Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1020

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Б-ийн М-д холбогдох эрүүгийн 2005031771712 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны ХХххх төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт 00000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б-ийн М /РД:000000000/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 60 тоотод оршин суух хохирогч Г.Б-тай “Т” гэх фейсбүүк хаягаар холбогдож “Timberland” гутал захиалж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.А-ийн 5280097924 дугаартай дансаар нийт 355.000 төгрөг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Г.Б-ийн:

“...2020 оны 8 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44-60 тоот гэртээ байхдаа өөрийн гар утсаараа фэйсбүүк үзэж байгаад “T” онлайн шоп гэсэн хаягаас 335.000 төгрөгийн эмэгтэй шар өнгийн түрийтэй арьсан гутал үзээд коммент бичиж үлдээсэн. Удалгүй “T” гэсэн фейсбүүк хаягаас “гуталны захиалга авч байгаа, мөнгөө 0000000000 дугаарын А гэсэн данс руу хийлгээрэй” гэж чат бичсэн. Тэгээд би урьдчилгаа хэдэн төгрөг вэ гэхэд 200.000 төгрөг болно гэхээр нь би гар утасныхаа интернэт банкаар уг данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр над руу уг хаягаас мөнгө хүрэхгүй байна. Та үлдэгдэл төлбөрөө яаралтай шилжүүлнэ үү гэсэн чат ирэхээр нь 45.000 төгрөг дансаар, орой нь 90.000 төгрөг уг данс руу интернэт банкаар шилжүүлсэн ба 7-10 хоногийн дараа уг хаяг руу бараа ирсэн үү гээд чат бичих гэтэл намайг блок хийгээд урьд нь чаталсан байсан чатаа устгасан байсан. Би зөвхөн фейсбүүк чатаар холбогдсон. Тухайн үед надад ямар нэгэн холбоо барих утасны дугаар, хаяг байршлаа өгөөгүй. Бараа ирэхгүй болохоор нь хүүхдийн 100-д байдаг “T” онлайн шоп гэсэн хаягтай дэлгүүр рүү очиж уулзахад хуурамч хаягаас таныг залилсан байна. Ийм хаягаас ийм дансаар олон хүн залилуулсан байна гэж хэлсэн. Тухайн үед манай дэлгүүрийн данс гээд өөр данс хэлж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-9/,

2.Иргэн Б овогтой А-гийн Хаан банкны дансны хуулга болон голомт банкны меморалын баримт /хх 26-27, 30/,

3. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...нэг эгч 8 сарын сүүлээр Timberland гутал захиалъя гэхээр нь манай эгчийн төрсөн хүүхэд А-гийн хүүхдийн мөнгөний 0000000000 тоот дансны дугаарыг өгсөн. Тэгэхэд над руу 350.000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр мөнгөөр нь интернэт покер тоглоод алдсан. Над руу чат бичээд байхаар нь би блоклочихсон...” гэх мэдүүлэг /хх 20-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 60 тоотод оршин суух хохирогч Г.Б-тай “Т” гэх фейсбүүк хаягаар холбогдож “Timberland” гутал захиалж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.А-гийн 00000000 дугаартай дансаар нийт 355.000 төгрөг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилсан болох нь:

-Хохирогч Г.Б-ийн мэдүүлэг,

-Иргэн Б овогтой А-гийн Хаан банкны дансны хуулга болон голомт банкны меморалын баримт,

-Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв

Хууль зүйн хувьд хуурч мэхлэх бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно. Шүүгдэгч Б.М нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилан мэхэлж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.М нь хохирогч Г.Б-ыг залилан 355.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч Г.Б нь 355.000 төгрөг төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.М 355.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчид прокурор, яллагдагч нарын тохиролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 306 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.М-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005031771712 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгййн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ДАЛАЙХҮҮ