Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00009/И |
Дугаар | 130/ШШ2017/00124 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2017/00124
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт байрлалтай, Р ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, А н Т д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 84000 төгрөг, алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багийн иргэн А.Т нь тус компанитай 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ маркийн 84000 (50 литр х 1680 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ.
Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч А.Т гээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 373 хоног хэтрүүлсний алданги тооцоход 84000 төгрөг х 0,5%=420 х 373 хоног = 156660 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 42000 төгрөг болж байна.
Иймд иргэн А.Т гээс үндсэн зээл болох 84000 төгрөг, алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Манай компани А.Т гээс зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 84000 төгрөг, алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.
Хариуцагч А.Т нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, төлбөрөө бүрэн төлж манай компанийг хохиролгүй болголоо.
Иймд тус компани нэхэмжлэлтэй, А.Т д холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 84000 төгрөг, алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Р ХХК-ны нэхэмжлэлтэй, А.Т д холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 84000 төгрөг, алданги 42000 төгрөг, нийт 126000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 126000 төгрөгийг төлж өгсөн бөгөөд энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч Р ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 2275 төгрөг, мөн хариуцагч А.Т гээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 234.6-д зааснаар хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Р ХХК-нд 126000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 2275 төгрөг, мөн хариуцагч А.Т гээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК