Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/171   

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

Орчуулагч, хэлмэрч А,

Улсын яллагч:  БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч З,

Шүүгдэгч С , А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С , А  нарт холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, БӨ аймгийн Бугат сумын 0 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С , регистрийн дугаар: БГ81******

2. Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай А , регистрийн дугаар: БЭ84******

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутагт байрлах Ховд голын эрэг дээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед хэрүүл маргааны улмаас шүүгдэгч С  нь хохирогч Н ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хамт явсан шүүгдэгч А  нь хохирогч  А ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт тус тус хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С , А  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Тус аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутагт байрлах Ховд голын эрэг дээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед хэрүүл маргааны улмаас С  нь Н ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хамт явсан А  нь А ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

            Тодруулбал: Хохирогч А ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Н  16 цагийн үед манай гэрийн гадаа ирсэн ба ирэхдээ Н  гэх залуутай хамт ирсэн юм. Бид нар Н ын машинд суугаад Домбырагийн хажуугаар явж байгаад Н  нэг хүмүүс рүү орилоход А  гэдэг эмэгтэй бид нар руу чулуу аваад гүйсэн юм. Тэгэхэд нь Н  машинаа зогсоосон юм. Тэгтэл С  гэдэг залуу гүйж ирээд Н ыг машинаас буулгасан ба А гүл над руу гүйж ирээд машинаас буулгаад газарт унагаж аваад миний нүд рүү болон толгой руу цохисон юм. Уг үйл явдлыг тухайн газарт байсан бүх хүмүүс харж байсан юм” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Хохирогч Н ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би тэр эрэгтэйгээс шүдэнз байна уу? гэж асуухад байхгүй гэхээр нь худлаа ярьж байгаа байх гээд бодоод шүдэнз байвал өгөөч гэсэн чинь яах гээд байгаа юм бэ? гээд миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж ,машинаас чирч гаргаж ирээд газар унагааж байгаад намайг дэвссэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Н  машинаа зогсоонгуут нь С  ирээд Н ыг машинаас буулгаад хажуудаа явж байсан А  болон нэг эмэгтэйтэй цуг Н тай маргаан үүсгэж маргалдаж С  Н ын нүүрний хэсэг рүү нь цохиж боомилсон юм. Би салгах гэтэл намайг С  түлхсэн юм. Тэд нарыг салгаад явж байтал А гүл болон түүнтэй цуг явж байсан эмэгтэй нар А тай маргаан үүсгэж байсан ба А ыг газар унагаагаад А гүл дээр нь сууж аваад толгой болон нүүр рүү нь цохиж байсан ба би очоод салгах гэтэл А гүлийн хажууд явж байсан эмэгтэй намайг түлхээд ойртуулаагүй юм. Дахин очоод салгах гэтэл чи хол бай гэхээр нь би өөрөө зодуулах болов уу гэж бодоод холдоод зогсчихсон юм. Тэгж байтал цагдаа нар ирээд биднийг бүгдийг минь цагдаагийн байгууллагад авч ирсэн юм. ...А  А ы нүүр рүү нь цохисон юм, би өөрөө харж байсан юм“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Гэрч М.Н ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Тэгээд маргаан үүсээд Н ыг нөгөө эрэгтэй нүүр рүү нь цохиж зодсон юм. Тэгээд би цагдаад дуудлага өгч бид нарыг бүгдийг минь цагдаагийн байгууллагад авч ирсэн. ... А ыг машин дотор сууж байхад нэг эмэгтэй түүнийг машинаас татаж буулгаад газар унагаагаад нүүр болон толгой руу нь цохиж байсан. А ыг зодсон эмэгтэй А  гэж дуудаад байсан юм“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №237 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №238 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Уг машин ирж зогсчхоод нааш ир гэж хэлэхээр нь А  бид хоёр хэнийг дуудсан бэ гэхэд С ыг дуудсан гэж машины жолооч хэлэхэд уг жолооч машинаасаа буугаад С  түүний урдаас нь явж очоод тэр хоёр уулзангуут С ы гэдэс рүү нь 2 удаа өвдөглөсөн юм. Тэгтэл С  нөгөө жолооч залуу болон түүний хажууд нь байсан найзынх нь гарыг нь барьж байгаад жолоочийн найз намхан залууг түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгэнгүүтээ С  нөгөө жолооч залууг хэд хэдэн удаа цохисон бөгөөд яг хаана нь цохисон болохыг хараагүй, тэгж байтал машин дотор байсан бүсгүйчүүдэд би очоод та нар энэ залуучуудыг яагаад салгахгүй байгаа юм бэ гэхэд нэг согтуу эмэгтэй машин дотор сууж байгаад миний баруун талын гарыг хазахад нь би түүнийг машинаас чирч буулгаад өшиглөөд газарт унагаагаад нүүр рүү нь хоёр удаа цохиход минь С  ирээд салгаж авсан юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А  надаас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, бид эвлэрсэн байгаа.Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Тэгэхэд нь би чи ах шигээ хүнийг яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд нөгөө жолооч машинаасаа бууж ирээд миний салтаа руу хоёр удаа өвдөглөхөд нь миний салтаа бага зэрэг өвдсөн ба түүний машинаас бас нэг залуу ирээд нөгөө хоёр намайг зодох гэхэд нь би тэр хоёр залууг гартаа барьж аваад жолоочийн найзыг нь түлхээд чи яах гээд байгаа юм бэ, энэ газраас зайл гэж хэлээд явуулсан. Тэгээд жолооч залууг мордоод газарт унагаж авсан. ...Тэгээд би уурлаад түүнийг цохисон, яг хаана нь цохисон болохоо санахгүй байна. Тэгтэл нөгөө эмэгтэйчүүд хоорондоо зодолдсон. Тэгээд би А гүлийг салгаж авсан, А гүлийн гарыг нь нэг эмэгтэй шүдээрээ хазсан байсан юм. Би хохирогч Н ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хөнгөн ял өгнө үү“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар шүүгдэгч С , А  нар нь хохирогч Н , А  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С , А  нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтаар тус аймгийн Ө сумын 0 дүгээр багийн нутагт байрлах Ховд голын эрэг дээр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед хэрүүл маргааны улмаас С  нь Н ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хамт явсан А  нь А ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

     Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Өөрөөр хэлбэл шүүгдэгч С , А  нар нь уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдээгүй бөгөөд хохирогч нартай маргалдан улмаар тэдний нүүрэн тус газарт гараараа цохиж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх ба шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч С , А  нар нь уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ. Түүнчлэн А  нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С ы үйлдлийн улмаас хохирогч Н ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтээр, шүүгдэгч А ийн улмаас хохирогч А ы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Шүүгдэгч С , А  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

 Иймд С , А  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Н , А  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн нь тэдний мэдүүлэг, прокурорын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол байхгүй, мөн тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

Шүүгдэгч С , А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С , А  нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С  нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  69-рх/-аар, шүүгдэгч А  нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээгээгүй болох нь БӨ аймгийн Прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/189 дугаар тогтоол /хх-ийн 57 дугаар хуудас/-оор тус тус  нотлогдож байх тул тэднийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан А ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/-д түүнийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэж тэмдэглэснийг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлалт гуйсан, тэднээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар хохирол, гомдолгүйгээ илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Түүнчлэн оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч С , А  нар нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул С , А  нарт прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох  450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохистой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байх ба шүүгдэгч С , А  нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох байдлыг харгалзан тэдний өмгөөлөгчөөс гаргасан “С , А  нарт оногдуулах 450.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч С , А  нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч С , А  нарт хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч С , А  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С , А  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

мөн шүүгдэгч А д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С , А  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С , А  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй зэргийг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С , А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА