Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/229    

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

хэлмэрч, орчуулагч Е,

улсын яллагч Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч А ,

шүүгдэгч Р  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р т холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БӨ аймгийн Ногооннуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, БӨ аймгийн Н сумын 0 дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс казах, Монгол Улсын харьяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, Р , регистрийн дугаар Б394*******.

Шүүгдэгч Р  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед БӨ аймгийн Н  сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт тус багийн иргэн Ө ийг машинаараа гэрт нь дөхүүлж өгөхгүй гэж маргаан үүсгэж зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Р  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

2. Гэрч Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

3. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 442 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

4. Яллагдагч Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Р нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед БӨ аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тус багийн иргэн Ө ийг машинаараа гэрт нь дөхүүлж өгөхгүй гэж маргаан үүсгэж зүүн нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед 23 цаг дөхөж байсан байх гэж бодож байна. Гадаа харанхуй байсан болохоор Р  гэх залууд очоод чи машинтай явж байгаа юм байна шүү дээ, намайг гэрт дөхүүлээд өгөөч, бензин усыг хийж өгье гэж хэлэхэд тэр надад хүргэж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр Б г дагуулаад гэр рүү явж байхад Р  араас машинаа асаагаад ирж байсныг хараад бид нарыг авч явах юм байна гэж бодоод зам руу дөхөж ирж байхад Р  бид нарын хажууд ирж зогсоод “би чамайг гэрт чинь хүргэж өгөхөөр харагдаж байна уу, би чамайг хүргэж өгөх хүн биш за юу“ гэж хэлэхэд би ч гэсэн урьдаас нь нэг юм ярих гэж байхад баруун гараараа миний зүүн нүдний орчимд нэг удаа цохисон. Тэр үед би нүдээ барьж доошоо харж суух үед Р  машинаа асааж аваад яваад өгсөн. ...Р  миний эмчилгээнд гарсан 300.000 төгрөгийг сайн дураараа төлж өгсөн, одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

- Гэрч Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэрээр нөхөр бид хоёр явган явж байхад бид нарын араас Р  өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн машиныг жолоодож ганцаараа ирж бид нарын хажууд зогсож та нар машинд суу гэхээр нөхөр бид хоёр Р ийн машинд суугаагүй, тэр үед Р  “би та нарыг гэрт чинь хүргэж өгөх хүн шиг харагдаж байна уу, би та хоёрыг хүргэж өгөх хүн биш за юу” гэж хэлэхэд миний нөхөр Р ийн урьдаас нь нэг юм ярих гэж байхад Р машинаас бууж ирээд шууд миний нөхөр Ө ийн зүүн талын нүднээс баруун гараараа нэг удаа цохисон, тэр үед миний нөхөр нүдээ барьж тухайн газарт унасан байсан. Тухайн үед Р  та нар хэлэх газарт хэлж надаас олж ид гэж хэл амаар доромжилж машинаа асааж аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 442 дугаартай “Иргэн Ө ийн биед тархины доргилттой, зүүн нүдний битүү хавдартай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хавдартай цус хуралттай, хамрын нурууны зүүн талд хавантай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ө ийн биед үүссэн дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

- Яллагдагч Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрээр шөнийн 23 цагийн үед тус сумын иргэн Ө  эхнэрийн хамт манай гэрт ирж намайг тус багийн сургуулийн захирлын гэрт хүргэж өг гэсэн. Тэгээд би харанхуй шөнө таныг хүргэж чадахгүй гэхэд Ө  намайг муу муухай үгээр хэл амаар доромжлоод явчихсан. Тэрээр би аймаг явах ажил гараад машиныг асааж гэрээс хөдлөөд явж байхад Ө , эхнэр Б  хамт тус багийн дунд сургуулийн захирлын гэр рүү явж байсан, тэр үед би Ө ийн хажуунаас зөрж явж байхад Ө  намайг зогсоосон. Тэгээд би Ө ийн хажууд зогсоход Ө  намайг дахиад хэл амаар доромжилсон, тухайн үед би Ө т таныг эгч Өмиргүлийн гэрт хүргэж өгье гэхээр Ө  миний машинд суугаагүй. Ө  миний машины жолооч талын хаалганы бариулаас барьж аваад намайг явуулахгүй байгаа болохоор би Ө т уурлаж машинаас бууж очоод Ө ийн зүүн талын нүдний орчимд баруун гараараа нэг удаа цохиж авсан нь үнэн, би тухайн үед Ө ийг зодъё гэж зодоогүй, бусдын эрх чөлөөнд халдсан миний буруу учраас би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р  нь иргэн Ө ийг   зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Р ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Р ийн хохирогч Ө ийн эрүүл мэндэд “тархины доргилттой, зүүн нүдний битүү хавдартай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хавдартай цус хуралттай, хамрын нурууны зүүн талд хаван” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Р ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Р ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2 дахь хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ө ийн зүгээс шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол 300.000 төгрөгөө төлүүлж авсан өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлжээ /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч Р ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Р т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Р  нь хохирогч Ө тэй сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэн баталгаа гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай саналд яллагдагч Р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Р  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Р т холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Р  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Р т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Р  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ