Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2017/00128

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, утас *******, РД:БЮ********** Б овогт Ж ы Б ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Х, утас **********/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх Ж.А н нэрэмжит Ерөнхий Боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн Ажилд томилох тухай 25 дугаар тушаалаар тус сургуулийн иргэний боловсролын багшаар томилогдсон юм. Түүнээс хойш тухайн орон тоонд ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Ажилд томилох тухай 95 дугаар тушаалаар түүх нийгмийн багшийн цаг гарсан учир багшаар томилогдсон юм. Харин өмнө тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.М гийн гаргасан тушаал ёсоор би түүх, нийгмийн багшаар ажиллаж түүх, нийгмийн багшийн хичээлийг заах ёстой байсан боловч тус сургуульд шинээр захирлаар томилогдсон Х.Х нь надад түүх, нийгмийн хичээлийг зааж болохгүй гэсэн учраас иргэний боловсролын багшийн ажлыг хийж байгаа юм. Ж.Б би 2016 оны 9 дүгээр сард иргэний боловсролын чиглэлээр 19 цагийн хичээл зааж байсан бол Х.Х захирал ирснээс хойш 10 цагаар бууруулж одоо 9 цагийн хичээлийг заадаг болсон юм. Ер нь Х.Х нь тус сургуулийн захирлын ажилд томилогдсоноос хойш намайг ажлаас зайлуулахын тулд хичээлийн цагийг хорогдуулах, түүх, нийгмийн багшийн хичээлийг заалгахгүй зэрэг хууль бус ажиллагаа явуулсан явдалд гомдолтой байна. Эцэст сургуулийн захирал Х.Х нь намайг ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлөв. Ажил олгогчийн намайг багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Ажил олгогч Ж.Б намайг ажилд авахад анх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан юм.

2.Ажил олгогч Ж.Б надад ажлаас чөлөөлөх тухай урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй юм.

3.Ж.Б миний ажиллаж байгаа багшийн ажлын байрны орон тоо цомхтгогдоогүй, орон тоог цөөрүүлээгүй юм.

4.Захирал Х.Х намайг ямар ч шалтгаангүй зөвхөн үзэл бодлоор хавчин гадуурхаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

5.Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэг заалтыг баримтлаагүй нь тухайн тушаал хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Миний бие Ж.Б ажил олгогчийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалыг хууль бус эрхийн акт гэж үзээд өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг минь дахин сэргээхээр шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Ж.Б намайг Ерөнхий Боловсролын 4 дүгээр дунд сургуулийн иргэний боловсролын багш эсхүл түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшаар ажилд ороод 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 4 жилийн хугацаанд энэ мэргэжлээр хичээлээ заасан. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж тус сургуулийн захирал нь намайг цаашид ажиллах боломжгүй гээд ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Намайг чөлөөлөхдөө иргэний боловсролын багшаар ажиллаж байсан. Одоо миний оронд өөр хүнийг ажиллуулж байгаа. Иймд Баян-Өлгий аймгийн А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б 2012 онд Чингис хаан Дээд сургуульд Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжлээр суралцан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот тушаалаар Англи хэлний багш-нийгмийн ажилтан бакалаврын зэргээр төгссөн. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 95 тоот захирлын тушаалаар Түүх-нийгмийн ухааны багшаар томилсон бөгөөд 9 цагийн Иргэний боловсролын хичээл заалгаж 2016 оны 9, 10 дугаар сард үндсэн багшийн нормативаар цалин олгосон нь Бага, дунд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал мөн байсан. Бага, дунд боловсролын тухай хуулиар багшийн долоо хоногийн ажлын цаг нь 40 байна. Сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил 6 цагтай тэнцэх буюу ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана гэж заасан байдаг. /Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаартай тушаалыг хавсаргав/. Нэхэмжлэгч Ж.Быг 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25 тоот тушаалаар Иргэний боловсролын цагийн багшаар ажилд томилсон нь мөн адил зөрчилтэй мэргэжлийн бус багшийг томилсонтой холбоотой. Миний бие захирал Х.Х нь захирлын ажилд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласнаас хойш ард иргэдийн өргөдөл гомдлын мөрөөр цагийн түр багш нарын бичиг баримттай /диплом, багшлах эрх гэх мэт/ танилцаж үзэхэд Ж.Б нь Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй болох нь тогтоогдсон. Гэтэл аймгийн 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь цагийн түр багш Ж.Б Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй цаашид Иргэний боловсрол хичээл зааж болох болохгүй эсэх талаар албан бичиг явуулахад Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3/27 албан тоотоор Иргэний боловсролын хичээл зааж байгаа нь зөрчилтэй байна. Иргэний боловсролын хичээлийг түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн заах болно гэсэн Мэргэжлийн Хяналтын Газрын дүгнэлт гарсан болно. Мөн энэ талаар сургуулийн дотоод хяналтын дүгнэлтэд тусгаж, зөрчлийг арилгахыг зөвлөсөн. Иймд цагийн багш Ж.Быг цаашид ажиллуулах боломжгүй болсон учраас Иргэний боловсролын багшийн үүрэгт ажлаас 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн юм гэжээ.

Хариуцагч Өлгий сумын Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Ж.Б нь 2012 онд Чингис хаан дээд сургуульд англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжлээр сурсан. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот тушаалаар англи хэлний багш, нийгмийн ажилтны бакалавр зэргээр төгссөн. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 95 тоот тушаалаар түүх, нийгмийн ухааны багшаар томилсон бөгөөд 9 цагийн иргэний боловсролын хичээл заалгаж, 2016 оны 9,10 дугаар сард үндсэн багшийн нормативаар цалин олгосон нь Бага дунд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал болсон. Бага дунд боловсролын тухай хуулиар багшийн 7 хоногийн ажлын цаг 40 цаг байна. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 307/91/237 тоот тушаалд Сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил, 6 цагтай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана гэж заасан. Ж.Быг Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25 тушаалаар иргэний боловсролын цагийн багшийн ажилд томилсон нь зөрчилтэй, мэргэжлийн бус багшийг томилсонтой холбоотой. Ер нь иргэний боловсролын хичээлийг түүх, нийгмийн багш мэргэжилтэй багш заах эрх, үүрэгтэй. Миний бие Х.Х нь захирлын ажилд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс томилогдон ажилласнаас хойш ард, иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр цагийн түр багш нарын диплом, багшлах эрхтэй танилцаж үзэхэд Ж.Б нь ангил хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй болох нь тогтоогдсон. Гэтэл Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь цагийн түр багш Ж.Б нь ангил хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй, цаашид иргэний боловсролын хичээл зааж болох эсэх талаар албан бичиг явуулахад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3/27 тоот албан тоотоор иргэний боловсролын хичээл зааж байгаа нь зөрчилтэй байна. Иргэний боловсролын хичээлийг түүх, нийгмийн багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн зааж болно гэсэн дүгнэлт гарсан. Энэ тухай дотоод хяналтын зөвлөлийн дүгнэлтээр англи хэлний мэргэжилтэй Ж.Б нь иргэний боловсролын хичээл зааж байгаа нь зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон. Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар Ж.Б нь 9 дүгээр сард 132045 төгрөгийн илүү хөлс, 10 дугаар сард 240800 төгрөгийн илүү хөлс авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 307/91/237 тоот тушаал зөрчигдсөн нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гарсан. Тухайн үед багш ажилчид, эцэг, эх сурагчдаас санал хүсэлт ирсэн учраас мэргэжлийн дагуу ажилтай болгох хүсэлтийг харгалзан Ж.Быг цаашид ажиллуулах боломжгүй болсон учраас иргэний боловсролын үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас бүр мөсөн чөлөөлсөн болно гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Ж.А н нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш эсхүл түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг тус сургуулийн иргэний боловсролын багшаар эгүүлэн тогтоолгохыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн болно.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар нийгмийн ажилтан мэргэжилтэй Ж.Быг тус сургуулийн нийгмийн ажилтны орон тоонд 5 дугаар сарын 31-ээс түр, мөн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 25 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар иргэний боловсролын багш мэргэжилтэй Ж.Быг мөн өдрөөс иргэний боловсролын хичээлийн багшаар, мөн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар иргэний боловсролын хичээлийн цаг гарсантай холбогдуулан, түүхийн багш Ж.Быг 2014 оны 8 дугаар сарын 20-оос эхлэн, мөн захирлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар иргэний боловсролын хичээлийн цаг гарсантай холбогдуулан Ж.Быг 2015 оны 4 дүгээр сарын 01-оос эхлэн иргэний боловсролын багшаар тус тус томилж байсан.

Мөн Баян-Өлгий аймгийн Ж.А н нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 95 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг тус тус үндэслэн түүх нийгмийн цаг гарсан учир багш Ж.Быг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилон, мөн өдөр тус сургуулийн захирал А.М , ажилтан Ж.Б нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2-т ажлын байрны буюу албан тушаалын нэр гэдэгт: түүх, нийгмийн ухаан, иргэний боловсролын багш, 7-д хөдөлмөрийн гэрээний хугацаа гэдэгт: хугацаагүй гэж заасан байна.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Ж.А н нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 109 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд түүх нийгмийн цагийн багшаар түр хугацаагаар Ж.Быг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон боловч хариуцагч нэхэмжлэгч Ж.Бтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ноцтой зөрчсөн байна.

Мөн хариуцагч ямар үндэслэл, шаардлагын үүднээс нэхэмжлэгч Ж.Быг түүх нийгмийн цагийн багшаар түр хугацаагаар томилсон тушаал гаргаснаа нотлох баримтаар нотолж чадаагүй ба нэхэмжлэгч Ж.Б нь тус сургуульд түүх нийгмийн цагийн багшаар ажиллаагүй, тус сургуульд иргэний боловсролын багшаар ажиллаж байсан гэдэгт зохигчид маргаагүй ба шүүх хуралдаанд хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно. Хариуцагч талын шүүхэд бичгээр гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тайлбарт мөн энэ талаар тусгасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.А н нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тушаалаар Ж.Быг мөн өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

1) Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг баримталж тушаал гаргах ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй,

2) Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтан Ж.Бд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдээгүй байна.

3) Нэхэмжлэгч Ж.Быг иргэний боловсролын багшаар томилсон эрхийн акт байхгүй ч гэсэн бодит байдал дээр Ж.Б нь иргэний боловсролын багшаар ажиллаж байхад, ажлаас чөлөөлсөн тушаалд нийгмийн ухааны цагийн багшаар түр хугацаагаар ажиллаж байгаа Ж.Быг гэсэн нь бодит байдалтай нийцээгүй эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Б Чингис хаан дээд сургуулийг англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн нь 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №*************** дугаартай Дипломоор, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр багшлах эрх авсан нь ************* дугаартай Багшлах эрхийн үнэмлэхээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч иргэний боловсролын хичээлийг түүх, нийгмийн багш мэргэжилтэй хүн заах ёстой Ж.Б нь англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй учир мэргэжлээр тэнцэхгүй байгаа гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжлээрээ тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадвар түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр байхгүй байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын импорт, экспорт, хил хорио цээрийн хяналтын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3/27 дугаартай ...иргэний боловсролын хичээлийг түүх, нийгмийн багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн хүн заах ёстой гэх албан бичгийг мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан ёсны дүгнэлт гэж дүгнэх боломжгүй, мөн энэ албан бичиг нь тухайн салбарын мэргэжил, ур чадварыг тогтоох эрх бүхий албан тушаалтнаас гараагүй байна.

Хариуцагч талын гаргаж өгсөн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар Ж.Б 9 дүгээр сард 132045 төгрөг, 10 дугаар сард 240800 төгрөгийн илүү хөлс авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг, мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 307/91/237 тоот тушаалыг тус тус зөрчсөн гэх боловч Ж.Б нь цалин хөлс бичдэг, олгодог албан тушаалтан биш учир, мөн энэ дүгнэлт нь Ж.Б үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан тул, мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 хичээлийн жилийн дотоод хяналтын үйл ажиллагааны тайлан нь энэ хэрэгт хамааралгүй тул тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Быг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул түүнийг Өлгий сумын Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Өлгий сумын Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б овогт Ж ы Б ыг Өлгий сумын Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК