Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1028

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-ийн Б-д холбогдох эрүүгийн 2005029491620 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт 00000 тоотод оршин суух,

- урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 836 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар 11 хоногийн хорих ял,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар 11 хоногийг хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт У-ийн Б /РД:000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч П.О-ийн гараас “Жак Даниелс” нэртэй 1 литрийн хэмжээтэй вискиг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 95.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К“ дэлгүүрээс reebook нэрийн 1 ширхэг пүүз болон ширээн дээр байсан iphone 7 plus загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Ц-д 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч П.О-ийн:

“...2020 оны 09 дүгээр 29-ний өдөр 22 цагийн орчим миний бие Баянгол дүүрэг, 11 хороо, 36-р байранд байрлах “Ф” нэртэй супермаркетад байхад үл таних нэг эрэгтэй орж ирээд лангуун дээрх барааг маань тойрч хараад гараад явсан. Төд удалгүй эргэн орж ирээд архи, согтууруулах андууны зүйлс байдаг лангууны орчимд очоод надаас баахан архины үнэ асуугаад байсан. Тэгээд лангуун дээрээс 1 литрийн “Жак Даниелс” виски, бидний ундаа, рулет аваад кассан дээр бичүүлэх гэж зогссоноо Хаан банкны карт өгөөд би пос машиндаа уншуулахад үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж гарч ирсэн. Тэгсэн нөгөө залуу миний гарт байсан шилтэй “Жак Даниелс” вискиг булааж аваад зугтаасан. Би 2020 оны 08 дугаар сард бөөний үнээр буюу 98.000 төгрөгөөр худалдаж авсан. Хяналтын камерын бичлэг байгаа ба надад харуулсан Б гэх хүн мөн байна. Би урьд өмнө ийм нөхцөл байдалд орж байгаагүй болохоор айж сандраад болсон явдлыг сайн санахгүй байсан учир тухайн эрэгтэйг миний гарт байсан вискиг авч зугтаасан гэж бодсон юм. Камерын бичлэг үзэхэд миний гарнаас биш, касны лангуун дээр тавьсан байхад нь тухайн эрэгтэй хүн авч зугтсан юм байна лээ. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх14-15, 32-33/,

2. Гэрч Г.Э-ийн:

“...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр найз Б над руу залгаад хорооллын бичил дээр уулзъя гэхээр нь би очсон. Тэгээд 22 цагийн үед өөрийн цагаан өнгийн 00-00 УБС улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз болох Б болон түүний найз И нарын хамт Баянгол дүүрэг 11 дүгээр хороо зурагтын орчимд явж байхад Б надад хандан дэлгүүр орж архи авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Монголын Үндэсний их сургуулийн орчим байрлах нэрийг нь сайн санахгүй байна нэг супермаркетын үүдэнд зогсоод Б тухайн дэлгүүр лүү орсон. Ойролцоогоор 5-6 минутын дараа Б дэлгүүрээс гүйж гарч ирээд машины хажуугаар чигээрээ гүйгээд яваад өгсөн, тэгэхээр нь би машинтайгаа МҮИС-ын буудал дээр очиж авсан ба Б машинд суугаад 3, 4-р хорооллын эцэс дээр буусан. Би үргэлжлүүлээд таксинд явсан. Дэлгүүрээс гарч ирээд надад юм хэлээгүй, гар утсаараа хүнтэй ярьж байснаа баарны үүдэнд буусан. Б-ыг дэлгүүрээс виски аваад зугтаасан талаар би тухайн үед огт мэдээгүй, машинд суухдаа 1 шилтэй виски бариад орж ирсэн, тэгээд гараад Монголын Үндэсний их сургуулийн автобусны буудал руу гүйгээд байхаар нь ямартай ч мөнгөө төлөлгүй аваад гараад ирсэн юм шиг байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

3. “Ф” нэртэй супермаркетын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 09-11/,

4. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /хх 21-22/,

5. Шүүгдэгч У.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... “Жак даниелс” нэртэй нэг ширхэг виски, 1 ширхэг кола зэргийг аваад худалдагч дээр очоод авсан зүйлээ худалдагчийн урд байрлах ширээн дээр тавиад өөрийнхөө картыг өгч тооцоог хийх гэхэд миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь картаа эргүүлж аваад ширээн дээр байсан нэг ширхэг “Жак даниелс” нэртэй вискийг аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх 31/,

6. Хохирогч М.Ц-ийн:

“ 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед “М” төвийн 1 давхарт байрлах Солонгос хүүхдийн хувцасны дэлгүүр дээр ажиллаж байсан юм. Би кассын эсрэг талын ширээн дээр суудаг. Тухайн үед гар утсаа ширээн дээр тавиад үйлчлүүлэгчид гутлын размер үзүүлээд ойролцоогоор 1-2 минутын дараа ширээн дээрээ ирэхэд гар утас маань байхгүй болчихсон байсан. Тэгээд би дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэж үзэхэд үл таних хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн орж ирээд миний гар утсыг мөн пүүзний лангуун дээрээс цагаан өнгийн ногоон оруулгатай гееbоок брэндийн пүүз аваад гарсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр залуу ганцаараа орж ирсэн, орж ирээд надаас ямар нэг юм асуугаагүй, бараа үзээд явж байх шиг байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 60-61, 79-80/,

7. “К“ дэлгүүрийн зарлагын баримт /хх 53/,

8. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 50-51/,

9. “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 68/,

10. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 55-57/

11. Шүүгдэгч У.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...би лангуун дээр байсан Reebok нэртэй цагаан өнгийн пүүз байж байхаар нь гартаа бариад гарах гээд явж байхад үүдний ширээн дээр iphone 7 plus загварын гар утас байж байхаар нь тухайн гар утсыг аваад тэр чигээрээ дэлгүүрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.Бод холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч У.Б нь П.О-ийн гараас “Жак Даниелс” нэртэй 1 литрийн хэмжээтэй вискиг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 95.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч М.Ц-ийн reebok нэрийн 1 ширхэг пүүз болон ширээн дээр байсан iphone 7 plus загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Бод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч П.О-ийн гараас “Жак Даниелс” нэртэй 1 литрийн хэмжээтэй вискиг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 95.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” дэлгүүрээс reebok нэрийн 1 ширхэг пүүз болон ширээн дээр байсан Iphone 7 plus загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Цогзолмаад 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

-Хохирогч П.О-ийн мэдүүлэг,

-Гэрч Г.Э-ийн мэдүүлэг,

-“Ф” нэртэй супермаркетын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ, -Хохирогч М.Ц-ийн мэдүүлэг,

- “К“ дэлгүүрийн зарлагын баримт,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

- “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд прокуророос шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Б-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч П.О-д 95.000 төгрөгийн, хохирогч М.Ц-д 800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч У.Б нь дээрх хохирлын төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх  ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч У.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаа ял шийтгүүлж байсан байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч У.Б нь “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005029491620 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт У-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч У.Б-ыг:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 /долоон/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Хэрэгт хавсаргасан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ