Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/159 

 

Б -Ө аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

Улсын яллагч Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А,

Шүүгдэгч Е  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Б -Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох эрүүгийн 2013002110172 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар  сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Е , 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн Сагсай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БИ

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Е  ньБ аймгийн Ө сумын сумын 0 дугаар багийн иргэн Т ыг 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Ө сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Е ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Е  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т ыг зодож, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Тодруулбал: Хохирогч Т ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Ө сумын 10 дугаар багт байрлах гэрээсээ гараад аймгийн төв талбай дээр найз А тэй уулзаад хэсэг хугацааны дараа Бөхөн ууланд байрлах найз К гийн гэрт очиход гэр нь цоожтой байсан болохоор буцаад аймгийн төв рүү явж байх замдаа Сумо нэртэй дэлгүүрээс С нэртэй 0.5 литрийн хэмжээтэй 3 ширхэг шар айраг аваад тухай газрын ойролцоох нэг газарт очиж ганцаараа ууж дуусгаад гэртээ харихаар гүүрийн тийш алхаж очсон юм. Тэгээд гүүрийн урд талд байрлах таксины зогсоол дээр очоод найз С  руу залгаж тухайн газарт байгаагаа хэлээд ирээд аваач гэж хэлсэн юм. Удалгүй найз С  ирээд АкБ нэртэй дэлгүүрийн хажуу талд байрлах таксины зогсоол дээрээс “ПГ маркийн таксинд суугаад Ө сумын 9 дүгээр багт байрлах С ы гэрт очсон. Учир нь С ы гэрт миний жижиг цүнх байсан тул түүнийг авахаар очсон юм. Найз С  машинаас буугаад гэртээ ороод миний үлдээсэн зүйлийг аваад буцаж гарч ирээд бид хоёр тухайн таксигаар Ө сумын 10 дугаар багт байрлах манай гэрлүү явсан юм. Манай гэрлүү явж байх замдаа таксины жолооч залуу гар утсаараа ярьж байгаад утсаа машиныхаа салон руу шидээд байсан юм. Тэрээр манай гэрийн ойролцоо очиж зогсох үед миний бие таксины жолоочид хандаж та соёлтой байгаач, яагаад гар утсаа шидээд байгаа юм гэж хэлээд найз С ы хамт машинаас буугаад таксины жолоочоос хэдэн төгрөг гарсан талаар асуухад 3000 төгрөг гэж хэлсэн юм. Энэ үед миний бие найз С ыг таксины мөнгийг өгчих гэж хэлээд байж байх үед уг таксины жолооч надруу дайрсан. Тэгэхэд С  намайг түлхчхээд таксины жолоочийг зогсоосон юм. Тэрээр би газраас босож байх үед таксины жолооч над руу гүйж ирээд баруун гартаа богино хэмжээтэй, ир үзүүртэй зүйл барьчихсан тухайн зүйлээрээ миний баруун талын гар луу хоёр удаа зүсэх шиг болсон юм. Үүнийг миний найз С  мэдээд таксины жолоочийг холдуулаад байж байх үед миний ээж М , дүү охин Ж  нар ирсэн юм. Тэрээр таксины жолооч яваад өгсөн юм. Е  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 200.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, мөн надаас уучлалт гуйж бид эвлэрсэн тул хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү,  " гэх мэдүүлэг/ хх-ийн 20-22 дугаар хуудас/,

                 Гэрч М.С ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Т  нь надруу залгаж гүүрийн урд талд байрлах АкБ дэлгүүрийн ойролцоох таксины зогсоол дээр байна чи хүрээд ирээч гэж хэлсэн юм. Тэгээд миний бие Ө сумын 9 дүгээр багт байрлах гэрээсээ гараад Гүүрийн урд талд очиход Таксины зогсоолын хажууд Т  нь зогсож байсан ба түүнтэй уулзахад “би согтуу байна өнөөдөр гэртээ очиж хономооргүй байна” гэж хэлсэн. Бид хоёр тухайн таксины зогсоол дээрээс цагаан өнгийн “Тоуоtа fit” маркийн таксинд суугаад Ө сумын 9 дүгээр багт байрлах манай гэрт очсон. Учир нь манай гэрт Т ы цүнх, цагаан өнгийн чихэвч байсан юм. Такси манай гэрийн гадна очиж зогсоход миний бие гэрлүүгээ ороод цүнх, чихэвчийг аваад буцаж гарч ирээд Т ы гэрлүү явсан. Удалгүй такси Т ы гэрийн урд талд байрлах замын хажууд очиж зогсож таксины жолоочоос хэдэн төгрөг гарсан талаар асуухад 3000 төгрөг гарсан гэж хэлсэн. Энэ үед би Т ыг машинаас буулгаад түүнийг гэрлүү нь оруулах гэж байтал таксины жолооч гартаа ир үзүүртэй зүйл барин машинаасаа буугаад  бид хоёр луу ирж байсан. Таксины жолоочийг болиулах гэхэд надаас бултаж очиж Т ы баруун талын гарыг 2 удаа хатгах шиг болсон. Энэ үед Т ы гараас цус гарч байсан ба таксины жолооч би ягаач үгүй гэж хэлээд зогсож байгаад машинаасаа марал гаргаж өгөөд машиндаа суугаад явчихсан юм.” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24-р хуудас/,

                 Гэрч Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.Би 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед тус аймгийн Алтай сумаас ирсэн юм. Намайг гэрийнхээ гадна ирээд буух үед зам дагуу 1****** дугаартай жижиг машин зогсож байсан юм. Тэгээд би гэртээ ороод эхнэрээсээ хүү Т ыг асуухад өглөө гараад явсан гэж хэлсэн. Энэ үед би эхнэртээ хандаж манай гэрийн ойролцоо нэг жижиг машин зогсож байсан гэж хэлэхэд эхнэр болон, манай охин нар гэрээс гараад явсан юм. Тэднийг гараад явсны дараа би гар нүүрээ угааж дуусаад эхнэр охин хоёрыг орж ирэхгүй болохоор нь араас нь гарахад эхнэр, охин хоёр Т ыг аваад гэр лүү ирж байсан. Мөн Т ы найз болох С  тэдэнтэй хамт гэрлүү ирж байсан. Тэрээр бүгдээрээ гэртээ ороод юу болсон талаар асуухад С  нь таксины жолооч Т ы гар луу хутгаар 2 удаа хутгалчихлаа гэж хэлсэн ба тэр үед миний бие цагдаа руу болон эмнэлэг рүү залгасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

                 Шүүх эмнэлгийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б гийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн №-279 дугаартай: “...Иргэн Т ы баруун гарын шууны гадна хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

                 Шүүгдэгч Е ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:“2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн үед байсан шиг санагдаж байна. Ховд голын гүүрийн урд талд байрлах таксины зогсоол дээр зогсож байтал үл таних 2 залуу ирээд миний машинд суугаад гүүрийн цаад тал руу явна гэсэн. Тэгээд гүүр гарч яваад Уурхай руу явах зам руу эргэж яваад нэг айлын гадна ирээд зогссон. Машинд сууж байсан залуугийн нэг залуу нь буугаад уг айл руу ороод удалгүй буцаж гарч ирээд таксинд суугаад дахин цаашаа явж байгаад зам дагуу зогссон юм. Энэ үед тухайн хоёр залуугийн согтуу байсан залуу нь намайг чи хэдэн оных юм бэ? гэж асуугаад надаас дүү юм байна шүү дээ гэх мэтээр хэл амаар доромжилж надаас олон юм асуугаад байхаар нь би хариулаагүй юм. Тэгээд тэр хоёр залууг машинаас буухад такси үйлчилгээний төлбөр 3000 төгрөг гарсан гэж хэлэхэд тухайн согтуу залуу машинаас буугаад миний сууж байсан талаар ирээд миний машины хаалгыг онгойлгоод цамцны захаас бариад татахаар нь би машинаас буусан. Энэ үед түүнтэй цуг явсан найз нь салгаж аваад цааш явж байхад нь нөгөө согтуу залуу буцаж ирээд миний цээжин тус газарт гараараа хоёр удаа цохисон. Миний уур хүрээд халаасанд байсан холбоостой түлхүүрээр түүний баруун талын гарын бугалга, шуу орчмын хэсэгт хоёр удаа цохисон юм. Би Т ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний бие уураа барьж чадаагүйгээс болоод халаасандаа байсан холбоотой түлхүүрээр хохирогч залуугийн гар луу цохисон байсан. Т  нь надаас Улаанбаатар хот руу явах зардал, ажилгүй байсан хоног, эмчилгээ хийлгэсэн зардал гээд нийт 200.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн хохирлыг нь би  2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар болсон ба хэлсэн хугацаандаа би хохирлыг төлж, хохирогчоос уучлалт гуйснаар бид эвлэрсэн. Иймд надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Е  нь хохирогч Т ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Е д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Е  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т ыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

     Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е  нь уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдээгүй бөгөөд хохирогчтой маргалдан улмаар түүний баруун гарын шууны гадна хэсэгт бор өнгийн даавуун оосроор холбож уясан 6 ширхэг түлхүүр, болон дугуйны хий гаргагчаар 2 удаа цохиж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Е ыг уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Е ын үйлдлийн улмаас хохирогч Т ы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн   2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 279 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул Е ын Т ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Е ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Е  нь Т д гэмт хэргийн улмаас учирсан  хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, түүний прокурорын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол байхгүй, мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Е  нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Т д гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 200.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэргийн 59-р талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, хохирогч Т  хохирол, гомдолгүйгээ илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Түүнчлэн оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Е  нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул Е д прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохистой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байх тул шүүгдэгчийн хөрөнгө, орлого, хувийн байдлыг нь харгалзан Е д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Е д хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Е  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн даавуун оосроор холбож уясан 6 ширхэг түлхүүр, 1 ширхэг дугуйны хий гаргагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Е д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Е г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун  тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Е  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т д төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн даавуун оосроор холбож уясан 6 ширхэг түлхүүр, 1 ширхэг дугуйны хий гаргагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч Е д буцаан олгосугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн доторБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА