| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01534/и |
| Дугаар | 183/ШШ2017/00134 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2017/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 59.082.132 төгрөг гаргуулж, С******* төв дээр хоёр талын Аж ахуйн үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллахыг “Н*******” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н*******” ХХК 2008 онд манай С******* төвийн подволын хэсгийг худалдан авч, өмчлөгч эзэмшигчээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ үеэс хойш хоёр тал Аж ахуйн тал дээр 2013.04.01-ний өдрийн №06 тоот хамтран ажиллах гэрээг байгуулаад, энэхүү гэрээг 2014.02.18-ны өдрийн нэмэлтээр, 2014.12.31-ийг хүртэл сунгасан бөгөөд үүнээс хойш “Н*******” ХХК тухайн үед манай алдагдалтай ажиллаж ирсэн гэх шалтгаанаар гэрээг сунгаагүй болно. С******* төв 2500 мкв, Номин стандарт 2500 м.кв, нийт 5000 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг, өдөртөө 300-500 хүн орж гарч үйлчлүүлдэг томоохон хэмжээний худалдааны төв юм. Аж ахуйн хамтын ажиллагааны гэрээгээр дараах зүйлсийг зохицуулж байсан. Үүнд: харуул хамгаалалт, узель сантехникийн засвар үйлчилгээ, үер усны далан, хашаа хороо сэргээн засварлах, ногоон байгууламж түүний арчилгаа гадна талбайн хог хаягдал, цас цэвэрлэх, тээвэрлэх гэх мэт аж ахуйн талын ажлууд хийгддэг. Аж ахуйн гэрээг байгуулахыг “Н*******” ХХК-д бид албан бичгээр хүсэлтээ удаа дараа гарган, шаардах зэргээр уламжилж байсан боловч үл тоомсорлох, манай тал ашиггүй ажиллаж байгаа гэх шалтгаанаар өнөөг хүртэл зайлсхийж ирсэн. Хэдийгээр гэрээг “Н*******” ХХК сунгаагүй боловч С******* төвийг хэвийн үйл ажиллагаагаар явуулах үүднээс манай тал “Н*******” ХХК-ийн өмнөөс 2013.04.01-ний өдрийн №06 тоот аж ахуйн гэрээнд заасан үүргийг өнөөдрийг хүртэл дангаараа биелүүлж ирсэн билээ. Бид хоёр талын аж ахуйн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байсан бол С******* төв дээрх худалдаа үйлчилгээ хэвийн явагдах боломжгүй байсан. Гэрээнд заасан үүргээ “Н*******” ХХК нь зөрчиж 2014-2016 оны хоорондох аж ахуйн ашиглалтын тогтмол зардал болон цэвэр, бохир усны хангагч байгууллагад төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй өдийг хүртэл явсаар байгаа нь манай компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Манай тал төлбөрөө цаг тухайд нь хийхийг нэхэмжлэл, албан бичгээр удаа дараа хүргүүлж гэрээнд заасан үүргийн дагуу шаардлагуудыг цаг тухайд нь тавьсаар байсан хэдий ч төлбөр тооцоогоо цаг тухай нь хийлгүй 2014-2016 оны төлбөрийн өртэй байгаа. Одоогийн байдлаар ус, дулаан болон тогтмол зардалд 27.548.663 төгрөгийн өртэй болно. Мөн гэрээний 4.5-д төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэсэн заалтын дагуу 2014-2016 оны төлбөрийн үлдэгдэлд алданги тооцож нийт 59 082 132 төгрөгийн өртэй байна. Иймд “Н*******” ХХК-иас 59 082 132 төгрөг гаргуулж, С******* төв дээр хоёр талын Аж ахуйн үйл ажиллагааны гэрээг “С*******” ХХК-тай байгуулж ажиллахыг “Н*******” ХХК-д даалгаж өгнө үү. Мөн 2007 оноос хойш хариуцагч болон манай тал нар нь С******* төвийн обьектийг зохих харилцан тохиролцооны дагуу хамтран эзэмших болсон. Тус обьектийн дулааны шугам сүлжээ, дэд бүтцийн шийдлүүд нь нэгдмэл байх талаар 2007.11.28 -ний өдрийн хоёр талын №010 тоот гэрээнд заасан. Талуудыг дулааны эрчим хүчээр хангаж байдаг дулааны систем нь дундын эзэмшил бөгөөд регистрүүдийн халуун усыг шугамд үүлдэг 380 вольтын хүчдэлээр ажилладаг шугамын өргөх насос 24 цагийн турш ажилладаг ба манай эзэмшлийн цахилгааны ерөнхий шийдэнд холбогдсон байдаг. 2007 оноос хойш өдийг хүртэл буюу 10 жилийн хугацаанд тус дулааны системийн цахилгаан эрчим хүчээр хангагдах зардлыг дан ганц манай тал хариуцаж хэрэгжүүлсээр ирсэн. Дундын эзэмшлийн тус узелийн цахилгааны холбогдох зардлыг манай тал хариуцаж байсан үйлдэл нь Иргэний хуулийн 491.6-д заасан “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэсэн заалтанд хамаарч байгаа бөгөөд дээрхи цахилгааны гарсан төлбөр тооцоог хариуцагч нь манай талд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд 12 916 800 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н******* ХХК-ийн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* ХХК болон “Н*******” ХХК-иуд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож “ №sо/06 тоот “Аж ахуйн тооцооны гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээг цаашид 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Түүнээс хойш 2015, 2016 онуудад дахин сунгаагүй талууд тогтмол зардлын талаар харилцан тохиролцоогүй байтал “С*******” ХХК-ийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэрээг үндэслээд 2015, 2016 оны тогтмол зардал болон алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Харин 2014 оны аж ахуйн тооцооны гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй, яг хэдэн төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар 2 компани харилцан тооцоо нийлээгүй байх тул мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс "С******* ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2014 оны тогтмол зардлын талаар удаа тооцоо нийлэх хүсэлтийг тавьсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй. Мөн “Аж ахуйн үйл ажиллагааны гэрээг С*******” ХХК-тай байгуулж ажиллахыг “Н*******” ХХК-нд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Н*******” ХХК нь С******* ХХК-ийн эрхийг зөрчөөгүй, мөн хуулиар “Аж ахуйн үйл ажиллгааны гэрээг байгуулах үүрэг хүлээсэн зүйл байхгүй. “Н*******” ХХК-ийн зүгээс гэрээг байгуулахгүй байгаа нь зөвхөн “Н*******” ХХК-ийн зүгээс шалтгаалсан зүйл биш бөгөөд Монгол улсын иргэний хуулийн 189-р дүгээр зүйлд заасны дагуу 2 тал харилцан тохиролцож гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлох учиртай байтал гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилсан, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж хариуцагч тал үзэж байна. Тодруулбал 2 талын тогтмол зардлын асуудлыг цаашид зохицуулахын тулд талууд гэрээний нөхцлүүдийг нэг бүрчлэн тохиролцож, зөвшөөрсний үндсэн дээр байгуулагдсан гэрээгээр харилцан үүрэг үүсэх атал “Аж ахуйн үйл ажиллагааны гэрээг С******* ХХК-тай байгуулж ажиллахыг “Н*******” ХХК-тай байгуулж ажиллахыг шүүхээр даалгах нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 59 082 132 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 12 916 800 төгрөг, нийт 71 998 932 төгрөг гаргуулж, С******* төв дээр хоёр талын Аж ахуйн үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллахыг “Н*******” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 39 021 800 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Н******* ХХК нь 2007 онд С******* төвийн подволийн хэсгийг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болж, хоёр тал нэг обьектод, өөр өөрийн эзэмшил талбайдаа тус тусын үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн болон уг үйл ажиллагаа нь одоог хүртэл хэвийн явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.
Талууд дээрх дундын эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалтын болон бусад зардлыг хэрхэн тооцож, төлж барагдуулах талаар 2013 оны 04 сарын 01-ний өдөр so/06 дугаартай “Аж ахуйн тооцооны гэрээ” байгуулж, уг гэрээгээр С******* ХХК нь талуудын дундын ашиглалтын зардал болон аж ахуйн ажил, засвар бусад үйлчилгээнд зардал тооцоонуудыг нэгтгэн, төлбөрийн нэхэмжлэлийг сар бүрийн 20-нд Н******* ХХК-д өгч, Н******* ХХК нь С******* ХХК-ийн нэхэмжилсэн аливаа төлбөр тооцоог цаг тухайд нь буюу нэхэмжилсэн хугацаанаас хойш 5 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцсон байна.
Талууд тус гэрээний хавсралтаар аж ахуйн ашиглалтын тогтмол зардлыг 1 345 600 төгрөгөөр /нэг сард/, хувьсах зардлыг хувиар тооцохоор тохирсон байна./хх-ийн 6-7/
Дээрх гэрээг 2013 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай байгуулж, гэрээг 2014 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд үндэслэсэн гээд, 2014-2016 оны тогтмол зардал болон хувьсах зардлыг төлж барагдуулсан” гэх тайлбарыг гаргаж нотлох баримтаар тооцооны хуудсууд, төлбөрийн нэхэмжлэхүүдийг ирүүлсэн байна.
Хариуцагч Н******* ХХК нь “...уг гэрээг цаашид 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Түүнээс хойш 2015, 2016 онуудад дахин сунгаагүй талууд тогтмол зардлын талаар харилцан тохиролцоогүй байтал “С*******” ХХК-ийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэрээг үндэслээд 2015, 2016 оны тогтмол зардал болон алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэсэн, мөн хуулийн 488 дугаар зүйлийн 488.2-т “олонхийн шийдвэр буюу хэлцлээр өөрөөр тогтоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт болон удирдлагын талаар шаардлага гаргах эрхтэй” гэж заасан байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуульд заасан хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа буюу дундын өмчөөс үүсэх үүрэгт хамаарч байх тул хариуцагч Н******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан Аж ахуйн тооцооны гэрээ сунгагдаагүй гэх үндэслэлээр ашиглалтын зардал төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч Н******* ХХК нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын болон бусад зардлыг гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч, хуулийн дагуу төлөх үүрэгтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч С******* ХХК нь дээрх зардлыг нэхэмжлэх эрхтэй ч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хариуцагч Н******* ХХК-ийн өмнөөс 2014-2016 онуудад ус, дулааны зардалд 4 403 068 төгрөг төлсөн гээд төлбөрийн нэхэмжлэх болон бусад баримтуудыг ирүүлсэн хэдий ч энэ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг шүүх үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байна.
Дээрхийг нэгтгээд талуудын байгуулсан гэрээний хавсралтаар тохирсон тогтмол зардал 2014 оны 8 073 600 төгрөг, 2015 оны 10 764 200 төгрөг, 2016 оны 16 147 200 төгрөг, нийт 34 985 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хариуцагч Н******* ХХК нь 2015 онд дээрх тогтмол зардлаас 1, 2, 3, 12 саруудын төлбөрийг төлснийг дурдах нь зүйтэй байна. /дансны хуулга/
Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 4.5-д төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэснээр 2014 оны хугацаандаа төлөгдөөгүй төлбөрөөс 50 хувиар алданги тооцох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн 2015, 2016 оны төлөгдөөгүй төлбөрт алданги тооцож, нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ” гэснийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Н******* ХХК нь 2014 оны 8 073 600 төгрөгийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алданги 4 036 800 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг “талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г” хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн С******* төв дээр хоёр талын Аж ахуйн үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллахыг “Н*******” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эсэх нь талуудын зарчимд үндэслэж байх ба уг эрхээ хэрэгжүүлэх эсэх нь гэрээний талуудын өөрсдийн сонголт болохыг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч С******* ХХК нь 2007 оны 11 сарын 28-ны өдрийн №010 дугаартай Э******* ХХК болон Н******* ХХК-ийн С******* төв дээрх дундын эзэмшлийн газрыг эзэмших, ашиглах тухай гэрээний дагуу “цахилгааны төлбөрт төлсөн 12 916 800 төгрөгийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийг үндэслэж, гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй байна.
Учир нь дээрх гэрээ Э******* ХХК болон Н******* ХХК-иудын хооронд байгуулагдсан байх ба С******* ХХК нь Э******* ХХК-ийн өмнөөс дээрх гэрээний төлбөр шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч С******* ХХК-ийн төлөөлөгч тайлбартаа “С******* ХХК нь Э******* ХХК-ийн охин компани бөгөөд уг компаниудын гүйцэтгэх захирал нь нэг хүн, иймд уг төлбөрийг гаргуулахаар шаардсан гэх тайлбарыг гаргасан нь дараах үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар С******* ХХК нь 2005 оны 7 сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бие даан үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд болох тогтоогдсон, түүнчлэн Э******* ХХК нь өөрийн нэрийн өмнөөс уг төлбөрийг гаргуулахаар С******* ХХК-д эрх шилжүүлсэн болон итгэмжлэл олгосон баримт хэрэг авагдаагүй байна. Иймд дээрх төлбөрийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 2014-2016 оны тогтмол зардалд 34 985 000 төгрөг, алданги 4 036 800 төгрөг, нийт 39 021 800 төгрөгийг хангаж, цахилгааны төлбөр болон гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагуудыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.2, 222 дугаар зүйлийн 222.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н******* ХХК-иас 39 021 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 977 132 төгрөгийн, С******* төв дээр хоёр талын Аж ахуйн үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллахыг “Н*******” ХХК-д даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 762 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 353 059 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ