Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/232 

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

улсын яллагч Ф,

шүүгдэгчийн өмгөөлөгч К ,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 18-ны өдөр БӨ аймгийн Алтай суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, шаварчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүд болон дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй. Б , регистрийн дугаар БА70******.

Шүүгдэгч Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед БӨ аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Б гийн толгойн тус газарт хоолны халбагаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас/,

2. Гэрч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

3. Гэрч Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

4. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 501 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

5. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

6. Согтуурлын хэмжээг шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэлээр заалт нь 3.08% гарсан байдал /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

7. Яллагдагч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед БӨ аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Б гийн толгойн тус газарт хоолны халбагаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нийлээн согтож ухаанаа алдсан байсан. Харин нөгөө хэд сууж байхад ах болох Б  гаднаас орж ирээд намайг цохиж зодсон байна лээ. Үүнийг би мэдээгүй. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн, миний толгойноос цус гарч байсан. Тэгээд удалгүй түргэний эмч ирж эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас/,

- Гэрч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэд гаднаас орж ирэхэд 1 шил 0.75-ын хараа нэртэй архи авчирч хувааж уугаад дуусгасан. Дараа нь нөгөөдүүл нөхөр болох Д  руу хандаж, 1 шил архи аваад ир гэхээр нь би: “эзгүй айлд яагаад архи уугаад байгаа юм бэ, одоо та нар яв” гэхэд хүч өгөөгүй. Тэгээд би гарч яваад хөрш айлд ороод сууж байгаад буцаж ирэхэд Б гийн толгойноос цус гараад байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг гарч явсны дараа Д  1 шил архи авчирч тэд нар хувааж уугаад согтсон байсан. Цагдаа нар ирэхэд тэд нар бүгд согтуу байсан. Намайг гэрээс гарахад Б  ах ирээгүй байсан ба буцаж очиход гэртээ ирсэн, нөгөөдүүлтэй хамт архи ууж согтсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

- Гэрч Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд Н  гаднаас 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи авч ирж бид хэд хувааж уугаад дуусгасан. Дараа нь би гарч 1 шил 0.75 литрийн сүлд нэртэй архи авч ирж, бид хэд хувааж ууж байхад Б  гаднаас халамцуу орж ирсэн. Ингээд Б бид над нартай хамт архи ууж сууж байгаад Б тай маргалдаж, манайд яагаад хүн дагуулж ирээд архи уугаад байгаа юм бэ? гэж хэрэлдсэн. Тухайн үед Б , Ц , Б , Н  нар нийлээн согтсон байсан. Тэгж байтал Б  нь Б г загнаад маргалдаж байх хооронд Б гийн толгойноос цус гарах шиг болсон. Б  нь Б гийн толгойн тус газар цохисон юм шиг байсан. Чухам юугаар цохисныг анзаарч хараагүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “...Иргэн Б гийн биед тархины доргилттой, даралттай, зулайны хуйхны 2 хэсэгт зүсэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б гийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно” гэх 501 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

- Согтуурлын хэмжээг шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэлээр заалт нь 3.08% гарсан байдал /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

- Яллагдагч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Тухайн үед миний толгой өвдөөд байсан болохоор гаднаас 200 гр архи уусан байсан. Намайг гэртээ очиход Д , дүү болох Б , Б , Н , Ц  нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нийлээн халсан сууж байсан. Тухайн үед би ч гэсэн тэд нарын ууж байсан архинаас ууж сууж байхад дүү Б  бид хоёр хоорондоо маргалдаж,  улмаар би уурлаад том халбагаар 2 удаа түүний толгой хэсэг руу нь цохисон. Тэгсэн Б гийн толгойны тус газраас цус гарсан бөгөөд О  эгч Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б  нь иргэн Б г   зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б өөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б ийн хохирогч Б гийн эрүүл мэндэд “тархины доргилттой, даралттай, зулайны хуйхны 2 хэсэгт зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтуурсан байдал, зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2 дахь хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б гийн зүгээс шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, надад санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлжээ /хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б өд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б  нь хохирогч Б тай сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэн баталгаа гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай саналд яллагдагч Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б   хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б өд холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 33 см-ийн урт, 2 см-ийн өргөн, ажлын хэсэг нь 7х9 см-ийн хэмжээтэй дугуй хэлбэртэй, иштэй хоолны төмөр том халбага 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б өд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 33 см-ийн урт, 2 см-ийн өргөн, ажлын хэсэг нь 7х9 см-ийн хэмжээтэй дугуй хэлбэртэй, иштэй хоолны төмөр том халбага 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ