Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 145

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Бг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, АМГТГКХ-ын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаар тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох

Гуравдагч этгээд: “Б с” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан “Сонгон шалгаруулалтын комиссын” дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, АМГТГКХ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Бг групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.С, Б.Х, хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бг групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Бг групп” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутгийг хамран байрлах 5623,7 га газар бүхий Мөст нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад “М С энд С” ХХК, “Б Од майнинг” ХХК, “Б с” ХХК-тай өрсөлдөж сонгон шалгаруулалтын саналаа хууль журамд заасны дагуу бүрдүүлэн өгсөн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд шалгаруулалтад оролцсон дээрх 4 компанид техникийн саналын оноог бүгдэд нь адил 34 оноо өгсөн байсан. Ашигт малтмал геологийн салбарт үйл ажиллагаа явуулсан хугацаа, туршлага, боловсон хүчний болон техникийн нөөцийн хувьд харилцан адилгүй дээрх 4 компанийн саналыг адил түвшинд үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын нэр дээр манай компани гомдол гаргасан боловч 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/5059 тоот  албан бичгээр бидний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. 

Ингээд бид дээрх сонгон шалгаруулалттай холбоотой шийдвэрийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтын саналд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Манай компани Ховд аймгийн алтай сумын нутаг “Уудавын булаг” нэртэй ХҮ-020672 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 169,38 га талбайд 3 жил гаруй геологийн хайгуулын ажил гүйцэтгэж байна. Мөн энэ оноос эхлэн Ховд аймгийн Алтай сумын нутаг дах “Дов” нэртэй ХҮ-017947 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 2675,98 га газарт геологийн эрэл хайгуулын ажлыг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Манай компани геологи хайгуулын ангитай бөгөөд тус ангид бакалавр, магистр докторын зэрэгтэй геологийн салбарт 5-40 жил ажилласан туршлагатай геологичид ажилладаг бөгөөд өрмийн станок, геофизикийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Мөн жил бүр геологи хайгуулын ажилд гарахын өмнө сум орон нутгийн удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар Ховд аймгийн алтай болон Мөст сумдад 250 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж өгөөд байна. 

Гэтэл геологи хайгуулын ажлын туршлагагүй, ямар ч мэргэжлийн ажиллах хүчингүй, техник тоног төхөөрөмжгүй энэ салбарт хуулийн дагуу ажиллаж байгаагүй компанийг сонгон шалгаруулалтад шалгарсныг баталсан тушаалыг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргаад байна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалаар “Б с” ХХК-г тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан компаниар баталгаажуулсан байна. Бидний зүгээс сонгон шалгаруулалтад оролцсон бүх компанид ижил оноо өгч байгаад өөрсдийн ашиг сонирхлын давуу байдлаар “Б с” ХХК-г шалгаруулсан гэж үзэж байна. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/42 тоот тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комиссын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн дүгнэлтийг хүчингүй болгож дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалыг мөн хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутгийг хамтран байрлах 5623,7 га газар бүхий Мөст нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн “Бг групп” ХХК, “М С энд С” ХХК, “Б Од майнинг” ХХК “Б С” ХХК-ийн материалд дахин үнэлгээ өгөхийг даалгуулах, АМГТГКХ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга , хариуцагч АМГТГКХ-ын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/42 тоот тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комиссын /цаашид Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисс гэх/ тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан “Сонгон шалгаруулалтын комисс”-ын дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна 

“...Мгол Улсын Их хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан бөгөөд уг бодлогын баримт бичигт нийцүүлэн Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг Мгол Улсын Засгийн газарт олгосон бөгөөд Засгийн газар 2014, 2015, 2017 онуудад холбогдох тогтоол гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлж, Ашигт малтмал, газрын тосны газраас өргөдлөөр болон сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зааж өгсөн байдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах, гэж заасны дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон  шалгаруулалтын журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ”-ний маягтыг хоёрдугаар хавсралтыг тус тус баталсан. 

Ашигт малтмалын  тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 511, 2017 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ээлжит сонгон шалгаруулалт явуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай А/80 дугаар тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлах талбайг хавсралтаар баталж, олон нийтэд өөрийн байгууллагын цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлд зарлан мэдээлсэн.

Сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг хүлээн авсан талаар уг сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн саналыг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга С.Дашдаржаа, комиссын гишүүн Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батхүү нэр тус байгууллагын 309 тоот өрөөнд хүлээн авсан. Нийт 15 аж ахуй нэгжээс 15 санал ирүүлсэн. Сонгон шалгаруулалтад аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн саналыг нээсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/42 дугаар тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 09 цаг 30 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын зааланд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн 15 аж ахуй нэгжийн төслийг оролцуулан сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээсэн. Сонгон шалгаруулалтын комиссын дарга Д.Мөнхтамир аж ахуйн нэгжийн төлөөлөл болон бусад оролцогч нарт комиссын бүрэлдэхүүнийг танилцуулан Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 37 дугаар тогтоолыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг дөрвөн талбайд ирүүлсэн саналыг танилцуулсан. Уг сонгон шалгаруулалтад 15 аж ахуй нэгжээс 15 саналыг ирүүлснээс СШ17-4 кодтой талбайд 5 аж ахуй нэгж санал ирүүлсэн байна. Үүнд Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутаг 5623.7 га бүхий Мөст нэртэй талбайд “М С энд С” ХХК, “Б Од майнинг” ХХК, “Б с” ХХК, “Баян Сутайн зам” ХХК, “Бг групп” ХХК санал ирүүлсэн байна. 

Аж ахуй нэгжийн ирүүлсэн саналыг талбай тус бүрээр нь уншиж танилцуулсан дарааллын дагуу нээж Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2-т заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Сонгон шалгаруулалтын комисс аж ахуй нэгжээс ирүүлсэн санал бүрийн лац, бүрэн бүтэн байдлыг тухайн аж ахуй нэгжийн төлөөлөлд нэг бүрчлэн шалгуулан дээр дурдсан дэс дарааллын дагуу саналыг нээж  иж бүрдлийг нь шалгаж авсан. Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутаг 5623.7 га бүхий “Мөст” нэртэй СШ17-4 кодтой талбайд “Баян Сутайн зам” ХХК-ийн ирүүлсэн санал тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.4.3-д заасан шаардлага хангаагүй тул уг журмын 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасны дагуу хүчингүйд тооцож саналыг тус аж ахуй нэгжийн төлөөлөл Х.Ганхуягт буцааж хүлээлгэж өгсөн. Сонгон шалгаруулалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутаас 15 цаг 30 минутад тус газрын 210 тоот өрөөнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн аж ахуй нэгжийн техникийн саналыг үнэлсэн. Уг үнэлгээгээр аж ахуй нэгжүүд техникийн саналдаа дараах оноог авсан. Үүнд “М С энд С” ХХК 33,6, “Б Од майнинг” ХХК 34,0, “Б С” ХХК 34,0, “Бг групп” ХХК 34,0 оноог тус бүр авсан. Үнийн саналыг нээсэн талаар Сонгон шалгаруулалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутаас тус газрын 210 тоот өрөөнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн аж ахуй нэгжийн үнийн саналыг нээсэн. Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.6-д заасны дагуу дор дурдсан дэс дарааллаар Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгжүүдийн төлөөллийг байлцуулан үнийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж ялагчийг тодруулан танилцуулсан. Сонгон шалгаруулалтын комиссын дарга нарийн бичгийн дарга, гишүүд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг минутад ашигт малтмалын хайгуулынн тусгай зөвшөөрөл олгох сонгон  шалгаруулалтад Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутаг 5623,7 га бүхий “Мөст, нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцон санал ирүүлсэн аж ахуй нэгжийн үнийн саналыг нээж тухайн талбайд шалгарсан оролцогчийг тодруулж үнэлэх ажлыг дуусгасан. 

Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн хувьд Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээг үндэслэн Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 07 дугаар  сарын 16-ны өдрийн №6 дугаар дүгнэлт гарсан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай А/120 дугаар тушаалаар дээрх комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулсан. Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу шалгарсан аж ахуй нэгжид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 7/4815 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтад санал болгосон босго үнийг төлөх тухай мэдэгдлийг “Б с” ХХК-д хүргүүлсэн байна. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийн дагуу “Б с” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль, журамд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Б С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндсэн шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад орж СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтын дүгнэлт гарсан. “Б с” ХХК нь өнөөдөр Б аймгийн Мөст сумыг дамнан орших Мөст нэртэй 5426 м.кв газарт хайгуулын 020847 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж хууль ёсоор тусгай зөвшөөрлөө хэрэгжүүлж байна. Дээрх сонгон шалгаруулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдаж Хууль зүй, дотоод хэргийн яамны хэм хэмжээ тогтоосон актаар 3514 дугаарт бүртгэгдсэн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу явагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү талбайд сонгон шалгаруулалт 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зарлагдсан. Зарлагдсан сонгон шалгаруулалтыг цахим хаягаас олж мэдсэн. Үүний үндсэн дээр тухайн сонгон шалгаруулалтад орсон. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалтын материалыг АМГТГКХ хүлээж авсан. Нэхэмжлэгчийн хувьд хамгийн сүүлд материалаа өгсөн. Техникийн саналыг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр талуудыг байлцуулан нээсэн. Техникийн саналыг нээж үнэлэх ажиллагаа эхлэхэд 4 компани шалгарсан. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж байгаа компаниас нэг компани 33.6 оноо, 3 компани 34 оноо авсан. “Б с” ХХК-ийн хувьд хамгийн өндөр үнийн санал гаргасан. Хамгийн өндөр үнийн санал гаргаснаараа дээр дурдсан журмын 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасны дагуу 50 оноог автоматаар авсан. Өнөөдрийн байдлаар “Б с” ХХК энэ төслийг хэрэгжүүлэх явцад 260 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гаргаж байгаа. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор байршлын хувьд нэг газар хэд хэдэн хуулийн этгээд хамтран эсхүл хуулийн этгээдийн нэгдэл тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага хүсэлт гаргасан этгээдүүдийн аль нэгнийх нь талд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу энэ сонгон шалгаруулалтад “Буман эксплорейшн” ХХК-тай техник тоног төхөөрөмж хангуулахаар гэрээ байгуулсан. Түүнчлэн мэргэжлийн геологичтой мэргэжлийн баг бүрдүүлэхийн тулд Ашигт малтмалын геофизикийн судалгааны ажлыг “Юниверсал Логгингс” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэхээр тохирсон. Энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцнэ гэж үзсэн. Нөгөө талаас Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан шаардлага хангуулан хүргүүлсэн. Гуравдагч этгээдийн зүгээс СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг ижил түвшинд хангасан. Талууд мэдээллийг тэгш авч, оролцох эрхийг тэгш хангасан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмал, газрын тосны газраас геологи хайгуулын ажлын туршлагагүй, ямар ч мэргэжлийн ажиллах хүчингүй, техник тоног төхөөрөмжгүй энэ салбарт хуулийн дагуу ажиллаж байгаагүй компани болох Б с” ХХК-ийг сонгон шалгаруулсан тушаал, уг тушаалд үндэслэн гарсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр нь үндэслэлгүй, мөн уг сонгон шалгаруулалтад оролцсон бүх компанид ижил оноо өгч байгаад өөрсдийн ашиг сонирхлын давуу байдлаар “Б с” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “...Ашигт малтмалын  тухай хууль, Засгийн газрын тогтоолыг тус тус үндэслэн ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ээлжит сонгон шалгаруулалт явуулах талаар олон нийтэд өөрийн байгууллагын цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлд зарлан мэдээлсний үндсэн дээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дүгнэлтээ гаргаж, үнэлгээгээ баталгаажуулсан. Сонгон шалгаруулах комисс нь хууль болон журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, оролцогч компаниудад холбогдох үнэлгээг өгсөн болно. Иймд АМГТГКХ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийн дагуу “Б с” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль, журамд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

1. Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан гаргасан “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан “Сонгон шалгаруулалтын комиссын” дүгнэлтийг хүчингүй болгож, СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах” шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу зохион байгуулж, доор дурдсан ажиллагааны аль нэгийг гүйцэтгэнэ”, 20.1.1-д “Хүсэлт гаргасан хуулийн этгээдийн техникийн болон үнийн саналд энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж тус тус заасны дагуу хариуцагч байгууллага нийт 4 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Уул уурхайн сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын хавсралтаар “Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Сонгон шалгаруулалт зохион явуулах комиссын бүрэлдэхүүнийг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлах бөгөөд комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгч, комисс дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/42 дугаар тушаалаар нийт 4 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан байна. 

Нэхэмжлэгч Бг групп ХХК, гуравдагч этгээд Б с ХХК тус тус Ашигт малтмал, газрын тосны газраас зарлагдсан Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутгийг хамран байрлах 5623.7 га газар бүхий Мөст нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-17-4 кодтой сонгон шалгаруулалтад “М С энд С” ХХК, “Б Од майнинг” ХХК, “Баян сутайн зам” ХХК-иудтай өрсөлдөж сонгон шалгаруулалтын саналаа хууль, журамд заасны дагуу бүрдүүлэн өгсөн байна. 

Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмын 8.2-д “Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгнө ...” гэж заасны дагуу дээрх тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээний маягтын дагуу дээрх комиссын гишүүд өөр өөрсдийн үнэлгээгээ өгсөн бөгөөд комиссын гишүүн Ж.Батмагнай нь өөрийн бөглөсөн “Бг групп” ХХК-ийн үнэлгээний хуудсан дээрх оноог нэмэхдээ техникийн алдаа гаргаж 2 оноо нэмсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан уг үнэлгээний хуудсаар тогтоогдож байна.  

Түүнчлэн шүүх дээрх комиссын гишүүд тус бүрээс оролцогч компаниудад тавьсан үнэлгээг хэрхэн ямар үндэслэлээр өгсөн талаар тайлбар авсан бөгөөд тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх журмын 6.2-т “Сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн нь хууль, эрх зүйн болон хайгуул, ашиглалтын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай байна” гэж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, мөн хэргийн оролцогчдоос комиссын гишүүн тус бүрийн оролцогч компани бүрт өгсөн үнэлгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд комиссын гишүүдийн үнэлгээг нэгтгэн дүгнэсэн дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу Сонгон шалгаруулалтын материалд дахин үнэлгээ хийсний дараа түүний үр дүнгээс хамаарч нэхэмжлэгч Бг групп ХХК нь дахин маргахыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн хуулиар олгогдсон эрхэд халдахаар байна гэж шүүх үзлээ.

Иймд уг сонгон шалгаруулалтын комисс нь Ашигт малтмалын тухай хууль болон Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулж журмын 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын үнэлгээ болоод үнэлгээний дүнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар тушаалын хавсралтаар баталгаажуулсан нь хуульд нийцсэн байна гэж үзэхээр байна. 

Мөн нэхэмжлэгч “Бг групп” ХХК нь тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...геологи хайгуулын ажлын туршлагагүй, ямар ч мэргэжлийн ажиллах хүчингүй, техник тоног төхөөрөмжгүй энэ салбарт хуулийн дагуу ажиллаж байгаагүй компанийг сонгон шалгаруулалтад шалгарсныг баталсан...” гэх боловч хэрэгт авагдсан “Б с” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, 2017 оны 06 дугаар сард “Юниверсаль логгинг” ХХК-тай байгуулсан “Цооногийн геофизикийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-гээр тус тус тогтоогдож  байна.   

2. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаал, АМГТГКХ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд хүргүүлнэ”, 20.5-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ. 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 7/4815 тоот албан бичгээр “Б с ХХК-ийг сонгон шалгаруулалтад оролцон шалгарсанд баяр хүргэж, санал болгосон үнэ болох 1.312.620.000 төгрөгийг ажлын 5 өдөрт багтаан тус газрын дансанд тушаах үүрэгтэй талаар мэдэгдсэний дагуу тус компани уг төлбөрийг төлсөн, мөн уг төлбөр төлсөн баримт дээр үндэслэн “Б с” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банкны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Б с” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл зэргээр тогтоогдож байна.

Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар тушаал болон уг тушаалын хавсралтаар баталгаажуулсан сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээ нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн, уг дүгнэлтээр маргаан бүхий талбай болох Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутаг 5623,7 га бүхий “Мөст, нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 талбайн кодтой сонгон шалгаруулалтын үнэлгээгээр “Б с” ХХК нь шалгарч АМГТГКХ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцжээ.

Түүнчлэн маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар тушаал, түүний хавсралтаар баталгаажсан Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй, дээрх шийдвэрүүдээр зөвхөн “Бг групп” ХХК-ийн асуудлыг шийдвэрлээгүй, 4 талбайд ирүүлсэн 15 компанийн асуудлыг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу бусад талбайд шалгарсан компанийн үнийн саналыг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.

Дүгнэвэл, хариуцагч нар нь холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, маргаан бүхий тушаал, шийдвэрийг гаргасан байх бөгөөд уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисс, АМГТГКХт холбогдуулан гаргасан “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан “Сонгон шалгаруулалтын комисс”-ын дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Бг групп” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.3, 20.5-д тус тус заасныг баримтлан “Бг групп” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 42 дугаар тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисс, АМГТГКХ-ын даргад тус тус холбогдуулан гаргасан “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан “Сонгон шалгаруулалтын комисс”-ын дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/120 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох СШ17-4 кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА