Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2017/00127

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух РД:БВ********* Б овогт М ийн А ,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, РД:БВ************* Б овогт С ы А нарын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.А, С.А, үрчлэн авагч М.А, Е.Е, үрчлэн авагч нарын өмгөөлөгч Х.Е, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдөр төрсөн хүү Аы Б ыг М.А, Е.Е нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгож, Б ыг төрсөн эцэг эхийн асрамжид буцаах тухай.

Хүсэлт гаргагч М.А, С.А нар шүүхэд гаргасан хүсэлтэд: Бид 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрүүлсэн хүү Б ыг төрсөн дүү болох М.А, түүний эхнэр Е.Е нар 2002 онд гэр бүл болсон боловч хоорондоо хүүхэдтэй болж чадаагүй юм. Үүнээс болж тэд сэтгэл санаагаар маш ихээр унаад, заримдаа тэдний хооронд үл ойлголцол үүсдэг юм. Тийм учраас бид 2011 онд төрүүлсэн хүү Б ыг төрсөн цагаас нь эхэлж шууд тэд нарт үрчлүүлсэн юм. Гэтэл бэр Е.Е нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд хандаж гэрлэлт цуцлах, хүү болох Б ыг өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргасан байсныг олж мэдлээ. Хэрэв шүүхээс тэдний гэрлэлтийг цуцлах тохиолдолд бидний төрүүлсэн хүү болох Б ыг эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөхөөр байна. Тийм учраас хүүхдээ өөрсөндөө буцааж авмаар байна. Иймд хүү Б ыг дүү М.А, бэр Е.Е нарт үрчлүүлсэн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ

Хүсэлт гаргагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А бол миний төрсөн дүү байгаа юм. Е.Е, М.А нар 2002 онд гэр бүл болсон. 2009 он хүртэл хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд 2011 онд ээж маань миний хүүхдийг гуйж ирсэн учраас ах дүү хүмүүс байна, мөн тэднийг сайхан амьдраасай гэж бодоод хүүхдээ өгсөн. Одоо энэ хоёрыг гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа талаар 2017 оны 01 дүгээр сард мэдсэн. Энэ хүүхэд одоогоор миний ээжийн гарт байгаа ч гэсэн зөнд нь хаягдсан байгаа. Ийм зүйл болсон талаар М.А ч надад юу ч хэлээгүй. Энэ хүүхэд өсөн бойжиж байгаа насан дээр байгаа. Цаашид энэ хүүхдийг хүмүүжүүлэх, сургах учраас хүүхдээ өөрөө авах хүсэлттэй байна. Би бэрдээ муу юм хэлж байгаагүй, араас нь хэд хэдэн удаа очсон. Энэ хүүхэд цаашид зөв хүмүүжил авах ёстой. Эд нар өөрсдөө гуйж ирсэн учраас тухайн үед хүүхдээ өгсөн. Гэтэл бидний итгэлийг дааж чадаагүй. Одоо энэ хоёр гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа. Тиймээс үрчлэлтийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хүсэлт гаргагч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ч гэсэн Т.Аы хэлсэнтэй санал нийлж байна. Би энэ хүүхдээ өсгөж чадахгүйн улмаас өгөөгүй. М.А нь манай нөхрийн гэрийн голомт сахисан дүү нь байсан учраас өгсөн. Одоо 6 сар боллоо. Энэ хүүхэд ямар ч хүмүүжил үзээгүй байж байна. Намайг зах дээр байхад Е.Е очиж хүүхдээ өгөхгүй гээд баахан хэрүүл, маргаан гаргаад явсан. Би өөрөө даралт ихтэй, эрүүл мэнд маань муутай хүн учраас хүүхдээ өөртөө авахыг хүсэж байна гэв.

Үрчлэн авагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2002 онд гэр бүл болсон. Гэрлэсний дараа 2011 онд хүртэл хүүхэдтэй болж чадаагүй учраас ах дээрээ очиж хүүхдийг нь гуйж үрчилж аваад сайхан амьдарч байсан. Гэтэл өнгөрсөн жилээс эхэлж бид хоёрын хооронд маргаан гарсан. Бидний энэ байдлыг манай ах, бэргэн эгч нар мэдээд хүүхдээ авахаар хүсэлт гаргасан байна. Би намраас хойш эхнэрээсээ уучлалт гуйгаад зөндөө очсон боловч эвлэрч чадаагүй. Нэгэнт бид хоёр эвлэрч чадаагүй учраас хүүхдээ аав, ээждээ өгөхийг зөвшөөрч байна. Би ганцаараа энэ хүүхдийг өсгөж чадахгүй гэв.

Үрчлэн авагч Е.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2011 онд хадам ах, эгч нар дээр очиж энэ хүүхдийг гуйж үрчилж авсан. Ээж нь очиж гуйж авсан гэдэг нь худлаа. Бид хоёр өөрсдөө очоод гуйж авсан. Энэ хүүхдийг төрөөд 10 хоногийн дараа үрчилж аваад төрсөн хүүхдийн нэгэн адил өсгөж хүмүүжүүлсэн. Нөхөр маань архи ууж намайг болон хүүхдийг олон удаа зодож байсан. Би хүүхдээ хаяж явъя гэж бодоогүй. Гуйж авах гээд очиход надад өгөөгүй. Миний араас хоёр гурван удаа очсон, мөн нөхөр маань араас зөндөө очсон гэж байгаа нь худлаа. Хэрвээ намайг очиход хүүхдээ ав гээд өгсөн бол бид нар ийм байдалд хүрэхгүй байсан. Өөрөө өсгөж хүмүүжүүлсэн учраас хүүхдээ өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагч нарын хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч М.А, С.А нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

Учир нь, РД:БВ********* Б овогт М ийн А , РД:БВ************* Б овогт С ы А нар 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэж хууль ёсны эхнэр нөхөр болсон нь 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон ПА№67 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр,

-М.А, С.А нарын гэр бүлд РД:БВ************** хүү Аы Б 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 231/005485 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Төрсний бүртгэлийн лавлагаагаар,

-2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Аы Б ыг М.А, Е.Е нарт үрчлүүлэн авсан болох нь Хүүхэд үрчлүүлэх тухай Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай захирамж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 231/005486 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Үрчилсний бүртгэлийн лавлагаа, А.Б ы ХААТР-11(Б) болон ХААТР-12(Б) маягтуудаар тус тус нотлогдож байна.

Б ыг үрчлэн авагч РД:БВ*********** Б овогт М ийн А, РД:БЭ************** Ш овогт Е н Е нар нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, тусдаа амьдраад 1 жилболж байгаа ба энэ хугацаанд үрчлэн авсан хүү нь болох Б нь бусдын /эмээгийн/ асрамжид байгаа нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.А, С.А, үрчлэн авагч М.А, Е.Е нарын өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Мөн үрчлэн авагч эцэг М.Аы гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд болон хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн М.Ад холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/06 дугаартай тогтоол, Е.Еийн шүүхэд гэрлэлт цуцлуулахаар гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагч М.А, С.А нарын тайлбараар, мөн үрчлэн авагч Е.Е нь өөрийн гэсэн орон гэргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү Б ыг төрүүлсэн эцэг М.А, эх С.А нарт буцааж, тэдний асрамжид үлдээж, хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдөр төрсөн хүү Аы Б ыг М.А, Е.Е нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийг хүчингүй хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдөр төрсөн РД:БВ************** хүү Б ыг төрүүлсэн эцэг РД:БВ********* Б овогт М ийн А , төрүүлсэн эх РД:БВ************* Б овогт С ы А нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.А, С.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК