Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1030

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ийн Т-т холбогдох эрүүгийн 2005030061666 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр ХХХХХ төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, С дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Б овогт Х-ийн Т /РД:0000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Т нь 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 2020 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр хохирогч Н.О-ийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Н.О-ийн:

“...2020 оны 10 дугаар 04-нд манай нэг найз болох Э-ийн төрсөн өдөр болоод бид нар хорооллын Парадокс гэх газар нэг караоке орсон. Тэнд байхад Т ирсэн юм. Тэгээд бид нар тэндээсээ гараад цэнгээний газар орохоор болоод хорооллын Кроун гэх бааранд орох гэтэл оруулахгүй байсан бөгөөд нэг тамхи аваад ирье гээд хорооллын гэмтлийн автобусны буудал орсон. Тэнд очиход би болон Г гэх залуугийн эхнэртэй хүмүүс маргаад байсан. Би буугаад харихаар явлаа гээд унаанд суух гээд гараа өргөөд зогсож байхад Т бууж ирээд намайг писда минь суу гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэтэл намайг өөрөө хүрч ирээд чирээд машин руугаа суулгаад хоёр ч удаа гар хүрээд цохисон. Тэгээд би яаж байгаа юм гэж хэлээд сууж байхад ахиж урд хаалгаараа орж ирээд намайг толгой нүүр орчим хэд хэд цохиод авсан. Надад зөвхөн Т гар хүрсэн. Би зүгээр байж байгаад бусдад зодуулсан эрүүл мэндээрээ хохирсон явдалд гомдолтой байна. Би одоо эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд гарсан зардал мөнгийг гаргуулмаар байна. Одоогоор надад 866.300 төгрөгийн зардал гарсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-21-23/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11449 дугаартай шинжээчийн:

“...Н.О-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-16-17/,

3. Шүүгдэгч Х.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тэгээд бид нар Г гэх найзынхаа гэрт очих гээд явж байх үед сонгуулийн ажил хамт хийж байгаа гэх хоёр охины нэг нь бууж, тамхи татна гээд бууснаа явна гээд зам дагаад алхсан. Энэ үед Г, О нар нөгөө охины араас буусан. Тэгээд би Г өөр нэг охин манай машин барьж байсан банди бид нар машинд үлдсэн. О замаар явж байгаа хүний өмнө нь шил хагалаад хэрүүл маргаан хийгээд байсан. Г салгаад машины арын суудал дээр суулгах гээд чихээд суулгасан бөгөөд Г сандал дээр О-ийг хэвтүүлээд өөрөө урдуур нь ороод суусан. Гэтэл О хоёр хөлөөрөө хаалганы хажуу хавтас жийж өшиглөөд шил цохиод харааж ерөөгөөд байсан. Тэгээд би боль гээд хэлсэн чинь ямбий сэгийг чинь аваад өгнө хүний унадаггүй юм аваад унаа юу чи гэх зэргээр хараагаад байсан бөгөөд энэ үед эргэж хараад хоёр удаа гараараа толгой орчим нь цохисон. Тэгээд бууж очоод хойд хаалга онгойлгож байгаад хөлөө тат гээд хэлсэн, Тэгтэл татахгүй байхаар нь хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Надад ямар нэг гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэг гомдол санал байхгүй. Хариуг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Т-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Х.Т нь хохирогч Н.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Т-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Т нь 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 2020 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр хохирогч Н.О-ийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамар, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Н.О-ийн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11449 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- Шүүгдэгч Х.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Х.Т-ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 866.300 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х.Т нь 100.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Х.Т-оос 766.300 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Х.Т-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005030061666 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Х-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-оос 766.300 /долоон зуун жаран зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-д олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.ДАЛАЙХҮҮ