Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/00178

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  У Ж*******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 706 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г*******, Д.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн төлөөлөгч С.Б*******, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э******* шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ: О.Э******* нь БНХАУ-ын иргэн W*******-тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор уулзаж хамтран ажиллахаар тохиролцсон. Уг тохиролцоогоор миний 100 хувийн өмчтэй 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн дүрмийн сантай ББСБ-д хөрөнгө оруулъя чи надад 85 хувийн хувьцаагаа худалдчих би хөрөнгө оруулалт татахын  тулд 85 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт ороод ирэхээр чиний 85 хувийн хувьцааны үнэ болох 850.000.000 төгрөгийг төлье гэсэн хүсэлт тавьсны дагуу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ, болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д зааснаар нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 8500 ширхэг / хувьцааг нийт 850.000.000/ төгрөгөөр худалдан авахаар БНХАУ-ын иргэн W******* нь тохирч гэрээ хийсэн. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар W******* нь дээрх төлбөрийг 2015 оны  10-ны дотор төлбөрийг төлж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус гэрээг О.Э******* миний санаачилгаар цуцлахаар тохиролцсон. Дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу Санхүүгийн зохицуулах хороо даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаал гарч “А******* ББСБ” ХХК-ийн дүрмийн сангийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд О.Э******* 15 хувь, БНХАУ-ын иргэн W******* нь 85 хувийн хувьцааг эзэмшихээр өөрчлөлт оруулан бүртгэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа худалдан авагчдад тавьсан шаардлагын дагуу БНХАУ-ын иргэн W******* нь 85 хувийн хувьцаа худалдан авах мөнгийг тус хорооны дансанд 850.000.000 төгрөг байршуулах шаардлагатай болсон. Гэтэл W*******-ийн мөнгө хүрэлцэхгүй байсан учир надаас хувийн журмаар санал тавьж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 110.000.000 төгрөгийг бэлнээр бичгээр гэрээ хийлгүйгээр, 450.000.000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ хийж, нийт 560.000.000 төгрөг зээлж аваад өөрт байсан 290.000.000 төгрөгийг нэмээд санхүүгийн зохицуулах хорооны түр барьцааны 900025401 тоот дансанд байршуулсан. Дээрх мөнгийг байршуулсаны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар руу БНХАУ-ын иргэн W*******-г “А******* ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг зөвшөөрсөн албан бичгийг хүргүүлснээр тус хорооны дансанд байсан мөнгийг манай ББСБ-ын дансанд шилжүүлсэн. Дансанд орж ирсэн мөнгөнөөс би өөрөө хувиасаа W*******-д зээлсэн 560.000.000 төгрөгийг хувийн дансруугаа шилжүүлэн авч, үлдэгдэл 290.000.000 төгрөгийг W*******-ийн дансруу шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараанаас би хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу БНХАУ-ын иргэн W*******-аас 850.000.000 төгрөгөө шаардсан боловч удахгүй хөрөнгө оруулалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө гэж хойшлуулсаар 2016 оны 04 дүгээр сар болоход хөрөнгө оруулалт орж ирээгүй болохоор нь гэрээгээ цуцалъя 85 хувийн хувьцаагаа буцаан авъя гэсэн боловч энэ шаардлагыг зөвшөөрөхгүйгээр барахгүй намайг компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй, ББСБ-ын хэвийн үйл ажиллагааг доголдуулж эхэлсэн. БНХАУ-ын иргэн W******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ, болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 8500 ширхэг хувьцааг буцаан авах хүсэлтэй байх тул БНХАУ-ын иргэн W*******-аас дээрх хувьцааг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч О.ийн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлд хариуцагч тал тайлбар гаргахдаа О.ийн нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний гэрээний асуудал нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал бөгөөд энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгч О.Э*******, хариуцагч W нарын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 09/15/2 тоот зээлийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлээ өөрчилсөн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 тал харилцан тохиролцож, уг зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулж, 450 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хоногт 1 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирч, W-гийн ХААН банкан дахь төгрөгийн 5113 тоот дансанд гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн байдаг. Гэвч хариуцагч нь уг мөнгийг өгөхгүй байгаа тул гэрээний дагуу зээл 450 000 000 төгрөг, хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч У Ж******* /W/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн W******* миний бие нь 2015 оны 8 сарын 21-ний өдөр “А ББСБ” ХХК-ийн 85 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 9 сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаалаар бүртгүүлэн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 8 сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “А ББСБ” ХХК-ийн дүрмэнд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр 2015 оны 9 сарын 29-ний өдөр тус тус бүртгүүлсэн. “А ББСБ” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д “худалдан авагч нь төлбөрийг 2015 оны 9 сарын 10-ны дотор төлж дуусгасан байна” гэж заасан бөгөөд гэрээгээр хүлээсэн энэ үүргийн дагуу гэрээний төлбөр болох 850 000 000 төгрөгийг 2015 оны 9 сарын 15-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 900025401 тоот дансанд шилжүүлсэн. Хувьцааны үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд шилжүүлсэн нь W*******-ийн Хаан банкны 5113 дугаартай дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банк дахь 900025401 тоот дансны 2015 оны 9 сарын 15-ны өдрийн орлогоор нотлогдоно. Санхүүгийн зохицуулах хорооны Төрийн банкны 900025401тоот дансанд байршуулсан 850 000 000 төгрөгийг “А ББСБ” ХХК-ийн Төрийн банкны 10900 дугаартай төгрөгийн дансанд 2015 оны 9 сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос буцаан шилжүүлсэн бөгөөд уг дансанд зарлагын гүйлгээ хийх эрх бүхий О.Э******* нь шилжүүлэн авсан байдаг. W******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2-р зүйлийн 2.7-д заасан эрх О.Э*******д үүсэхгүй. О.ийн нэхэмжлэлд дурдсан зээлийн асуудал нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн иргэд хоорондын гэрээний асуудал бөгөөд энэ нь дүрмийн сан, хувьцааны төлбөртэй хамааралгүй болно. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 001/100115 дугаартай “цалин нэмэгдүүлэх болон албан тушаалд томилох тухай” хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу О.Дашпүрэвийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг томилдог. “А ББСБ” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл хэвийн доголдолгүй, үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд О.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У /W*******/ нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийж уг гэрээний дагуу 450 000 000 төгрөгийг авсан хэдий ч уг мөнгийг зээлээгүй, компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр “А ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бичиг баримтыг үндэслэн О.Э******* нь хүнээс зээлж авсан.Тухайн үед компанийн үйл ажиллагаанд хэрэглэх хэдий ч би хүнээс зээлсэн тул зээлийн гэрээ хийчье гэж О.ийн хэлсний дагуу зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг мөнгийг О.Э*******д 7 хоногийн дараа бэлнээр буцаан өгсөн хэдий ч тухайн үед баримт үйлдээгүй. Гэвч энэ байдлыг нотлох хүн тухайн үед О.Э*******тэй цуг явж мөнгө авсан, мөн мөнгийг О.Э*******д өгснийг мэдэж байсан Сайван гэж БНХАУ-ын иргэн байгаа. Гэвч гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Иймд Сайвантай энэ талаар ярьсныг бичсэн бичлэгийг CD-д буулгасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ мөнгийг У нь жинхнээсээ зээлж аваагүй, мөн эргүүлэн төлсөн тул О.ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 706 500 000 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Б******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ нэртэй 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийж уг гэрээний дагуу 450 000 000 төгрөгийг авсан хэдий ч уг мөнгийг зээлээгүй. Тухайн үед өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ бөгөөд уг мөнгийн компанийн хувьцааны мөнгийг босгох зорилгоор тал талаасаа шилжүүлсэн мөнгө юм. Харин баталгаа болгож л уг гэрээг хийсэн байдаг. О.ийн уг үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Гэтэл О.Э******* нь 450 000 000 төгрөгийг буцаан авсан хэрнээ аваагүй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар  уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. У нь компаний хувьцаа эзэмшигч болохын хувьд 850 000 000 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл хувьцааны 450 000 000 төгрөгийг О.Э******* төлсөн байдаг. Уг мөнгийг бүрдүүлэх эх үүсвэр нь дээрх зээлийн гэрээтэй холбоотой. Иймд ямар нэг халхавчилсан гэрээ байхгүй бөгөөд У Ж******* нь иргэний журмаар л уг мөнгийг зээлж хувьцааны мөнгийг байршуулсан. Түүнээс дүрмийн сангаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э******* хариуцагч У Ж******* /W/-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 8500 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг, хүүгийн хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөг гаргуулах болгож, өөрчилсөн байна.

 

 Хариуцагч У нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргаж, талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон зохигчдын гаргасан тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч БНХАУ-ын иргэн У Ж******* нь А ББСБ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч О.Э*******эс компанийн 85 хувийг буюу нэг бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий 8500 ширхэг хувьцааг нийт 850.000.000 төгрөгөөр худалдан авахаар, тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч У Ж******* нь компанийн хувьцаа эзэмшигчээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 9 сарын 10-ны өдрийн 255 дугаар тушаалаар бүртгүүлэн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 8 сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “А ББСБ” ХХК-ийн дүрмэнд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр 2015 оны 9 сарын 29-ний өдөр тус тус бүртгүүлсэн. Зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

Талуудын хооронд 2015 оны 9 сарын 15-ны өдөр 09/15/2 дугаартай зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр О.Э******* нь БНХАУ-ын иргэн У Ж******* /W/-д 450 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, уг мөнгийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож, төлүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 14/

Нэхэмжлэгч О.Э******* нь хариуцагч У Ж*******гийн ХААН банкны 5113 тоот төгрөгийн дансанд 2015 оны 9 сарын 15-ны өдөр 450 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна./хх-ийн 16/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч У Ж******* нь уг хувьцааны мөнгө буюу компанийн дүрмийн санг бүрдүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн” гэж тайлбарласныг, хариуцагчийн төлөөлөгч нь “уг мөнгийг хувийн журмаар зээлж аваагүй бөгөөд дүрмийн сангаа бүрдүүлэх зорилгоор авсан байдаг бөгөөд талууд итгэлцлийн үндсэн дээр уг гэрээг хийснээс хүсэл зоригийн хувьд уг мөнгийг зээлж аваагүй, мөн мөнгийг буцааж өгсөн, иймд уг гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчинтөгөлдөр бус гэрээ” гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг буцааж өгөх үүрэг хүлээдэг ба зээлдүүлэгч О.Э******* нь гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

Харин хариуцагч У Ж******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсч, улмаар хариуцагч нь уг мөнгийг зээлийн гэрээний дагуу зээлж аваагүй, мөнгийг төлсөн гэж тайлбарлаж, маргасан хэдий ч энэ талаараа хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна. 

Иймд талуудын байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч У Ж******* нь үндсэн зээлийн 450 000 000 төгрөгийг, хүүгийн 31 500 000 төгрөг, гэрээний 4-р зүйлд заасан алданги 225 000 000 төгрөг, нийт 706 500 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Э*******д төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 сарын 15-ны өдрийн 09/15/2 дугаартай зээлийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан өөр ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж дутуу төлснийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгч С.Б*******гийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн CD болон уг CD-д бичигдсэн яриаг буулгасан гэх баримт нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн У Ж******* /W*******/-гаас 706 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э*******д олгож, хариуцагч У Ж******* /W*******/-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 409 000 төгрөгийг, хариуцагч У Ж*******-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч У Ж*******-аас улсын тэмдэгтийн хураамжинд 3 690 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Э*******д олгож, хариуцагч У Ж*******-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд 2 337 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ