Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/157 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б,

Хохирогч А ,

Шүүгдэгч Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т , 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БМ88031014

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т  нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох А ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Т г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

     Шүүгдэгч Т  нь  2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр болох А ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Миний нөхөр болох Т  нь Улаанбаатар хотод ажиллаж байгаад өнөөдөр 15 цагийн үед гэртээ ирсэн. Т  гэртээ ирэхдээ нэлээд халамцуу ирж, намайг цай хоол хийж байхад пиво аваад ир гэж хэлсэн. Би түүнд чи дөнгөж сая гэртээ  ирж байж хүүхдүүдийнхээ дэргэд архи пиво нэхэхгүй амарч болдоггүй юм уу гэхэд миний үгэнд оролгүй хүүхдээ дэлгүүр лүү пиво авхуулахаар явуулсан. Охин А  пиво авч ирэхээр гараад явсны дараа миний бие унтлагын өрөөнөөс Ардчилсан намын сурталчилгааны материалуудыг аваад гарах гэж байхад нөхөр Т  нь ардчилсан намыг чи гаргах юм уу гэж хэлээд гараараа миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, миний үснээс татсан. Тэгээд миний тарааж байсан сурталчилгааны материалуудыг миний цүнхнээс гаргаж аваад гадаа гаргаж хаяад буцаж орж ирээд тэр материалуудаа цуглуулж ав гэж хэлэхэд нь би гэрийнхээ гадна гараад газарт хаясан байсан сурталчилгааны материалуудыг газраас түүж аваад байж байхад дэлгүүр рүү явсан А , Т  нар ирээд надтай хамт газарт хаясан байсан материалуудыг хамт цуглуулж байхад нөхөр Т  нь гэрээс гарч ирээд гэртээ орцгоо гэж хэлээд миний гараас татсан. Энэ үед хүүхдүүд уйлж орилж байхад манай гэрийн хажуу талын хөрш Р , Д  нар ирээд нөхөр Т г боль гэж хэлэхэд хүч өгөлгүй намайг өргөж гэрт оруулаад газарт шидчихсэн. Энэ үед бидний араас Р , Д  нар орж ирээд боль гэж хэлэхэд тоохгүй, намайг өшиглөж байсан. Манай нөхөр Т  надаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх мэдүүлэг/ хх-ийн 16-17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Иргэн А ы биед тархины доргилттой, духны баруун талд хавдартай, хамрын нурууны мурийлттай, хавдартай, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт зурагдсан шархтай, баруун мөрний доод хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шууны гадна хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, доод хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зулайны ар талд заагталд зурагдсан шарх, зүүн бугалгад хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн ба баруун алганы зөв талд хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд эрүүний үүдэн 1,2 шүд суларсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн А ы дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. 2.Иргэн А ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/, шүүгдэгч Т гийн согтуурлыг шалгасан магадлагаа /хх-ийн 12-р хуудас/, шүүгдэгч Т гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “Би гэр бүлээсээ хол Улаанбаатар хотод 3 сар ажиллаж байгаад 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн автобусаар Баян-Өлгий аймаг руу гэртээ очихоор явсан. Замдаа би эхнэртэйгээ утсаар байнга холбогдож ярьж байсан ба Өлгийд ирээд автобуснаас буугаад гэрлүүгээ явж байгаагаа мөн хэлсэн. Ингээд гэртээ ирэхэд эхнэр байгаагүй, миний 3 хүүхэд байсан тул утсаар ярьж эхнэрээ дуудсан. Эхнэр гэртээ ирсний дараа миний уур хүрээд байхаар нь би хүүхдээ дэлгүүр явуулж 3 ширхэг пиво авхуулж уусан. Пиво ууж дууссаны дараа би эхнэрт хандан “намайг 3 сар ажиллаж яваад ирэхэд чи өөр хүнтэй уулзсан” гэж хэлснээс болж бидний хооронд хэрүүл гарсан. 3 сар ажиллаж яваад ирэхэд эхнэр гэрт байхгүй байсан ба дуудуулж ирчхээд дахин гарч сонгуулийн ажилд явна гэж хэлэхээр нь би уурлаад түүний толгой тус газар гараараа 1 удаа, мөн цүнхээрээ толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон нь үнэн. Энэ бүхэн миний буруу байсан тул би эхнэрээсээ уучлалт гуйж,бид эвлэрч одоо хамт амьдарч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа тул надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Т д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

     Хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Т  нь Улаанбаатар хотоос Баян-Өлгий чиглэлийн автобусаар ирэхэд эхнэр болох А  гэртээ байхгүй байснаас шалтгаалан түүнийг хардан, зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байна.     Шүүгдэгч Т , хохирогч А  нар нь 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон нь хэргийн 34-р талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Т  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

     Шүүгдэгч Т  нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

     Шүүгдэгч Т гийн үйлдлийн улмаас хохирогч А ы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн эхнэртээ итгэх итгэлгүй, харддаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд прокуророос шүүгдэгч Т д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч нь шүүгдэгч Т д холбогдуулж, гэмт хэргийн улмаас учирсан  хохирол нэхэмжлээгүй ба цаашид нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол байхгүй, мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-х хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч А  хохирол, гомдолгүйгээ илэрхийлсэн, оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Т  нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохистой гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Т д хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Т  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөг буюу  500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА