеийн зах зээлийн ханш болох 1 250 000 төгрөгөөр тооцож гүйцэтгээгүй үүргийг тодорхойлбол 787 728 750 төгрөг байх бөгөөд уг үнээс алдангийг тооцвол 0.1 хувь, 619 хоног /2011.03.31-2012.12.07/-оор тооцвол 487 604 046 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч 327 550 000 төгрөг шаардсаныг анхан шатны шүүх 294 795 000 төгрөгөөр тодорхойлж шийдвэрлэсэн, энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 445/2012 тоот актаар “Өгөөмөр мандал” ХХК-ийн үйлчилгээтэй 110 айлын орон сууцны зориулалтаар ашиглахад боломжтой гэсэн дүгнэлтийг хийж “Жиашидэ” ХХК болон “Өгөөмөр мандал” ХХК-ийн мэдэлд уг орон сууцны барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн тул барилгын нийтийн зориулалтын хэсэгт дэх ашиглалттай холбоотой ус, дулаан, цахилгааны зардлыг холбогдох эрх бүхий байгууллага болох СӨХ, конторт шилжүүлэн өгөх хүртэл хугацаанд тэд хамтран хариуцах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээр дурдсан үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр цахилгааны төлбөрт 21 500 000 төгрөг, усны төлбөрт 8 500 000 төгрөг, дулааны төлбөрт 16 000 000 төгрөг, нийт 46 000 000 төгрөгийг шаарджээ.

 

Хариуцагч нь уг төлбөрийг төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбарт дурдсан уг хугацаа нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарч байна.

 

Харин нэхэмжлэгчийн холбогдох шаардлагын хугацаа нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааг хамаарч байх тул маргаангүй хугацаанд хамаарах нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлт үндэслэлгүй бөгөөд уг үндэслэлээр нотлох баримт гаргуулах хүсэлт хэрэгсэхгүй болгосонтой холбоотой гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг мөн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн 46 000 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон, уг нотлох баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. Анхан шатны шүүх уг зардлыг хамтран ажиллах гэрээгээр тохирсон хэмжээгээр хувааж хариуцуулахдаа 90 хувийг хариуцагчийн төлөх үүргийн хүрээнд хуваарилан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэлийн үлдэх шаардлагаас барилгын доголдолтой холбоотой хариуцагчийн үүргийг гүйцэтгэж гарсан зардал, дээрх зардлуудыг төлөхөөр бусдаас авсан зээлийн хүүг хохиролд тооцож нэхэмжилсэн хэсгийг баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүйг магадлалд дүгнэлт хийх замаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Жиашидэ” ХХК-иас төлсөн 1 838 930 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

 

                        ШҮҮГЧИД                                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА