Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0457

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч С.О,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд Олон улсын хүүхдийн Найрамдал төв УТҮГ

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 349 дүгээр,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2021/0827/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-оос гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, талуудын маргасан үндэслэлийг бүрэн дүгнэн шийдвэрлэж чадаагүй байна.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа хэд хэдэн үндэслэлийг тайлбарлан маргасан байтал анхан шатны шүүхээс үндэслэл тус бүрийг дүгнэлгүйгээр хэт нэг талыг барин шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын “42” дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч С.О нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд зуслангийн зориулалтаар 400 мкв газар эзэмших эрхтэй болсон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаагаар сунгасан. Маргаан бүхий захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамж нь газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамж байтал үүнийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Хариуцагчаас дээрх үндэслэлүүд нь С.О-д анх газар эзэмших эрх олгохдоо дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж тайлбарладаг боловч анх газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгон шийдвэрлээгүй юм.

 

Анхан шатны шүүхэд энэ талаар тайлбарлан маргасан боловч шүүхээс энэхүү үндэслэлийг огт харгалзан үзээгүй, энэ талаар огт дүгнээгүй байна. С.О-ийн эзэмшлийн газар нь Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн эзэмшил газартай давхцалтай байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл Олон улсын хүүхдийн Найрамдал төв нь анхнаасаа С.О-д газар эзэмших эрх олгохыг зөвшөөрсөн бөгөөд үүнийг мэдэж байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа билээ.

 

Ийнхүү хууль тогтоомжийн дагуу, тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр актлагдсан барилгыг авч, үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг эзэмших эрхтэй болсон байтал хууль зөрчин газар эзэмших авсан мэтээр хожим хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд Найрамдал төвийн актлагдсан барилгыг шилжүүлэн авсантай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газарт газар эзэмших эрх хүссэн тул анхнаасаа давхцалтай байсан гэдэг нь туйлын тодорхой асуудал юм. 

Гэтэл хариуцагчаас газар эзэмшигч С.О нь газар төрийн хяналт, хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэсэн зарчмуудыг зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд үндэслэх зарчмыг илтэд зөрчсөн үйл ажиллагаа юм.

 

Хариуцагчаас Газрын тухай хуулийн дээрх зарчмууд болон Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Тухайн газарт ямар хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа явуулсан талаарх баримт хэрэг огт байхгүй бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдээс нийтэд илэрхий баримт гэж тайлбарласныг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн эрхэм зорилгод ч огт нийцэхгүй юм.

 

Учир нь шүүх нотлох баримтад тулгуурлан, хуульд үндэслэн шийдвэр гаргах ёстой байтал нотлох баримтын хувьд хариуцагчийг зөвтгөх нэг ч баримт байхгүй байтал анхнаасаа олгох ёсгүй байсан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхээс хариуцагчийн огт хэрэглээгүй заалтыг хүртэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тухайлбал маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг огт дурдаагүй байтал шүүхийн шийдвэрт “түүнчлэн олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулсан газрыг зуслангийн зориулалтаар иргэнд эзэмшүүлсэн нь мөн л Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад нийцээгүй байна" гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д бичсэн дүгнэлт нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй асуудлыг дүгнэж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болохыг илтгэж байна.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “С.Э нь 2007 онд газар эзэмших эрх авснаас хойш актлагдсан сууцыг буулгаж барилга барихаар суурийн нүх ухсан гэх ч үүнээс хойш 2019 он хүртэл газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна” гэсэн нь талуудын огт маргаагүй, маргаан бүхий захирамжийн үндэслэлд байхгүй асуудлаар дүгнэлт хийж, эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах бус улам дээр нь захиргааны байгууллагад үндэслэл бий болгож байгаад гомдолтой байна. Шүүх, тэр дундаа захиргааны шүүх ийм зарчмаар ажиллах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчээс захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр маргасан. Гэтэл шүүхээс газар эзэмшигч нь гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй байснаас түүнд хүргэгдээгүйд захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй гэжээ. С.О-ийн оршин суугаа хаягт одоог хүртэл С.О өөрөө болон түүний гэр бүл амьдарч байгаа бөгөөд тухайн хаягт огт хүргэгдээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байтал зориудаар ийнхүү шийдвэрлэж байгаа үндэслэлгүй юм. С.О-г Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 5-12 тоотод амьдардаггүй гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй юм.

Ийнхүү анхан шатны шүүхээс талуудын маргаагүй үндэслэлийг өөрөө гарган ирж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн хувьд гомдолтой байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 349 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан  шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн үйл баримт тодорхой болоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.О нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл гаргажээ.

3. Тус захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-д заасныг үндэслэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянгол хөндийд байрлах Олон улсын хүүхдийн “Найрамдал”зуслангийн орчинд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/52 дугаар захирамжийн хавсралтын 42 дахь хэсэг буюу нэхэмжлэгч С.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Анхан шатны шүүх “С.О нь Төрийн өмчийн хорооны 2006 оны 569 дүгээр тогтоолоор актлагдсан зуслангийн барилгын материалыг худалдсан гэдгээр Найрамдал төв дэмжлэг хүссэн хэдий ч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь шилжүүлэх агуулгаар гараагүй, Найрамдал төвийн газраас хасагдаагүй байх тул давхцуулан олгосон... нь Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчсөн, ногоон бүсэд холбогдох этгээдээр дүгнэлт гаргуулахгүйгээр газар эзэмших эрхийг сунгасан нь хуульд нийцээгүй, 2007 оноос хойш  суурийн нүх ухсан ч ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн ... тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... актлагдсан байрыг худалдаж авч, үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг эзэмших эрхтэй болсон байтал хууль зөрчиж газар авсан мэтээр хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй ...” гэж маргасан байна.

6. Хэрэгт авагдсан Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/153 дугаар албан бичиг, түүний хавсралтад зуслангийн байр худалдаж авсан ажилчдын нэрсийн 3-д С.О гэж тэмдэглэгджээ.

Үүнээс үзэхэд тус албан бичигт дурдсан Төрийн өмчийн хорооны 2006 оны 569 дүгээр тогтоол, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шүүхийн дүгнэсэн С.О акталсан барилгын материалыг худалдаж авсан, эсхүл нэхэмжлэгчийн гомдолд дурдсан зуслангийн байшинг тухайн хэлбэрээр ашиглахаар худалдан авсны аль нь болох нь тогтоогдоогүй байна.

Уг баримтууд нь нэхэмжлэгчийн анх газар эзэмших болсон үндэслэлтэй холбоотой үйл баримтыг тодорхойлж, маргаан бүхий актыг хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийхэд зайлшгүй шаардлагатай байхад энэ талаарх баримтыг анхан шатны шүүх цуглуулаагүй, “барилгын материал худалдаж авсан” гэж үзсэн нь эргэлзээтэй болжээ.

7. Мөн гомдолд “... анхнаасаа газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгоогүй, хугацаа сунгасан захирамжийг хүчингүй болгосон талаар маргаж байхад шүүх дүгнээгүй ... байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан баримт хэрэгт байхгүй байхад нийтэд илэрхий гэж тайлбарласныг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн зорилгод нийцэхгүй” гэжээ.

8. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжаар С.О-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2015 оны 52 дугаар захирамжийг хүчингүй болгосон, хууль зүйн үндэслэлээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хамгаалалт байх”, 4.1.5-д заасан “...байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” зарчмуудыг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасан эерэг үйлчлэлтэй хууль бус захиргааны актыг  бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол хүчингүй болгоно гэснийг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар гарцаагүй байдал, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийхгүй байж болно” гэснийг тус тус баримталсан байна.

9. Үүнээс үзвэл хариуцагч нь С.О-д анх газар эзэмшүүлсэн 2007 оны 612 дугаар захирамжаар 400 м.кв газрыг хууль зөрчиж газар эзэмшүүлсэн гэж үзсэн эсэх нь эргэлзээтэй, харин 2015 онд газар эзэмших хугацаа сунгахдаа Нийслэлийн байгаль орчны газраас дүгнэлт гаргуулах шаардлага тавьсан боловч уг дүгнэлт гараагүй байхад хугацаа сунгасан нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хууль зөрчсөн гэж үзэж, хугацаа сунгасан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үгүйсгэх үндэслэлгүй байна. 

10. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... Төрийн өмчийн хорооны тогтоолын талаар шалгаагүй ... манайхаас өөр тусдаа байгууллага” гэх тайлбар болон 2007 онд газар эзэмшүүлсэн шийдвэрээ бус 2015 оны хугацаа сунгасан захирамжийг хүчингүй болгосон байдал, маргаан бүхий актад баримталсан Захиргааны ерөнхий хуульд заасан эерэг үйлчлэлтэй актыг хүчингүй болгохтой холбоотой дээрх хуулийн заалт, хэрэгт авагдсан Нийслэлийн байгаль орчны газраар дүгнэлт гаргуулах гэж тэмдэглэсэн баримтуудаас үзэхэд маргаан бүхий актаар чухам ямар агуулгаар, хууль бус гэж үзэж 2015 оны захирамжаа хүчингүй болгосон нь тодорхойгүй байна.

11. Хэрэв хугацаа сунгуулахдаа холбогдох газраар дүгнэлт гаргуулаагүй байхад сунгасан нь буруу гэж үзсэн бол бусдын болон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ямар үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн, ямар нөхцөл байдлыг сонсох ажиллагаа явуулахгүй гарцаагүй, хойшлуулшгүй нөхцөл үүссэн гэж хариуцагч үзсэн талаар тодруулах шаардлагатай бөгөөд энэ талаар баримт байхгүй байхад дээрх давж заалдах гомдлыг шууд хангах үндэслэлгүй.

12. Мөн давж заалдах гомдолд “... шүүх хариуцагчийн огт хэрэглээгүй Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэх мэт заалтыг хэрэглэж, эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах бус улам дээр нь захиргааны байгууллагад үндэслэл бий болгож байгаад гомдолтой байна” гэжээ.

13. Дээр дурдсанаар хариуцагч нь С.О-д 2007 онд газар эзэмшүүлэхдээ хууль бусаар эзэмшүүлсэн гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан тохиолдолд хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг иргэнд эзэмшүүлэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгагдсан байх ёстой бөгөөд энэ талаарх Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасанд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхийг үгүйсгэхгүй.

14. Харин маргаан бүхий актын агуулга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай хамааралгүй байх тул гомдлын энэ хэсэг үндэслэлтэй байх боловч анхан шатны шүүх зөвхөн тухайн үндэслэлээр маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж дүгнээгүй байх тул энэхүү гомдлоор нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

15. Дээр дурдсан нөхцөл байдлууд, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ