Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 127

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух РД:БВ69112936 Базархул хондыбай овогт Махметийн Азимхан,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух, РД:БВ70040126 Ботахара овогт Сайланханы Абижат нарын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Азимхан, С.Абижат, үрчлэн авагч М.Амирхан, Е.Ержангүл, үрчлэн авагч нарын өмгөөлөгч Х.Ержан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдөр төрсөн хүү Азимханы Бахытжаныг М.Амирхан, Е.Ержангүл нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгож, Бахытжаныг төрсөн эцэг эхийн асрамжид буцаах тухай.

Хүсэлт гаргагч М.Азимхан, С.Абижат нар шүүхэд гаргасан хүсэлтэд: Бид 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрүүлсэн хүү Бахытжаныг төрсөн дүү болох М.Амирхан, түүний эхнэр Е.Ержангүл нар 2002 онд гэр бүл болсон боловч хоорондоо хүүхэдтэй болж чадаагүй юм. Үүнээс болж тэд сэтгэл санаагаар маш ихээр унаад, заримдаа тэдний хооронд үл ойлголцол үүсдэг юм. Тийм учраас бид 2011 онд төрүүлсэн хүү Бахытжаныг төрсөн цагаас нь эхэлж шууд тэд нарт үрчлүүлсэн юм. Гэтэл бэр Е.Ержангүл нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд хандаж гэрлэлт цуцлах, хүү болох Бахытжаныг өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргасан байсныг олж мэдлээ. Хэрэв шүүхээс тэдний гэрлэлтийг цуцлах тохиолдолд бидний төрүүлсэн хүү болох Бахытжаныг эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөхөөр байна. Тийм учраас хүүхдээ өөрсөндөө буцааж авмаар байна. Иймд хүү Бахытжаныг дүү М.Амирхан, бэр Е.Ержангүл нарт үрчлүүлсэн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 30 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ

Хүсэлт гаргагч М.Азимхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Амирхан бол миний төрсөн дүү байгаа юм. Е.Ержангүл, М.Амирхан нар 2002 онд гэр бүл болсон. 2009 он хүртэл хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд 2011 онд ээж маань миний хүүхдийг гуйж ирсэн учраас ах дүү хүмүүс байна, мөн тэднийг сайхан амьдраасай гэж бодоод хүүхдээ өгсөн. Одоо энэ хоёрыг гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа талаар 2017 оны 01 дүгээр сард мэдсэн. Энэ хүүхэд одоогоор миний ээжийн гарт байгаа ч гэсэн зөнд нь хаягдсан байгаа. Ийм зүйл болсон талаар М.Амирхан ч надад юу ч хэлээгүй. Энэ хүүхэд өсөн бойжиж байгаа насан дээр байгаа. Цаашид энэ хүүхдийг хүмүүжүүлэх, сургах учраас хүүхдээ өөрөө авах хүсэлттэй байна. Би бэрдээ муу юм хэлж байгаагүй, араас нь хэд хэдэн удаа очсон. Энэ хүүхэд цаашид зөв хүмүүжил авах ёстой. Эд нар өөрсдөө гуйж ирсэн учраас тухайн үед хүүхдээ өгсөн. Гэтэл бидний итгэлийг дааж чадаагүй. Одоо энэ хоёр гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа. Тиймээс үрчлэлтийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хүсэлт гаргагч С.Абижат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ч гэсэн Т.Азимханы хэлсэнтэй санал нийлж байна. Би энэ хүүхдээ өсгөж чадахгүйн улмаас өгөөгүй. М.Амирхан нь манай нөхрийн гэрийн голомт сахисан дүү нь байсан учраас өгсөн. Одоо 6 сар боллоо. Энэ хүүхэд ямар ч хүмүүжил үзээгүй байж байна. Намайг зах дээр байхад Е.Ержангүл очиж хүүхдээ өгөхгүй гээд баахан хэрүүл, маргаан гаргаад явсан. Би өөрөө даралт ихтэй, эрүүл мэнд маань муутай хүн учраас хүүхдээ өөртөө авахыг хүсэж байна гэв.

Үрчлэн авагч М.Амирхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2002 онд гэр бүл болсон. Гэрлэсний дараа 2011 онд хүртэл хүүхэдтэй болж чадаагүй учраас ах дээрээ очиж хүүхдийг нь гуйж үрчилж аваад сайхан амьдарч байсан. Гэтэл өнгөрсөн жилээс эхэлж бид хоёрын хооронд маргаан гарсан. Бидний энэ байдлыг манай ах, бэргэн эгч нар мэдээд хүүхдээ авахаар хүсэлт гаргасан байна. Би намраас хойш эхнэрээсээ уучлалт гуйгаад зөндөө очсон боловч эвлэрч чадаагүй. Нэгэнт бид хоёр эвлэрч чадаагүй учраас хүүхдээ аав, ээждээ өгөхийг зөвшөөрч байна. Би ганцаараа энэ хүүхдийг өсгөж чадахгүй гэв.

Үрчлэн авагч Е.Ержангүл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2011 онд хадам ах, эгч нар дээр очиж энэ хүүхдийг гуйж үрчилж авсан. Ээж нь очиж гуйж авсан гэдэг нь худлаа. Бид хоёр өөрсдөө очоод гуйж авсан. Энэ хүүхдийг төрөөд 10 хоногийн дараа үрчилж аваад төрсөн хүүхдийн нэгэн адил өсгөж хүмүүжүүлсэн. Нөхөр маань архи ууж намайг болон хүүхдийг олон удаа зодож байсан. Би хүүхдээ хаяж явъя гэж бодоогүй. Гуйж авах гээд очиход надад өгөөгүй. Миний араас хоёр гурван удаа очсон, мөн нөхөр маань араас зөндөө очсон гэж байгаа нь худлаа. Хэрвээ намайг очиход хүүхдээ ав гээд өгсөн бол бид нар ийм байдалд хүрэхгүй байсан. Өөрөө өсгөж хүмүүжүүлсэн учраас хүүхдээ өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагч нарын хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч М.Азимхан, С.Абижат нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

Учир нь, РД:БВ69112936 Базархул хондыбай овогт Махметийн Азимхан, РД:БВ70040126 Ботахара овогт Сайланханы Абижат нар 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэж хууль ёсны эхнэр нөхөр болсон нь 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон ПА№67 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр,

-М.Азимхан, С.Абижат нарын гэр бүлд РД:БВ11252416 хүү Азимханы Бахытжан 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 231/005485 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Төрсний бүртгэлийн лавлагаагаар,

-2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Азимханы Бахытжаныг М.Амирхан, Е.Ержангүл нарт үрчлүүлэн авсан болох нь Хүүхэд үрчлүүлэх тухай Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай захирамж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 231/005486 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Үрчилсний бүртгэлийн лавлагаа, А.Бахытжаны ХААТР-11(Б) болон ХААТР-12(Б) маягтуудаар тус тус нотлогдож байна.

Бахытжаныг үрчлэн авагч РД:БВ78010911 Базархул хондыбай овогт Махметийн Амирхан, РД:БЭ77071508 Шыбарайгыр жандаулет овогт Елейн Ержангүл нар нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, тусдаа амьдраад 1 жилболж байгаа ба энэ хугацаанд үрчлэн авсан хүү нь болох Бахытжан нь бусдын /эмээгийн/ асрамжид байгаа нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Азимхан, С.Абижат, үрчлэн авагч М.Амирхан, Е.Ержангүл нарын өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Мөн үрчлэн авагч эцэг М.Амирханы гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд болон хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн М.Амирханд холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/06 дугаартай тогтоол, Е.Ержангүлийн шүүхэд гэрлэлт цуцлуулахаар гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагч М.Азимхан, С.Абижат нарын тайлбараар, мөн үрчлэн авагч Е.Ержангүл нь өөрийн гэсэн орон гэргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү Бахытжаныг төрүүлсэн эцэг М.Азимхан, эх С.Абижат нарт буцааж, тэдний асрамжид үлдээж, хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдөр төрсөн хүү Азимханы Бахытжаныг М.Амирхан, Е.Ержангүл нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийг хүчингүй хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдөр төрсөн РД:БВ11252416 хүү Бахытжаныг төрүүлсэн эцэг РД:БВ69112936 Базархул хондыбай овогт Махметийн Азимхан, төрүүлсэн эх РД:БВ70040126 Ботахара овогт Сайланханы Абижат нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Азимхан, С.Абижат нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК