| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/00148/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/160 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/160
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
Орчуулагч, хэлмэрч А,
Улсын яллагч: БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б ,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013******* дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б , 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БӨ аймгийн Д суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Д сумын 9 дүгээр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БГ84******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д сумын 9 дүгээр багийн нутагт байрлах тус багийн иргэн А ын хашааны үүдэнд А ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Д сумын 9 дүгээр багийн нутагт байрлах иргэн А ын хашааны үүдэнд түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тодруулбал: Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед хашаандаа байж байхад миний хүү 3 настай Н хамар хашааны хөрш Б гийн хашаанд Б гийн хүүхдүүдтэй хамт тоглож явсан, тэгээд хашааны гадна талаас миний хүүгийн уйлаад ирж байгаа дуу нь сонсогдохоор нь би хашаанаас гарч харахад хүү маань өөрөө ганцаараа Б гийн хашаанаас гараад ирж байсан ба араас нь гартаа чулуу барьчихсан Б дагаад ирж байсан. Тэгээд би юу болсон бэ гэж асуухад Б над руу хашхирч “чи хүүхдээ яаж хүмүүжүүлээд байгаа юм бэ, би хашхирч загнасан чинь уйлж байна, энэ хүүхэд чинь миний охиныг авч эхнэр болгоно гэж хэлсэн байна” гэж хэлсэн. Тэгэхэд би түүнд “жаахан хүүхдүүд тоглож явж байна, тэд юу хэлэхийг нь би зааж өгч байгаа юм биш шүү дээ” гэхэд “хүүдээ өгч байгаа чиний хүмүүжил чинь энэ байхгүй юу" гэж хэлсэн. Тэгээд би Б д “чи эмэгтэй хүн шиг ямар сонин зантай юм бэ, хүүхэд юм чинь хэлсэн л юм байгаа биз дээ, чи зайлаач” гэж хэлчхээд уйлж байсан хүүхдээ тэвэрч аргалаад хашаа руу орсон. Гэртээ ороод байж байтал удалгүй Б над руу утасдаад “гараад ир дээ, чи сая намайг эмэгтэй хүн шиг хэж хэлсэн үү, би чамд эр хүн гэдгээ харуулах гэж ирээд байна, чи гэрээсээ гараад ир” гээд дахин дахин залгаад байсан. Гэрээсээ гарах гэтэл хүүхэд харах хүнгүй, хүү маань надаас надаас салахгүй уйлаад байсан тул би хүүхдээ тэврээд гэрээсээ гарахад манай хашааны үүдэнд Б зогсож байхаар нь хажууд нь яваад очиход “хүүхдээ газарт тавьчих, хоёулаа эр хүн шиг ярьцгаая” гэж миний гараас татсан, би хүүхдээ тэврээд зогсоод байсан. Тэгтэл Б миний зүүн талын нүдний доод хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би ч гэсэн хүүхдээ газарт буулгачхаад Б гийн гэдэс тус газарт нь 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед Б ч гэсэн зөрүүлээд миний гэдэс хэвлий тус газруудаар 4-5 удаа өшиглөж миний ам руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр нэг нэгийгээ заамдаж барьж аваад ноцолдоод зогсож байхад Б гийн эхнэр болон ээж нь ирж Б гийн дагуулаад явсан. Тухайн үед Б эхлээд миний зүүн талын нүд рүү гараараа цохисон, тэгээд намайг хүүхдээ газарт буулгах хооронд миний бөөр тус газарт нэг удаа өшиглөхөөр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор түүний гэдэс тус газарт нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн, Б ч гэсэн миний ам руу гараараа нэг удаа цохисон, тэгээд Б бид хоёр нэг нэгийгээ заамдаж барьж аваад зогсож байхад Б миний гэдэс тус газруудаар 4-5 удаа хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг/ хх-ийн 16-20-р хуудас/
Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед орой тийшээ 20 цагийн орчимд байх би А ын гэрийн ойролцоох хоёр дахь гудамжинд Н гэх хүний дэлгүүрийн барилгын дээврийг барьж өгч байсан. Тэгтэл А ын хашааны зүгээс хүмүүсийн хоорондоо чанга чанга ярьж хэрэлдэж маргалдаж байгаа дуу нь сонсогдохоор нь тийшээ харахад А ын хашааны дотор А , Б хоёр нэг нэгийгээ заамдаж барьсан байдалтай зогсож байсан ба энэ үед Б ы ээж нь болон эхнэр нь очиж больцгоо гэж орилж ирээд Б ыг дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”А манайх хоёр хөрш бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хашаандаа хүүхдүүдээ тоглуулаад явж байхад А ын хашаанд Б очоод тэр хоёр бие биетэйгээ хэрэлдэж маргалдаж байсан. Тэгээд нэг харахад Б ы эхнэр болон ээж нь ирээд түүнийг аваад явчихсан. Уг асуудал болсны маргааш буюу 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А тай тааралдахад өчигдөр Б ирээд намайг зодчихоод явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Х ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 242 дугаартай “Иргэн А ын биед тархины доргилттой, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт шархтай, хавантай, дээд уруулд дотор талд хэгзэрсэн, дээд эрүүний нэг үүдэн шүд эмал сэтэрч хугарсан, баруун цавины орчим хавантай, зулгарсан, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно, иргэн А ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүсэн гэмтэл болно" гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед би гэртээ байж байтал манай 6 настай охин К гадаа тоглож байгаад уйлаад ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад А ын 3 настай хүүхдийг зааж “энэ хүүхэд намайг эхнэрээ болгоно” гэж хэллээ гээд уйлсан. Би тэгэхээр нь уг хүүхдийг юу яриад байгаа юм бэ чи гэж загнахад уйлаад гэрлүүгээ явчихсан. Би хүүхдийн араас очиж байтал А гараад ирэхээр нь чи хүүхдээ яаж хүмүүжүүлээд байгаа юм бэ, жаахан хүүхэд байж миний охиныг авч сууна гэж хэлсэн гэхэд А чи авгай шиг ямар сонин зантай юм бэ, зайлаач гээд миний цээж рүү түлхэхэд нь би юу ч хэлэхгүй явчихсан. Тэгээд гэртээ ороод байж байтал А намайг авгай шиг зантай гэж хэлсэн нь санаанаас гарахгүй уур хүрээд болохгүй байхаар нь гэрээсээ дахиж гараад А ын хашааны гадаа очиж түүн рүү залгаад чи гараад ир хоёулаа эр хүн шиг уулзацгаая гэж хэлэхэд А хүүхдээ тэврээд гараад ирсэн.Тэгээд би А ад чи сая намайг авгай шиг зантай гэсэн үү, хоёулаа эр хүн шиг уулзацгаая гэж хэлээд түүний хүүхдийн хацарнаас нь үнсээд, чи тэгж хэлж болохгүй шүү, ахыгаа уучлаарай гэж хэлэхэд А миний цээж рүү түлхээд чи авгай шиг шалчигнаад байлгүй зайлаач гэж хэлэхээр нь би түүний нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний хөл халтирч унаад дахиж босож ирээд А ын цээж рүү нь байх гараараа 2 удаа цохисон. Ингээд би буруу юм хийж байгаагаа мэдээд болъё гээд өөрийгөө тайвшруулаад зогсож байтал миний ээж, эхнэр хоёр ирээд намайг дагуулаад явсан. Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Надад хөнгөн шийтгэл өгнө үү ” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар шүүгдэгч Б нь хохирогч А ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Б д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед хохирогч А ын 3 настай хүү нь холбогдогч Б ы 6 настай охиныг эхнэрээ болгоно гэж хэлсэн хэмээн уурлаж, хохирогчийг хэл амаар доромжлон, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б нь уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдээгүй бөгөөд 3 настай буюу бага насны хүүхэд сэтгэхүйн хувьд өөрийн хэлж байгаа зүйлийн учир холбогдлыг ойлгох боломжгүй гэдгийг мэдсээр байж, биеэ барихгүйгээр хүүхдийн хэлсэн үгэнд ач холбогдол өгч, хохирогчтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч Б ыг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б ы үйлдлийн улмаас хохирогч А ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Х ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 242 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул Б ы А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Б ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б нь А ад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, түүний прокурорын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол байхгүй, мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч А хохирол, гомдолгүйгээ илэрхийлсэн, түүнчлэн оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Б нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохистой гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б д хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА