| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/00212/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/228 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/228
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Ө,
хохирогч М ,
хохирогчийн өмгөөлөгч Н ,
шүүгдэгчийн өмгөөлөгч З ,
шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М т холбогдох эрүүгийн 2013*********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 30-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэх эх, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Х, 28 дугаар гудамж, 10-а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М , РД:Б399******.
Шүүгдэгч М нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн М ийг машин дотроо хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч М мэдүүлэхдээ: 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М ийг ажлын газраас нь очиж авсан. Гүүрний наад талд машины дугуй засварын газарт дугуй засуулж байхдаа маргалдаж цохисон маань үнэн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэв.
2. Хохирогч М мэдүүлэхдээ: Би маш их гомдолтой байна. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажлаас тарахад бид хоёр уулзсан. “Харжыгер” ХЗХ-ны зээлийг би төлж байгаа. Тухайн өдөр “Харжыгер” ХЗХ-оос зээлээ төл гэж залгасан. Тэгэхээр нь би М т “би цалингийн зээлтэй. Дээрээс нь чиний “Харжыгер” ХЗХ-ны зээлийг төлж байгаа. Чи ядаж нэгийг нь төлж өг. Би ч гэсэн өөрийнхөө хэрэгцээгээ авмаар байна. Зээлээс болж юу ч авч чадахгүй байна” гэж хэлэхэд надаас мөнгө асуусан гэх шалтгаанаар намайг зодсон. Би зодуулснаасаа хойш сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн, онош тодруулсан, эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээнд гарсан зардал болох 271000 төгрөгийг надад бэлнээр өгсөн.Энэ хэргээс болж надад эдийн засгийн, сэтгэл санааны, бие махбодын гээд 3 төрлийн хохирол учирсан байгаа. Одоо хүртэл гудамжаар явж байхдаа М тэй таарчих болов уу гэж бодоод ганцаараа явж чадахгүй. Өнгөрсөн шүүх хурлын өмнөх өдөр миний ажлын гадаа машинтай ирсэн байсан Тухайн өдөр би жижүүр байсан ба орой М ээс айгаад ганцаараа харьж чадахгүй гэрийнхнийгээ дуудаад гэртээ харьсан байсан. Мөн дараа нь би машинтай явж байхад М машинаар явж байсан ба миний уулзвар луу шууд ороод ирсэн. Намайг тагнаж байгаа юм шиг дагаад явж байдаг. Энэ асуудалд арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ хэргийн улмаас өөртөө итгэлгүй болсон. Ах дүү нар маань намайг “танихгүй хүн мөнгө авч өгсөн чиний буруу” гэж намайг буруутгасан тул би амиа хорлох үйлдэл хүртэл хийж байсан. Тиймээс ах, дүү нар маань сэтгэл засалч олоод эмчилгээ хийлгэсэн. Өөрсдөө аваачаад эмчилгээ хийлгээд авдаг байсан. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэв.
Хоёр: Эрүүгийн 2013*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,
2. Гэрч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
3. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
4. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч Х ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №409 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
5. Яллагдагч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, хохирлын баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн М ийг машин дотроо хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би түүнд надаар авхуулсан зээлийг төлж, хааж өг, одоо хоёулаа салсан нь дээр байх гэж хэлэхэд тэрээр оройн 18 цагийн орчимд би ажлын газраас тарж гарах үед машинаараа ирээд Ө сумын Засаг даргын тамгын газрын гадаа хүлээж байсан байна лээ. Би түүний машины хажууд очиж түүнтэй яриад зогсож байх үед надад машинд суу гэхээр нь би түүний машины урд суудалд нь суусан.
Тэрээр машинаараа Ө сумын 9 дүгээр багийн айлуудын гудамжинд очиж зогсож хоорондоо ярьж сууж байх үед намайг зүүн нүдний хэсэгт нударгаараа нэг удаа, дараа нь баруун нүүрний тус хэсэгт нударгаараа хэд хэдэн удаа цохиж, улмаар гараараа миний хүзүүнээс боосон юм.
Миний бие найз залуу болох М т 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зодуулсны улмаас миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун талын шанаа, хамар орчмын хэсгээр хөхөрч хавдсан, миний хүзүү хэсэг хөхөрсөн зэрэг гэмтэл авсан, тухайн өдрөөс хойш миний толгой өдөр бүр өвдөж, дотор муухайрч байгаа, хоол цай идэхээр бөөлжүүлээд байгаа юм. Миний бие аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм. Миний бие гадуур эмчилгээ хийлгэхэд 226.000 төгрөгийн эм тариа авсан, Ж гэх бариачид 3 хоног бариулахад 30.000 төгрөг, аймгийн төв дотор таксигаар явсан 39.000 төгрөг, М гэх сэтгэл зүйчтэй уулзсан өдрийн 20.000 төгрөг цаашид нэг сар сэтгэл зүйн туслалцаа авахаар болсон юм. Миний бие М т зодуулсан өдрөөс хойш шөнө унтаж чадахгүй байгаа юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...Иргэн М ийн биед тархины доргилттой, даралттай, баруун дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний алиманд цус харвалттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүү хоолойнд олон тооны тархмал багалзуурдсан хөх ягаан цус хуралттай, баруун тохойнд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх №409 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орой 23 цагийн үед М нь над руу залгаж миний нүд хавдчихлаа яавал зүгээр вэ? гэж асуухад нь юу болсон бэ, гэж түүнээс асуухад М зодсон гэж хэлсэнд би мөс тавиад үз гэж хэлсэн, маргааш өглөө нь өглөөний 07 цагийн үед М нь манай гэрт ирэхэд түүний зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн, хүзүү хэсэг нь хөхөрсөн байдалтай байсанд яагаад зодсон талаар асуухад “зээлсэн мөнгө өг хоёулаа салъя” гэж хэлэхэд зодсон талаар надад хэлсэн юм“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М нь иргэн М ийг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч М ийн хохирогч М ийн эрүүл мэндэд “тархины доргилттой, даралттай, баруун дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний алиманд цус харвалттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүү хоолойнд олон тооны тархмал багалзуурдсан хөх ягаан цус хуралттай, баруун тохойнд хөх ягаан туяатай цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын яллагчаас хохирогч М д гэмт хэргийн хор уршигт нийт 270.950 төгрөгийн төлбөр гарсан гэж үзсэн бөгөөд шүүхийн шатанд уг мөнгийг хохирогч М нь төлүүлж авсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “Мөнхийн ирээдүйн гэгээ” төрийн бус байгууллага, “Парасат” сургалтын төвийн дэргэдэх сэтгэл зүйн танхимд 2020 оны 11 дүгээр сарын 03-нд хандаж, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд сэтгэл засал хийлгэж, төлбөрт нь 1.500.000 төгрөг төлсөн нь тус төвийн албан бичиг, тооцооны хуудсаар тогтоогдож байх тул хохирогчоос төлсөн 1.500.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгч М ээр төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос нэхэмжилсэн 9.626.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч М урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Шүүгдэгч М т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М ээс гэмт хэргийн хор уршигт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч М д олгож, хохирогчийн 9.626.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ