Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0458

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд Д.Б-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Д.Б,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, мөн түүнд олгосон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2018/0202/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг, мөн түүнд олгосон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000651607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээд Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Б болон түүний ээж Л.Ц нь миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 79 дүгээр гудамжны 1113 тоот буюу 1302д тоот 18640315359864 нэгж талбарын дугаар бүхий 113 м.кв талбай газрын эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, Анхан шатны шүүх хэргийг бодитоор үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн үндэслэлийн 3-т “Нэхэмжлэгч Б-ийн ээж Ц нь 2016.05.14- ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 90-1302в тоот хаягт 2013 оноос оршин сууж буй газраа өмчлөх хүсэлтээ гарган тус хорооны Засаг даргаар цохолт хийлгэж байсан” талаар дурдсан байх бөгөөд Ц-ийн оршин сууж буй газраа тус цохолтын дагуу авсан болохыг дурдсан мөртөө Ц-ийн авсан газрын дэргэд түүний хүү Б нь газрыг хашаалан амьдарч байгаа болох нь нотлогдож байна гэж үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Тухайн үед Ц нь газар эзэмших хүсэлт гаргаагүй, харин түүний хүү Б нь газар эзэмших хүсэлт гаргаж, түүний хүсэлтийн дагуу газар эзэмших эрх түүний ээж Ц-ийн нэр дээр гарсан байхад шүүх тодорхой нотлох баримтыг бүрэн дүгнэлгүй, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ц-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 90 гудамж 1302 тоот газар эзэмших хүсэлтийг анх Б 2015 онд гаргаж, 2016 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох болоход Б-ийн ээж Ц хүсэлтээ өгч газраа авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой байхад шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж чадаагүй байна гэж үзэж гомдолтой байна.

 

2.2. Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бодит нотлох баримтын хүрээнд биш, ганц иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч “Д.Б-ийн бүрдүүлсэн кадастрын зураг нь худал хуурамчаар үйлдсэн баримт материал нь хангалттай биш санагдаж, иргэн Д.Б-ийн талд дүгнэлт гаргах нь зөв гэж дүгнэсэн нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ” гэж дүгнэснээрээ шүүх нөлөөлөлд автсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа учраас гомдолтой байна. Б миний бие нь шүүхийн дүгнэлтэд дурдсан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны согоотын 78 дугаар гудамжны 1088 тоотод оршин суудаг атлаа газар эзэмших хүсэлт гаргахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурдсан хаягаар хүсэлт гаргасан нь худал баримт бүрдүүлсэн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Тус миний оршин суудаг гэх хаяг нь Б.Д гэх хүний өмчлөлийн газар бөгөөд би тус айлын хашаанд түр оршин сууж, өөрийн гэсэн бага ч хамаагүй газартай болохоор хорооны засаг даргад өргөдөл гаргаж, хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байхад шүүхээс миний оршин суугаа хаягийн газар нь хэний газар болохыг тогтоолгүй, миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Монгол улсын иргэн миний эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж гомдолтой байна.

 

Тиймээс дээрх бүхий л нөхцөл байдал болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 0237 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, тус гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21.5.3, 29.1, 33.1.1-д заасныг үндэслэн газар эзэмших хүсэлтээ ирүүлсэн Д.Б-д 16 дугаар хороо, Согоотын 79-1113 тоот 113 м.кв газрыг эзэмшүүлжээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б болон түүний ээж Л.Ц нар нь Л.Ц-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 700 м.кв газрыг маргаж буй 113 м.кв газартай хамт тэгшилж засан, хашаалж амьдарч байгаад 2015 онд  газар эзэмших хүсэлтээ өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин Д.Б нь тухайн газарт оршин сууж байгаагүй атал түүний 2016 оны 05 сарын 17-ны өдөр гаргасан “оршин сууж байгаа газраа эзэмших хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг нь үндэслэн газар дээр нь шалгалгүй газар эзэмшүүлсэн нь Газрын  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгожээ.

4. Гуравдагч этгээд Д.Б давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх ... Л.Ц-ийн авсан газрын дэргэд хүү Д.Б нь хашаалан амьдардаг болох нь нотлогдож байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Д.Б-ийн хүсэлтийн дагуу түүний ээж Ц-ийн нэр дээр газар эзэмших гарсан байхад шүүх тодорхой баримтыг үнэлсэнгүй ...” гэжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн 113 м.кв газар нь нэхэмжлэгч Д.Б-ийн ээж Л.Ц-ийн эзэмшиж авсан 700 м.кв газартай залгаа буюу 922 м.кв-аар нийтэд нь хашаалж, Д.Б, Л.Ц  нар амьдарч байсан болох нь тогтоогдсон, харин гуравдагч этгээд Д.Б нь тухайн газар дээр амьдарч байгаагүй болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээргүй байна.

6. Мөн давж заалдах гомдолд “... анхан шатны шүүх зөвхөн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн миний хаягийг Согоотын 78 дугаар гудамжны 1088 тоотод оршин суудаг атлаа хүсэлт гаргахдаа худал баримт бүрдүүлсэн гээд байгаа нь үндэслэлгүй. Би Д гэдэг айлын хашаанд түр оршин сууж, өөрийн гэсэн бага ч хамаагүй газартай болохоор хорооны Засаг даргад өргөдөл гаргаж, хуулийн гэрчилгээ гарсан байхад гэрчилгээг хүчингүй болгож, Монгол улсын иргэн миний эрхийг ноцтой зөрчсөн” гэжээ.

7. Хэрэгт авагдсан Д.Б-ийн 2016 оны 05 дугаар сарын 17-нд тус Хорооны Засаг даргаар уламжлуулсан өргөдөлд “... 79-1113 тоотод ам бүл хоёулаа оршин суудаг өөрийн байгаа газраа хууль журмын дагуу эзэмших хүсэлтэй байна” гэж бичсэн бөгөөд уг хүсэлтийг үндэслэж, маргаан бүхий актаар газрыг эзэмшүүлсэнтэй холбоотой анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Д.Б-ийн иргэний үнэмлэх дээрх хаягийн талаар дүгнэжээ. Газар эзэмшихээр гаргасан Д.Б-ийн хүсэлтэд “амьдарч байгаа” гэх шалтгаанаар эзэмшихийг хүссэн газрын хаяг нь хүсэлтэд хавсаргасан иргэний үнэмлэхний хуулбарт байгаа хаягаас зөрүүтэй байх тул анхан шатны шүүх ийнхүү дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

8. Дээрх үндэслэлүүдээр маргаж буй 113 м.кв газар дээр Д.Б нь бодит байдалд амьдарч байгаагүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байх тул Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтийг хүлээн авч, хавсаргасан материал болон тухайн газар дээр нь очиж шалгаагүй атлаа нэхэмжлэгчийн амьдарч байсан, хүсэлт гаргасан газрыг Д.Б-д эзэмшүүлсэн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ